Улаанбаатар-Дархан чиглэлийн засвартай зам дээр дугуйгаа хагалсан гэх иргэн Д.Алтансүх хохирол барагдуулахыг ЗТХЯ-наас шаардаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр тус яамнаас 4,180,000 төгрөг нэхэмжилж буй аж. Шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.21/ 10.30 цагт болсон хэдий ч хариуцагч болох ЗТХЯ-наас хамтран хариуцагч татан оролцуулах хүсэлт гаргаснаар хуралдаан арваннэгдүгээр сарын 11-ныг хүртэл хойшилжээ.
Авто замын тухай хуулийн 35.2-т "Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө" гэж заажээ. Өөрөөр хэлбэл, иргэн та бусдын буруугаас болж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон бол учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй нь дээрх заалтаас харагдаж байна.
Ташрамд дурдахад, Дарханы замыг Засгийн газар болон холбогдох яамнаас 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн. Гэвч засварын ажил хугацаандаа дуусаагүйн улмаас сүүлийн нэг жилийн хугацаанд тус зам дээр 376 хүн нас баржээ.