Монголын эгшиглэнг хөгжимчид бүтээдэг. Харин бид сонсдог. Хөгжимчид зүрх сэтгэлдээ булгилан буйг хөгжмийн зэмсгээр дамжуулан гаргаж, түгээн сонсогчдод хүргэдэг. Байгалийн үзэсгэлэн төгс орчинд газрын гүнээс оргилон, нарны туяанд гялалзан байх цэвэр тунгалаг булгийн усны хоржигноон бол байгалийн нэгэн төрлийн эгшиглэн. Гагцхүү олон жилийн хөдөлмөр, уйгагүй зүтгэл, дур хүсэл, зарим судлаач орь тачаал ч гэж хэлдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй хүчин зүйлийн үр шимээр бидний сонорт ирж буй тайвшруулах, баярлуулах, жаргаах, хөнгөн гуниглуулах, бас мэдрэмж төрүүлж, мэдлэг нэмдэг төгс зохицолт дуу авиаг хөгжмийн эгшиглэн гэнэ.
Хөгжимчдийн бүтээсэн ийм гайхамшгийг хэөө гэрт урьсан зочдоо хүлээж авч буй мэтээр нахилзан тосож гар барих, хөгжимчид тоглоод дуусахад нь “Бид ийм гоё ажил хийлээ” хэмээн тайзнаа үг хэлж, санаачлагч зохион байгуулагч залууд нийслэлийн логог жаазалж бэлтгэсэн дурсгалын зүйл гардуулангаа мөрөн дээр нь цохих, удалгүй өнөөх хөгжимчдийн тэхий голд нь тэг дөрвөлжилж суугаад, үүрдийн дурсгал болгож патиараа татуулан үйл явдлыг өндөрлүүлэх нь намын дарангуйлал эргэн сэргэсэн мэт энэ цагийн “хурган” дарга нарын эрээ цээргүй авирын танил болсон дүр төрх гэлтэй.
“UB festival orchestra”-г санаачлан зохион байгуулсан нь валторн хөгжимчин Т.Хуяг. Хөгжим бүжгийн коллежийн уугуул, Өрнөдөд боловсорч, ОХУ-д симфони найрал хөгжимд олон жил ажилласан, өдгөө БНХАУ-ын Кунминий залуучуудын олон улсын симфони найрал хөгжмийн үлээвэр хөгжмийн бүрэлдэхүүний ахлагч. Эх орондоо гацаад буй хугацаандаа олон жилийн өмнөөс мөрөөдөж байснаа ажил хэрэг болгохоор зүтгэсэн нэгэн. Түүний санаачилгыг хамгийн түрүүнд дэмжиж, хамтарч ажиллая, цалин хөлс гэлгүй оркестрыг удирдан тоглуулъя гэсэн хүн бол маэстро Б.Лхагвасүрэн. Тэрбээр өдгөө мөн БНХАУ-д ажилладаг. Хөх хотын Урлагийн их сургуулийн багш, удирдаач. Олон оронд симфони найрал хөгжим удирдсан туршлагатай. Кубын үндэсний симфони найрал хөгжмийн урилгаар ч очиж ажиллаж байлаа. Орос, англи, хятад хэл эзэмшсэн нэгэн.
Хөгжимчин Т.Хуяг түрүү жил, энэ онд хийхээр төлөвлөсөн өөрийн бие даасан тоглолтын хөтөлбөртөө нэгэн сонирхолтой, олуул тоглох зохиол багтаахаар зорихдоо Монголдоо байгаа хөгжимчидтэй зөвлөлдөхөд “Би тоглоё” гэсээр нэлээд олуул болж. Тэгэхээр нь залуу баярласандаа “Ингэхэд хэдүүлээ дэлхийн жишгээр фестивалийн оркестр байгуулах юм уу” гэхэд нөхөд нь уухайн тас зөвшөөрснөөр ажил ундарсан түүхтэй. Ийнхүү үрийг нь суулгаж, арчилж тордсоор “ургуулсан” оркестр тоглоход бэлэн болтол санхүүгийн хүндрэлтэй тулгарчээ. Анхны яриа бол хөгжимчид өөрсдийн хүчээр тоглолтынхоо ард гарах байв. Хэн нэгний, аль нэг хүчний суга, далбаан дор орохгүй, хөгжимдөө, тоглолтдоо өөрсдөө эзэн болно гэж. Гэтэл тоглолтын танхимын түрээс, сурталчилгааны зардал, ижил хувцаслах гээд тоочихоор нэлээд хөрөнгө хэрэгтэй болоод байдаг. Энэ олон хөгжимчний цалин хөлсний тухай яриа бол бүр байхгүй. Тэд уран бүтээлийн төлөө сайн дураар нэгдсэн болохоор хэн ч “Мөнгө өгөхгүй бол тоглохгүй” гээгүй. Залуус зайлшгүй хэрэгцээт мөнгөний эрэлд тал бүр тийш гарсан. Их урлагт хэзээнээс ээлтэй удирдлага бүхий ганц нэг компани амжилт хүсээд дэмжсэн байна билээ. Гэсэн ч хөгжимчид дэлхийн оркеструудын адил ижлээр хувцаслаж чадаагүй. Мөрөн дээгүүрээ тууз тавиад тоглосон. Ингэлээ гээд гонсойгоогүй, хөгжмийг үзэгчдийн аньсага чийгттэл эгшиглүүлсэн. Тэд мэргэжлийн кайф бол эдэлсэн. Харин увайгүйн, өөрөөр хэлбэл, намаар далайлгасан ёс зүйгүйн түрэмгийлэлд өртсөндөө тэд гутарсан.
Тоглолт болохоос гурав хоногийн өмнө оркестрын хөгжимчидтэй таарахад “Ямар ч байсан бид зорьсноороо тоглоно. Тэгээд ч маш их бэлтгэсэн. Манайхан нийслэлийн Соёл, урлагийн газарт дэмжлэг хүсэж хандсан юм билээ. Тэр газар бэлэн юмыг шүүрээд авсан бололтой. Дэмжье гэсэн байсан. Гэхдээ сөргүүлээд болзол тавьжээ. “Тоглолтыг нийслэлийн Соёл, урлагийн газрын нэр дээр явуулна, байгууллагын логог сурталчилгааны бүхий л материал дээр байлгана. Манайхаас нэр заах бүтээлүүдийг заавал тоглоно. Хэрвээ үүнийг зөвшөөрвөл манай газар заалны түрээс төлж өгч болно” гэсэн байна лээ” хэмээн ярьсан юм. Түрээсийг төлсөн үү, үгүй юү, юутай ч тоглолт “Хүн” театрт болсон. Гол нь хөгжимчид гэнэт, хөтөлбөрийн гадуур нэмэлтээр хоёр, гурван бүтээл тоглох болсондоо түүртэж, ундууцсан байв. Сургуулилалт хийж ядарсандаа биш, наймааны мэт шаардлагын хүрээнд тоглох болсондоо дургүйцэж. Дэлхийн жишгээр байгуулсан мэргэжлийн хөгжимчдийн “UB festival orchestra”-ын анхны тоглолт иймэрхүү замналтайгаар үзэгч, сонсогчдод хүрэв. Тоглолтын үдэш хөгжимчид бус, харин нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ энэ тоглолтыг санаачилж, хөгжимчдийг цуглуулж, бэлтгэж, ивээн тэтгэсэн мэт авирлаж байсныг харсан хөгжимчдийн бухимдал хязгаарыг давах шахсан биз ээ. Нийслэлийн Соёл, урлагийн газар хэмээх байгууллага одоогийн байдлаар намын дэргэдэх пиарын тусгай нэгж мэт ажиллаж буйг олон арга хэмжээнээс харж байна. Энэ нэгж “эрх мэдлээрээ” саяхан байгуулсан Соёлын яамнаас ч илүү. Намаас тэг гэсэн гээд л яамыг сайдтай нь хөдөлгөдөг. “Соёлын цаг” хэмээх хөтөлбөрийн тухайд өмнө бичихдээ бид энэ тухай тодорхой дурдсан билээ.
Иргэдийн санаачилсан, цаг хугацаа туулж, хүч, хөрөнгө зарцуулж, сэтгэлээ чилээн байж бий болгосон бодит ажлуудыг төрийн нэрээр эрээ цээргүй дээрэмдэж, олон нийт рүү чиглүүлдэг, намд ард түмнээс оноо цуглуулах багцдаа нэмэрлэдэг жишээ ганц үүгээр дуусахгүй.
Олны төлөөх ажил санаачлан, үйлс болгон авч явж буй иргэдийн тэнхээг барагдтал дарамталсан бас нэгэн үйл явдал болж өнгөрсөн нь энэ сарын 18, 19, 20-нд нийслэлийн төв талбайд 28 дахь удаагаа зохион байгуулсан Үндэсний номын баяр юм. Үүнийг “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагынхан зохион байгуулдаг. Тэднийг 2006 онд ажлаа анх эхэлж байхад, түүнээс хойших арван жилд ч тоож хардаггүй шахам байсан “томчууд” олон нийтэд таалагддаг ажил болсныг нь гэнэт анзаарчээ. 2016 оны намар зохион байгуулагчдад төв талбайн зөвшөөрөл өгөхгүй гэж элдвээр хясаж байсан нь он улирах тусам даамжирсаар өнөө жил бүр хэрээс хэтрэв. Төв талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нийслэлийн ЗДТГ олгодог. “Номын баяр”-ынхан хаширсан болохоор тэнд арга хэмжээ явуулах хүсэлтээ хамгийн түрүүнд өгөөд, жагсаалтад оруулан, зөвшөөрөл хүлээж байдаг билээ. Өмнөх гурван жилд талбайн талыг өгөх, жагсаалтад огт байгаагүй байгууллага, хүмүүсийн нэрийг барьж, “Боломжгүй болчихлоо”, үгүй бол “Намаас арга хэмжээ зохион байгуулж магадгүй тул хадгалж байх хэрэгтэй” гэх зэргээр цааргалж шаналгадаг байв. Нэг удаа төв талбайд явуулах арга хэмжээний жагсаалтад тухайн үеийн Хөдөө аж ахуйн яамнаас өдөрлөг зохион байгуулах тухай огт дурдаагүй байхад нийслэлийн ЗДТГ-ын, төв талбайн зөвшөөрөл олгох асуудал хариуцсан мэргэжилтэн нь “Номын ертөнц”-ийн менежер Б.Болорт илт худал хэлж, “Номын баярт өдөр олдохгүй нь” гэсэн. Зохиолч, яруу найрагчид, орчуулагчид, хэвлэлийн компаниуд энэ л өдрийг угтуулан мөнгө хөрөнгө зарцуулан ном, бүтээлээ хэвлүүлж өргөнөөр бэлтгэдэг. Маш олон хүн хүлээж байгаа гэж бодохоор сэтгэл нь өвдсөндөө зохион байгуулагч бүсгүй уг баярыг дэмждэг сэтгүүлчдэд “Манайд гэж заасан өдрүүдийг Хөдөө аж ахуйн яаманд өгнө гэнэ” хэмээн хэлсэн юм. Сэтгүүлчид тэр даруйд нь өнөөх албаны хүмүүс хэрхэн эгэл иргэдийн санаачилгад дээрэнгүй хандаж буй талаар овог, нэрээр нь дуудаж байгаад хэвлэлд, сошиалд ч бичиж орхисон. Маргааш нь л Б.Болор “хурган” дарга нарт дуудагдаж “Доромжиллоо” гэж загнуулсан түүхтэй. Гэхдээ тэрбээр тэсвэр, тэвчээр заасны дүнд, мөн “Номын ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Сувд нялх биеэ үл ажран хөлөө хүрэх газар луу бичиж, утас цохисон нь нөлөөлсөн ч байх, эцсийн дүнд “номынхон” асарт эгнэж, уншигчидтайгаа дахин уулзах боломжтой болсон юм. Энэ бол төрийн бус байгууллага, түүнийг үүсгэн санаачилж, нийтийн эрх ашгийн төлөө бие, сэтгэл харамгүй ажилладаг хүмүүсийг төрийн байгууллагын зүгээс хэрхэн үл тоож, дарамталдгийн жишээ юм. Түүнээс хойш ч хавар, намар бүр, номын баяр болгоноор энэ мэтийн саад бэрхшээл учруулсаар байсан ч саяхан болж өнгөрсөн, 28 дахь удаагийнхаар дээд амжилт тогтоов.
Энэ жил нийслэлийн ЗДТГ-ын зүгээс “Зөвшөөрөл олгохгүй, та нар номын баяр зохион байгуулдаг хэн юм, төр ажлаа мэднэ, хариуцсан яам нь аваад явчихна, одоо та нар боль” гэх зэргээр шаардан элдэвлэсэн “хурган” даргын нэрийг хэлээдэх, хэн болоод хэний өмнөөс чичилж, бусдын олон жилийн нөр их хөдөмөрийн үр шимээр боссон “Үндэсний номын баяр” хэмээх оюуны цамхагт эзэн суух гэж дайрч давшлаад байгаа талаар олны сонорт хүргэж, шившиг болгоё гэхэд “Яах юм бэ. Тэр хүн одоо ичиж байгаа биз дээ” гээд нэрийг нь хэлээгүй. Хэрэв тэр жил ном, бүтээл, оюуны хөдөлмөрийг дээдэлдэг сэтгүүлчид дуу, дуугаа авалцан өнөөх Хөдөө аж ахуйн яамны даргыг ичээсэн шиг нэр, “ус”-тай нь бичиж түгээх аваас оюуны үйлсийн зүтгэлтэн, турьхан бүсгүйг өрөөндөө дуудаж байгаад цохиод авахад бэлэн түрэмгий хүн шиг санагдсан. Түүнийг төрийн, намын нэр барьсан, гөрөөсний арьс нөмөрсөн арслантай зүйрлэмээр. Харамсалтай нь, өнөөгийн нийгэмд ийм гэмгүй төрх бүрдүүлсэн араатнууд олон болж. Номын баярын “үлгэр” эцсийн дүнд юу болсон гэхээр уг Үндэсний номын баяртай давхцуулж “Номын баяр-2020” хэмээх арга хэмжээний нээлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хийсэн юм. Дарга нар олуул ирсэн. Үг хэлсэн. Харин 28 дахь удаагаа ном, бүтээл туурвигчдыг олон нийттэй уулзуулж буй Үндэсний номын баяр зохион байгуулагчдыг тайзнаа гаргаагүй. Олон нийт өргөн хүрээнд болсон уг арга хэмжээг бүхэлд нь төрийнх гэж бодсон байх. Бусдын ажлыг дээрэмдэхээр завдсан нөхдийн зорилго нь энэ байсан.
Үүн шиг бусдын санаачилга, ажлыг увайгүйгээр өөрийн мэт харагдуулахыг зорьсон бас нэг ажиллагаа саяхан “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас бага насны хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг дуу хоолойгоо өргөх цуглаан зохион байгуулах үеэр болсныг тэнд очсон хүмүүс дуулгасан юм.
Бусдын сэтгэлээсээ хийж, үр дүнд хүргэдэг ажлуудыг эрх баригчдын санаачилга, зүтгэл мэтээр олон нийтэд ойлгуулах үүрэг хүлээсэн, өөрт нь даалгавар өгсөн хүмүүст оноо алдахгүйн тулд юу ч хийхээс буцахаа байсан “хурган” дарга нар хэрхэн эрээ цээрээ алдсаныг намын удирдлага нь мэддэг, эсэх нь тодорхойгүй. Юутай ч пиарчдынх нь “мэргэн” зөвлөгөөг хэрэгжүүлэгч нь нийслэлийн Соёл, урлагийн газар, түүний удирдлага болохыг бүгд мэддэг боллоо. Иргэдийн санаачилга, ажил, амжилтыг дээрэмдэхээ зогсооно уу.