Эхийн сүүг “амьд вакцин” хэмээдэг. Ингэж хэлсэн нь ч учиртай. Одоогоор дэлхийд түүнтэй дүйцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй. Тэрнээс биш эхийн сүү орлуулагч бол олон бий л дээ. Эхийн сүүний ач тусыг мэддэг улс орнууд импортын бүтээгдэхүүнийг хязгаарладаг. Тэр дундаа хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн, төрөх эмнэлгүүдийг донор сүүний банктай болохыг хуульчилсан байдаг. Манай улс ч Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуультай. Түүгээр хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг тодорхойлох, эрүүл, аюулгүй хүнсээр хангах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах учиртай.
...“Зургаан сар хүртэлх насны хүүхдэд зориулсан хүнс импортлох, худалдахыг хориглоно”. “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглоно” гэсэн чухал заалт бий...
Гэвч батлаад гурван жил гаруй хугацаа өнгөрсөн атал уг хуулиа манай улс огт хэрэгжүүлээгүй гэж хэлж болно. Үүний уршгаар өдгөө эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхийн хэрээр импорт өсөж, эхчүүд хүүхдээ “хөхөөр” хооллох нь улам цөөрөв. Үүнийг олон судалгааны дүн илчилж, албаныхан тоть шиг давтан, анхааруулдаг ч хэлэхээс хэтэрдэггүй.
ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар хоёр хүртэлх насны нийт хүүхдийн 53 хувь нь эхийн сүүгээр хооллодоггүй. 0-6 сартай хоёр хүүхэд тутмын нэг нь л дөнгөн данган “хөхөөр” хооллодог байна. 2017 оны тавдугаар сард баталсан Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар уг нь зургаан сар хүртэл нь эхийн сүүнээс өөр нэмэлт тэжээлээр хооллохыг хориглосон. Тухайн үед хууль санаачлагчдыг олон нийт шүүмжилж “Хөхний сүүг хуульчлахаас өөр ажилгүй” хэмээн егөөдөж байв. Гэсэн ч тэд хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтийг нэмэгдүүлнэ, импортын бүтээгдэхүүнийг “хазаарлана”, донор сүүний банк байгуулна гэж “шоудаад”, мартуулжээ.
Уг нь төрөх эмнэлгүүдэд байгуулдаг эхийн сүүний банк чухал болохыг олон улсын туршлагууд харуулдаг. Гэтэл манайхны дээрх хуулиас хэрэгжүүлсэн бараг ганц заалт нь эхийн сүү орлуулагч гэх томьёог халж, нялх хүүхдийн зориулалтын хүнс хэмээн нэрлэх шив. Эхийн сүүний банк гэж юуг хэлээд байгаа юм бол гэж зарим уншигч гайхаж магадгүй. Төрөлхийн сүүгүй, гарц багатай эмэгтэйчүүд байхад хүүхдээ цатгаад бардаггүй, саагаад дундардаггүй нь ч олон. Тиймээс гадаадын орнууд сүүгээ хандивлах хүсэлтэй эхчүүдэд зориулсан банктай байдаг. Тэнд нь очиход зориулалтын саагч, ариутгасан сав өгнө. Нэг хүн дунджаар 300-1000 мл сүү “тушаадаг” аж. Түүнийг нь банкны ажилтнууд зориулалтын саванд, 20 градусын хүйтэнд гурван сар хүртэл хадгалж, сүүгүй ээжүүдэд үнэ төлбөргүй өгдөг тогтолцоотой юм байна.
Харин эхчүүд донорын сүүг 62.5 градусын халуун усанд бүлээсгэж, хүүхдээ угжих ёстой. Хандивлагч эх сүү хийсэн савандаа хүүхдийнхээ сарыг бичнэ. Ингэснээр сүүгүй эхчүүд хүүхдийнхээ насанд тохирсныг нь сонгон авах боломжтой. Эхийн сүүний банкийг энгийнээр тайлбарлавал ийм “ид шидтэй” аж. Цаашлаад уг ажлыг үр дүнтэй хэрэгжүүлбэл нялх хүүхдийн зориулалтын хүнсний импорт багасаж, төрөл бүрийн өвчин, эндэгдэл дагаад буурдаг байна.
Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт “Төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллага хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн шийдвэр, ач холбогдлыг олон нийтэд сурталчилж, ажилтнуудаа мэргэжил арга зүйгээр хангах, сургалт явуулах”-ыг заасан. Гэтэл өрхийн эмнэлгээс авхуулаад, амаржих газрууд, II шатлалынхан хүртэл эцэг, эх, асран хамгаалагчдад сүү орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгосоор. Түүгээр ч зогсохгүй зарим нь хүүхдийн зориулалтын хүнс хэрэглэхийг ухуулан сурталчилж, мэдээллийг нь төрөл бүрийн аргаар тараадгийг ээжүүд хэлж байна. Эдгээр нь мэргэжлийн байгууллагынхны шалгалтаар ч илэрдэг аж. Эмч нар хүртэл ханган нийлүүлэгчдийн худалдааны хамтрагч болчихсон байдгийг мэргэжлийнхэн нуугаагүй.
Мөн хуулийн 15.2-3-т дээр өгүүлсэнчлэн “Амаржих газар, хүүхдийн тасгууд нярайн хоол, тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор эхийн сүүний нөөцийн банк байгуулж, ажиллуулна. Уг банкийг ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэжээ. 2017 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан, амаржих газруудын дарга нар эхийн сүүний банк байгуулахаар тохиролцож, эхний ээлжид ачаалалтай төрөх эмнэлгийг сонгож байв. Сүүгээ хандивлах эхчүүдийг ХДХВ/ДОХ, элэгний В, С вирус, тэмбүүгийн шинжилгээнд хамруулж, ямар нэгэн эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг бол сүүг нь “авахгүй” гэсэн юм. Амаржих газрууд хуурай сүүнээс татгалзаж, элдэв сурталчилгаанаас ангижирлаа гэж ч мэдээлсэн.
Гэтэл өдгөө эл асуудлыг мэдэж, ярьж буй хүн алга. Гурван жилийн өмнө баталсан хууль, түүнийг дагасан тушаал, шийдвэрүүд одоо хэр нь хэлэлцэх шатандаа яваа аж. Нийслэлийн “Амгалан” амаржих газрынхан Япон, БНСУ, Герман, Турк улсын туршлагыг судалж, эхийн сүүний банк байгуулах төсөл хэрэгжүүлэх болсноо 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр зарласан. Төслийг ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгээр хэрэгжүүлэхээ ч мэдэгдсэн. Тэгэхдээ био аюулгүй байдлын кабинет нээж, ариутгагч, хөргөгч, хөлдөөгч автоклав, гар болон цахилгаан сүү саагч, хадгалах уут зэргийг ашиглана хэмээсэн. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрынхнаас тодруулахад “Төрөх эмнэлгүүдэд одоогоор эхийн сүүний банк байгуулаагүй. Төсөл нь ч хэлэлцээрийн шатандаа байгаа юм билээ” гэв.
Дөнгөж төрсөн хүүхдийг хуурай сүүгээр хооллосноор ходоод, гэдсийг нь хямрааж, гэмтээх аюултай гэнэ. Тиймээс ядаж төрөх эмнэлгүүдэд эхийн сүүний банк байгуулах зайлшгүй шаардлагатай аж. Нялх хүүхдийн зориулалтын хүнс буюу эхийн сүү орлуулагч хүүхдэд ямар ч шим тэжээлгүй, гэдэс цатгахаас цаашгүйг ЭМЯ-ныхан хэлдэг. Гэсэн хэрнээ хуулийг хэрэгжүүлэх гол гол тушаал, журмыг нь баталж өгдөггүй. Төрөх эмнэлэгт сүүгүй ээжүүд хүүхдэдээ өөр хүний хөх амлуулах нь жирийн үзэгдэл болоод байна. Аргаа барсандаа, хүүхдээ харангадуулахгүй гэсэндээ тэр шүү дээ. Асрагч нар хүртэл “Чи тэрний хүүхдийг жаахан хөхүүлчих, сүү нь орохгүй хэцүү байна” гэхийг ээжүүд олонтоо сонсдог. Угтаа бол эхийн сүүний банкгүй тохиолдолд хүүхдэдээ өөр хүний сүү уулгах нь маш аюултай. Хөхний сүүгээр олон төрлийн өвчин дамжин халдварладаг, ДОХ хүртэл.
ДЭМБ-аас нялх, балчир хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор жилд дунджаар тав хүртэлх насны 820 мянган хүүхдийн амь насныг аврах боломжтойг мэдээлсэн. Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/481 дүгээр тушаалаар Нялх, балчир хүүхдийг хооллох заавар баталсан юм билээ. Уг зааврын дагуу бол хүүхдийг төрснөөс хойш нэг цагийн дотор хөхийг нь амлуулна, зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллоно. Хоёр нас хүртэл, боломжтой бол түүнээс урт хугацаагаар хөхүүлэх, цадтал нь хооллох зэргийг “хуульчилсан” аж. Мөн нэмэгдэл хоолонд оруулахдаа юуг анхаарах, өвчтэй, сүүгээ хөхөж чадахгүй тохиолдолд хэрхэхийг заажээ. Даанч эл зааврыг сурталчилж, мөрдүүлдэггүй, амаржаад эмнэлгээс гарч буй эхчүүдэд мэдээлдэггүй хэвээр.
ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон НҮБ-ын Хүүхдийн сангийнхан эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээг судалсан байдаг. Нялхсын зориулалтын хүнсний бүтээгдэхүүний хэт нэг талыг барьсан зар сурталчилгаа эхчүүдэд хүүхдээ хөхүүлэхгүй байх үзэл, хандлага төрүүлдгийг уг судалгаагаар нотолжээ.
Дэлхийд 2014-2019 онд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний борлуулалт 45-71 тэрбум ам.доллар болж өсжээ. Тэр дундаа Ази, Номхон далайн бүсийн орнуудад уг бүтээгдэхүүний борлуулалт хамгийн өндөр буюу 11 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөгөө өгөх ур чадвар хангалтгүй, цаг зав багатай нь холбоотой аж. Манай улс өнгөрсөн онд нялх хүүхдийн зориулалтын 629.3 тн хүнс импортолжээ. Эдгээрийг 57 аж ахуйн нэгж оруулж ирснийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэлсэн. Тэгвэл энэ оны III улиралд ханган нийлүүлэгч 40 байгууллага 440.4 тн хүүхдийн зориулалтын хүнс импортолсон. Эл үзүүлэлт 2018 оны эхний найман сард 800 тн байсан юм.
Уг нь Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуульд “Хүүхдийн хүнсэнд транс тос, хувиргасан амьд организмоос гаралтай түүхий эд ашиглахыг хориглоно”. “Зургаан сар хүртэлх насны хүүхдэд зориулсан хүнс импортлох, худалдахыг хориглоно”. “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглоно” гэсэн чухал заалт бий. Мөн нялх хүүхдийн зориулалтын хүнсийг эмчийн жороор олгоно гэж заасан. Гэтэл эдгээрийг хэрэгжүүлэх тушаал, журмыг нь батлаагүйгээс, хяналт сулаас өдгөө хэн дуртай нь борлуулж, худалдан авсаар. Эхийн сүү орлуулагчийг зөвхөн эмийн сангаар худалдах ёстой ч онлайнаар, гэртээ хүргүүлээд л авчихаж байна. Хэрэгжүүлэхгүй бол хууль батлаад яах юм бэ. Эхийн сүүний банк байгуулах “мөрөөдлөө” хэзээ биелүүлэх вэ, эрх баригчид аа.
Эхийн сүү нь хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, эндэгдлийг бууруулах ач тустайг дээр цухас дурдсан. Тэгвэл “амьд вакцинд” шүүрлийн иммуноглобулин, цагаан эс, шар сүүний уураг, олигосахаридууд зэрэг 20 гаруй төрлийн шимт бодис болон дархлааны уураг агуулагддаг. Эдгээр нь нялхсыг нян, вирусийн халдвараас хамгаалах шидтэй. Мөн бага насныхныг уушгины хатгалгаа, бөөлжиж, суулгах өвчнөөс шалтгаалсан нас баралтаас урьдчилан сэргийлдэг байна. Эхийн эрүүл мэндэд ч тустай бөгөөд хөхний хавдар, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдгийг судалгаагаар тогтоожээ. Зургаан сар хүртэл эхийн сүүгээр хооллосон нялхсын амьдрах чадвар угжны хүүхдүүдээс 14 дахин сайн байдаг аж. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор цус багадалтаас 15, харшлаас 27, дунд чихний үрэвслээс 23, нэг хүртэлх насныхны гэнэтийн эндэгдлээс 50, ханиад, томуугаас 63, гэдэсний халдварт өвчнөөс 64 хувиар хамгаалдгийг эцэст нь тэмдэглэе.