NBA-ийн “Өрнөд” бүсийн аваргын төлөө цувралын тав дахь тоглолтод “Денвер наггетс” багийг 117:107-ийн харьцаатай хожсоноор “Лос-Анжелес лейкерс” аваргын төлөө шалгарлаа. Ялагч багаас Л.Жэймс трипл-дабль (38 оноо, 16 самбар, 10 дамжуулалт) гүйцэтгэсэн бол Э.Дэвис 27 оноо авч, түүнд тусалсан байна. Харин эсрэг багаас Н.Йокич, Ж.Грант тус бүр 20 оноо авчээ.
Ийнхүү “Лейкерс” 2010 оноос хойш анх удаа NBA-ийн аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Харин Леброн 10 дахь удаагаа энэ шатанд шалгарч, дөрөв дэхээ аварга болохын төлөө зүтгэнэ.
Тэрбээр тав дахь тоглолтын гол баатар байлаа. Эргэн ирэлт хийдгээрээ “алдаршаад” байгаа “Денвер” IV үед тооны харьцааг ойртуулах бүрт Леброн хариуг нь барьсаар багтаа ялалт авчирсан юм. Үүний үр дүнд супер одын замнал олон дээд амжилтаар баяжжээ.
Тухайлбал, К.Брайант, М.Жорданы амжилтыг нийлүүлснээс илүү үзүүлэлтийн эзэн нь Леброн болов. Тэрбээр плей-оффын 89 тоглолтод багадаа 30 оноо, таван самбар, таван дамжуулалт өгсөн бол К.Брайант 37, М.Жордан 51 тоглолтод ийм амжилт үзүүлж байжээ.
Түүнчлэн Л.Жэймс 10 дахь удаагаа NBA-ийн финалд шалгарч, энэ үзүүлэлтээрээ лигийн 27 багаас илүү гарав. Харин тоглогчдоос Б.Расселл, С.Жонс, К.Абдул-Жаббар финалд 10 болон түүнээс олон удаа шалгарч байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, XXI зуунд ийм амжилтад хүрсэн түүнээс өөр тоглогч одоогоор байхгүй.
Леброн 35 болон түүнээс дээш насандаа плей-оффт дөрөв дэх трипл-даблаа хийсэн байна. Энэ нь К.Пол, Ж.Стоктон, Ж.Бэйлорын амжилтыг нийлүүлснээс илүү гарах үзүүлэлт юм. Мөн плей-оффт нийт 15 удаа 30 оноотой трипл-дабль хийсэн нь түүний ард бичигдэж буй О.Робертсон (8 удаа), Р.Уэстбрукийн (6) амжилтын нийлбэрээс илүү гарах аж.
Л.Жэймс мөн плей-оффын цувралын шийдвэрлэх тоглолтод багадаа 35 оноо, 15 самбар, 10 дамжуулалт өгсөн лигийн түүхэн дэх хоёр дахь (XXI зууны анхны) тоглогч боллоо. Түүнээс өмнө ийм амжилтыг “Лейкерс”-ийн домогт тоглогч Ж.Уорти (1988 оны зургадугаар сарын 21) үзүүлж байжээ. “Хаан”-ы дээд амжилт үүгээр дуусахгүй. Тэрбээр плей-оффын цувралын шийдвэрлэх тоглолтод хожсон үзүүлэлтээ (38 хожил, 10 хожигдол буюу 79.2 хувь) энэ удаа улам ахиулав. Эцэст нь өгүүлэхэд, Леброн таван өөр ахлах дасгалжуулагчийн удирдлагад финалд шалгарсан анхны тоглогч боллоо.
Дээр дурдсан олон амжилтаас сүүлийн хоёр нь илүү ач холбогдолтой болов уу. Леброн одоогоор К.Брайант (4), М.Жорданаас (6) цөөн аварга болоод буй. Гэхдээ плей-оффт илүү олон удаа ялж байсан аж. Түүнээс гадна Леброн олон дасгалжуулагчийн удирдлагад ийм өндөр амжилт үзүүлж чадсан бол Коби, Майк хоёр зөвхөн Ф.Жексоны удирдлагад зөвхөн “Лейкерс”, “Чикаго” багт тоглож байхдаа аваргын цом хүртсэн билээ.
Леброн сүүлийн жилүүдэд “Голден стэйт” хэмээх супер багтай хүнд тулаан өрнүүлж байсан. Сүүлийн хоёр удаагийн финалд гэхэд NBA-ийн хоёр дахь шилдэг тоглогч К.Дюрант, С.Көрри (Топ-5) болон К.Томпсон (Топ-10) тэргүүтэй ялагдашгүй “машинтай” тулж, ялагдаж байв.
Харин одоо байдал өөр. Аваргын төлөө өрсөлдөөн тийм ширүүн байхаа больсон. Тэдэнтэй өрсөлдөх гол баг төдийгүй аварга болно гэгдэж байсан П.Жорж, К.Леонард тэргүүтэй “Лос-Анжелес клипперс”-ийг “Денвер” хожчихсон. Дасгалжуулагч М.Мэлоуны багийг магтууштай боловч Н.Йокич, Ж.Мюррэй хэмээх хоёр гол тоглогчид нь туршлага аргагүй дутав. Энэ жил “Лейкерс”-тэй өрсөлдсөн тэд маш үнэ цэнтэй туршлага, сургамж авсан нь гарцаагүй.
Харин Леброн дахин нэг удаа финалд шалгарч, аварга болоход нь нэг алхам үлдээд байна. Гэвч тэрбээр санаа амрахад эрт байна гэж өгүүлсэн. “Багийнхан маань өөрсдийгөө байх ёстой газартаа аваачья гэж ярилцаж байсан. Багаа ялуулахын тулд би ухаалаг тоглож, талбайд зөв шийдвэр гаргах хэрэгтэй байлаа. Миний хувьд ажил дуусаагүй. Бидний хувьд юу ч дуусаагүй байна. Энэ багийн нэг хэсэг байгаадаа, багаа байх ёстой газарт нь авчирсандаа маш их бахархаж байгаа. “Лейкерс” бол “Өрнөд” бүсийг төлөөлөн аваргын төлөө өрсөлдөх ёстой баг. Би энэ багт үүний л төлөө ирсэн” гэж “Өрнөд” бүсийн аваргын цомыг гардах үеэрээ Леброн ярьжээ.
Тэдэнтэй финалд хэн тоглох нь тийм ч чухал бус. “Майами хи”, “Бостон селтикс”-ийн аль нь ч шалгарсан аваргалах боломжтой баг нь “Лейкерс” хэвээр байх болно. Гэвч үүнийгээ талбайд харуулах ёстой, үүнийг Леброн хэнээс ч илүүтэй ухамсарлаж байгаа.
Одоогоор Л.Жэймс хүрсэн амжилтдаа сэтгэл хангалуун байж болох юм. “Лейкерс” хэмээх агуу түүхтэй баг 10 жилийн дараа түүний ачаар финалд шалгараад байна. Тэрбээр Э.Дэвисийн хамтаар 2000-аад оны эхээр гурав дараалж аваргалсан Ш.О`Нил, К.Брайантыг спорт сонирхогчдод эрхгүй санагдуулж байна.
Бэлтгэсэн: Н.Энх