Дэлхийн олон оронд эрчимтэй хөгжиж байгаа урлагийн нэг нь яах аргагүй циркийн урлаг. Монгол Улсад циркийн урлаг үүсэж, хөгжөөд 79 жил, Циркийн сургууль байгуулагдаад 80 жил буй.
Дэлхийн 150 гаруй орноос Монголын цирк гуравт жагсдаг. Гэтэл төрийн өмчийн ганц циркээ 2007 оны нэгдүгээр сарын 8-нд төрийн өмчийн хорооны хаалттай уралдаант шалгаруулалтаар хувьчилжээ. Энэ хувьчлал явагдсанаас хойш аль хэдийн 13 жил өнгөрч.
Асашёорюү Д.Давгадорж циркийг менежментийн хувьчлалаар 2007 онд аваад циркийн уран бүтээлчтэй нэг баг болоод хамтарч ажиллана гэсэн боловч циркчдийн уран бүтээлийг дэмжиж чадаагүй юм. Тодорхой хэлбэл цалин мөнгөний зөрчилдөөн үүсэж уран бүтээлчид хамтран ажиллахад хэцүү болж улмаар гадаадын зах зээл рүү гарч эхэлсэн.
Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал МУСТА Т.Буд энэ талаар “Бид бэлтгэл сургуулилалт хийх өөрсдийн орон байргүй хэрнээ дэлхийд нэрээ мандуулж, эх орноо сурталчилж ирсэн. Гэвч биднийг төр засаг нь тоохгүй байсаар арав гаруй жилийг ардаа үлдлээ. Өнгөрсөн хугацаанд бид бэлтгэл сургуулилтаа хаана хийж байсан бэ гэх асуудал маш төвөгтэй. Учир нь Д.Давгадорж хувьчилж авснаас хойш циркийн удирдлагыг толгой дараалан халж эхэлсэн. Дараа нь уран бүтээлчдийг ажлаас нь халсан юм. Учир нь уран сайхны зөвлөл, найруулагч нар шинэ уран бүтээлийнхээ санаа гаргаж удирдлагадаа тайлан тавьдаг. Харин Д.Давгадорж циркчдийг дэмжиж ажлаагүй улмаас уран бүтээлч оршин тогтноход хэцүү байв. Энэ үеэс эхлээд Монголын циркийн хөгжил зогсонги байдалд орсон гэж хэлж болохоор.
Тиймээс өнгөрсөн 13 жилийн хугацаанд хаана бэлтгэл сургуулилтаа хийж байсан талаар асуухад “Бид нарт олдож байгаа хамгийн том зах зээл бол гадаадын гэрээ байгуулах. Сүүлийн жилүүдэд Монголын жүжигчид гадаадад гарч, бусад улс орны циркийг төлөөлж байгаа нь Монголд циркийн өв соёл тасрахад хүрч байна. Тэд гадаадын улсуудтай гэрээ хийснээр чансаатай уран бүтээлээ гаргаж, бэлтгэл сургуулилтаа зориулалтын байранд хийх, цалин өндөр авах гэх мэт олон боломж бүрдэж байгаа юм. Авьяас чадвартай уран бүтээлчид нь гадаадын зах зээлийг илүүд үзэж, дэлхийн хэмжээний олон уралдаан тэмцээнд орж амжилт гаргаж байхад төр засаг нь тоодоггүй. Хамгийн гол нь эдгээр хүмүүсийн залгамж халааг бэлтгэх байргүй байгаа нь үнэхээр харамсалтай.
Дэлхийд данслагдсан шилдэг уран бүтээлчид Монголдоо амьдрах нөхцөл боломж хомс алга гэдгийг харуулж байна. Монголын циркчид гадаадын циркийг хөгжүүлэх гэж эх орондоо бэлтгэгдээгүй шүү дээ. Циркчид Монголынхоо циркийн урлагийг гадаадад сурталчлахад төрөөс дэмжлэг хэрэгтэй байна. Ард түмэндээ циркийн урлагаа сурталчлах нөхцөл бүрдээгүй. Тиймдээ ч циркчид айлын шоовдор хүүхдүүд шиг л хэцүүхэн байдалд байна” гэж хэлэв.
Одоогоор циркийн сургуулийн сурагчид нүүдлийн цирк болон Монгол Улсын Консерваторийн биеийн тамирын зааланд хоёр хуваагдаж бэлтгэлээ хийж байгаа гэнэ. Гэвч хүйтний улирал эхэлсэн тул нүүдлийн циркт бэлтгэл сургуулилалт явуулах боломжгүй болжээ. “Аса” циркийн дэргэд 15 сая төгрөг сард төлж, бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан ч засвар хийх нэрийдлээр тэднийг гудамжинд гаргажээ. Ингэснээр циркийн сургуулийн хүүхдүүд бэлтгэл сургуулилт хийж чадахгүй байгаа юм.
Мөн Дашчойлон хийдийн хажууд байрлах хуучин циркт бэлтгэл сургуулилалтаа хийж байсан боловч, бас л бэрхшээлтэй тулгарав. Тиймээс орчин үеийн XXI зууны циркчдийг бэлтгэхэд учир дутагдалтай байна гэж үзээд 2010 оноос эхлэн циркийн сургууль бариулах асуудлыг циркийн уран бүтээлчид хөөцөлдөж, 2014 онд тухайн үеийн БСШУСЯ-ны захиалгаар барилгын зураг төсөл батлуулсан байна. Гэвч одоог хүртэл улс мөнгөгүй гэх шалтгаанаар циркийн барилга барих ажлыг хойшлуулсаар өдийг хүрчээ.
Тэгвэл Монголын циркийн уран бүтээлчдийн төлөөллүүд өөрийн гэсэн бэлтгэл сургуулилалт хийх байртай болох талаар Соёлын яам болон Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад Монгол Улсын Консерваторийн хашаанд дахь газар дээр хийлгэсэн зураг төслийн дагуу Циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөх, Циркчдийн соёлын өв болсон хуучин циркийн барилгыг шинэчлэн ордон барьж өгөх гэсэн хоёр үндсэн шаардлага тавьжээ.
Циркийн урлаг өөрийн гэсэн зориулалтын байр байшинтай байх ёстой. Учир нь циркийн бэлтгэлийг биеийн тамирын хоёр жижигхэн зааланд явуулахад хүндрэлтэй. Бас олон цагаар бэлтгэл сургуулилт хийж үзэгчдэд уран бүтээлээ хүргэдэг. Циркчдийнхээ хөгжил дэвшилд төр засаг анхаарахгүй, үл тоосоор байгаад үе үеийн уран бүтээлчид харамсаж буйгаа ийнхүү илэрхийлэв.