Монголын хууль тогтоох дээд байгууллагын түүхэнд 1996-2000 оны парламентад ажиллаж байсан Хуульзүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн асан Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг казиногийн хэрэгт холбогдуулан хорьсноос өөрөөр УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн тохиолдол өнгөрсөн парламентыг хүртэл гараагүй. Гэтэл 2016-2020 онд ажилласан парламентын гишүүд Төрийн ордныг хорихын өмнөх байр болгох дөхсөн гэхэд хэтийдэхгүй.
Өнгөрсөн дөрвөн жилд парламентын гишүүдээс хэрэгт холбогдож шалгагдсан, гэм буруу нь шүүхээр тогтоогдон ял шийтгэл авч, хоригдсон, өнөө хүртэл хэрэг нь эцэслэгдээгүй, хууль шүүхийн байгууллагын хаалга онголзуулсаар яваа хүн олон. Тэр хэрээр хэрэгт холбогдсон гишүүдээсээ салах уу, авч үлдэх үү гэдгээ шийдэхэд өмнөх парламентын байнгын хороо, нэгдсэн чуулган багагүй цагаа зарцуулсан. Магадгүй гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагын мэдэлд өгөх үү, тэднийгээ ямар ч хэрэг хийсэн хамгаалж үлдэх үү гэдэг асуудлыг хамгийн олон удаа хэлэлцсэн парламент гэдгээрээ онцгойрох “түүхэн амжилт”-ыг 2016-2020 онд бүтээсэн ч байж мэднэ.
Сануулахад, 2018 оны намрын ээлжит чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцсэн. Тэр үед түүнийг Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1, 2018 оны наймдугаар сарын 24-ний А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байлаа. Хэргийг шалгахад гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх саад болж байна хэмээн үзээд түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн ч УИХ хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, хамгаалж үлдсэн. Хууль хяналтын байгууллага УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг үргэлжлүүлэн шалгаад, хамаарал бүхий компанидаа гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг нь тогтоосон. Б.Батзориг ч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “хахууль авсан, хахууль өгсөн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүх эцэслэхдээ нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан билээ.
Мөн УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээддээ нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн асуудалд нь шалгахын тулд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг ерөнхий прокурор УИХ-д өргөн барьсан ч УИХ-ын босгоор давуулахгүй буцааж байв. Гэвч явцын дунд тэдний заримынх нь гэм буруутай нь шүүхээр нотлогдож, зохих шийтгэлээ аваад буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Солтан нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасуулж, гурван жил хоригдох ялаар шийтгүүлсэн. Б.Ундармааг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” ХХК-д 800 сая төгрөгийн зээл авсныг нь гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасаж, 2.6 жил хорих ял оноосон. Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгээд байгаа. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-г тоносон МАН-ын 50 шахам гишүүнээс албан ёсоор гэм буруугаа тогтоолгож, ял авсан нь тэд.
Эрх мэдэл, албан тушаалаа ашигласан дээрх гишүүдээс гадна нууц эрхтнийхээ зургийг бүсгүй хүн рүү илгээж, бэлгийн дарамт болон бие махбодын хүчирхийлэл үйлдсэн Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг улсын ерөнхий прокурор парламентад оруулж байлаа. Уг саналыг УИХ хүлээж авахаас татгалзсан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга үүнд нь хориг тавьж байв. Хоригт “Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг үгүй хийсэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна” гэсэн байв.
Түүнчлэн төр түшилцэх үүрэг хүлээсэн хугацаандаа хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг мөн улсын ерөнхий прокурор оруулж ирснийг УИХ хүлээж аваагүй хэдий ч Д.Гантулга өөрөө УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгч, чөлөөлөгдсөн. Шүүх түүнийг гэм буруутайд тооцон, хоёр жилийн хорих ял оноосон.
Мөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнгөрсөн парламент хэлэлцсэн. Ажлын хоёр өдөрт шийдэгдэх хуультай уг асуудал хагас сар гаруй сунжирч, эцэст нь Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр асуудал нэг тийш болж, шүүх түүнд таван жил таван сарын ял өгөөд буй.
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, ял шийтгэл ногдуулах явдал урьд өмнө ийм олноороо гарч байгаагүйг дээр дурдсан. Хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс шийтгэлээ хүлээх нь зүйн хэрэг. Гэвч хууль алаг цоог үйлчилж, эрх мэдэлтнүүд хамгаалъя гэсэн хүнээ ямар ч хэрэг хийсэн хамгаалдаг, хамгаалалт муутай нэгнээ юухнаар ч болов яллачихдагийг дээрх тохиолдлууд харуулж байна. Хамгийн наад зах нь, ЖДҮХС-гийн мөнгийг хувааж авсан МАН-ын бүлгийн 50 шахам гишүүнээс дээр нэр дурдсан хэд л шийтгэл хүлээж, бусад нь ямар ч зэм хүлээлгүй өнгөрсөн. УИХ-д үргэлжлүүлэх ажиллаж, сайд, дарга болсон нь ч бий. Энэ тусдаа асуудал тул орхиё.
Өмнөх парламент хамгийн олон гишүүнээ шүүхийн танхим руу үдсэн “дээд амжилт”-аараа үеийн үед дурсагдах биз. Гэхдээ энэ нь баярлаж, бахархах биш, харин ч дахин бүү давтагдаасай гэж залбирууштай жишээ болох нь лав. Өнгөрсөн дөрвөн жилд гишүүдийн бүрэн эрх, парламентын халдашгүй байдал гэгч утгаа алдаж, угаасаа олигтой байгаагүй төрийн албаны болон төрийн түшээдийн үнэлэмж, нэр хүнд шалаар нэг болсон. Хэдхэн жилийн өмнө төрийн түшээ гэмт хэрэгт холбогдохыг байж болшгүй зүйл гэж хардаг, гайхаж, цочирддог байсан олон нийт өдгөө өч төчнөөнөөрөө яллагдаж байгаа тэднийг өчүүхэн ч анзаарахаа байж. Болох ёстой юм болдгоороо л боллоо гэх маягтай хайхрамжгүй суух болсон биднийг авлига, албан тушаалын хэр баргийн хэрэг цочоохгүй болов бололтой. УИХ-ын шинэхэн гишүүн А.Адъяасүрэн авлигын хэрэгт яллагдах нь гэсэн мэдээлэл гарахад гайхаж байгаа хүн алга. Увайгүй үйлдэлд нь дасаж дөжиртөл, юуг ч үл тоомсорлож, хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчиж суртал, зөв, бурууг шүүн тунгаах сонирхолгүй, угаас тэдний л буруу гэж хүлээж авдаг болтол улстөрчид олон нийтийг муу муухайгаараа утсаны нэг илрэл нь энэ. Төрд итгэх итгэл, төрийн хүнийг үнэлэх үнэлэмж унаж, юунд ч цочихооргүй болтол “гөлийсөн” олон нийт бий болно гэдэг аль ч талаас нь харсан сайн зүйл биш. Улстөрчид, тэднийг төрд илгээдэг намууд, төрийн өндөр албаныхан эрүүл саруул нийгэм төлөвшүүлэхэд анхаарч, өөрсдөө түүчээлж үлгэрлэх цаг нь ирсэн шүү. Үүний тулд хаана хаанаа хариуцлагатай байж, ядаж л гэмт хэрэгтнүүдийг төрийн өндөр албанд шургуулахаа болимоор юм. Шинэ парламент бүрдэж, анхны чуулганаа эхлүүлээд хэдхэн хонож байхад нэг гишүүнийх нь яллах дүгнэлт бэлэн болсон тухай мэдээ цацагдаж эхэлсэн нь ийн бичихэд хүргэв. Өмнөх парламентын муу буухиаг энэ парламент битгий үргэлжлүүлээсэй, “шоронжсон” парламент бүү болоосой. Гэхдээ энэ нь буруутай хүмүүсийг шоронд явуулахгүй хамгаалах тухай биш, угаас шоронд явахааргүй хүмүүс төрийн өндөр албанд ажилладаг байгаасай гэсэн санаа юм шүү.
Бэлтгэсэн: А.Амина