Нийгмийн байдал ороо бусгаа байсан хэмээн 1990- 2000-аад оны үеийг голчлон хэлж ирсэн мэт. Тэгвэл өнөөдөр бидний амьдарч, ажиллан, оршиж буй нийгэм шинэ маягаар ороолж, бусгаж байх шиг. Олон үзүүлэлтээр нотолж болох ч хамгийн гол ажилгүйдэл, үүнээс хамааран орлогогүй болох, түүнээс үүдэлтэй ядуурал ард иргэдийг зүдрээж байгааг харж байна.
Мөн элдэв янзын таагүй харилцаанаас шалтгаалан гэр бүл салах нь жил ирэх тусам нэмэгдсээр. Таарч, тохирохгүй гээд, амьдралаа сайжруулахаар хоёр тийш болоход хождог нь байж болох юм. Гэхдээ хохирдог, амьдрал улам хүндрэх нь олонх аж. Энэ удаа гэр бүл салахад эхнэр, нөхрийн дунд үүсдэг зээлийн, ялангуяа ипотекийн зээлийн төлбөрийг цаашид үргэлжлүүлэх явцад ямар асуудал сөрөг үр дагавар болдог талаар олж мэдсэнээ хуваалцахыг зорилоо.
Статистикийн мэдээллийг харвал, 2014 онд улсын хэмжээнд 17 332 гэр бүл нэмэгдсэн бол 3750 нь гэрлэлтээ цуцлуулсан байх юм. Тэгвэл үүнээс таван жилийн дараах байдлаар гэрлэлт 20 043 болж ахисан бол цуцлуулсан нь 4262 болж мөн л “дэвшжээ”. Улсын хэмжээнд тоонот гэрт хошуу холбож, нэгэн насны заяагаа холбохоор гэрлэлтээ батлуулсан нь олон болсны хэрээр цуцлуулсан нь өмнөх таван жилийнхтэй харьцуулахад 512-оор нэмэгдэж. Нэг жилд 2131 хос ханилан амьдрахаас татгалзаж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь эхнэр, нөхөр хоёрт төдийгүй хүүхдэд ч сэтгэл санааны болон хөрөнгийн үлэмж хохиролтой. Байдал өмнөх нийгмээс ялгаатай тул амар тайван, эрүүл, урт удаан амьдрах үндсэн нөхцөлүүдийн нэг болсон гэрлэлтэд ухаалаг хандаж, учирч болох эрсдэл, хохирлоос сэргийлэх шаардлага энэ нийгэмд хүссэн, хүсээгүй тулгамдах болжээ. Эрсдэл, хохирлыг тойрох, туулахгүй байх арга замуудын нэг нь хайр сэтгэлээр гэрлэх, ханиа зөв сонгох гэх зэрэг уламжлалт ухаан, зарчим, соёл мөн буй за. Энэ талаар зааварчлахыг хойш тавьж, гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ямар хүндрэлтэй асуудал тулгарч байгаа талаар мэдээлье.
Хамгийн их анхаарал татсан нь эцэг, эх нь салж, хөрөнгө хуваах үед 18 нас хүрсэн хүүхэд ипотекийн зээл төлөгч нэгэн этгээд байх үүрэг хүлээх хариуцлага. Сурагчийн ширээнээс дөнгөж өндийн, оюутан болсон хүүхэд ямар мөнгөөр зээл төлөх билээ. Ойлгомжтой. Харин түүний оронд эцэг нь голдуу давхар үүрэг хүлээн, амьдралынхаа нэгээхэн хэсэг хугацаанд хоёр хүний өмнөөс зээлийн мөнгө төлөх болдог нь нэг бус тохиодол.
“Нээлттэй нийгэм” форумын шугамаар түрүү жил хийсэн “Шүүхийн журмаар гэрлэлт цуцлахад ипотекийн зээлийн барьцаанд буй үл хөдлөх хөрөнгийг хувааж буй практик” хэмээх судалгааны тайланд ийм жишээ татаж, тайлбарлан, дүгнэлт гаргасан байсан юм. Судлаачдын хэлснээр ийм жишээ олон биш аж. Гэхдээ аль нэг шүүхийн шүүгч Иргэний хуулийн зохих заалтуудыг баримталж ийм шийдвэр гаргаж болж байна, түүнийг нь хянахдаа хэвээр үлдээнэ гэдэг нь цаашид энэ мэт жишиг газар авахгүй гэсэн баталгаа алга. Яагаад 18 дөнгөж хүрсэн хүүхэд зээл төлөгч болж байна вэ. Банкны зүгээс тухайн гэр бүлийнхэнтэй зээлийн гэрээ хийхдээ гишүүн тус бүрийг асуудалд хамруулан авч үздэг бөгөөд тухайн гэр бүл зээл авах үед хүүхэд нь насанд хүрээгүй байдаг ч, цаг нь ирэхээр “автоматаар” мөнгө төлөлцөх үүрэг хүлээгч болдог байна. Хэрвээ гэр бүл салахгүй бол зээлийг аав, ээж нь хамтарч төлөөд явах тул мэдээж хүүхдэдээ юу ч нялзаахгүй. Гэтэл эхнэр, нөхөр хоёр гэрлэлтээ цуцлуулахад манай улсын шүүхийн практикт давамгай байдаг “зарчмаар” эцэг нь мөнгө төлөх давхар үүрэг хүлээдэг. Яагаад гэвэл маргаанд хэн буруутайгаас бараг үл хамааран хүүхдүүдийг ээжтэй нь, мөн орон сууцыг ч ээжид үлдээдэг учраас гэрээс явсан аав, эхнэр байсан эмэгтэйгээс шүүхийн шийдвэрээр ногдуулсан хувиар мөнгө авдаг. Шүүхээс байрын үнийн дүнг гэр бүлийн гишүүдэд эн тэнцүү хувааж олгох шийдвэр гаргадаг учраас хүүхдүүдтэйгээ үлдсэн эмэгтэй, нөхөр байсан хүнд дээр дурдсан мөнгийг өгөөд орон гэртээ амьдардаг. Эндээс харахад манай нөхцөлд гэр бүл цуцлуулахад эрэгтэй нь илүү хохирдог мэт. Мөн хүүхдийг зээл төлөлтөд “дайчлах” замаар эцэгт давхар ачаа үүрүүлдэг бичигдээгүй зарчимд анхаарал хандуулж, цаашид хэрхэн шийдвэрлэж байвал болох талаар эрхзүйчид ухаанаа уралдуудах шаардлага шинэ нөхцөлд тавигдаж буй ажээ.
Мөн энд бас нэг асуудал хөндөгдөнө. Гэрлэлт цуцлуулах болоход шүүхийн зүгээс тухайн үед эвтэй амьдарч байсан гэр бүлд ипотекийн зээл олгохоор орлого нотлох судалгаа хийж, дүгнэлт гарган, мөнгө олгосон банк, эсвэл санхүүгийн байгууллага буюу тухайн орон сууцыг барьцаалагчийг гэр бүл цуцлах асуудлыг шийдвэрлэх үйл явцад оролцуулдаггүй, төлөөллийг нь дуудаж, мэдүүлэг ч авдаггүй байдал нь шударга биш гэсэн дүгнэлт хийхээр байсан тухай судлаачид ярьсан.
2013 оны зургадугаар сараас орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. 2017 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 53 259, түүний дотор нийслэлд 41 212, орон нутагт 12 047 өрх энэ төрлийн зээлд хамрагдаж орон сууцтай болсон байна. Иргэдэд гэр бүл цуцлуулахад ипотекийн зээлийн хөрөнгийг хэрхэн хуваах талаарх мэдлэг, мэдээлэл хомс хэвээр. Үүнээс үүдэн гэр бүлийн гишүүд эрх ашиг, сонирхлоо хамгаалж чадахгүй, тааламжгүй үр дагавар бүхий шийдвэр хүлээж авах зэрэг нь стресс нэмж, зарим талаар амьдрах идэвхгүй болгодог байна. Тэгэхээр зах зээлийн харилцаа бүхий, эрх зүйн орчин тийм ч эрүүл бус, шүүн таслах үйл ажиллагаанд учир дутагдал мундахгүй хэвээр байгаа энэ цаг үед гэр бүлийн гишүүд, ялангуяа эхнэр, нөхрүүд гэр бүл цуцлуулахыг яарах нь илүү хор, хохиролтой болохыг тооцоолон ая эвээ олж, асуудалд, амьдралдаа аль болох бүтэх талаас нь хандаж байвал сөрөг үр дагавар багатай байх санж. Эхнэр, нөхөр хоёр салахдаа хуучныхаар бол амьдарч буй орон сууцны үнийг хувааж аваад хоёр тийш болдог байсан үе ул болжээ. Ипотекийн, хэрэглээний, бас элдэв лизингийн зээл гээд өөрсдөө ороогдоод барахгүй, үр хүүхэд, ач, гучдаа дарамт үүсгэх их ачаа тээж яваа үедээ бололцоо, боломжоо дайчлан өрийг гэр бүлийн гишүүдээ түйвээлгүй хуваарийн дагуу дарж барагдуулж явбал нуруу амрах өдөр ирэх буй за. Түүнээс биш ялих, шалихгүй шалтгаанаас болж муудалцан, улмаар гэр бүл цуцлуулахад хүрэх нь бол хэн хэнд нь төдийлөн ашигтай бус шийдэл байх бололтой.
Эхэнд дурдсанчлан нийгмийн байдал ороо бусгаа ийм нөхцөлд гэр бүл болж, нэгэн насны заяагаа холбох, эсэх шийдвэрийг ул суурьтай гаргаж, хожмын сөрөг үр дагавруудаас зайлсхийж амьдрах нь амар тайван оршихуйн үндэс ажгуу. Гэр бүл тайван бол нийгэм амгалан.