Орхон аймгийн БОАЖГ-ынхан уржнан гэр хорооллын 45 айлд усан болон цахилгаан халаагуур өгчээ. Төхөөрөмжийг гардуулсан албаны хүмүүс “Байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй энэ төхөөрөмжийг эхний ээлжид цөөн тооны өрхөд үнэ төлбөргүй нийлүүлээд, үр дүнтэй байвал цаашид гэр хорооллынхныг бүхэлд нь хангана. Урьд жилүүдэд сайжруулсан түлш, зуух олгох ажлыг зохион байгуулсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй тул энэ оноос эхлэн усан болон цахилгаан халаагуураар хангах ажлыг үе шаттай хийнэ” хэмээн мэдээлж байж. “Лампан импра” туяаны цахилгаан халаагуур хүчин чадлаасаа хамаараад тухайн үед 145-280 мянган төгрөгийн өртөгтэй байсан гэнэ.
...Тэр бүх амжилтгүй туршилтын гол “хэрэглэгдэхүүн” болсон сайжруулсан зуух, шүүгчтэй яндан, цахилгаан халаагуур, нүүрс цэвэршүүлэгч уусмал зэргийг гэр хороололд нийлүүлэх ажиллагааг өдгөө орон нутагт ийнхүү үргэлжлүүлсээр байгаа аж...
Мэргэжилтнүүд үүнийг айлуудад үнэ төлбөргүй өгсөн хэмээн саймширсан ч бүтээгдэхүүн худалдан авах зардлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөс шийджээ. Үүнд 10 орчим сая төгрөг зарцуулсан аж. Гэвч энэ туршилт амжилттай болсон, эсэх нь тодорхойгүй замхарчээ. Тус аймгийн БОАЖГ-ынхнаас энэ талаар тодруулахад “Агаар бохирдуулагч эх үүсвэрийг судлахад Орхонд гал түлдэг 13 190 эх үүсвэр байгаа нь тогтоогдсон. Иймд ямар ч зууханд шатдаг, байгаль орчинд ээлтэй түлш үйлдвэрлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станцыг түшиглэн ОХУ-ын “PMI sysmems” компанитай хамтран төсөл хэрэгжүүлж буй” гэв. Тэд гэр хороллынхноо цахилгаан халаагуураар бус, сайжруулсан түлшээр хангахыг илүүд үзжээ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас “Утаагүй Дархан хот” хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын XV багийн 1800, I-VIII болон Малчин багийн 1200 айлд энэ оны эхээр цахилгаан халаагуур өгсөн. Тодруулбал, хамгийн олон хүн амтай, тэр хэрээр агаарын бохирдол ихтэй багт оршин суудаг айлуудад 3000 халаагуурыг ийнхүү хуваарилжээ. Аймгийн БОАЖГ-ынхан “Байгаль орчны сайдын болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын тушаалаар энэ ажлыг зохион байгуулсан. Үүнд 335 сая төгрөг хуваарилсныг ном журмынх нь дагуу зарцуулсан” гэж мэдээлэв. Гэвч энэхүү төхөөрөмжийн “ид шид”-ийг дарханчууд энэ өвөл үзэхээргүй болжээ. Дархан сум урьдынхаасаа ч их утаатай, зарим үед агаарын чанарын индексийг давж байгаад иргэд шогширч, ажлаа хүлээж аваад удаагүй удирдлага, ИТХ-ын төлөөлөгчиддөө агаарын бохирдолтой даруй тэмцэх захиас, даалгаврыг дайсан аж. Дархан суманд шохой боловсруулдаг дөрвөн аж ахуйн нэгж бий гэнэ. Эдгээр нь агаар дахь хорт бодис, ялангуяа тоосонцрын хэмжээ ихсэхэд гол нөлөө үзүүлдэг байна. Үйлдвэрүүд зуух, шүүлтүүрээ солих зэргээр технологио өөрчлөхөд анхаарч байгаа ч үүнд багадаа 2-3 тэрбум төгрөг шаардлагатай учир санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсныг БОАЖГ-ын орлогч дарга Д.Баянмөнх хэлэв.
Утаа зөвхөн нийслэлчүүдийн зовлон, асуудал байхаа больжээ. Хүн ам олонтой, суурьшил нягт, тээврийн хэрэгсэл нэмэгдсэн аймгийн иргэд нийслэлчүүдийнхтэй нэгэн ижил зовлон туулж байна. Харамсалтай нь эдгээр газарт агаарын бохирдол бууруулахаар орон нутгаас хэрэгжүүлж буй ажлууд нь ч Улаанбаатар хотынхтой ижил замналаар явж байгааг дээрх хоёр аймгийн жишээ батална. Өнгөрсөн хугацаанд хотын утааг бууруулах нэрийн доор, шинэ, дэвшилтэт технологи нутагшуулах зорилтын хүрээнд улс, нийслэлийн төсвөөс багагүй мөнгө салхинд хийсгэсэн. Тэр бүх амжилтгүй туршилтын гол “хэрэглэгдэхүүн” болсон сайжруулсан зуух, шүүгчтэй яндан, цахилгаан халаагуур, нүүрс цэвэршүүлэгч уусмал зэргийг гэр хороололд нийлүүлэх ажиллагааг өдгөө орон нутагт ийнхүү үргэлжлүүлсээр байгаа аж. Ховд аймагт Алагтолгой, Бичигт, Бугат, Жаргалан зэрэг төвийн багт харьяалагддаг айлуудад “Дөл”, “Хас” зэрэг сайжруулсан зуухыг уржнан нийлүүлсэн. Өвөрхангайд дулаан үйлдвэрлэдэг томоохон 13 объектод усан шүүлтүүр суурилуулах ажлыг өнгөрсөн жилийн намар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэв. Даланзадгад сум яндангийн тоог бууруулах зорилгоор 2017 оноос “Галлагаатай өрхийг сайжруулсан түлшээр хангах” төслийг хоёр жилийн турш хэрэгжүүлсэн юм. Гэвч эдгээр нь гал унтраах төдий арга хэмжээ байсныг аймгуудын одоогийн нөхцөл харуулж буй.
БОАЖЯ-ны Агаарын бохирдлын эх үүсвэрийг тодорхойлох нэгдсэн судалгаанд “Орон нутагт 10 кВт хүртэл хүчин чадалтай 259 987, 11-100 кВт-ын 2839 зуух бий. 101 кВт-дээш хүчин чадалтай, уурын болон усан халаалтын 527 зуух байна. Аймгууд дахь тээврийн хэрэгслийн 80 хувь нь 10 ба түүнээс дээш, 16 хувь нь 4-9 жилийн насжилттай” гэжээ. Хамгийн олон зуухтай буюу яндантай нь Даланзадгад, Цэцэрлэг, Арвайхээр, Баруун-Урт, Дархан-Уул, Орхон, Ховд. Энэ хэрээр эдгээр аймгийн төвд агаарын бохирдлын үзүүлэлт өндөр байна.
Орон нутаг дахь агаарын чанарыг хянах суурин харуулуудын мэдээллээс үзэхэд, нарийн, бүдүүн ширхэгт тоосонцрын жилийн дундаж агууламж нэг шоо метрт 18-173 мкг-ын хооронд хэлбэлздэг бол 2018, 2019 онд Завханы Улиастай, Говь-Алтайн Алтай сумаас бусад газар (аймгийн төв)-т давжээ. Хамгийн өндөр үзүүлэлт Ховд, Даланзадгад дахь суурин харуулаас бүртгэгдсэн бөгөөд тоосонцрын хэмжээ нь өмнөх оныхоос 10-44 хувиар нэмэгдсэн гэнэ. Харин азотын давхар исэл, хүхэрлэг хийн дундаж үзүүлэлтээр Арвайхээр, Баянхонгор, Ховд, Эрдэнэт, Дархан сум стандартаас 2-3 дахин хэтэрч, сүүлийн хоёр жилд тэргүүлжээ.
Аймгуудын Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээр өнгөрсөн ес, аравдугаар сард Дархан-Уул, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Орхон аймагт хорт бодисын агууламж хамгийн өндөр байгаа нь ажиглагдав. Өвлийн ид хүйтэн эхлээгүй үед ч тус аймгуудад агаарын чанарын индекс 150 (200-гаас дээш бол хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц)-иас буухгүй байгааг дээрх газрын тайланд дурджээ. Орон нутгийн иргэд ч утааөтгөрч, эрүүл мэндэд нь нөлөөлөх болсон талаар ярьдаг, хөнддөг болов.
Манай улс “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, төвлөрлийг сааруулах замаар агаар, орчны бохирдлыг бууруулах 60 үйл ажиллагааг таван зорилтын хүрээнд 2017-2025 онд хэрэгжүүлэхээр баталсан. Гэвч энэ дунд агаарын бохирдол ихтэй аймгуудын, эсвэл аль нэгийнх нь асуудлыг шийдэхээр тухайлан тусгасан зүйл алга. Энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд орон нутгийн удирдлага, зохих мэргэжилтнүүд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хандаж, түүнийгээ хэрэгжүүлэх эрх, санхүүжилтийг шийдүүлж, батлуулдаг аж. Аймгуудын агаарын бохирдлын асуудал улсын бодлогоос ийм л хол байна. Орон нутгийг хөгжүүлэх замаар нийслэлийн төвлөрлийг, агаарын бохирдлыг бууруулна гэж олонтоо ярьдаг атлаа аймгуудад үүссэн бэрхшээлийг “умартдаг”. Энэ байдлаараа бол орон нутаг иргэд эрүүл орчин, тайван байдалд нь татагдаж очдог бус, дайждаг газар болох шинжтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцахдаа “Хотынхоос гадна аймгуудын утааг бууруулахад анхаарахаас аргагүй болсон. Олон аймаг утаатай байна” хэмээн БОАЖ-ын сайдад хэлсэн нь энэ асуудалд улс бодлогоор, хариуцсан яам нь дорвитой анхаарах цаг болсны дохио биз ээ. Ядаж утаанаас үүдэлтэй өвчлөл орон нутагт ямар байгааг тандаж, иргэдийнхээ амь, эрүүл мэндийг хамгаалах учиртай билээ.