Цогцос пид хийн унасан нь Мозес Кампед есдүгээр сарын 9-нд эмгэнэлтэйгээр дууссан үйл явдлууд дундаас ой санамжид нь тод хадгалагдан үлджээ. Секундийн дараа л тэрбээр ямар нэг аймшигтай зүйл болсныг ойлгов. Хүй нэгдлийн үеийнхээрээ буй Амазоны омгуудын алдарт судлаач, М.Кампегийн дарга Риели Францискато газарт хөдөлгөөнгүй хэвтэнэ. Түүний цээжнээс сум цухуйна. 56 настай эрдэмтнийг хүргэсэн эмнэлгийн эмч нар юу ч хийгээд хэдийн нэмэргүй болсон байжээ. Сумыг Амазоны алдарт ширэнгэн ойд орших, Бразилын есөн мужийн нэг Рондониягийн 13 мянган оршин суугчтай тосгон Серингейросын ойролцоох фермд урьд нь үзэгдсэн уугуул иргэдээс бүрдсэн бүлгийн дайчин харвасан бололтой. Хамгийн ойр орших арай том хот Порто-Вельо хүртэл 500 орчим км зайтай. Серингейрос болон өөр хэд хэдэн тосгон уугуул иргэдэд тусгайлан олгосон газар нутаг болох Уру-Эу-Вау-Ваутай хил залгаа оршдог. 18 мянган ам км эл нутагт есөн омгийнхон аж төрдөг. Тэдгээрийн тав нь “харилцаа холбоогүй” гэсэн ангилалд хамаардаг бөгөөд хэдхэн зуугаар тоологдох оршин суугчтай. “Бразилыг бүхэлд нь хамгаалагч гол хүмүүсийн нэг нь Риел гэдгийг энэ хүмүүс мэдээгүй, магадгүй хэзээ ч мэдэхгүй” гэж Мозес Кампе ВВС-д өгүүлжээ.
КОЛУМБААС ӨМНӨ СУУРЬШИГЧИД
АНУ, Мексикээс ялгаатай нь Өмнөд Америкийн Бразил болон бусад улсын уугуул оршин суугчид харилцаа холбоогүй, гадаад ертөнцөөс тусгаар байхыг илүүд үздэг. Энэ нь бүхэл бүтэн омгууд, эсвэл гадаад ертөнцтэй ихэнхдээ харилцаатай омгуудаас салсан жижиг бүлгүүд байж магадгүй. Эрдэмтдийн мэдээлснээр манай гарагт тийм 100 гаруй бүлэг байдгийн талаас илүү хувь нь Амазонд аж төрдөг. Мэдээжийн хэрэг, тэд хэдүүлээ, ямар хэлтэй тухай мэдээлэл маш бага. Бразилд индианчуудын нийт 305 омог байдаг. Тэд 274 хэлээр ярьдаг. Риели Францискатог хороосон байж болзошгүй уугуул иргэдийг Бразилын Индианчуудын үндэсний сангийн баримт бичгүүдэд “Гаутарио голын харилцаа холбоогүйчүүд” хэмээн бүртгэжээ.
Энэ сарын 9-ний өглөө Серингейросын фермерийн 18 настай охин Дулиана Перейра хөршийнх нь арын хашаанд уугуул хэдэн иргэн байхыг хараад, эцэг, эхээ дууджээ. “Миний эцэг, эх энд 25 жил амьдарч байгаа ч уугуул иргэдийг огт харж байгаагүй. Бид тэднийг хөөж хашхирсан” гэж Дулиана ВВС-д ярьжээ.
Тэрбээр аавынхаа хамт болсон явдлыг эрх баригчдад мэдээлсэн аж. Риели Францискано уугуул иргэдийн уг сонин байдлын учрыг олж, зөрчил үүсэхээс сэргийлэхийн тулд Дулиана охиныд очив. Энэ бол Индианчуудын үндэсний сангийн харилцаа холбоогүй омгуудыг хамгаалах хөтөлбөрийн зохицуулагчийн хувиар түүний хийдэг жирийн ажил нь.
Серингейросын олон оршин суугчтай, тухайлбал, Дулианы гэрийнхэнтэй Риели нөхөрлөдөг. Эрдэмтний үхэл охиныг цочирдуулжээ. Тэрбээр цаашид юу болох бол гэхээс түгшиж байна. “Аргагүй учир шалтгаан уугуул иргэдийг ойгоос гаргахад хүргэсэн байх. Дахиад тийм зүйл тохиолдвол өмчид нь халдсан гэж манай хөршүүд үзнэ” хэмээн тэрбээр ярилаа.
Уугуул иргэдийг өлсгөлөн л хүмүүс рүү түлхсэн гэж агрономич Роберто де Баррос Оссак үзэж байна. Тэрбээр Риели Францискатогийн анд бөгөөд тэд индианчуудын газар нутаг руу хамт нэвтэрдэг байжээ. “Тэд газар боловсруулдаггүй, ан хийж, самар, зөгийн бал, жимс эрэн байнга нүүдэллэдэг. Нутгийнх нь гүнд хүнс хомсодсон бололтой” гэж Роберто хэвлэлийнхэнд мэдэгдсэн аж.
Уугуул иргэдийг үзэгдвэл тэдэнд халдахгүй байхыг Серингейросын оршин суугчдад эрх баригчид нь уриалжээ. Бразилын хуулийн дагуу харилцаа холбоогүй бүлгийн төлөөлөгчдийг эрүүгийн хариуцлагад татдаггүй. “Энэ хүмүүс анчин, мод бэлтгэдэг хүмүүс, фермерүүдэд таатай ханддаггүй. Хэн аюултай, хэн нь аюулгүйг тэд мэдэхгүй. Тэд биднийг түрэмгийлэгчид л гэж үздэг. Үүнд тэднийг буруутгаж болохгүй” гэж Мозес Кампе өгүүлжээ.
“НҮХНИЙ ХҮН”
Харилцаа холбоогүй уугуул иргэд хэдүүлээ байдгийг мэдэх боломжгүй ч тэдний тоо цөөрсөн гэж шинжээчид таамагладаг. Жишээ болгон Бразилд “Нүхний хүн”-ий тухай байнга дурсдаг юм. Түүнийг мөхөж буй омгийн сүүлчийн төлөөлөгч гэж эрдэмтэд хэлдэг. Амьтан агнахын тулд занга болгож нүх ухдаг чадвараар нь хэвлэлийнхэн түүнийг нэрлэжээ. 1996 оноос тэрбээр хааяа хүмүүст үзэгдсэн ч хэзээд ганцаар явдаг аж. Ой мод бүхий газар болон ан хийх талбай хумигдсан нь уугуул иргэд хүмүүст үзэгдэх гол шалтгаан болсон гэж хамгаалагчид үзэж буй.
Мачо-Пиро омог 2014 онд сайн дураар “нуувчнаасаа” гарч, үүнийгээ хүнсний гол эх сурвалж болсон зэрлэг гахай устсантай холбон тайлбарлажээ. “Харилцаа холбоогүй омгийнхон манай гаргийн хамгийн эмзэг хүмүүс” гэж олон улсын ашгийн бус “Survival international” байгууллагын судлаач Сара Шенкер тэмдэглэсэн байна.
Талийгч Риели Францисканогийн адил Мозес Кампе Бразилын Индианчуудын үндэсний санд ажилладаг. Тэрбээр өөрөө индиан хүн. Гэхдээ хэдийн соёл иргэншилд нэгдсэн омгийнх аж. Мозес цахим мессенжерээр дамжуулан цэвэр португал хэлээр ВВС-гийнхэнтэй харилцдаг. Кампе гэдэг овог нь төрөлх омгийнх нь нэр аж. Харилцаа холбоогүйчүүдийг тэрбээр амьдралдаа ганц ч удаа, бүр дарга нь амиа алддаг өдөр ч хараагүй. Сумыг өтгөн бутан дундаас харважээ. Үзэгдэж, харагддаггүй уугуул иргэд түүнийг хүүхэд байхад нь унтахын өмнө эмээ нь ярьдаг байсан хагас домгийн амьтдыг санагдуулдаг аж.
Сүүлчийн тооллогоор Бразилын 209 сая хүн амын 900 мянга орчмыг индианчууд эзэлж байжээ. Тэдний 20 хувийг нэн ядууст тооцдог. Тус улсын хүн амын зургаан хувь нь эл ангилалд хамаардаг гэнэ.
ХОЁР ХАНДЛАГА
ВВС-гийн бас нэг ярилцагч, 80 настай Сидней Поссуэло нь Индианчуудын үндэсний сангийн ерөнхийлөгч асан, хүн судлаач, адал явдал хайгч, хүний эрхийн төлөө тэмцэгч, домогт “сертанчин” аж. Уугуул иргэдийг судлахад өөрийгөө зориулсан хүмүүсийг ингэж нэрлэдэг. Цагтаа Сидней дээд амжилт тогтоож, урьд нь цагаан арьстнуудаас зугтдаг омгийнхонтой биечлэн холбогдсон гэдэг. Түүний мэдүүлсний дагуу 1980-аад оны эцсээр харилцаа холбоо тогтоох оролдлогоос татгалзсан уугуул иргэдийн талаар шинэ бодлого баталжээ.
Сидней Поссуэлогийн хэлснээр түүний үзэл бодлыг 1979 онд болсон явдал бүрмөсөн өөрчилсөн аж. Түүний оролцсон шинжилгээний ангитай холбогдсоны дараа, урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан ч уугуул хэдэн иргэн жирийн ханиад тусаж, зарим нь 24 цагийн дотор нас барсан байна. “Бид тэдэнд аюул учруулахыг би мэдэж байсан. Тэдний тогтсон амьдралыг өөрчлөх эрх бидэнд байхгүй ч гэж бодсон. Тэд эсэн мэнд байх хэрэгтэй. Харилцаатай байхыг бахархах шалтгаан гэж үзэхэд бид нийгмийг аажмаар дасгасан” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Уугуул иргэд өөрсдөө санаачилга гаргах хүртэл шууд харилцахгүйгээр тэдний тухай байж болох бүх мэдээллийг цуглуулах стратегийг дээрх сангийнхан боловсруулсан аж. Тэдний оршин суудаг газар сүх, мачетег (50 гаруй см урт, гурав хүртэл мм зузаан бөгөөд өргөн хутга) бэлэг болгон орхихыг л зөвшөөрчээ. Ан хийж, жимс түүн, эртний маягаар газар боловсруулан амь зуудаг хүмүүст эдгээр нь их үнэтэйд тооцогдоно.
Харилцаа холбоогүй уугуул иргэд оршин буй нь Амазоны ширэнгэн ой модыг огтлохгүй байхад тус болдог тул тэдний амьдралын хэв маягийг хадгалах бас нэг шалтгааныг бий болгодог аж. “Тэд байгалийн харуул бөгөөд энэ нь манай гарагт ашигтай” гэдэгт Сара Шенкер итгэлтэй байна. “Харилцаа холбоогүй омгуудыг колоничлох бус, хамгаалах хэрэгтэй” гэж Бразилын Конгрессын ганц индиан гишүүн, хатагтай Жоэнья Вапиксана ВВС-д өгүүлжээ.
Гэтэл тус улсын Ерөнхийлөгч Жаир Болсонару өөр бодолтой. “Омгууд газрыг үр дүнгүй ашиглаж буй тул тэдний нутаг дэвсгэрийг аж ахуйн эргэлтэд, уугуул иргэдийг орчин үеийн амьдралд оруулах нь зүйтэй. Үүнийг хэр хурдан ажил хэрэг болгоно төдийчинээ тэдэнд сайн” гэж тэрбээр хэлсэн байна. Үүрэгт ажилдаа орохдоо Жаир Болсонару уугуул оршин суугчдад зориулан дахин тусгай газар нутаг гаргаж өгөхгүй хэмээн амлажээ. Тэрбээр уугуул иргэд, тэдний газар нутагтай холбоотой бүх асуудлыг шийдэх эрхийг Хууль зүйнхээс Хөдөө, аж ахуйн яам руу шилжүүлэх зарлиг буулгажээ. Өөрөөр хэлбэл, Бразилын Дээд шүүхээс хориг тавих оролдлогыг хаасан байна.
Гэвч Ж.Болсонару Америкийн төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр индианчуудад христийн сургаал номлодог Рикардо Лопес Диасыг Индианчуудын үндэсний сангийн тэргүүн болгожээ. Уугуул оршин суугчдын амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байхын төлөө тэмцэгчид үүнд саад болж чадаагүй юм. Цөөн тооны хүнд хэт их газар нутаг зориулж байна хэмээн Ж.Болсонару мэдэгдсэн удаатай. Тэрбээр Амазоны газар нутгийн хамгаалалтын статусыг эргэн авч үзэхээ ч амласан. Хэт ядуу аж төрж буй омгийнхныг нийгэмшүүлж, газарт нь фермерийн аж ахуй хөгжүүлж, ашигт малтмалыг нь олборлох хэрэгтэй гэжээ. Сүүлийн үед уугуул иргэдийн аж төрж буй нутаг дэвсгэрийн ойролцоо алт олборлогчид, мод бэлтгэгчид, хууль бусаар ан хийгчид улам олширч байна. Тэд омгийнхны нутагт цагдаатай очдог аж. Сидней Поссуэлогийн өгүүлснээр Засгийн газар нь Индианчуудын үндэсний санг санхүүжүүлэхээ больсны улмаас тус байгууллага ажилтнуудынхаа тоог цөөлж, хамгаалалтгүй болжээ. “Олон хүний амь үрэгдсэний улмаас уугуул иргэдийн эрхийг одоо хэн ч хүндэтгэхээ больж, бид мухардмал байдалд орсон мэт санагдаж байна” гэж Риели Францискатогийн анд, хамтран зүтгэгч Иванейде Кардозо мэдэгджээ.
Бэлтгэсэн: З.Буян