Ухаалаг утсаа ширтэн, эргэн тойрноо огт анзаарахгүй алхах явган зорчигчид уурыг тань байнга хүргэж байна уу? Магадгүй та өөрөө ухаалаг утастай зомби болоод өдөр бүр унадаг дугуйчинтай мөргөлдөх шахан, энхэл донхол замаар гишгэдэл алдан алхаж, машин доор орчих гэж яваа юм биш биз? Танай хотод ингэж явахыг хоригловол та юу гэх вэ?
Японы Ямато хотод үүнийг хориглосон тухай ВВС мэдээлжээ.
Нийслэл Токиогоос 30 орчим км зайтай орших Канагав муж дахь гэр бүлд ээлтэй Ямато хотод галт тэрэгнээс буухад таны нүдэнд өртөөний дэргэдэх талбайд салхинд намирах цагаан зурагт хуудсууд тусна. Эдгээр нь өөр хаана ч байхгүй гэж дэлхийн хэвлэлийн олон хэрэгслийн анхаарлыг татсан мэдээлэлд нотолжээ. Тус хотод явган хүн ухаалаг утас руу харж явахыг хориглосон байна. Хуулийн албадсан ямар нэг арга хэмжээ байхгүй ч эл санаачилга амжилт олсон гэж хотын эрх баригчид мэдэгджээ. Томоохон олон хотын эрх баригчид оршин суугчдынхаа аюулгүй байдлын төлөө ухаалаг утасны дэлгэцнээс тэднийг яаж хөндийрүүлэх талаар толгойгоо гашилгаж буй. Яагаад шинэ дүрэм оршин суугчдынх нь биеэ авч явах байдлыг өөрчилнө гэж Яматогийн удирдлага үзэж байгаа юм бол?
Юу тэдэнд нөлөөлөв?
УХААЛАГ УТАС-ГЭМТЭЛ
Японы хотуудын гудамжуудад арүкисүмахо буюу ухаалаг утасныхаа дэлгэц рүү тонгойн, явж ядах хүн олон. Үүнийг арүки (явган явах) болон суматофон (ухаалаг утас) гэсэн үгсээс үүсгэсэн ч ухаалаг утас хэрэглэгч зомби гэсэн утгатай. Өнгөрсөн нэгдүгээр сард Яматогийн хоёр дүүрэгт судалгаа явуулахад 6000 зорчигчийн 12 хувь нь явангаа ухаалаг утас хэрэглэдэг нь тогтоогджээ.
“Энэ маш аюултай” гэж шинэ дүрмийн гол санаачлагч, хотын дарга Сатору Оки дуу алдсан байдаг. Тэрбээр эхлээд хууль тогтоогчдод санал тавьж, олон нийттэй зөвлөлдөхөд 10 оршин суугчийн найман нь түүнийг дэмжиж байгаа нь тодорхой болсон гэнэ. Тиймээс зургадугаар сард хотын захиргааны шийдвэрээр алхах зууртаа ухаалаг утас ашиглахыг хориглосон аж. Шийдвэр гарснаас хойших эхний хэдэн өдөр хотын захиргаа цөөн тооны ажилтан хөлсөлж, төмөр замын өртөөн дээр анхааруулах зурагт хуудас байршуулсны сацуу шинэ дүрмийн тайлбарыг урсдаг самбарт гаргажээ. Цар тахлын улмаас цагдаагийн нэмэлт хүч гаргахын оронд ийм арга хэрэглэсэн аж. Энэ нь гудамжинд ухаалаг утаснаас болж бэртэхээс зайлсхийхийн тулд хотуудын эрх баригчид арга хэмжээ авахыг оролдож буй анхны тохиолдол биш. Өмнөд Солонгосын Ильсан хотод тухайлбал, гарцан дээр явган зорчигчид утсаар нь дамжуулан хэт ягаан туяаны дохио өгөх зориулалттай төхөөрөмж суурилуулжээ. Хятадын Чунцин хотын эрх баригчид гар утас хэрэглэгч зомбинуудад зориулан тусгай зам тавьж. 30 метр урт эл замаар зорчигчид хэн нэгэн хөндлөн явна хэмээн болгоомжлолгүйгээр утасны дэлгэцнээс харц салгахгүй байж болдог аж. Хавайн Хонолулу хотод зам хөндлөн гарахдаа та мэссэж бичиж, эсвэл нийгмийн сүлжээнд орвол Анхаарлаа сарниулсан тухай хуулийн дагуу торгуулна. Харин Яматод шинэ дүрэм зөрчсөний төлөө ямар ч шийтгэл хүлээлгэхгүй. Оршин суугчдынх нь биеэ авч явах байдал аажмаар өөрчлөгдөнө хэмээн эрх баригчид нь найдсаар буй.
“ХӨДӨЛГӨӨНТЭЙ БОЛСОН ХАДААСЫГ ХАДДАГ”
Багаар ажиллах дүрмийн тухай Японы нийгэмд байнга ярьдаг. “Ва” (Нийцэл) зарчим нь хувийн үзэл бодлоо илэрхийлэхээс илүүтэй баг, хамт олны харилцаа нийцтэй байхыг чухалчилдаг. Тухайлбал, заавал зүүхийг шаардаагүй ч цар тахлын үеэр амны хаалтгүйгээр хэн ч гудамжинд гараагүй. Үүн шиг Японы иргэд өөрөө ч, бусад хүн ч алхаж байхдаа ухаалаг утас хэрэглэхийн аюулыг сайн ойлгож буй нь тодорхой. 2019 онд явуулсан судалгаанаас үзвэл ухаалаг утас хэрэглэгчдийн 96.6 хувь нь эл аюулыг мэднэ, 13.2 хувь нь ухаалаг утастай зомбитой мөргөлдсөн туршлагатай, 96.5 хувь нь арүкисүмахогоос болж бэртсэнээ мэдээлжээ.
“Би эл дүрмийг бүрэн дэмжиж байна. Дугуй унаад явахдаа, утас руугаа харж буй хүмүүстэй мөргөлдөхөөс байнга зайлсхийх хэрэгтэй болдог. Нэг удаа яалт ч үгүй мөргөлдсөн. Тийм хүмүүсийг хараад, ойртож байвал зогсож, намайг анзаарахыг нь хүлээхийг хичээдэг. Одоо утсаа ширтэж яваа хэн нэгтэй мөргөлдөх шахвал би уучлалт гуйхаа больсон. Яг үнэндээ тэр хүн рүү хашхирмаар санагддаг” гэж Токиогийн уугуул иргэн, тус хотын төвөөр унадаг дугуйгаар ажилдаа 60 гаруй жил явж байгаа Ацүко Набата ярьсан байна. Гэвч тодорхой ямар ч шийтгэл оноохгүйгээр хүмүүсийн биеэ авч явах байдлыг өөрчлөх боломжтой юу?
“Зөрчсөн ч шийтгэл оноохоор заагаагүй боловч тийм заалт оруулснаас өөрцгүй үр нөлөөтэй хуулиуд бий” гэж Токиогийн Шибүя дүүргийн хууль зүйн Накамүра товчооны ажилтан Наота Сүзүки өгүүлжээ. Түүний хэлснээс үзвэл Яматогийн шинэ дүрмийн үр нөлөө Японы мэйвакү (эргэн тойрныхондоо саад болох) гэсэн бас нэг зарчим хэрхэн үйлчлэхээс шалтгаалах аж. Мэйвакү нь хүн зөвхөн өөрийгөө бодоод эргэн тойрныхондоо асуудал үүсгэхийг хэлдэг. Японд үүнийг ёс зүй зөрчсөн, биеэ авч явж чадаагүйд тооцдог. Жишэээлбэл, нийтийн тээврээр зорчихдоо утсаар хэрхэвч ярьж болохгүй гэсэн бичигдээгүй дүрэм байдаг. Үүнийг албан ёсоор хориглоогүй ч хүмүүс зөрчихгүйг хичээдэг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард хүмүүсийг гэртээ байхыг хүсэж, ямар ч шийтгэл оногдуулахааргүй байхад бизнесийн удирдагчид ажлаа түр зогсоон, бүх нийтээр үүнийг биелүүлсэн. Нөгөөтээгүүр, насанд хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татахыг хориглосон хуулиудад шийтгэл заасан байдаг ч үлэмж хэмжээгээр зөрчигдөж, тэдгээр үйлдлээс сэргийлэх гэсэн оролдлогууд ямар ч үр нөлөөгүй байдаг гэж Н.Сүзүки ярьсан байна. Үнэн хэрэгтээ тодорхой үйлдлүүдийг бусдад нөлөөлж байна хэмээн ойлгож буй, эсэхээс бүх ялгаа хамаарна. Согтууруулах ундаа уух, тамхи татах нь тухайн хүнд л хортой үйлдэл хэмээн ойлгогдохоос бус, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй мэйвакү ангилалд хамаарахгүй гэж үздэг аж.
Мэйвакү нь зөрчсөн тохиолдолд албан ёсны шийтгэл оноохоор тусгаагүй аливаа хууль амжилттай хэрэгжих, эсэх гол хүчин зүйл болдог гэж Токиогийн Темпл их сургуулийн клиникийн сэтгэл судлаач Юко Ватабэ тайлбарлажээ. Тэрбээр “Хүүхдүүд, залуу хүмүүс өөрийгөө хянах аргад суралцдаг, эсвэл бие биенийхээ дургүйг хүргэдэг, бас биеэ зөв авч явах аргыг эрчимжүүлэх, урамшуулах замаар хэвшүүлдэг. Жишээлбэл, Японд ихэвчлэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ олон хүнтэй газарт чанга ярихгүй, гүйхгүй байх зэргээр эргэн тойрондоо асуудал үүсгэхгүй байхыг байнга хүсдэг” гэв. Хүмүүс хамгийн сайн мэддэг “Хөдөлгөөнтэй болсон хадаасыг хаддаг” гэсэн япон зүйр үг дунд сургууль, ажлын талбар, нийгмийн амьдралд ч хэрэгждэг. Энэ нь бусдаас онцгойрч, эсвэл дуулгаваргүй байгаа хэн ч шийтгүүлж, эсвэл нийгмээс тусгаарлагдана гэсэн ойлголт юм. Нийгмийн хэм хэмжээг сахих нь хүн тус бүрийн сонирхлоос ихээхэн хамаардаг болохоос хувийн ашиг сонирхлыг үл харгалзан бусдын тусын тулд харамгүй сэтгэлээр хандахтай хамаагүй гэж Ю.Ватабэ тайлбарлажээ. “Япончууд хэсэг бүлгээрээ бие биенээ харилцан ажиглах замаар хамтран ажилладаг бол Өрнөдөд үүнийг ардчилсан хуулиудаар дамжуулан ихэвчлэн хэрэгжүүлдэг. Тиймээс эсэн мэнд үлдэх болон амжилт олохын тулд япон хүний хувьд төрөл төрөгсөд, ойр дотнынхон, найз нөхөд, хамт олондоо таагүй байдал үүсгэхээс зайлсхийх нь чухал” гэж тэрбээр ярьсан байна.
НЭГ ЖИЛЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ УРТ ЗАМ
Хориг нь эргэн тойрныхондоо ямар нэг асуудал үүсгэдэг мэйвакү маягийн ухаалаг утастай зомби шиг биеэ авч явахгүй байхад оршин суугчдад тус болно гэж Ямато хотын дарга Саторү Оки үзжээ. Үүний үр дүнд нийгмийн шинэ хэм хэмжээ бий болно. “Маргааш гэхэд бүх зүйл өөрчлөгдөхөд энэ хуулийг зориулаагүй. Жилийн дараа ч тийм болохгүй байж магадгүй. Тав, түүнээс олон жил болсон ч хамаагүй шинэ дүрмийг хэрэгжүүлэх нь миний зорилт” гэж тэрбээр тайлбарлав.
Японы хөгширч буй хүн ам өөрт нь санаа тавьж буйг мэдрэхийг хотын дарга хүсэж буй. Зорьсондоо хүрнэ гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа. Хэрэгжүүлсэн бусад шинэлэг зүйлийн туршлага нь түүнд ийм итгэл төрүүлж буй. “10 жилийн өмнө гудамжаар явж байхдаа тамхи татахыг хуулиар хориглосон. Үүнийг хэрэгжүүлэхэд багагүй хугацаа зарцуулсан. 10 жилийн дараа эл журам хэрхэн хэрэгжиж байгааг хараарай” гэж Саторү Оки өгүүлжээ. Хэвлэл мэдээллийн агентлагт ажилладаг, 28 настай, ухаалаг утас хэрэглэдэг Йоитиро Тамада Японы залуу үеийнхэнд бусдын аюулгүй байдал хангалттай хөшүүрэг болж чадна гэдэгт итгэхгүй байна. “Чин үнэнийг хэлбэл япончууд бид шинэ хууль батлах дуртай юм шиг санагддаг. Ямар шийтгэл оноохыг тусгаагүй тул ухаалаг утасны хамааралтай болсон залуусын олонх нь энэ хуулийг мөрдөнө гэж төсөөлөх аргагүй. Би л хувьдаа мөрдөхгүй” гэж ярив.
Энэ олон хүн дунд ухаалаг утастай зомби хэчнээн байна вэ? Тал хувь нь уу? Ямато хотын шинэ дүрэм цаашид амжилт олох, эсэх нь оршин суугчдынх нь тайлбараас ихээхэн шалтгаална. “1.5 нөхцөл”-ийн тусламжтайгаар үүнийг Н.Сүзүки тайлбарлаж байна. “Эл болзлын эхний бүхэл нь тийн биеэ авч явахыг нийгэм аюултай гэж үзэх үү, үгүй юү. Өөрөөр хэлбэл, мэйвакү гэж үзэх үү. Үлдсэн нь таны үеийнхэн зүй бус гэж үзэх, эсэхтэй холбоотой юм” гэж тэрбээр тодорхойлов. Үүний улмаас ямар нэг ноцтой зүйл болбол, тухайлбал, хэн нэгэн амиа алдвал цочирдсон хүмүүс шинэ дүрмийг хүлээн авахад хангалттай түлхээс болохыг Н.Сүзүки онцлон тэмдэглэжээ. Үүний сацуу энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Яматод юу болоод байгааг анхаарч, туслахад хүргэнэ гэж тэрбээр үзэж байна. “Энэ нь ойрын саруудад гудамжаар явахдаа ухаалаг утсаа ширтэх хүмүүсийг тойрсон эвгүй уур амьсгал үүсгэж мэдэх юм. Гэхдээ бид ухаалаг утсандаа маш их донтсон учраас болж өгвөл харах гэсэн хүсэл нийгэмд эвгүй байдал үүсгэхээс зайлсхийхэд хүргэж чадах болов уу” гэж Н.Сүзүки анхааруулжээ.
Бэлтгэсэн: Б.Ариун