ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. УЕПГ-аас уржигдар мэдээлэл хийх үед НПГ-ын орлогч Ц.Насанбат энэ тухай өгүүлсэн билээ.
Дээрх 26 хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж өнгөрсөн хавар НПГ-т шилжүүлсэн бөгөөд эрх мэдлээ урвуулан, хясан боогдуулж бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Гэвч шүүгч нар энэ хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэхээс татгалзаж, зайлсхийж байсныг уг хэрэгт холбогдсон хэд хэдэн хүний ойрын хүмүүс хэлж байна. Учир нь бусдыг хясан боогдуулж хахууль авсан хэргийн нэг яллагдагч болох Н.Чимэдлхамын аав нь Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнээр ажиллаж байсантай холбож буй юм. Ийнхүү хардах хэд хэдэн шалтгаан бий гэнэ. Тодруулбал, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарт нэг бус хүн хахууль өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорууд хянаж үзээд “боломжтой” гэж дүгнэн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм байна. Гэтэл шүүгч нар яг ижилхэн, “яллагдагч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарын эсрэг нотлох баримт болж, тэдний гэм буруутайг батлах нэг үндэслэл бүрдэж, эрх зүйн байдлыг нь дордуулна” гэж дүгнэн шийдвэрлэхээс татгалзсан байна. Тиймээс НПГ-аас уг хэрэгт холбогдсон бүх хүний үйлдлийг нэгтгэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн аж. Өдгөө шүүгч Б.Батсайхан хэрэгтэй танилцаж байгаа гэнэ. Мөн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг 2019 оны тавдугаар сард яллагдагчаар тооцон цагдан хорих захирамж гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандахад шүүгч нь товлосон цагтаа ирэхгүй, хурлаа хойшлуулж, улмаар албадан саатуулах 48 цагийн хугацаа нь дуусмагц сулласныг ч Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн асан аавтай нь холбон харддаг.
...Б.Цогтбаатар тендер шалгаруулах хорооны даргаар ажиллаж байхдаа эн хэргийн холбогдогч, шинжээч Отгонбаяр луу утасдан нэг бус аж ахуйн нэгжийн бичиг баримтыг боловсруулж оруулж ирэх даалгавар өгч, улмаар тэр компани нь тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэх үйлдэлд холбогдсон байна...
ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар тусгай зөвшөөрөл олгохдоо бүрдүүлсэн бичиг баримтуудыг нь үл ялих шалтгаанаар буцааж, нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар чирэгдүүлдэг, энэ хооронд аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авахын тулд танил тал хайж, тэднээрээ дамжуулан дээрх хүмүүст 100 000-15 сая хүртэлх төгрөгийн хахууль өгч байсан нь баримтаар нотлогдсон гэдэг. Зөвхөн нэг компанийн удирдлагыг “Манай байгууллагын нэрийг буруу бичсэн байна, үгийн ийм алдаа гаргасан, гаалийн бичиг дутуу” гэх мэтээр огт шаардлагагүй зүйлс нэхэж шантаажилж байсан тул бид танилаараа дамжуулж хахууль өгсөн гэж хэргийн холбогдогч нар өгүүлж байна. Дээрх хоёр хүн хахуулийн мөнгөөрөө үнэт эдлэл, нүдний шил гээд эд зүйл авсан нь ч батлагдсан аж. Түүгээр ч зогсохгүй, Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар хамтарсан компани байгуулж, өөрсдөө олгодог тусгай зөвшөөрлөө түүнд өгсөн, уг компаниа худалдахаар зарын цахим хуудсанд байршуулсан байсныг ч АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон гэдгийг эх сурвалжууд хэллээ.
Б.Болорчимэгийн хувьд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байгаад удалгүй яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газарт эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн болсон гэдэг.
Энэ 26 хүнд холбогдох хэрэгт ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарыг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байгаа. Тийм ч учраас АТГ-аас Засгийн газрын тэргүүнд хандан хүргүүлсэн “Ашиг сонирхлын зөрчилтэй, эрүүгийн хэргийн яллагдагч” гэсэн утга бүхий бичгийг үндэслэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайдад Б.Цогтбаатарын нэрийг дэвшүүлсэн байснаа өөрчилсөн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр буруутган шүүхэд шилжүүлжээ. Б.Цогтбаатар тендер шалгаруулах хорооны даргаар ажиллаж байхдаа энэ хэргийн холбогдогч, шинжээч эмч Отгонбаяр луу утасдан нэг бус аж ахуйн нэгжийн бичиг баримтыг боловсруулж оруулж ирэх даалгавар өгч, улмаар тэр компани нь тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэх үйлдэлд холбогдсон байна. Уг хэрэгт дээрх шинжээч эмчээс гадна өөр 3-4 ийм мэргэжилтэй хүнийг буруутгасан аж.
Юутай ч ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулж, иргэд, аж ахуйн нэгжийнхнийг үл ялих зүйлээр шантаажлан хахууль авч байсан хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянаж байна. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын адилаар хясан боогдуулж хахууль авч байсан (хэдийгээр тэдний авч байсан хэмжээнд хүрэхгүй ч) эрүүл мэндийн салбарынхны төлөөллийн холбогдсон хэргийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажиглаж буй нь лавтай.
Бэлтгэсэн: Д.Дайчин