Испанийн Торремолинас хотод 1979 онд болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассемблейн III чуулганаас улбаатай Дэлхийн аялал жуулчлалын өдөр өнгөрсөн ням гарагт тохиож, 154 орон тэмдэглэн өнгөрүүллээ. Цар тахлын улмаас олон улсын харилцаа, хамтын ажиллагаа хязгаарлагдаж, эл салбар бүхэлдээ хямарсан “онцгүй” мэдээ, статистиктайгаар 41 дэх жилийн тэмдэглэлт өдрийг угтсан. Дээрх байгууллагынхан “Дэлхийн аялал жуулчлалын барометр” олон улсын тайлан судалгааг хэдхэн хоногийн өмнө танилцуулахдаа “2020 оны эхний хагаст Ази, Номхон далайн бүсийн орнуудад аялсан жуулчны тоо 72, Европт 66, Дундад болон Зүүн Ази, Африкт 57, Америкт 55 хувиар буурсан” гэж мэдэгдсэн. Түүнчлэн олон улсын аялал жуулчлал сэргэж, 2019 оны түвшинд хүртлээ багадаа 2-4 жил шаардлагатай, үүний тулд улс орнууд ихээхэн идэвх чармайлт гаргаж, бүс нутгийн хүрээнд, тодорхой нэг газрын онцлог, нөөц боломжид тулгуурласан аялал жуулчлалын тусгай хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах нь чухал талаар онцолжээ. Тийм учраас 41 дэх удаагийн арга хэмжээг “Аялал жуулчлал ба бүс нутгийн хөгжил” уриан доор тэмдэглэсэн юм.
Уг өдөр болсон олон улсын цахим хурлын үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили “Аялал жуулчлал бол бүс нутгийн хөгжлийн тулгуур. Сая сая хүний амьдралын баталгаа, орлогын эх үүсвэр. Хэдий цаг үеийн нөхцөлтэй холбоотойгоор энэ салбар доройтсон ч хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх эх үүсвэр гэдэг статусаа хадгалсаар байна. Залуучууд, эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй салбар хэвээр. Аялал жуулчлалыг бодлогоор дэмжих нь нийгмийн хөгжлийг тогтворжуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих давхар ач холбогдолтой” гэжээ.
НҮБ-аас дэвшүүлсэн уриалгаас хамаараад манай улс эл өдөр тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулдаг уламжлалтай. Харин 2020 онд энэ уламжлал алдагдлаа. Салбарын аж ахуйн нэгж, харьяа яам, агентлагийн төлөөлөл, төрийн өндөрлөгүүдийг байлцуулан томоохон арга хэмжээ зохион байгуулахаар Монголын аялал жуулчлалын холбоо тэргүүтэй байгууллагууд санаачилж, БОАЖ-ын сайд болон Ерөнхий сайдад хандсан ч нааштай хариу өгөөгүй гэнэ. Тиймээс “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд цахимаар хурал, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Товчхондоо энэ удаагийн Дэлхийн аялал жуулчлалын өдрийн арга хэмжээ хязгаарлагдмал хүрээнд тун даруухан болов.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл энэ өдөр “БОАЖЯ Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-I”-ийг Хөвсгөл, Хэнтий аймагт, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II”-ыг Баян-Өлгий, Увс, Ховддод хэрэгжүүлж байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Өвөрхангайд “Бүс нутгийн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. 2020 оны эхний хагаст олон улсын аялал жуулчлалын салбар 980 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээж, 150 сая ажлын байр эрсдэлд орсон. Харин манай улс 400 сая ам.долларын алдагдал хүлээж, 600 гаруй байгууллагын үйл ажиллагаа доголдоод байна” гэсэн бол Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Энэ жил дэлхий дахинд онцгой нөхцөл байдал үүсэж, “Ковид-19” аялал жуулчлалыг нэн түрүүнд онилсноос олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг тур оператор, агаарын тээврийн компани, зочид буудал, зоогийн газрууд тэг зогсолт хийгээд, 10 орчим сар боллоо. Бид төр, засаг, Улсын онцгой комиссын бодлого, үйл ажиллагааг ойлгон дэмжиж, зөвхөн өөрсдийн хүч, нөөц боломжоор өдий хүрлээ. Цаашид хэрхэх вэ гэдэг асуудлаар холбогдох байгууллагынхантай санал солилцож, Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Цар тахал хэзээ намжих нь тодорхойгүй байгаа цаг үед салбарын боловсон хүчнийг хэрхэн тогтоон, авч үлдэх нь нэн тэргүүнд анхаарах асуудал боллоо” гэв.
2020 оны Дэлхийн аялал жуулчлалын өдрийн уриатай холбоотойгоор орон нутгийн жуулчлалтай хамааралтай эерэг статистик, мэдээллийг хүргэе.
БАЯН-ӨЛГИЙ аймгийнхан өнгөрсөн жил дотоод, гадаадын 130 мянга орчим жуулчин хүлээж авсан бол 2020 онд үүнээс тав дахин бага буюу 25 мянган хүн аялжээ. Жуулчид орон нутгийн эдийн засагт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үйлчилгээний байгууллагуудаас хүнсний дэлгүүрүүд хамгийн ашигтай буюу өнгөрсөн оныхоос хоёр дахин их орлоготой ажиллажээ.
ДОРНОД аймгийн “Дорнод” аялал жуулчлалын нэгдлээс санаачлан тус чиглэлд долоо хоног бүр аяллын тусгай автобус явуулдаг болсон. Ингэснээр Буйр нуур орчимд үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны баазууд өнгөрсөн оныхоос хоёр дахин илүү орлого олсон гэнэ. Тиймээс цаашид дотоод, гадаадын жуулчдад илүү тав тухтай орчин бүрдүүлэх чиглэлд анхаарах аж. Түүнчлэн тухайн нутгийн онцлогт тулгуурласан арга хэмжээ бий болгохоор “Дорнод” нэгдлийнхэн мэргэжлийн судлаачдад ханджээ.
ДУНДГОВЬ аймгийнхан өнгөрсөн жил 6000 орчим жуулчин хүлээж авсан бол өнгөрсөн зун зөвхөн Цагаан суврагын орчимд дотоодын 20 мянга гаруй хүн аялжээ. Тус бүсэд өнгөрсөн зургадугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Говь каравансерай” ресортыг жуулчдын сонголтод нөлөөлөх хэмжээний маркетинг, оновчтой байршилтай гэж салбарынхан үнэлжээ. Аялагчид орон нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулсныг өдгөө судалж байна гэж тус аймгийн БОАЖГ-ынхан нь онцлов.
АРХАНГАЙН Статистикийн газрын мэдээлснээр, тус аймагт хүнсний худалдааны борлуулалт 2019 онд 685 сая төгрөг байсан бол 2020 онд 857 сая болж өсжээ. Хувиараа зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэд 619 сая төгрөгийн орлого олсон нь өмнөх оныхоос 233 саяар өссөн үзүүлэлт аж. Үүний дийлэнхийг тус аймгийг зорьж очсон, дамжин өнгөрсөн дотоодын аялагчид төвлөрүүлсэн гэж үзэж байгаа аж.
ЗАВХАНЫ Улиастай хотод ажилладаг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний борлуулагчийн мэдээлж байгаагаар, өнгөрсөн жилийн аялал жуулчлалын улиралтай харьцуулахад энэ жилийн борлуулалт гурав дахин өссөн гэнэ.
Хил хаасантай холбоотойгоор өнгөрсөн зургаа, долдугаар сард дотоодын жуулчлалын оргил үе тохиожээ. Үүнийг дагаад орчны бохирдол хурцаар тавигдсаныг цахим хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. Бүсчилсэн, орон нутаг төвтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх үндэсний хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, батлах шаардлагатайг Өмнөговь дахь “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр онцоллоо.