Эмийн замбараагүй хэрэглээ, үнийн хэт хөөрөгдөл, чанар, аюулгүй байдлыг нь хянаж, зохицуулах агентлагийг хоёр сарын дараа ажиллуулах шийдвэр өдгөө олны анхааралд байна. Тодруулбал, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолд өнгөрсөн долдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулах болсон юм. Гэвч 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллуулах тус агентлаг ямар бүтэц, төсөв, орон тоотой байх нь одоо болтол “нууцын зэрэглэлтэй” гэх нь хачирхалтай.
...Агентлагаар дамжуулан эмийн чанарыг шалгана уу гэхээс үнэ тогтоох боломжгүйг гишүүд хэлж буй юм. Учир нь тухайн эм үйлдвэрлэсэн улсаасаа хамаараад харилцан адилгүй үнэтэй байдаг. Жишээлбэл, монголчуудын сайн мэдэх парацетамолыг өдгөө худалдааны 30 өөр нэрээр зах зээлд борлуулж байна. Зөвхөн зайлшгүй шаардлагатай буюу эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн үнийг “барьснаар” зах зээлийг тодорхойлох боломжгүй гэсэн үг...
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулна гэдэг газар, хэлтэс нээхтэй ижилгүй. Бүх асуудал нь өдийд гарын алган дээр тавьсан мэт тодорхой болчихсон, ажлууд нь жигдэрчихсэн байх учиртай бус уу. ЭМЯ-ныхан ч энэ талаар тайлбар өгөхгүй, “Олны хэл аманд өртчихнө” гэх жишээтэй.
Манай улсад өдгөө хамгийн ашигтай бизнесийн нэг нь яах аргагүй эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа болсон. Иргэд нь ядуу, эрүүл мэнд нь жил ирэх тусам доройтохын хэрээр нийтээрээ эмийн хамааралтай болсоор байна. 3.3-хан сая хүнтэй Монголд 2000 орчим эмийн сан, эм ханган нийлүүлэх 300 гаруй байгууллага ажиллаж буй нь үүнийг гэрчлэх баримт. Эм хангамжийн зах зээлд жилд 600 гаруй тэрбум төгрөг “эргэлддэг”. Үүнээс импортын эмд 350-450 тэрбумыг нь зарцуулдгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас хараарай. Эдгээр баримт бол монголчуудын эмийн хэрэглээ ямар түвшинд очсоныг илтгэх наад захын үзүүлэлт. Эм зүйн салбарын энэ мэт “муу” статистикийг сайжруулах, хуурамч, чанаргүй эм, тариа, хэрэгслийн худалдааг таслан зогсоох нь эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийн гол зорилго юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ЭМЯ, мэргэжлийн хяналтын болон бусад байгууллагын эмийн хяналт, зохицуулалтын газар, хэлтсүүдтэй харьцуулахад эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг олон мэргэжилтэнтэй байна. Тус агентлагийг байгуулснаар эм, эмнэлгийн хэрэгслийн зардал үлэмж хэмжээгээр буурах тул улсын төсөвт дарамт учруулахгүйгээр хэмнэсэн төсвөөрөө санхүүжих боломжтой. Одоо зах зээлд борлуулж буй нийт эмийн гуравны нэг нь чанарын шаардлага хангахгүй байгаа. Мөн эмийн үнэ дэлхийн жишгээс 4-5 дахин өндөр гэсэн судалгаа гарсан. Улсаас өнгөрсөн хугацаанд эмийн үнэд хяналт, зохицуулалт хийж байгаагүй. Тэгэх ч боломжгүй. Учир нь манай эм хангамжийн салбарыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд авч явдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг энэ бүгдийг хянана. Тодруулбал, улсын хэмжээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн захиалгыг нэгдсэн худалдан авалтын тогтолцоонд шилжүүлэхээр үнэ нь буурах юм. Ерөнхийдөө улс, хувийнх гэж ялгалгүй эм, тариагаа нэгдсэн журмаар авсны дараа ханган нийлүүлэгч компаниудад захиалсан тоо, ширхгээр нь хуваарилна. Ханган нийлүүлэгчид бизнесийн байгууллага учир ашгаа нэмээд, борлуулна гэсэн үг. Эмнэлэг бүр тендер зарлаж, эм, тариагаа тусдаа авдаг одоогийн тогтолцоо үгүй болно. Ингэснээр эмийн хяналт, зохицуулалт нэг “сувагтай” болох юм” хэмээсэн.
Гадаадын улс орнуудын олонх нь FDA буюу Хүнс, эмийн агентлагтай байдаг. Дэлхийн хүнс, эмийн захиргааны байгууллагууд нь мэдээллээ хуваалцан, стандарт, өөрчлөлт, шинэчлэлийн тухай туршлагаа солилцдог юм билээ. Нэн шаардлагатай, өндөр үнэтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцинаа хамтран худалдан авч, ханшийг нь бууруулдаг жишиг ч тогтжээ. Манай улс ийм агентлагтай болохыг эртнээс ярьсан ч мэргэжлийн хяналтын байгууллагуудын эсэргүүцэлтэй тулаад гацдаг байв. Тэгсэн хэрнээ МХЕГ эмийн хууль бус худалдаа, чанар, аюулгүй байдлыг зохих стандартын дагуу хангаж чаддаггүй. Эл шалтгааныг нь асуухаар ихэнхдээ хүний нөөцгүйн зовлон л ярьдаг.
Эмийн хэрэглээ хавтгайрсан, хяналт, шалгалт гавихгүй болсон энэ үед Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулах нь “нүдээ олсон” шийдвэр гэдгийг олон хүн сайшааж байгаа. Нийгэм ч үүнийг шаардаж байна. Гэхдээ эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, чанар, хяналт, зохицуулалтыг өнгөрсөн хугацаанд хариуцаж ирсэн байгууллагуудыг цаашид хэрхэх вэ. ЭМЯ, МХЕГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв дэх бүтцийг тараах юм уу, эсвэл агентлагтаа нэгтгэх үү. Өөрөөр хэлбэл, энэ олон давхардсан бүтцийг хэрхэн цэгцлэх нь өдгөө тодорхойгүй. Тэдгээр газарт ч ямар нэгэн албан тоот, тушаал ирээгүй байна. МХЕГ-ынхан “Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулахтай холбоотой ямар нэгэн үүрэг, чиглэл бидэнд одоогоор ирүүлээгүй. Манайх улсын хэмжээнд эм хангамжийн байгууллага, эмийн сангийн үйл ажиллагаа, эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, дотоодод борлуулж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал зэрэгт хяналт тавьсаар ирсэн. Харин эмийн үнэд хяналт тавьдаггүй. Агентлаг байгуулагдахаар мэргэжлийн хяналтын байгууллагуудын бүтэц хэрхэх, эсэх нь шийдэгдэх байх. Гэхдээ төрийн захиргааны төв байгууллага эм зүйн салбарын бодлогыг тодорхойлж, үйл ажиллагааг ерөнхийд нь зохицуулах бол хөндлөнгийн хяналт заавал байх ёстой” гэсэн юм.
Үүнээс гадна ЭМЯ-нд Эм үйлдвэрлэл, технологийн газар, Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэс, Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба ажиллаж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн гэхэд л эмийн бүртгэл, импорт, экспортын тусгай зөвшөөрөл, эмийн зохистой хэрэглээ, хяналт, үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Эмийн есөн мэргэжилтэнтэй. Тэд импортын, уламжлалт, үндэсний үйлдвэрийн эм, түүхий эд, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн зэргийг албан ёсоор бүртгэдэг. Мөн зайлшгүй шаардлагатай эмийн хангамж, үнэ тариф, бодлого зохицуулалтын хэрэгжилтийг хангах талаар судалгаа, дүн шинжилгээ хийдэг. Жоргүй олгох эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнд зар сурталчилгааны зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүртэл зохион байгуулдаг. Эмийн чанар, аюулгүй байдлын “Лайсмед” гэх цахим сантай. Түүнчлэн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэглээ, стандартыг үнэлдэг гэхчлэн эрхлэх хүрээний асуудал өргөнтэй.
Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг ажиллуулж эхлэнгүүт эм хангамжийн салбарын өнөөгийн ойлгомжгүй энэ олон асуудлыг шийдчихгүй нь мэдээж. Эрх баригчид, салбарын сайд нь одоохондоо “сайхан” ярьж л байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Агентлаг байгуулснаар зах зээл дэх эмийн үнийг бууруулж, хянана” гэж УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлээд зарим гишүүнд зэмлүүлсэн. 2010 онд баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийх болгон шинэчлэхтэй холбоотой төсөл өдгөө энэ мэт маргаантай байгаа. Агентлагаар дамжуулан эмийн чанарыг шалгана уу гэхээс үнэ тогтоох боломжгүйг гишүүд хэлж буй юм. Учир нь тухайн эм үйлдвэрлэсэн улсаасаа хамаараад харилцан адилгүй үнэтэй байдаг. Жишээлбэл, монголчуудын сайн мэдэх парацетамолыг өдгөө худалдааны 30 өөр нэрээр зах зээлд борлуулж байна. Зөвхөн зайлшгүй шаардлагатай буюу эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн үнийг “барьснаар” зах зээлийг тодорхойлох боломжгүй гэсэн үг. Тиймээс агентлаг хэрхэн ажиллахыг хүлээх л үлдлээ.