БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл тамгаа гардаж, үүрэгт ажлаа хүлээж аваад илүү ч үгүй, дутуу ч үгүй гурван сарын нүүр үзлээ. Түүнийг эл албан тушаалд “очиход” мэргэжлийн бус, салбараа мэдэхгүй хүн томиллоо хэмээн шүүмжлэх хүн олон байсан ч “Мэргэжлийн, эсэх нь хамаагүй. Эрүүл мэндийн салбарыг гал алдуулалгүй авч явсан. Боломж олгоё, харзная” гэсэн хэсэг нөгөө талд нь жин дарсан. Гэлээ ч тэрбээр энэ эргэлзээ, шүүмжлэл дунд тун чиг шуурхай, хурдтай ажиллаж буй. Ямар сайндаа л зарим нь “Манай сайд хамелеон, хөрвөх чадвартай. Эрүүл мэндийн салбарт ч санаа тавина, байгаль орчин, аялал жуулчлалаа ч анхаарна” гэж хошигнох вэ.
Тэрбээр сайд болсон даруйдаа л НҮБ, ДЭМБ, ЖАЙКА, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын томоохон байгууллагын төлөөлөл, БНСУ, Япон, Унгар, Австрали, Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааныхаа чигийг “зурагласан”. Дараа нь байгаль орчинтойгоо “дотночлон” танилцаж, орон нутагт ажилласан. Олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан, Хэнтийн аялал жуулчлалын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан ой бүхий аймаг, сумдад ажиллаж, Булганд болсон “Айрагны баяр”-т оролцов. Түүнчлэн Хустайн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчдад орон сууцын түлхүүр, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдэд 200 гаруй мотоцикл, 21 аймаг, нийслэлийн БОАЖГ-ынханд хог бутлагч төхөөрөмж гардуулав. Хүн хүч, техник хэрэгслийн хангамж, хүрэлцээ муу ч хэтийдсэн ачаалал үүрдэг тусгай хамгаалалтай газрынхан, тэр дундаа байгаль хамгаалагчдын чадавхыг сайжруулсанд иргэд ам сайтай буй (зарим нь түүнийг сайд болохоос өмнө эхлүүлсэн ажил).
Олон нийт түүнийг мэргэжлийн бус гэх тодотголоос нь зайцуулж, эерүүлсээр байхад сайд маань харин “Хүн амынхаа дунд цар тахал алдаагүй учир аялал жуулчлалын зорилгоор манай улсыг сонирхсон хандалт 159 сая болсон”, “Хар галуутай холбоотой асуудалд судлаач, мэргэжилтнүүд эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Гэхдээ орон нутгийн иргэд загасны нөөц мэдэгдэхүйц буурсан гэж ярьдаг” хэмээн үе үе гэнэн зүйл ярьж, мэргэжлийн бус гэдгээ баталсан.
Тэрбээр чухал хоёр шийдвэр гаргасан. Эхнийх нь, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтаар нь ашиглах шийдвэр. Уул уурхайн компаниуд байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө тусгасны дагуу үйл ажиллагаа явуулсан талбайгаа хамгаалах, нөхөн сэргээх зардлын 50 хувийг барьцаа болгож, тус дансанд байршуулдаг. Хэрэв орд ашигласан аж ахуйн нэгж нөхөн сэргээлтээ хийгээгүй бол яам энэ мөнгөөр эвдэрсэн газрыг нь “эмчлэх” эрхтэй. Гэвч уул уурхайг хариуцлагажуулахад чухал нэмэртэй эл заалт, зохицуулалт биеллээ ололгүй өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл, БОАЖЯ энэ хөрөнгөөр нэг ам метр талбайг ч нөхөн сэргээгээгүй. Харин Д.Сарангэрэл сайд тусгай дансанд төвлөрүүлсэн 17 тэрбум төгрөгөөс санхүүжүүлэх анхны нөхөн сэргээлтийг Архангайн Цэнхэр сумд хийлгэхээр болов.
Дараагийнх нь Хагийн хар нуур луу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхны саналыг харгалзан ийм шийдвэр гаргажээ. Аль үзэсгэлэнтэй, өнгөтэй өөдтэй газар луу хошуурч, талхалж, доройтуулдаг жишиг “тайгын хар сувд” гэгддэг тус нуурыг дайрахаас ийнхүү сэргийлэв. Товчхондоо, түүнийг БОАЖ-ын сайдаар томилогдсоноос хойших үйл явцыг зураглахад ийм.
Сүүлийн үед тэрбээр гэр хорооллынхонтой тулж ажиллаад тун завгүй явна. Яндан хөөлдөг тусгай мэргэжилтэн хэрэгтэй гэж хэлээд бас л шүүмжлэл хүлээв. Мэргэжил нэгтнүүдээс нь эхлээд жирийн иргэд хүртэл “Яамны ажил яндан хөөлтөл доошоо орох гэж”, “Яндан хөөлдөг төртэйдөө гутарна” хэмээн егөөдөж байна. Нийслэлчүүд сайжруулсан түлш хэрэглэдэг болоод удаагүй учраас хүн амынхаа эрүүл, аюулгүй байдлыг бодсон ч буруу галлагаанаас үүдэлтэй эрсдэл, аюулаас ийнхүү сэрэмжлүүлэх нь зүйн хэрэг. “Яндангаа хөөлье” гэж уриалахад болохгүй юм алга. Гол асуудал гэр хорооллынхны яндан, сайжруулсан түлш, түүний уриалгад байгаа юм биш. Харин эдгээрээс ч чухал зарим асуудалд БОАЖ-ын сайд “мэргэжлийн бус” хандаж, үл тоож буйд л хамаг учир байх шиг. Жишээ болгож хоёрхон асуудал дурдъя.
Орон нутгийн иргэд хандсан уу, ямартай ч өнгөрсөн сард хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагын сэтгүүлч Хөвсгөлийг зорьж, тэнд цэцэглэсэн газрын наймааны асуудлыг хөндсөн. Мөнгөтэй, танил талтай хүмүүс тусгай хамгаалалттай газарт хэрхэн дураараа дургиж, малчид, орон нутгийнхны эрх ашгийг уландаа гишгэдгийг, хариуцсан хүмүүс нь тэмцээд ч хүчрэхгүй хууль бус ажиллагаа тэнд газар авсныг сэтгүүлчид баримттай, ул суурьтай мэдээлсэн. Энэ үед БОАЖ-ын сайд ганц үг ган хийгээгүй. Хатгалд газар олгохтой холбоотой мэдээллийг ил тод болгох шаардлагыг ч БОАЖЯ-ныхан үгүйсгэсэн гэх мэдээлэл бий. “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа олон нийтийн сүлжээнд энэ тухай “Нуурын эрэг дагуу олгосон газрын мэдээллээ ил болго гэхэд БОАЖЯ-ныхан хувийн, байгууллагын нууц гээд байхаар нь шүүхэд өгсөн. Хуульд нууцална гэж заагаагүй. Авлигачид газрыг мөнгөөр зарчихаад, мэдээллээ ил болгохоос айдаг. Эрх мэдэлтнүүд их хэмжээний газар авчихаад, орон нутгийнхан түүнийг нь мэдэх вий гэхээс сүнс нь зайлдаг” хэмээн бичсэн. Далай ээжийн экосистемийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөсөөр ирсэн өөр нэгэн иргэн ч БОАЖЯ Хөвсгөлийн асуудалд хүлцэнгүй, чимээгүй ханддаг гэдгийг хэлж буй. Далай ээж рүү бохироо цутгасан хоёр зочид буудлын асуудал мандахад ч тус яамныхан “ажиглагчийн” байр сууриас хандсан. Засгийн газар Хөвсгөлийг эко аялал жуулчлалын бүс болгохоор шийдвэрлэсэн. Үүний хүрээнд 31 цогц арга хэмжээ төлөвлөн, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, шийдвэрлэх асуудлуудын хүрээнд сайд холбогдох албаныхныг хүлээж авч уулзсан байна билээ. Хөвсгөлийг эко бүс болгох ажлаа тэнд цэцэглэсэн газрын наймааг цэгцлэхээс эхлүүлбэл ямар вэ, сайд аа.
БОАЖЯ. Эл яамны эрхлэх бас нэг гол асуудал нь аялал жуулчлал. Үүнийг тодорхой болгох үүднээс нэрэнд нь ч аялал жуулчлал хэмээх үгийг шигтгэсэн. 1300 гаруй аж ахуйн нэгжтэй, шууд болон шууд бусаар 118 мянга гаруй ажлын байр бий болгодог, Засгийн газар эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгохоор шийдвэрлэсэн аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас хамгийн хүнд үедээ ирээд байна. 600 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон гэх мэдээлэл бий. Салбарын бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагынхан сандралдаж эхэллээ. Гэвч аялал жуулчлалын тогтвортой хөгжил, бодлогод анхаарах ёстой толгой байгууллагынхан нь өдий хүртэл таг чиг. Арга ядсан аж ахуйн нэгжүүд өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдад хандлаа. Тэд албан бичигтээ “Цар тахлын улмаас хил хааж, санхүүгийн ямар ч орлогогүй болсон компаниуд нөөц боломжоороо зүтгэж, зохицуулсаар өдий хүрлээ. БОАЖ-ын шинэ сайдтай уулзах хүсэлтээ Монголын аялал жуулчлалын холбоогоор дамжуулан гурвантаа илгээсэн ч одоо болтол ямар нэг хариу өгсөнгүй. Аялал жуулчлалын салбар туйлдаж, дампуурахад хүрлээ. Иймээс танаар дамжуулан Засгийн газарт хүсэлт илгээж байна” гэжээ. БОАЖ-ын сайд ч, тус яамны аялал жуулчлалын асуудал хариуцсан газрын дарга ч “Манайх коронавирус дотооддоо алдаагүй учраас гадаадынхан Монголыг сонирхож байна” хэмээн ярьсаар. Сая сая жуулчин мөрөөдөж суусаар ахуйд утаагүй үйлдвэрлэлийн салбар маань дампуурах аюул руу ойртсоор буйг учир мэдэх хүмүүс ийнхүү сануулсаар байна. Цахим хандалтын тоонд баясаж, хууртахаас урьтаад, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн үгийг сонсож, тэдэнд бодитой дэмжлэг үзүүлэхэд анхаарвал дээргүй юү, сайд аа. “Хоолойд тулсан” энэ мэт ажил, асуудал таны өмнө байгааг олж харсан иргэд шинэ сайдаа гэр хорооллын яндан, зуухтай зууралдуулахыг “эсэргүүцэхээс” яалтай.
Бэлтгэсэн: Н.Мишээл