Эрүүл мэндийн салбарт, тэр дундаа даатгалын системд “эргэлт” хийх хэмжээний хэд хэдэн нэмэлт, өөрчлөлтийг багц хуульд оруулаад байгаа. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сарын 28-нд УИХ-аар батлуулсан Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлтээр оруулсан заалтуудыг эхнээс нь хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Үүний нэг нь хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жорыг ирэх сарын 1-нээс өмчийн хэлбэрээс үл хамааран бүх шатны эмнэлгийн эмч харьяалал харгалзахгүй бичнэ. Мөн даатгуулагч эмийн сангаа сонгон үйлчлүүлэх боломж бүрдсэн. Шаардлага хангасан л бол бүх эмийн сан даатгалаар үйлчлэх эрх нь нээгдлээ. Энэ бүхэн хөнгөлөлттэй үнээр борлуулдаг эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дараалал, чирэгдлийг арилгах, сард 1-2-хон өдөр эм олгоод дуусдаг санхүүжилтийнх нь тогтолцоог өөрчлөх зэрэг өргөн хүрээний шинэчлэл хийх тухай ойлголт юм.
Улс, хувийн хэвшлийн эмнэлгийн алинаар нь ч үйлчлүүлсэн хөнгөлөлттэй эмийн жор бичүүлчихнэ. Түүгээрээ хүссэн эмийн сангаасаа эм аваад ууна гэдэг бидний хувьд саяхныг хүртэл мөрөөдөл байсан нь үнэн. Албаныхны мэдээлж буйгаар ирэх сарын 1-нээс хөнгөлөлттэй эм авах гэж иргэд үүрийн таван жингээр дугаарлан, бээвийж зогсох шаардлагагүй болно. Түүнчлэн даатгуулагч нар санхүүжилт дуусна гэж санаа зовохгүйгээр сар бүрийн эхэн, дунд, сүүлд ч эмээ хөнгөлөлттэй үнээр авах боломжийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүрдүүлжээ.
ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан өдгөө энэ талаар л ярьж, сурталчилж байна. Гэхдээ бүх эмийн сан хөнгөлөлттэй үнээр үйлчлэх хэмжээний төсөв, санхүүгийн чадамж, эмийн нөөцтэй юү. Улсын хэмжээнд өдгөө хөнгөлөлттэй эм борлуулж буй 900 гаруй гэрээт эмийн сан бий. Эл тоо ирэх сараас хоёр дахин нэмэгдэнэ гэж ЭМДЕГ-ынхан хэлсэн. Тэдэнд өмнөх шигээ төсөв хуваарилахгүй учир санхүүжилт дуусах тухай асуудал цаашид яригдахгүй гэнэ. Тэгэхээр 1000 гаруй эмийн санг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх хэмжээний төсвийг даатгалаас сар бүр олгож чадах уу. Өөрөөр хэлбэл, I, II, III шатлалын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хөнгөлөлттэй эмийн жор бичнэ. Бүх эмийн сан түүнийг нь олгох юм. Тэр хэрээр эмх замбараагүй байдал үүсэх вий. Үүнд хэн, хэрхэн хяналт тавьж, шалгах вэ. Энэ мэт даатгуулагчдын төлсөн татвар зорилтот бүлэгт хүрч чадах, эсэхэд эргэлзэж буй хүн олон. Гэтэл мэргэжлийнхэн дээрх хуулийг хэрэгжүүлэхээс өмнө даатгалын гэрээний биелэлтийг хэрхэн хангуулах зэрэг хяналт, үнэлгээний асуудлыг огт ярихгүй суугаа нь хачирхалтай.
Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтэд жил бүр даатгалаас 25-35 тэрбум төгрөг зарцуулдаг. Цаашид бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм борлуулна гэвэл эл зардал хэд дахин нэмэгдэхийг таашгүй. Ямартай ч одоогийнхоос багаар бодоход 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй гэнэ. Тиймээс даатгуулагчдын төлсөн шимтгэлийн орлогыг үр ашигтай зарцуулах, түүнд зохих ёсны хяналт хэрхэн тавих талаар ЭМДЕГ-ынхнаас тодруулахад “Одоогоор хяналт, үнэлгээ ярих эрт байна. Хуулийг хэрэгжүүлж, жигдрүүлсний дараа хяналтын асуудлыг сөхвөл үр дүнтэй. Манай Хяналт, шалгалтын газрынхан даатгалаар үйлчилдэг гэрээт байгууллагуудыг шалгадаг. Тэд урьдын адил хяналтаа үргэлжлүүлэн тавина. Хамгийн гол нь ЭМДЕГ-ын цахим системд жор бичигч нар нэвтрэх эрхтэй, кодтой байна. Эмийн сан эрхлэгчид ч ялгаагүй. Даатгалаар үйлчлэхийг хүсвэл хуулийн дагуу эрх нь нээлттэй. Ингэхдээ дөрвөн үндсэн шалгуур хангасан байх ёстой. Тодруулбал, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, НӨАТ-ын и-баримт олгодог, мэргэжлийн хүний нөөцтэй байна. Мөн интернэттэй байхын сацуу ЭМДЕГ-ын цахим системд холбогдсон байх хэрэгтэй. Өмнө нь манайхтай гэрээ байгуулж байгаагүй, одоо даатгалын үйлчилгээнд хамрагдах бол уг системд холбуулах хүсэлтээ манайд өгнө. Бид тэр даруйд нь системд холбох юм. Үүнд ямар нэг зардал, чирэгдэл байхгүй. Даатгалын үйлчилгээ, түүний санхүүжилтэд хяналт тавихын тулд л цахим программыг улсын хэмжээнд нэвтрүүлсэн. Түүгээр гол хяналтаа тавина” гэлээ.
Дээрх шалгуурыг хангасан эмийн сангуудыг энэ сарын 12-16-нд цахимаар бүртгэж байгаа. Эмийн сан эрхлэгчид health.gov.mn цахим хаягаар нэвтэрч, зааврын дагуу хүснэгтүүд бөглөн, хөнгөлөлттэй эмийн жагсаалт, үнийн дээд хязгаартай танилцаж, тухайн үнээр үйлчлэх боломжтой гэж үзвэл зөвшөөрсөн хүсэлтээ илгээхэд хангалттай аж. Түүнийг нь ЭМДЕГ хянаад, гэрээний загварыг цахим хаягаар нь илгээснээр хамтран ажиллах эрх нээгдэх гэнэ. Өрх, сум тосгоны Эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн болон Нэгдсэн эмнэлэг, тусгай төвүүд, амаржих газруудын эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичих бөгөөд түүнийгээ цахимд оруулснаар тухайн даатгуулагчийн бүх мэдээлэл ЭМДЕГ, эмийн сангуудын программд нэвтэрнэ. Ингэснээр тухайн иргэн гэрээ бүхий эмийн сангаар үйлчлүүлэхдээ хурууны хээгээ уншуулаад, шаардлагатай эмээ авна гэсэн үг. Харин ЭМДЕГ-ынхан эмийн сангуудын цахим программын мэдээлэл, НӨАТ-ын баримтад нь үндэслэн санхүүжилтийг гүйцэтгэлээр нь олгох аж. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн эмийн хөнгөлөлттэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийг албаныхан иймэрхүү байдлаар хэрэгжүүлэхээ хэллээ.
2018 оны дөрөвдүгээр сараас даатгалаар тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудад цахим систем нэвтрүүлснээр хяналт тавих, дүн шинжилгээ хийх нөхцөл нь өмнөхөөсөө сайжирсан гэдэг. Тодруулбал, цахимаар жор бичдэг болсноор хэн, ямар өвчний улмаас, аль эмийн сангаас хэдэн ширхэг эм хөнгөлөлттэй үнээр авсан зэрэг нь ил тод болжээ. Гэвч 900 гаруй эмийн сангаар хөнгөлөлттэй эм борлуулж буй энэ цагт ч алдаа, зөрчил гарсаар байгаа. Тухайлбал, даатгалын гэрээгээ хугацаанд нь дүгнүүлдэггүй, хангалттай биелүүлдэггүй, хөнгөлөлттэй үнээр олгодог зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан бүтээгдэхүүний хангалт муу, нөөц бүрдүүлдэггүй зэрэг нийтлэг зөрчил гаргадгийг шалгалтаар илрүүлсэн. Эдгээр нь даатгуулагчдыг чирэгдүүлж, эмээ дутуу авах, өөр эмийн сан хайх, урт дараалалд удаан хугацаагаар зогсох шалтгаан болдог аж. Түүнчлэн эмийн сан эрхлэгчид албаныхны яриад байгаачлан даатгалын цахим мэдээллийн программыг ажиллуулдаггүй, ашиглаж чаддаггүй нь ч одоо хүртэл мэр сэр байдаг гэх. Эдгээрээс гадна хэдхэн сарын өмнө нэр бүхий өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сангуудын үйл ажиллагааг шалгахад эрүүл мэндийн даатгалын цахим системд нэвтрэх эрх бүхий хэрэглэгчийг ажлаас халсан, чөлөөлсөн, өөрчилсөн шийдвэрээ ЭМДЕГ-т мэдэгдээгүй байв. Мөн эмчийн жор бичих эрхийг хаагаагүйгээс нэвтрэх эрхийг бусдад задруулсан зөрчил ч гаргасан. Улмаар эмийн сангийн эрхлэгч нар иргэдийн бүртгэлийг ашиглан, даатгалын сангаас мөнгө завшиж, хууль зөрчсөн үйлдлийг ЭМДЕГ-ынхан илрүүлсэн байдаг. Гэрээт байгууллагуудыг бүхэлд нь цахим системд холбож, хянасаар атал ийм зөрчил гарсаар байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн хүртээмж, борлуулалтыг 2-3 дахин нэмэгдүүлэх гэж буй хариуцлагатай энэ үед цахим системд найдах нь учир дутагдалтай.
Магадгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөлтэй 2000 орчим эмийн сан хөнгөлөлттэй үнээр үйлчлэхийг үгүйсгэхгүй. Эмийн сан эрхлэгч нар ч эрсдэлээ тооцон саналаа хэллээ. Тэд “Даатгалаар үйлчлэх эмийн сангуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлэх тул хэсэгтээ л ямар ч төлбөр авахгүйгээр эмээ 2-3 дахин хямд үнээр борлуулна гэсэн үг. Тэгэхээр наанадаж санхүүгийн чадамжтай, эргэлтийн багагүй хөрөнгөтэй байх ёстой. Бид төр, засагт найдаад өдөр бүр хөнгөлөлттэй эмийг жорын дагуу олгоод байдаг. Гэтэл санхүүжилтээ хугацаанд нь олгохгүй хохироовол эмийн сангууд дараа сарынхаа эмийн нөөцийг бүрдүүлж чадахгүй “модоо барихдаа” тулж болзошгүй. Тиймээс хэн хэнийг нь гомдоохгүйгээр судалгаа, үндэслэлтэйгээр хуулиа хэрэгжүүлээсэй. Өмнө нь бол эмийн сангуудын байршил, харьяа хороо, дүүргийн хүн ам, өвчлөлд нь тулгуурлан санхүүжилт хуваарилдаг байсан. Цаашид гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэж байгаа ч тодорхой төсөвт “барь” гэсэн чиглэл өгөөгүй. Тиймээс эмийн сан эрхлэгчид нуулгүй хэлэхэд айдастай байна. Их хэмжээний өрөнд “уначихдаг”, мөнгөө өгөхгүй бол яана. Нөгөөтээгүүр, иргэд эмийг бараг хоол шиг хэрэглэж байна. Танил талаараа жор бичүүлж, эм нөөцлөх тохиолдол ч цөөнгүй. Бүх шатны эмнэлгийн эмч жор бичих эрхтэй болсон нь иргэдийг эм хэт шүтэх сөрөг үр дагаварт ч хүргэж мэднэ” гэв.
Эрүүл мэндийн даатгалын орлогыг дөрвөн үндсэн эх үүсвэрээс бүрдүүлдэг. Аж ахуйн нэгж, байгууллага, хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлийн орлого 68, тэтгэврийн насныхан болон хүүхэд, цэргийн алба хаагчид, хоригдлуудын даатгалын мөнгийг төрөөс төвлөрүүлдэг бөгөөд энэ нь 17 хувийг эзэлдэг. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутны төлсөн шимтгэл даатгалын сангийн дөрвөн хувийг бүрдүүлдэг бол 11 хувийг хүүгийн орлогоос олдог юм. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн орлого, зарлагын зөрүү буюу үлдэгдэл мөнгийг арилжааны банканд байршуулан, хүүгийн орлогыг бүрдүүлж байгаа. Гэхдээ сангийн мөнгийг эрх баригчид хуримтлуулж, хадгалах нэрийдлээр дураараа ашигласаар эцэст нь цөөнгүй хувийг “салхинд хийсгэсэн” нь нэгэнт ил болсон. Тиймээс ирэх оны нэгдүгээр сараас Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл мөнгийг төрийн санд байршуулах болсныг дуулгахад таатай байна.
Өнгөрсөн онд даатгалын санд 469.6 тэрбум төгрөг цугларснаас 358.2 тэрбумыг нь зарцуулжээ. 2010 оноос хойш даатгалын сан жилд дунджаар 45-111 тэрбумын үлдэгдэлтэй, нийт 617.3 тэрбум төгрөгийн илүүдэлтэй байгаа аж. Татвар төлөгчдийн мөнгийг эрх баригчид судалгаа, нотолгоогүй үрэн таран хийчих вий. Бүх эмийн сангаар, өдөр бүр хөнгөлөлттэй эм олгоно гэж “шоудаад”, аманд ч үгүй, хамарт ч үгүй болгочих вий гэж олон нийт эмээж буйг эцэст нь сануулахад илүүдэхгүй биз ээ.