УИХ-ын өнгөрсөн сонгуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёрын хэнийг нь дараагийн Засгийн газрыг тэргүүн, Ерөнхий сайдаар томилох вэ гэдгийг кампанит ажил эхлэхээс ч өмнө бид ярьж эхэлсэн. Харин АН дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг томилно хэмээн мэдэгдээд амжсан. МАН, АН гэлтгүй найдвар тээж буй бусад намын удирдлага ч Засгийн газраа бүтэц, бүрэлдэхүүнтэй нь хэдийн “зурчихсан” байв. Яах аргагүй шинэ хандлага, сайн хэрэг байсныг үгүйсгэх хүн олон биш болов уу.
...Үнэндээ 2012 онд орон нутгийн сонгуулиар АН Э.Бат-Үүлийг нийслэлийн, 2016 онд С.Одонтуяаг Баянгол дүүргийн Засаг даргаар томилно гэж зарласныг эс тооцвол Ерөнхий сайд битгий хэл, гүйцэтгэх удирдлагын түвшинд томилох албан тушаалтнуудыг урьдчилан танилцуулж байсангүй...
Үнэндээ 2012 онд орон нутгийн сонгуулиар АН Э.Бат-Үүлийг нийслэлийн, 2016 онд С.Одонтуяаг Баянгол дүүргийн Засаг даргаар томилно гэж зарласныг эс тооцвол Ерөнхий сайд битгий хэл, гүйцэтгэх удирдлагын түвшинд томилох албан тушаалтнуудыг урьдчилан танилцуулж байсангүй. Тэгвэл нийслэлийг хэн удирдах вэ гэдгийг хэдийн нэрлээд эхэлчихэж.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд таван нам (ХҮН-ыг эс тооцов), нэг эвсэл нэр дэвшигчдээ илгээв. 45 суудлаас аль нам, эсвэл олонхыг бүрдүүлнэ, тэр нь Засаг даргаа дэвшүүлэн, томилуулж, Улаанбаатарыг удирдана. Нийт хүн амынх нь тал орчим нь улсын нийслэлдээ амьдарч буй учраас удирдах хүн нь хэн байх вэ гэдэг сонирхол татахаас ч аргагүй.
МАХН орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-д найман хүн нэр дэвшүүлсэн. АН-ыг дэмжиж, албан бусаар “эвсэж” буй нь энэ. Тэд нийслэлийн ИТХ-ын 45 мандатад өөр хоорондоо өрсөлдөж, “шавар хаахгүйн” тулд АН нэр дэвшүүлээгүй газарт МАХН, МАХН-ын хүнгүй тойрогт АН гишүүнээ илгээх маягаар оролцож байгаа. Иймд МАХН-ын удирдлага хэнийг Засаг даргаар томилох вэ гэж толгой гашилгахгүй суугаа. Магадгүй АН ялж, албан тушаалын “бялуу” хуваах үед тэд хоосон үлдэхгүй нь үнэн.
АН-ын хувьд 37 хүн нэр дэвшүүлсэн. Тэдний дунд ШИНЭН-ыг байгуулсан хүмүүсийг дагалдагчид ч бий. Юутай ч Засаг даргад нэр дэвшүүлэх эрх тус намынханд ирэх магадлал тун өндөр. Тиймээс ч хэд хэдэн хувилбар яригдаж байгааг хуваалцъя. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН ялбал УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл Засаг дарга болно гэж нэлээд дээрээс ярьсан. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, нийслэлийн ИТХ-д хүч үзнэ хэмээж байсан нь ч ийм яриа гарахад хүргэсэн болов уу. Гэвч тэрбээр нэр дэвшээгүй төдийгүй өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намын дарга болох амбийц надад байгаа. Хотын дарга болох тухай яриа бол цуу төдий” гэжээ. Ингэснээр тэр нийслэлийн Засаг даргад горилогчдын жагсаалтаас өөрийгөө хасав.
Орон нутгийн сонгуульд нийслэлд АН-ыг удирдаж байгаа хүн энэ “марафон”-д хүссэн ч, хүсээгүй ч орно. Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваад ч Улаанбаатар хотын захирагч болох хэмжээлшгүй хүсэл бий. Харин АН-ыг ялуулж, нийслэлийн Засаг даргаар түүнийг томилуулахын цаадах том амбийц Ерөнхийлөгч Х.Баттулгынх. Ирэх жилийн ээлжит сонгуульд нэр дэвших, цаашлаад ялалт байгуулах сууриа баттай тавьж чадах, эсэх нь энэ удаагийн орон нутгийн сонгууль, түүнд Д.Пүрэвдаваагийн ахалсан баг амжилттай оролцох, эсэхээс ихээхэн хамааралтай. Тэрбээр 2017 оноос Ерөнхийлөгчийн байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд АН навс ялагдсаны дараа нийслэлийн хорооны дарга болсон нь тэрбээр Төрийн тэргүүнтэй тун ойр ажилладгийг батална. Сонгуульд ялагдсаны хариуцлага хүлээж, намын даргын албаа өгөөд буй С.Эрдэнийг эсэргүүцэж, жагсаж, суулт зарлаж явсан нэгэн. Ингээд С.Эрдэнийг явмагц эргэж ирсэн нь энэ. Бүр дэвшиж, “томроод” ирэх нь тэр. Д.Пүрэвдаваа нь 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажилласан. Дараагийн ээлжит сонгуулиар Ардын нам бүхий л шатанд олонхыг бүрдүүлээд байхад ч дүүрэгтээ Д.Пүрэвдаваа даргатай АН-ынхан улиран ялсан түүхтэй.
Өнгөрсөн 30 шахам жилд ээлжлэн эрх барьсан АН, МАН-ын дунд гол өрсөлдөөн өрнөх нь маргаангүй. Аль аль нь бүх шатны шийдвэр гаргах түвшинд ажиллаж ирсний хувьд юу хийснийг нь ямар ажил төлөвлөсөнтэй нь хамт сонжиж, сонголт хийх биз ээ, сонгогчид. Ний нуугүй хэлэхэд, энэ хоёр намын аль нэг нь олонх болно гэсэн таамаглал байсаар л буй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид нь үнэмлэхээ авч, сурталчилгаагаа эхлүүлсэн МНН, Дэлхийн монголчууд нам болон “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл нийслэлийн ИТХ-д олонх болж, Засаг даргад нэр дэвшүүлэх хүртлээ амжилттай оролцох нь юу л бол.
МАН-ын хувьд нийслэлийн хороог нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар удирддаг тул түүнээс өөр хүмүүсийн нэр хөвөрч буй. Гагцхүү тэр хүмүүс нь чухам хэний бүлэг, фракцынх байх вэ гэдэг таамаг урьд урьдынхаас хүчтэй өрнөж байх шиг. Тухайлбал, МАН-ын нийслэлийн хороо, бүр тодруулбал Д.Сумъяабазар намдаа, даргадаа захирагдахаа байсан гэх яриа дээрх таамагт хачир нэмж байгаа. Сонгуулийн үр дүнд нөлөөлж мэдэх тул намын дарга У.Хүрэлсүх нь нэг гараа нөгөөгөөрөө барин тэвчиж байгаа, ялж, ялагдахаас үл хамааран сонгуулийн дараа нийслэлийн хороогоо татан буулгах нь гэх хов ч чих дэлсэнэ. Тэр ч бүү хэл У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар нударга зөрүүлсэн гэх яриа ч гарсан. Гэвч МАН ялбал нийслэлийн Засаг даргад хэнийг нэр дэвшүүлэх тухайд У.Хүрэлсүх нийслэлийн хорооныхоо даргын үг, саналыг зайлшгүй анхаарах нь үнэн. УИХ-ын сонгуулиар нийслэлд өнөөдрийнх шиг өндөр дүнгээр ялалт байгуулж, олон суудал авч байгаагүй МАН-ын хорооны дарга ямар нэг юм горьдож л суугаа болов уу. Учир нь У.Хүрэлсүх Засгийн газраа дахин бүрдүүлэхдээ өмнөх танхимынхаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг улираагаагүй. Иймд одоо Д.Сумъяабазарын саналыг хүндэтгэхгүй бол нэлээд асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
Түүнчлэн нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсон ч уг сонгуульд нэлээд ач холбогдол өгч байгаа нь илт. Удирдлага дор нь ажиллаж байсан, өөрийнх нь гэгддэг хүмүүсээ идэвхийлэн дэмжиж байна. Харин түүнийг хэн дэмжиж, Засаг даргаар томилуулсан, УИХ-ын гишүүн болтол зүтгүүлснийг энд дурдах нь илүүц биз.
Уг нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг УИХ-д нэр дэвшүүлэх, нийслэлийн Засаг дарга болгох тухай яриа нэлээд “эртнийх”. Гэвч тэр УИХ-д хүч үзээгүй. Нам нь үнэмлэхүй ялалт байгуулсны дараа ч “Ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлэн ажиллана” хэмээн мэдэгдсэн. Харин эрх баригч намын удирдлагын түвшинд нэр устайгаа яригдаж байгаа нэгэн бол нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун аж.
ХҮН уг нь Засаг даргаар хэнийг нэр дэвшүүлэхээ хамгийн түрүүнд зарласан. Харамсалтай нь, тус намаас нийслэлийн ИТХ-д өрсөлдөхөөр бүртгүүлсэн 27 хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ ч аваагүй байна.