Байртай болох гэсэн, хотын төв бараадахыг хүссэн иргэдийн эрэлт хэрэгцээнд дөрөөлөн барилгын компаниуд “тоглолт хийж” байна. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг хэмээх үгийн утгад яв цав нийцсэн барилгыг тэд жилд хэдэн арваар нь зэх зээлд нийлүүлэх боллоо. Тэнгэр баганадсан, гял цал болсон, дэлхийн жишиг, стандарт, эко, ногоон хэмээх хачин “гоё” үгсээр хачир нэмсэн хотхон, хорооллоор нийслэл маань улам бүр өргөжсөөр Алтан тэвшийн хөндийгөөсөө “халилаа”. Хүүхэд тоглох, хөгшид салхилах талбай, ногоон байгууламж байтугай оршин суугчдынхаа автомашиныг агуулах гарааш, зогсоол, хүн чөлөөтэй зорчих зай талбайгүй орон сууцын хотхон, хорооллууд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих болов.
“Авто замын ашиглалт, зогсоолын хүрэлцээг сайжруулна” гэж байнга шахам ярьдаг нийслэлийн удирдлага, хэрэглэгч буюу иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээсэн МХЕГ, ШӨХТГ, СӨХ, аливаа байгууламж барих, ашиглалтад хүлээн авах, эсэхийг шийддэг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Улсын комисс зэрэг шат шатны байгууллагынхан орон сууцын хорооллуудын тохижилт, төлөвлөлт, тэр дундаа авто зогсоолын асуудалд дорвитой анхаарахгүй бол “аз жаргал”-тай хотын иргэд чинь хотхон, хороолол дундаа түгжирч, амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч дуусах нь.
Уг нь Барилгын тухай хуулийн Барилгын зураг төсөлд тавигдах шаардлага буюу 12.1.4-т “Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол, түүний орц, гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөх” гэж тусгасан байдаг. Түүнчлэн холбогдох журамд “Шинээр баригдаж байгаа тансаг зэрэглэлийн болон стандарт орон сууцын нийт талбайн 30-аас доошгүй хувь нь автомашины зогсоол болон ногоон байгууламжид зориулагдах ёстой” гэж заасан ч бодит байдалд ер хэрэгждэггүй. Иргэд ч энэ талаар мэдлэг, мэдээлэлгүй учраас орон сууц худалдан авахдаа үүнийг төдийлөн анхаардаггүй аж. Улмаар авто зогсоолоос үүдэлтэй түмэн зовлонд унаж, барилгын компаниуд “Та нарын л асуудал” гэсэн байдлаар ханддаг жишиг тогтжээ.
Улаанбаатар хот метрополис гэх тодотголтой. Гэтэл энэ хотод өглөө ажилдаа явах гэж, орой гэртээ харихын тулд зөвхөн хотхон дотроо 30, 40 минут түгжирдэг иргэд байна. Сул зогсоолгүйн улмаас замын хажуу, барилгын булан тохойд машинаа байрлуулснаас болж, эд хөрөнгөөрөө хохирдог хүн ч цөөнгүй. Байрнаасаа хол газарт өчнөөн саяар гарааш түрээсэлж, худалдаж авсан нь ч бий. Зогсоол булаацалдах, давчуу зайд машинаа байрлуулахдаа мөргөлдөх, шүргэлцэх, олны анхаарлаас хол газарт тээврийн хэрэгслээ тавиад, дугуй, толио хулгайд алдах зэргээр тонуулах, “Машинаа гаргая” гэсэн дуудлага өглөө, оройд хэдэнтээ хүлээж авах гээд бэрхшээл, дарамт өчнөөн.
Баянгол дүүргийн I хороонд байх “Алтай хотхон”-ы оршин суугчид өглөө, оройд машины зогсоолоос болж зодолдохдоо хүрдэг. “Тэлмүүн”, “River stone” зэрэг зэргэлдээх хотхоныхноос зогсоолоо хамгаалахдаа өмнө, зүүн талдаа давхар хамгаалалт гаргаад буй ч “Зөвхөн чиптэй хүнийг нэвтрүүлнэ” гэсэн дүрэм баримталдгаас үүдэлтэй хэрүүл, маргаан тасардаггүй гэнэ. Хамгаалалтын ажилтнууд “Угаасаа хүрэлцдэггүй зогсоолыг нь гаднынхан эзэлчих гээд болохгүй юм” хэмээн зовлон тоочиж сууна.
Баянзүрх дүүргийн VIII хорооны нутагт “Б.Ж.М” компанийн барьсан, “Скай” гэх тодотголтой 224, 225, 226 дугаар байр, “Бат бөх” констракшны байгуулсан “Гарден резидэнт” хотхоныхон авто зогсоолгүйн зовлонг мөн л мэдэрч, хохирч байна. Арга ядсан иргэд дүүргийнхээ удирдлагад гомдол гаргаж, Засаг дарга нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ханджээ. “Зогсоолыг нь шийдээгүйн улмаас иргэд авто замын эгнээ хааж, зориулалтын бус газарт машинаа тавьж байна. Үүнээс болоод Гал унтраах, аврах 63 дугаар ангийн галын машин зорчих, хашаанаасаа гарах боломжгүйд хүрсэн ноцтой байдал удаа дараа үүслээ. Иймд дээрх байруудын зохион байгуулалт, орчны тохижилт Барилгын тухай хуульд нийцэж буй, эсэхийг нягтлан шалгаж, иргэдийн амьдрах орчны нөхцөлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана уу” гэсэн бичиг илгээхэд мэргэжлийн хяналтынхан “Манай чиг үүрэгт хамаагүй тул Онцгой байдлын газарт хандана уу” хэмээжээ. Харин Онцгой байдлын газрынхан “Бидний шийдэх асуудал биш” гэсэн аж. Оршин суугчид нь “Мэргэжлийн хяналтынхан асуудлыг шийдвэрлэж, ажлаа хийхийн оронд өөрсдөөсөө холдууллаа” гэж бухимдаж байна.
Баянзүрх дүүргийн XXV хорооны нутаг, “Натур” худалдааны төв орчмын орон сууцууд ч авто зогсоолын асуудалтайгаас тэндхийн иргэд өглөө, оройд машинаа байрлуулах гэж шатар нүүж буй аятай л юм болдог гэх. Улмаар төв замын ачаалалд дарамт болдог аж. 67 дугаар байрны оршин суугч “Саяхан нэг орой машинаа байрлуулах гэж байрныхаа гадуур 30 минут шахам явлаа. Арай ч дээ гэмээр санагдсан” гэв.
Энэ мэт жишээ дурдвал барагдахгүй. Авто зогсоолтой холбоотой асуудал нийслэлчүүдийн нийтлэг зовлон болсон. Иргэд орон сууц, байгууламж сонгохдоо үнэ, байршлыг нь чухалчилдаг шигээ орчны тохижилт, авто зогсоол, гараашийн хүртээмжийг зайлшгүй сонжих хэрэгтэй. Нэгэнт энэ бүхнийг шийдээгүй байр сонгосон бол үүнээс үүдэлтэй үүсэх бэрхшээлүүд зөвхөн танд л хамаатай асуудал болдгийг дээрх баримт харуулж байна. Өөрөөр хэлбэл, таны амьдарч буй хотхон, хороололд зогсоолоос үүдэлтэй асуудал үүсэхэд, та ямар нэг байдлаар хохироход холбогдох байгууллагынхан хариуцлага хүлээх, шийдэх тогтолцоо Монголд алга.
Орон сууцын гол давуу тал нь дулааны болон цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон шийдэл. Мөн тав тухтай орчин. Тиймээс иргэд байртай болохыг зорьж, мөрөөдөж, төр, засаг гэр хорооллынхныг орон сууцжуулахад анхаарсаар ирсэн. Гэвч зарим хотхоныхон гэр хорооллынхноос ч давчуу, тохь тухгүй орчинд бухимдал, бэрхшээл дунд аж төрж байна. Одоогийн энэ бүүдгэр зураглалаар бол нийслэлчүүд ирээдүйд авто зам дээр бус, байрныхаа гадна түгжирч, “аргамжигдах нь”.
Япон зэрэг хөгжингүй оронд авто зогсоолын асуудал үүсгэхгүйн тулд барилга, байгууламжийн зоорийн давхрыг заавал ийм зориулалтаар төлөвлөдөг гэнэ. Манай улсад барьсан сүүлийн үеийн барилгуудын дийлэнх нь гарааштай ч иргэдийн эрх ашиг гэхээсээ илүү бизнесийн зорилгоор тэдгээрийг байгуулдаг учир оршин суугчдад хүрэлцдэггүй байна. Тиймээс дээр дурдсан холбогдох байгууллагынхан, ялангуяа “Улаанбаатарт албан ёсны зөвшөөрөлтэй, авто зогсоолын үйлчилгээ эрхэлдэг 75 аж ахуйн нэгж өнгөрсөн жилүүдэд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, ашигтай ажилласан. Тиймээс зогсоолын хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарна” хэмээн ярих нийслэлийн ЗДТГ-ынхан ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайгаас хумсалж, зогсоол байгуулахаасаа урьтаад, хотхон, хорооллынхоо асуудлыг шийдээсэй. Барилгын компаниуд ил зогсоол байгуулдаггүй юм гэхэд ядаж зоорийн давхраа гараашийн зориулалттай болгож төлөвлөөсэй. Ингэхдээ хэн боломжтой, мөнгөтэй нь бус, хүн болгон авах үнийн уян хатан нөхцөл санал болгоосой.