Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч урлаг соёл болон салбартаа тэргүүлсэн эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа. Энэ үеэр Х ТҮЦ продакшны захирал Н.Онон, Маск продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан нар Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан билээ.
Н.Онон жүжигчин төрийн ордноос шагналаа аваад гарч ирэхдээ төрийн ордны шатан дээр бүжиглэсэн үйлдэл нь зарим хүмүүсийн шүүмжлэлийг дагуулаад байна. Түүний энэ үйлдэлд дөрөөлөн хошин урлагийн алиа, салбадайнуудыг шагналаа гэсэн шүүмжлэл цахим орчинд нэлээд хөвөрлөө.
Тухайлбал, иргэдийн зүгээс “Тосолгоогүй болсон хаалганы чихраан шиг эмэгтэй хүний дуу хоолой мөн чанарын үнэлэмжийг навс унагадаг марзан, алиа, жавж маягийн дүрийг 30 жил бүтээгээд гавьяат авна гэдэг үнэндээ гунигтай зүйл. Төрийн хүндлэлийг ч төвшин сайхан авчихгүй. Хүндлэл соёрхол хоёрт савчсан хөдөлгөөн нь нийцэхгүй байна” хэмээн иргэд ярьж байна. Мөн “нийгмийн сэтгэхүйн доройтсон улсад хошин урлаг өндөр хөгжсөн байдаг. Бид хошин урлагийг урлаг гэж ойлгохын хэрээр мэргэжлийн урлаг үнэгүйддэг” зэрэг афоризм хүртэл гарсан харагдана.
Түүнчлэн төрийн дээд, одон медалийг хошин урлагийн элэглэгчид биш зөвхөн тангараг өргөсөн тусгай албан хаагчдад өгөх хэрэгтэй. Алиалж, хүн элэглэхээс өөр зүйлгүй энэ хүмүүс чинь төрийн дээд шагналыг ч хүндлээд авчхаж чадахгүй байна гэсэн постууд хаа сайгүй.
Харин нөгөөтээгүүр 2000 –аад оны эхэн үед Монголын кино урлаг, уналтад орчихсон, өнөөгийн хошин урлагийн уран бүтээлчид аварч, олон ч хүний амьдралыг хоолтой нь залгуулсан. Энэ яах аргагүй нүдээ олсон шагнал гэж баярлах нь цөөнгүй. Тухайлбал, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудсандаа “Хамгийн хүнд үед урлаг үйлдвэрлэж, хатаагдсан 30 жилийг инээдээр зөөллөсөн хүн ингэж байхаас яахав” хэмээн жүжигчин Н.Ононгийн үйлдлийг өмөөрч нийтэлжээ.
Иргэдийн шүүмжлэлүүдээс дүгнэхэд хошин урлагийн уран бүтээлийн хэлэх гэсэн санаа, үед муудаад байгаа нь үнэн хэдий ч 1990 оны сүүлч, 2000 оны эхээр мандаж байсныг нь үгүйсгэх аргагүй. Мөн хошин урлагийг урлаг биш гэсэн шүүмжлэл бол өрөөсгөл ойлголт. Ч.Ойдовын “Далан худалч” зэрэг инээдмийн жүжгийн төрөл жанр гэж нэг зүйл бий шүү дээ. Инээдмийн жүжиг урлагтаа орохгүй юм бол өөр юу багтах билээ.