УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Н.Учрал гишүүний өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Цахим орчинд “Сүүлийн 25 жилийн хугацаанд тэтгэвэртэй холбоотой тогтолцоог өөрчлөх, шинэчлэх асуудлаар 16 удаа хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч тухай бүрд ямар нэг шалтгаанаар буцааж, нэг бол санал хураалтаар дэмжихгүй унагаж ирсэн”, “Тэтгэврийн сан байгуулах асуудалд няхуур хандах ёстой. Буцаасан нь зөв” хэмээн эдийн засагчид байр сууриа илэрхийлжээ. Хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв, эсэх талаар хоёр талын байр суурийг авлаа. УИХ-ын гишүүн Н.Учрал болон Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга, Тэтгэврийн реформ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, эдийн засагч Б.Өлзийбаяр нар хувийн тэтгэврийн сангийн талаар ийн ярив.
Б.Өлзийбаяр: Улстөржсөн өнцгөөр харж, хуулийн төсөл боловсруулах нь буруу
-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны зарим гишүүн дэмжсэнгүй. Та үүнийг зөв гэж үзжээ. Яагаад вэ?
-Нийгмийн даатгалын салбарын хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай. УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу ХНХЯ-ныхан нийгмийн даатгалын багц хуулийг өөрчлөхөөр төсөл боловсруулж буй. Хувийн тэтгэвэр гэдэг багц хуулийн нэг л хэсэг. Тиймээс уг хуулийг дангаар нь хэлэлцэх нь өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, хувийн тэтгэврийн сан байгуулахыг дэмжихгүй байгаа юм биш. Хамгийн гол нь цогцоор нь харж, салбарын хэмжээнд судалж, багц хууль батлах ёстой хэмээн харж байна. Тиймээс ХНХЯ-ныхан багц хуулийн төслөө шуурхай боловсруулж, хэлэлцүүлэх шаардлагатай. Тус яам нийгмийн багц хуулийн төсөл дээр ажиллаад 2-3 жил боллоо. Дээрээс нь ХНХЯ-ныхан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хувийн тэтгэврийн сан байгуулах төсөл хэрэгжүүлэн ажиллаж буй. Өнгөрсөн жил хувийн хэвшлийнхэн анх хувийн тэтгэврийн сангийн асуудлыг хөндөж гаргасан. Бид нийгэм, хувь хүн рүү чиглэсэн, эдийн засагт өгөөжөө өгсөн бодит өөрчлөлт хийхийг хүссэн. Гэтэл улстөрчид үүнийг попрох сэдэв мөн гэж хараад, дундуур нь дайрч ороод, судалгаа багатай хагас дутуу юм хийчих гээд айлгаад байна.
-Гэхдээ л өнөөгийн нийгмийн даатгалын системд даруй засах шаардлагатай, алдаа дутагдалтай зүйл бий шүү дээ?
-Үнэн. Төрийн өмчтэй нийгмийн даатгалын системтэй. Жишээ нь, даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоог улстөржүүлдэг. Даатгалын мөнгийг улстөрчдөөр удирдуулах уу, мэргэжлийн эдийн засагчдаар удирдуулах уу гэдэг нь чухал. Улстөржсөн томилгооны уршгаар “Капитал” банканд нийгмийн даатгалын багагүй мөнгө байршуулсан. Улмаар нөгөө банк нь дампуурч юу болсныг бид бэлхнээ харсан. Мөнгө, хөрөнгө санхүүгийн асуудлыг мэргэжлийн хүн удирдах учиртай. Түүнээс биш улс төрийн томиолгоотой таван хүний удирддаг ажил биш. Дахин хэлье. Тиймээс нийгмийн даатгалын багц хуулийг хурдхан батлах шаардлагатай. Гэхдээ хувийн тэтгэврийн тухай хуулийг нэгтгэж, хамтад нь хэлэлцүүлье гэсэн зарчмын саналтай байна. Ганц хувийн тэтгэврийн сангийн хууль баталлаа гээд нийгмийн даатгалын салбарыг тогтолцоо сайжрахгүй.
-Яг ямар учраас уг хуулийг төслийг өрөөсгөл гэж үзэв?
-Н.Учрал гишүүний санаачилсан хуульд дутуу судалсан зүйл их бий. Жишээ нь, төрийн байгууллагууд хоорондоо ч ойлголцоогүй, нэг мөр болгоогүй асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Ер нь баталлаа гэхэд нэлээд асуудалтай, хэцүүхэн хууль “төрөх” нь дамжиггүй. Тиймээс л багц хуулийн төслийг ажлаа мэддэг, олон улсын түвшинд судалгаа хийсэн мэргэжлийн яамныхан боловсруулах нь зөв. Улстөржсөн өнцгөөс бус салбараа томоор харж, багц хууль баталъя гэж буй хэрэг.
-ХНХЯ-наас боловсруулж буй хуулийн төсөлд санал өгсөн үү?
-Тус яамнаас хуулийн төслөө боловсруулж дууссаны дараа ажлын хэсэгт оролцуулна гэдгээ хэлсэн. Хувийн тэтгэврийн сангийн зохицуулалт ямар байх вэ гэдэгт саналаа өгсөн. Анх удаа хийж буй ажил учраас болгоомжтой, тооцоо судалгаа сайтар хийх ёстой. Нарийн зохицуулалт хэрэгтэйг анхааруулсан. Үгүй бол хадгаламж зээлийн хоршоо шиг сан болно. Гадаадын улс орнууд ихэнх нь хувийн тэтгэврийн сантай. Гэхдээ Чили улс шиг огцом шинэчлэлт хийхгүйгээр, Казахстан улс 100 хувь хувийн тэтгэврийн сан руу шилжүүлэхгүйгээр шийдэх ёстой. Улсын нийгмийн болон тэтгэврийн даатгал, хувийн тэтгэврийн сан зэрэг хөгжих учиртай.
Н.Учрал: Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл УИХ дээр унахгүй
-Таны санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг зарим гишүүн дэмжсэнгүй. Дахиад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх боломж бий. Энэ үед хуулийн төслөө хамгаалах бэлтгэлээ хэр базаасан бэ?
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш уг хуулийн төслийг оруулах юм. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-д танилцуулна. Энэ хуулийн төслийг санаачлах хэд хэдэн шалтгаан байсан. Хамгийн гол нь өдгөө нийгмийн санд тэтгэврийн даатгалыг нэгтгэсэн тогтолцоотой. Тиймээс маш их алдагдал гарч, төсвөөс татаас авдаг. УИХ шинээр бүрэлдэх болгонд улс төрийн шаардлагаар тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг нэмж ирсэн. Ойрын 20-30 жилд хүн амын насжилт нэмэгдсээр байна. Энэ хэрээр хөдөлмөрийн насны хүний тоо буурч буй. Тиймээс цаашид төсвийн алдагдлыг нөхөх боломжгүй болно. Манай нийгмийн даатгал хуваарилалтын систем дээр явдаг. Энэ нь хэд хэдэн асуудал дагуулдаг. Нэгдүгээрт, иргэн насан туршдаа төлсөн шимтгэлээр тэтгэврээ тогтоолгож чаддаггүй. Үүнээс шалтгаалж тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барвал тэтгэврийн сангаас оршуулгын зардалд нэг сая төгрөг өгдөг. Хоёрдугаарт, өөртөө зориулсан хуримтлал үүсгэж чадахгүй байна. Гуравдугаарт, төрийн байгууллагад насаараа ажилласан хүний тэтгэврийг шударга бус буюу харилцан адилгүй тогтоодог. Насаараа ажил хийгээгүй ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сүүлийн таван жил нийгмийн даатгал төлсөн хүн төрийн албан хаагчаас илүү их тэтгэвэр авдаг. Энэ хуулийн цоорхойг арилгах гэсэн юм. Нийгмийн бодлогын байнгын хорооныхон хуулийн төслийг өнөөдөр дэмжээгүй ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
-Хуулийн төсөлд дээр дурдсан асуудлыг шийдэх ямар заалт тусгасан бэ?
-Хүн болгон хадгаламжтай байж чадахгүй. Тиймээс хувийн тэтгэврийн санг бүрдүүлнэ. Хувь хүний нэр дээр данс нээж, хүүгээс хүү бодож хуримтлалаа өсгөх боломж олгоё. Хоёрдугаарт, хууль батлуулчихвал хүн өөрийн тэтгэврээ өвлүүлж болно. Гуравдугаарт, тэтгэвэрт гарахдаа сонголт хийж болно. 30 жил хувийн тэтгэврийн санд мөнгөө төлж, хүүгээс хүү тооцсоор 100 сая төгрөг хуримтлагджээ гэж үзье. 100 сая төгрөгөөс тал хувийг нь бэлнээр, үлдсэнийг нь тэтгэвэр хэлбэрээр сар бүр авч болно. Эсвэл тэтгэврээ сар бүр авч байгаад хэдэн жилийн дараа өнгөрөхөд үлдсэн нь нэрлэсэн үр хүүхдэд нь очих боломжийг хуулийн төсөлд тусгасан.
-Хуулийн төсөлд одоо төлдөг шимтгэлээс дөрвөн хувийг хувийн даатгалын санд шилжүүлнэ гэсэн нь асуудал дагуулаад байгаа юм биш үү?
-Одоогийн Нийгмийн даатгалын тухай хуулиар иргэд 17 хувийн шимтгэл төлдөг. Тэгвэл үүнээс дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн сан руу олгож болно гэх эрхийг нээсэн. Хувийн тэтгэврийн сан бий болчихлоо гэхэд иргэнд хувийн тэтгэврийн сангийн шимтгэл төлөгч болооч ээ гэсэн санал тавих юм. Зөвшөөрсөн иргэн сар бүр шимтгэлийнхээ дөрвөн хувийг хувийн тэтгэврийн сан руу шилжүүлнэ гэсэн үг. Үгүй гэвэл одоогийн системийн дагуу бүхлээр нь төлж болно. “Ковид-19” цар тахлаас үүдэн төсвийн алдагдал их байгаа учраас төр засаг дөрвөн хувийг хувийн тэтгэврийн сан руу шилжүүлэх асуудалд эргэлзэж буй. Хувийн тэтгэврийн сан руу дөрвөн хувийн шимтгэл оруулаад эхлэвэл хүндрэл үүснэ. Учир нь өнөөдөр хөдөлмөрлөж буй иргэдийн төлсөн нийгмийн даатгал шимтгэл эргээд тэтгэврийн сан руу ордог. Тэгсэн ч эл мөнгө тэтгэвэрт хүрэлцдэггүй учир нэмээд улсын төсвөөс татаас өгдөг. Ирэх жил улсын төсвөөс 450 тэрбум төгрөгийн татаас өгөхөөр байна. Энэ байдлыг өөрчлөхийг хүссэн. Энэ жил 60, 65 нас хүрч буй хүмүүст тэтгэвэр олгох нь төрийн үүрэг. Нийгмийн даатгалын 2-4 хувийг тэтгэврийн даатгалаас авчихвал төсөвт алдагдал үүсэх нь гарцаагүй. Гэхдээ 20 жилийн дараа энэ хэвээр байвал төсвийн алдагдал илүү их гарна. Дээрээс нь 2040-2050 онд бидний төлөх нийгмийн даатгалын шимтгэл хүссэн, хүсээгүй автоматаар өснө.
-Хуулийн төсөл боловсруулахдаа судалгаа дутуу хийсэн гэх юм. Төслийн онцлог нь юу вэ?
-Хувийн тэтгэврийн сангууд өөр өөр хэлбэрээр явж ирлээ. Үүнийг зохицуулалт хийж, хяналтыг чангатгана. Үйл ажиллагааны шаардлага, функц, хөрөнгө оруулалтын бодлого ямар байх, хүмүүсийн хөрөнгийг яаж хамгаалах вэ, ашиг сонирхлыг хэрхэн хязгаарлах зэргийг нарийн судалж тусгасан. Судалгаагүйгээр хуулийн төсөл боловсруулахгүй шүү дээ.