НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын мэдээлснээр 2020 оны дөрөвдүгээр сард буюу хөл хорионы оргил үед 194 улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 90 хувь танхимаар хичээллэх боломжгүй болжээ. Ингэснээр бага насны хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл нэмэгдэж, Монгол төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудал болсон аж. Ядуурал, ажилгүйдэл хүний наймаанд гол түлхэц болдог гэдэг. “Ковид-19” цар тахал дэлхийн эдийн засагт хүндрэл үүсгэж, ажилгүйдлийг хавтгайруулснаар өрхийн орлого буурсныг хэн хүнгүй мэдэж буй. Энэ нь цар тахлаас өмнө хүн худалдаалах эрсдэлд өртсөн хүмүүс, ялангуяа бага цалинтай эмэгтэйчүүд тухайн гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байгааг мэргэжилтнүүд хэллээ. Ажлын байргүй, амьжиргааны дэмжлэггүй болсон эмэгтэйчүүдийг хуурч мэхлэн, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгох тохиолдол нэмэгдэж болзошгүй байна.
“Зочид буудлын болон гэрийн үйлчлэгч, үйлдвэрийн ажилчин, хүүхэд асрагчаар гадаад улсад өндөр цалинтай ажиллуулна” гэсэн зард итгэж, олон эмэгтэй харийн оронд бэлгийн мөлжлөгт өртсөөр байгаа юм. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор олон улс хилээ хаасан учир гадаадад бус, дотооддоо хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох явдал өсжээ. Нийслэлийн Прокурорын газраас хүн худалдаалах гэмт хэрэг өнгөрсөн оноос 35 хувиар өссөн, үүний 96 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн хэмээн энэ сарын 7-нд мэдээлэв. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Сүүлийн гурван жилийн эхний есөн сарын байдлаар Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдуулан 121 хохирогчтой 36 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Үүний үр дүнд энэ оны эхний есөн сарын байдлаар нийт долоон хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. 29 хохирогчийн 22 нь хүүхэд байв. Хэрэг үйлдсэн 18 этгээдэд 3-20 хүртэлх жил хорих ял ногдуулсан. Хүн худалдаалах гэмт хэргийн шинж агуулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэмт хэргийг сурталчилсан бичлэг, зураг цахим орчинд тараасан 51 хүний фэйсбүүк хаягийг хаалгах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүллээ” хэмээсэн юм.
Цар тахлын үед анхаарах ёстой сэдвүүдийн нэг нь хүн худалдаалах гэмт хэрэг болж буйг иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд анхааруулж байна. Учир нь хохирогчдод хууль, эрх зүй, эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хорио цээрийн дэглэм сөргөөр нөлөөлж буй аж. Гэтэл олон улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд дорвитой анхаарахгүй байгааг хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагынхан шүүмжиллээ. Тодруулбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар өнөөдрийг хүртэл 40 сая иргэн хүний наймааны хохирогч болжээ. Цар тахлын улмаас олон хүн орон гэр, ажлын байргүй болох эрсдэл өндөр байгаа юм. Энэ нь иргэдийг мөнгөний эрэлд “хатааж”, гэмт хэргийн золиос болох ангал руу түлхэж байгааг олон улсад хүлээн зөвшөөрчээ. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх магадлал өндөр бүлэгт одоогоор хилийн чанадад гацсан, мэдээлэл авах, нийгмийн сүлжээнд хамрагдах боломжгүй, бусдаас хараат байсны улмаас хууль бус оршин суугч болсон иргэд орж буй.
Хэлний бэрхшээл, аюулгүй байдал, амьдрах байр сууц, бусдын дарамт зэрэг олон шалтгаан нь хүний наймааны эрсдэлийг нэмэгдүүлж байна. Жишээлбэл, хөл хорионоос шалтгаалан ихэнх улс үйлчилгээний газруудаа хаасантай холбоотойгоор хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид гудамжинд гарсан тухай олон улсын хүний эрхийн байгууллагууд мэдээлж байгаа. Тэд мөнгөгүй, бичиг баримтын зөрчилтэй хаана, хэнд хандахаа мэдэхгүй, хүнд байдалд оржээ. Үүний зэрэгцээ бэлгийн мөлжлөгийн хохирогч нэмэгдэхэд цахим сүлжээ багагүй нөлөөлж буй юм. Хүүхэд, залуус ихэнх цагийг цахим орчинд өнгөрүүлж байгаагаас бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт оруулах зорилготой этгээдийн өгөөшийг хялбар үмхэх эрсдэлтэй. Манай улс цар тахлын үед боловсролын байгууллага болон олон үйлчилгээний газрын үйл ажиллагааг хаасан ч биеэ үнэлэлт, бэлгийн мөлжлөгийг “цэцэглүүлдэг” зочид буудал, дэн буудлын үүдийг бариагүй. Энэ нь дотоодод бэлгийн мөлжлөг нэмэгдэхэд нөлөөлсөн гэж Хүйсийн тэгш эрхийн төвийнхөн үзэж байна. Тус төвийнхөн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид, Гадаад харилцааны яам болон холбогдох бусад газрын мэргэжилтнүүдтэй хамтран хүний наймааны хохирогч болсон 15 эмэгтэйг энэ онд Малайз улсаас эх оронд нь авчирчээ.
Тэд өнгөрсөн онд хүний наймааны 34 хохирогчид тусалсан бол оны эхний есөн сарын байдлаар 51 хүнд дэмжлэг үзүүлсэн аж. Дөрвөн хохирогч тутмын нэг нь насанд хүрээгүй аж. 2019 онд хилийн чанадад хохирогч болсон ганцхан хүнийг Монголдоо авчирсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш давхардсан тоогоор 30 гаруй хүнийг хамгаалах байранд ес хоногоос дөрвөн сарын хугацаанд байрлуулжээ. Энэ бүх зардлыг Монголын Улсын Засгийн газар болон олон улсын хандив тусламжаар зохицуулж буй. Цар тахлын улмаас хохирогчдыг авчрахад тусгай нислэгийн хуваарьт тохируулах, суудал захиалах, тусгаарлах байрны төлбөрийг нэмж төлөх гээд багагүй хүндрэл учирсан гэнэ. Коронавирусийн улмаас хилийн чанадад хохирсон иргэдийг татан авчрахад ямар бэрхшээл тулгарч буй талаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагынхан “Цөөнгүй улс хилээ хаасан учраас монголчууд гадаадад бэлгийн мөлжлөгийн хохирогч болох эрсдэл буурсан. Гэвч дотооддоо хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох явдал гарсаар байна. Хөл хорионы улмаас нислэгийн тоо хязгаарлагдаж, хохирсон иргэдийг татан авахад тусгаарлах байрны төлбөр төлөхөөс эхлээд санхүүгийн асуудал нэмэгдсэн” гэв.
Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгахаас хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж буй гол шалтгааныг тодруулахад “Хилийн чанадад хохирогч болсон эмэгтэйчүүдийн олонх нь өндөр цалинтай ажилд хууртаж явсан байдаг. Тухайлбал, зочид буудлын цэвэрлэгч, гэрийн үйлчлэгчээр ажиллаад сард 1500-2500 ам.долларын цалин авах боломжтой гэдэг. Тухайлбал, Малайз руу явсан хэдэн эмэгтэйн зардлыг урьдчилан төлжээ. Тэнд очоод ажил хийгээд 1-2 сарын дотор зардлаа төлөх санал тавьсан байгаа юм. Гэтэл очсоных нь дараа өрийн дарамтад оруулж, биеийг нь хүчээр үнэлүүлсэн. Өөрсдийн эрхшээлд оруулахын тулд олон арга хэрэглэдэг. Өрийн боолчлолд оруулах нь хүн худалдаалах гэмт хэргийг илэрхийлэх гол шинж тэмдэг. Хүний наймааны хохирогчид өөрийг нь хохироох гэж байгааг эхлээд мэддэггүй. Хэн ч биеийг нь үнэлүүлээд ашгийг нь өөртөө авна гэвэл хүлээн зөвшөөрөхгүй биз дээ. Тиймээс ийм үйлдлийг хүний мөрөөдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үздэг. Мөн тухайн хүний хүсэлд тулгуурлан итгэл үнэмшлийг нь өөрийн зорилго, ашиг сонирхолд нийцүүлдэг тул орчин үеийн боолчлол ч гэж нэрлэдэг. Өнгөн талаасаа тухайн хүн хүсээд хилийн дээс алхсан мэт боловч цаана нь маш өндөр зохион байгуулалттай гэмт бүлэглэл ажиллаж байдаг” хэмээсэн юм. Мөн тэрбээр цар тахлын улмаас хохирогчид үзүүлэх тусламжийн талаар “Хамгийн эхэнд тухайн улсад байгаа хохирогчийн аюулгүй байдлыг хангах нь чухал. Тиймээс хүний эрхийн байгууллагууд руу хандаж, хохирогчийн аюулгүй байдлыг нь хангуулж, хамгаалах байранд байрлуулдаг. Тухайн улс хууль, журмынхаа дагуу хүний наймааны хохирогч болсон, эсэхийг тогтоодог. “Ковид-19”-ийн улмаас зарим хохирогч бичиг баримт ч үгүй гудамжинд гарчихсан байна. Бид өмнө нь өөрсдийн төлөвлөснөөр онгоцны нислэгийг зохицуулдаг байсан бол цар тахлын улмаас хохирогчдыг тээвэрлэхэд хүндрэл учирч байгаа” гэлээ.
Харанхуй гудамжнаас хэн нэгнийг хар машинаар “шүүрч” явах нь л зөвхөн хүн худалдаалах гэмт хэрэг биш юм. Орчин үед энэ төрлийн хэргийг дэлгэцийн цаанаас ч үйлдсээр байна. “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг нь авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж Эрүүгийн хуульд заасан. Энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэхээр 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуульд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, эл гэмт хэрэгт гар бие оролцсон л бол хүн худалдаалах гэмт хэрэгтэнд тооцно гэсэн үг. Ингэж хуулийг нь чангатгасан ч гэмт хэрэг буурахгүй, бүр өссөн нь дээрх тоон мэдээллээс бэлхнээ харагдаж байна. Жишээлбэл, Х гэгч этгээд Орхон аймгаас Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн, насанд хүрээгүй гурван охины зорчих эрхийг хязгаарлан, хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт өртүүлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа гойд сайжруулж, цахим орчинд “цагдах” хэрэгтэй болжээ. Гаж донтнууд, ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчид дэлгэцийн цаанаас ч хүүхэд, эмэгтэйчүүдийг “отож” элдэв цахим хуудас нээх, садар самуун сурталчилсан зураг, бичлэг тараах болсныг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. “12-13 насны донтой охид, хөвгүүд” зэрэг нэрнээсээ илэрхий, бусармаг зүйлд өдөөн турхирсан цахим хуудас олширсон нь хүүхдүүдийг “олзлох” нэг хэрэгсэл болжээ. Түүгээр зогсохгүй гадаадын иргэд ч манай улсад бэлгийн мөлжлөгийн хохирогч болж, олон сар гэртээ харьж чадахгүй байгаа тохиолдол ч бий юм.
Монгол Улс Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2021 он) хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд тухайн гэмт хэрэгтэй тэмцэхэд багагүй ахиц гарч, зарцуулах санхүүжилт нь ч нэмэгджээ. Гэвч энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт удаан, ялангуяа орон нутагт хууль, хүчний байгууллагынхан энэ чиглэлээр мэргэшсэн үү, сэтгэлзүйч бий юү, хохирогчийн нууцыг хадгалах, алдахгүй байх туслалцаа үзүүлэх боломжтой, эсэх нь эргэлзээтэй, нөөц боломж нь хязгаарлагдмал хэвээр байна.