...Ирэх оны нэгдүгээр сараас Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл мөнгийг төрийн санд байршуулж, даатгалаар үзүүлдэг тусламж, үйлчилгээний төрлийг олшруулах юм байна. Тухайлбал, төрөөс зардлыг нь хариуцдаг жирэмслэх болон төрөх хугацааны, сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалаас санхүүжүүлдэг болох гэнэ. Одоогоор 20-иод төрлийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг даатгалаас гаргадаг...
Эрүүл мэндийн салбар ирэх дөрвөн жилд “өндийж”, эс чадахаас ирээдүй нь шийдэгдэх боллоо. Иргэдээс хэзээ ч сайн үнэлгээ авч байгаагүй, үргэлжид төвөг, чирэгдэл учруулсаар ирсэн энэ салбарыг үндсээс нь эхлээд өөрчилж, шинэчлэх багц хуулиудыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмж, оруулсан заалтуудын дийлэнхийг нь 2021 оноос мөрдөх юм. Эмийн үнийн хөнгөлөлттэй холбоотой хуулийн өөрчлөлтүүдийг ирэх сараас хэрэгжүүлэх тухай бид өмнө нь мэдээлсэн. Тиймээс энэ удаад эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар, санхүүжилтийн тогтолцоог сайжруулахын тулд хууль, эрх зүйн орчныг нь хэрхэн бүрдүүлснийг сонирхлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарт “хувьсгал” хийх талаараа өнгөрсөн долоо хоногийн чуулганы индрээс мэдэгдсэн. Тэрбээр “Эмнэлгийг биш, үйлчлүүлэгчийг дагасан, эм, тариа, эмчийн цалинг бус, эмчилгээний чанар, эдгэрсэн хүний тоонд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжихээр бэлтгэж байна. Ирэх оноос иргэд өмчийн хэлбэр хамаарахгүйгээр бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай тусламж, үйлчилгээг даатгалаараа чанартай, шуурхай авдаг болно. Хүмүүс даатгалын үр шимийг шударгаар хүртээд эхлэхээр шимтгэл төлөх нь ч нэмэгдэнэ. Цаашлаад эмнэлгүүд стандарт, чанараараа өрсөлдөж, хөгжих үндэс, суурь нь тавигдана” гэсэн юм.
Эрүүл мэндийн сайд ч энэ тухай л ярьж байна. Нарийн мэргэжлийн төвүүдийн ачааллыг хуваах замаар төвлөрлийг сааруулна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ), аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, хүний нөөцийг сайжруулна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг хийх хэмжээний чадавхтай болгоно гэхчлэн ирээдүй цагийн амлалт олон аж. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд оруулсан онцлох заалт нь эмнэлгүүдийн засаглалыг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх юм. Нарийн мэргэжлийн эмнэлгүүдийг зах зээлийн зарчмаар, менежментийг нь төрөөс ангид хөгжүүлэх асуудал эдүгээ чухалд болоод байгаа. Энэ онд Улсын I, III төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэн туршсан. Тэгвэл 2021 онд 10 эмнэлгийн засаглалын ингэж өөрчлөх гэнэ.
Төрийн өмчийн эмнэлгүүдийн гүйцэтгэл, үр ашгийг сайжруулахын тулд бизнесийн орчинд улс төрөөс ангид байлгах, өмчийн бүх хэлбэрийг зах зээлийн харилцаанд тэгш оролцуулах, иргэдэд чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэхэд санхүүжилтийг нь зарцуулахаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дөрвөн жилийн өмнө баталсан. Хуульд зааснаар бол эмнэлгүүдийг хувьчлахгүй, менежментийн хувьд бие даан шийдвэр гаргах, хүний нөөц, төсөв, санхүүгээ захиран зарцуулах эрх олгох юм. Хууль эрх зүйн орчин нь энэ мэт аль эрт бүрдсэн байхад эмнэлгүүд ирэх жилээс л гүйцэтгэлээрээ буюу нэг худалдан авагчийн санхүүжилтийн тогтолцоонд шилжих нь.
Эрүүл мэндийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдээс сонирхуулбал, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх болжээ. Тэгэхээр иргэд заавал харьяа хорооныхоо бус, хамгийн ойр орших эрүүл мэндийн төвд хандаж болно. Мөн сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээг нэг сар, түүнээс дээш хугацаагаар хийлгэх, хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг жил бүр зохион байгуулах, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд байршил, өвчлөл, осол, гэмтлийн нөхцөл байдлаас хамаарч яаралтай тусламжийн болон багийн эмчийн салбартай байна. Аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг төрөлжсөн зарим мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг нэмэлтээр үзүүлж, удирдлагыг ТУЗ нь томилдог болох гэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд оюутан, сурагчдыг харьяалал харгалзахгүй хүлээн авч, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, олон нийтэд шаардлага, сэрэмжлүүлэг өгнө. Нас барагчийн үхлийн шалтгаан болон өвчний оношийг зөв тогтоосон, эсэхийг цогцост эмгэг судлалын шинжилгээ хийж баталгаажуулна гэхчлэн хэрэгтэй заалтууд нэмж, тусгажээ.
Багц хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой томоохон өөрчлөлтүүд бас хийх юм байна. Тухайлбал, Ерөнхий сайдын хэлсэнчлэн иргэд ирэх оны нэгдүгээр сараас төр, хувийн хэвшлийн эмнэлгийн алинаар нь ч даатгалаараа үйлчлүүлэх боломжтой. Энэ нь нэг талаас өмчийн хэлбэрээс хамаарахгүйгээр эмнэлгүүдийн чанар, үйлчилгээ, орчин нөхцөлийг нэг түвшинд аваачих зорилготой. Нөгөө талаас, улсын эмнэлгүүдийг ийм аргаар өрсөлдөх чадвартай болгоно гэсэн. Үүнээс гадна өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг Улсын I, II, III төв эмнэлэг, тусгай мэргэжлийн ганц, хоёрхон төвд л үзүүлдэг. Цаашид энэ ачаалал, чирэгдлийг бууруулахын тулд уг эмчилгээг аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ, хувийн эмнэлгүүдээр хийлгэх аж.
Эмч нар нэг төрлийн өвчинд өөр өөр эм, тариа бичиж, эмчилгээг олон янзаар хийдэг нь нэгдсэн стандартгүйтэй холбоотойг салбарын сайд нь хэлсэн. Тиймээс олон улсын эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамж, программ хангамжийг бүх шатлалын эмнэлэгт нэвтрүүлэх болжээ. Тодруулбал, дэлхийн 191 улсын долоон сая гаруй эмч нарын баримталж, дагаж мөрддөг стандартыг манайхан ашиглах аж. Амжилттай нутагшуулбал иргэд өрх, дүүрэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ гээд хаана ч очсон ижил түвшний эмчилгээ бичүүлж, хийлгэнэ гэсэн үг. Энэ бол өвчний эдгэрэлт, чанартай эм, тариа сонгох, сүлжээний бизнесийг хумих зэрэгт чухал баримт бичиг болох учиртай.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) татвар төлөгчдийн шимтгэлийн орлогыг банканд хадгалуулж, ашиг олох статустай байгууллага биш. Даатгуулагчдад тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудаас мөнгийг нь харамлах бүр ч эрхгүй. Гэтэл тус газрынхан Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг үр ашиггүй зарцуулаад зогсохгүй үндэсний хөтөлбөрүүдийн санхүүжилтийг байнга шахам гацааж, амьтай голтой л хэрэгжүүлж ирсэн. Хувийн эмнэлгүүдтэй жил бүр гэрээ байгуулж, иргэдэд эмчилгээ, үйлчилгээг ойртууллаа гэж сурталчилдаг. Гэвч олонх нь даатгалаар үйлчилдэггүй. Хувийн эрүүл мэндийн гэрээт байгууллагуудын ганц хэлдэг үг нь “санхүүжилт дууссан”. Тиймээс даатгалын системийг шинэчилж, сангийн мөнгийг иргэдэд зориулдаг болгох өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тусгажээ.
Ирэх оны нэгдүгээр сараас Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл мөнгийг төрийн санд байршуулж, даатгалаар үзүүлдэг тусламж, үйлчилгээний төрлийг олшруулах юм байна. Тухайлбал, төрөөс зардлыг нь хариуцдаг жирэмслэх болон төрөх хугацааны, сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалаас санхүүжүүлдэг болох гэнэ. Одоогоор 20-иод төрлийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг даатгалаас гаргадаг. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 8.6 сая даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлснийг ЭМДЕГ-ынхан хэлсэн. Даатгалтай иргэн жилд хоёр сая хүртэлх төгрөгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй. Үүнийг болон гэр бүлийн гишүүд эрүүл мэндийн даатгалаа шилжүүлэн ашиглах зэрэг хэзээ ч хэрэгжээгүй заалтуудыг ирэх оны нэгдүгээр сараас хүчингүйд тооцож, мөнгөн дүнд нь хязгаар заахгүй болжээ. Өөрөөр хэлбэл, даатгуулагчид шаардлагатай эмчилгээ, үйлчилгээгээ хүссэнээрээ хийлгэнэ гэсэн үг.
Энэ онд даатгалын санд 506.5 тэрбум төгрөг хуримтлуулж, зарцуулахаар төлөвлөсөн ч эхний найман сард гэхэд л 290.6 тэрбумын шимтгэл төвлөрчээ. Даатгалын сангийн мөнгө өдгөө тасраад байгаа ч төсөв тодотгож, өнөө жил 494.3 тэрбум төгрөгийг дээр дурдсан 20-иод төрлийн эмчилгээ, үйлчилгээнд зарцуулж байгаа аж.
Даатгалаар үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний төрөл олшрохтой холбоотойгоор эрүүл мэндийн гэрээт байгууллагуудын чанар, төлбөрийн зарцуулалтыг олон улсын удирдамж ашиглан хянах гэнэ. Ингэхдээ ЭМДЕГ-ын хүний нөөцийг нэмж, аймаг, дүүргийн хэмжээнд 2-3 хүнтэй ажилладаг тасгуудыг нь хэлтэс болгон тэлж, бие даан ажиллах боломжоор хангах юм байна. Ингээд ч бүх шатлалын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээ ахихгүй, бахь байдгаараа байвал хэрхэх билээ. Эрх баригчид нэгэнт баталсан эрүүл мэндийн багц хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс энэ салбарын хувь заяа “эргэх” тул мартуулж, замхруулахгүй, худал амлахгүй байхыг хүсье.