Гэр хорооллын өрхүүдийн шөнө хэрэглэсэн цахилгааны тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл чөлөөлдөг. Энэ жил цахилгааны тарифыг хэрхэн хөнгөлөх талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ, тариф, зах зээлийн газрын мэргэжилтэн Б.Уламбадрахаас тодрууллаа.
-Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэр хорооллын болон аймгуудын шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тэглэнэ. Бэлтгэл ажлыг хэр хангасан бэ?
-Энэ өвлийн бэлтгэл ажил иргэдээс хамаарна. Бидний хувьд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэж, цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангасан. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд 100 хувийн хөнгөлөлт, аймгийн төв буюу 10 мянгаас дээш хүн амтай сумдад 50 хувийн хөнгөлөлт эдлүүлж байсан. Тэгвэл энэ жилээс нийслэл, орон нутаг гэж ялгалгүй 21.00 цагаас 06.00 цаг хүртэл 100 хувь хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Дээрх шийдвэрийн дагуу энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл иргэдээс шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөр авахгүй. Бид энэ тогтоолоо Улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүсэлт хүргүүлсэн. Тус яамнаас бүртгэчихвэл бид шийдвэрийг ирэх сараас мөрдүүлнэ. Мөн дээрх тогтоолыг хэрэгжүүлэх явцдаа гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулна.
-Үргэлж алдагдалтай ажилладаг энэ салбар шөнийн тарифын хөнгөлөлтийг нэмэгдүүлснээр алдагдал улам ихсэх үү?
-Орон нутагт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх болсонтой холбогдуулан төв, зүүн, баруун, өмнөд бүсийн цахилгаан түгээх 14 станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарсан. Ингэхийн тулд 4.7 тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр бид Сангийн яам, Цэвэр агаар санд эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж өгсөн.
-Өнгөрсөн жил гэр хорооллынхны хэдэн хувь нь хөнгөлөлтөд хамрагдсан бэ?
-Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 94.1 хувь буюу 160 мянган айлыг хөнгөлөлтөд хамрагдуулсан. Харин үлдсэн зургаан хувь нь энгийн тоолууртай учир журмын дагуу хөнгөлөлтөөс хассан. Энэ онд бид тэдгээр энгийн тоолууртай айл өрхүүдийг хоёр тарифт тоолууртай болгохоор ажиллаж байна.
-Зарим иргэн цахим орчинд “Шөнөдөө 100 хувь хөнгөлүүлсэн гэх боловч тогны мөнгө их гараад байна” гэж шүүмжилсэн байсан.
-Хүчдэлээсээ хамаараад зарим айл өрхөд 50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Тодорхой хэлбэл, нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнө хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчин чадалтай хэрэглэгчдэд 700 кВт/цаг, 380 В-ын хүчин чадалтай хэрэглэгчдэд 1500 кВт/цаг байхаар тогтоосон. Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай айлуудын шөнө хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заасан байна. Өөрөөр хэлбэл, шөнийн туршид хэрэглэсэн цахилгааныг 100 хувь хөнгөлнө гэсэн үг биш юм.
-Хөнгөлөлтөд хамрагдахын тулд иргэд ямар шалгуур хангасан байх ёстой вэ?
-Нэгдүгээрт, хэрэглэгч нь хүйтний улирлын шөнө зөвхөн ахуйн хэрэгцээнд болон гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэх ёстой. Хоёрдугаарт, стандартын шаардлага хангасан баталгаажсан хоёр тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байхыг зөвлөж байна. Мөн тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байхыг шаарддаг
-Өнгөрсөн онд эрчим хүчний үнэ нэгж үнэ тутамд 16 хувиар өссөн. Хэдийгээр үнэ өссөн ч тарифын хөнгөлсөн. Энэ жилийн хувьд дахиад нэлээд алдагдалтай гарах байх, тийм үү?
-Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Эрчим хүчний нэгж өртөг 175 төгрөг. Бид өнгөрсөн онд иргэдэд эрчим хүчний нэг нэгжийг 168 төгрөгөөр борлуулсан. Үүнээс их зөрүү гарна. Тарифын өөрчлөлтөөр аль болох алдагдал багатай байлгахаар ажиллаж байна. Шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг Улсын төсвөөс бүрэн гаргадаг тул иргэдийн нуруунд ачаа болохгүй. Эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулахаар ажиллаж байна.