Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд өчигдөрөөс эхлээд хөнгөлөлтэй эмийг олгож эхлэсэн билээ. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-аас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлэл өглөө.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Өчигдрөөс эхлээд хөнгөлөлттэй эмийг шинэ журмаар олгож эхэлсэн. Олон эмийн сан цахимд холбогдсоноос болж хүндрэлүүд гарсан. Энэ зөрчлийг арилгахын төлөө инженерүүд ажиллаж байна. Эхний нэг хоёр хоногтоо эмээ бичүүлээд санхүүжилт дуусчихна гэсэн асуудал байхгүй. Бид санхүүжилт нэмсэн. Иргэд эм нь дуусаагүй бол сарын эхний нэг, хоёр хоногтоо дугаарлах шаардлагагүй" гэлээ.
ЭМДЕГ-ын хэлтсийн дарга Х.Сувд-Эрдэнэ "Иргэд А. В, С, D ангиллын учрыг ойлгохгүй байх шиг байна. Жор бичих эмч нарыг ингэж ангилсан байгаа. Ямар учраас ингэж ангилсан бэ гэхээр ЭМЯ-наас баталсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гэж байдаг. Үүнд, анхан шатны эмч нар энэ эмнүүдийг л бичнэ, хоёрдугаар шат, гуравдугаар шатны эмч нарын үүнийг бичнэ гэж заасан. Энэ ангиллын дагуу А. В, С, D гэж ангилсан байгаа. Мөн хүмүүсийг чирэгдүүлэхгүйн үүднээс өчигдрөөс даралтны эмийг өрхийн эмнэлгүүдэд өгч эхэлсэн" хэмээн хэлэв.
ЭМДЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил “Цахим систем маань өчигдрөөс эхлэн шинэ хувилбараар ашиглагдаж байна. Өмнөх жилүүдэд иргэний хурууны хээг ашигладаггүй байсан. Өмнө нь иргэд өөр хүний регистрийн дугаарыг ашиглаад эм бичүүлдэг байсан. Одоо төсөв хязгааргүй болсон учир энэ үйлдэл нэмэгдэхээс урьдчилан сэргийлж хурууны хээн технологи нэвтрүүлсэн. Хурууны хээгээр өөрийгөө баталгаажуулж, жороо бичүүлэх юм. Одоогоор бидэнд эмнэлгийн байгууллагуудаар явж, хурууны хээгээ уншуулах боломжгүй нийслэл болон орон нутгийн нийт 19600 гаруй иргэний бүртгэл байна. Хэрэв та энэхүү бүртгэлд байхгүй бол харьяа өрхийн эмнэлэгтээ хандаарай. Мөн хөдөө орон нутгийн жор бичих боломжтой эмч нарын бүртгэл бүрэн ирээгүй байна. 6500 гаруй эмчийн жор бичих эрх нээгдээд байна. Цааш цаашдаа нэмэгдэнэ. 2019 оны судалгаагаар улсын хэмжээнд жор бичих эрхтэй 11 мянган эмч байсан юм” гэлээ.