“Хүмээсээ, энд хог битгий хаялдаа, гууя” хэмээн бичээд орцонд, хаалгаар орох хэсэгт наасан байхыг хараад үйлчлэгч бүсгүйн хань өндөр залуу оршин суугчдад хандаж дээ гэж бодсон минь оносон байлаа. Арга ядахдаа алдаатай ч гэсэн ингэж бичиж сануулснаас нь хойш тэнд хүмүүс хог бараг хаяагүй. Өмнө нь гялгар уутанд хийсэн хог овоолоостой харагддаг байв. Орцны үйлчлэгч цэвэрлэх ёстой гэж боддог юм уу, 100 хүрэхгүй метрийн цаана байх төвлөрсөн цэгт хаячихаж чадахгүй, тэнд л дээр дээрээс нь овоолчихдог байлаа. Ямар ч байсан Ч.Батжаргал “лоозон” хадаж тэмцсэнийх үр дүнд хүрсэн юм. Хийх хүнд арга олдоно, хийхгүйд нь шалтгаан мундахгүй гэж энэ дээ.
Төмөр замын “Гурван угсармал”-ын баруун талын 48 дугаар байрын оршин суугчид үг, үсгийн алдаатай бичгийг нь уншмагцаа ханиа л гэдэг өндөр залууг хайрласан байх. Тийм болохоор хогоо бариад байшин тойроод явдаг болсон болов уу. Тэгж бодсон цагаас хойш тэмцлээ үр дүнд хүргэсэн орцны үйлчлэгч Б.Алтанзул, түүний нөхөр СӨХ-ны туслах ажилчин Ч.Батжаргал нарын тухай уншигчдадаа “яримаар” санагдлаа.
Гол баатар бол уг нь Зулаа юм. Намуухан, үг дуу цөөтэй, нүдээрээ инээмсэглэх бүсгүйн тухай ярих гэхээр Батжагийн талаар түрүүлж дуугарах гээд болдоггүй. Тэр хоёр өглөө, өдөр, орой алинд нь ч хамт цэвэрлэгээ хийдэг болохоор эхэндээ хэн, хэн нь үйлчлэгч юм байх гэж боддог байлаа. Гэтэл нөхөр нь гэргийдээ тусалж, ажлыг нь хөнгөвчилдөг юм санж.
Өөрийнх нь ажил бол угсармал, тус бүр нь найман орцтой гурван байрны дээвэр, хонгил, хаалга, цонхны засвар, үйлчилгээг хариуцах үүрэгтэй. Тэртээ тэргүй унтахаас бусад цагт ажилладаг болохоор өөрийнхөө хийхийг хурдхан амжуулаад эхнэрийнхээ ажлаас нугалдаг аж. Зулаа өдөр бүр найман орц цэвэрлэдэг. Мөн оршин суугчдын орцондоо, үүдэндээ тавьсан хогийг хогийн цэгт аваачна. Орчноо үзэмжтэй байлгахын тулд зам, талбайг ч шүүрдэнэ. Хоёр байрны хоорондох хүүхдийн тоглоомын талбайн “ариун цэвэр” ч түүнд хамаатай. Уг нь “Гурван угсармал”-ын адилхан гурван байр тус тусдаа үйлчлэгчтэй. Гэсэн ч нэгийнх нь үйлчлэгч өвчтэй тул хоёул ажлыг нь хувааж хийдэг болжээ. Үүнийхээ төлөө сар бүр цалин дээр нь 40 мянган төгрөг нэмж өгдөг. Үндсэн цалин нь сарын 420 мянган төгрөг. Нөхөр Ч.Батжаргал нь “Манай хүн энэ жил 42 настай. Залуу гэлтгүй ядардаг. Хүний оронд ажилласны нэмэгдэл 40 мянган төгрөг авах нэг хэрэг, ажил нь бол хүнд” гэж байлаа.
Зулаа, Батжа хоёр 48 дугаар байрын хонгилд гэртэй. Гурван өрөө байранд амьдардаг мэт тухтай байдаг. Чимээ шуугиангүй нь олзуурхууштай. Цонхгүй гэж бодох ч, агаарын солилцоо сайн болохоор чийг даах, агаар дутагдахын зовлонгүй гэнэ. Эднийх гурван хүүхэдтэй. Том охин нь МҮИС-ийг аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Одоо Хан-Уул дүүргийн нэгэн зоогийн газарт мөнгө хураагчаар ажилладаг юм байна. Бага охин нь долоо, харин хүү нь тавдугаар ангийн сурагч. Баянхошууны айл тул хоёр хүүхэд нь тэндхийн сургуульд сурдаг. Охин нь өглөө эртлэн босоод автобусанд суугаад алга болж өгдөг бол хүүг аав, ээжийнх нь аль нэг хүргэж өгнө. Биднийг тэднийд байхад бага үдэд хүү нүдээ нухлан гарч ирснээ буцаад явав. Ханатлаа унтаж амарчээ. Цайгаа уугаад цахимаар явуулдаг хичээлээ үзэх аж. Хүүхдүүдэд нь зайлшгүй хэрэгтэй болсон тул эднийх гэр интернэтийн хэрэглэгч болсон юм билээ.
Баянхошууны хос Төмөр замд нутаг сэлгэн ирсэн нь учиртай. Том охиноо дээд сургуульд сургахын тулд хашаа, байшингаа барьцаалж зээл авсан бөгөөд төлбөрийг нь удахгүй төлж дуусгах гэж байгаа. Тэр хоорондоо олдсон ажлыг хийхээр энэ дүүрэгт ирж суурьшсан аж.
Хааяа бусдын яриаг анзаарахаас хэн, юу гэж байна гэж шөвөлзөлгүй өмнөх ажлаа л хийдэг даруухан бор бүсгүй, өдгөө 50 нас дөхөж яваа, ажилд түүртсэн, эсвэл ямар нэгэн юманд ундууцсан харагдах нь үгүй, үргэлж инээмсэглэж явдаг эр хоёрын харилцаанаас бие биеэ гэсэн сэтгэл нэвт шувт мэдрэгдэх шиг болдог. Нэг удаа “Та хоёроос аз жаргалыг мэдрэх юм. Ер нь ингэхэд та нар ам зөрдөг үү, хэрэлддэг үү” гэхэд Батжа “Үгүй. Яах юм бэ” гээд хөхөрсөн. “Хүмүүс байна даа, хааяа муудалцдаггүй юм уу” гэхэд “Шалтгаан байхгүй юм чинь” хэмээн ам бардам хэлнэ билээ. Амьдралд, айл гэрт, томруулж яривал улс оронд үүнээс илүү олз, амар амгалан гэж юу байх вэ.
“Гурван угсармал” хэмээх, социализмын үед тэрүүхэн хавьдаа сор нь байсан ихэр гурван байрны оршин суугчдын талаар Батжа “Манай энэ хавийнхан, сэхээтнүүдээрээ алдартай, сэнсэрсэн улсуудаар ч толгой цохидог. Манайх хожуухан ирсэн ч бүхнийг мэддэг болсон. Төмөр замын янз бүрийн байгууллагад ажиллаж байгаад эрт тэтгэвэрт гарсан хүмүүс уйдсандаа тэр байх, нэг нэгнийдээ орж архи уусаар, сүүлдээ гэрийнхэндээ ад болж, гудамжинд гарсан нь олон. Дийлдэхгүй болохоор ар гэрийнхэн нь байраа зараад, өөрсдийг нь ч орхиод явчихсан байдаг. Хаягдсан нөхөд энэ хавьдаа орогноно. Хогийн цэгт унтдаг хүмүүсийг харсан биз дээ. Тэндээ хооллоод, ундлаад, архи, шар айраг олж уугаад сайхан дулаан хучаад хэвтээд өгдөг. Анх би мэдэхгүй, нэг залуугийн дээрээс хог хаяад, цочиж, ухаан балартах шахсан. Нэг удаа хогноос олсон архи хэтрүүлж уугаад унтсан хоёрын нэг нь нас барчихсан байв. Өглөө эрт цэвэрлэгээ хийж яваад түүнийг харсан. Хорооны цагдаад хэлэхэд түргэн тусламж дуудсан юм. Иймэрхүү явдал бишгүй дээ. Одоо бүр дасчихжээ” хэмээн ярьж байлаа. Түүнийг яриаг гэргий нь дэмжиж “Харин тийм ээ, хэцүү амьдралтай хүмүүсийг өрөвддөг юм. Яах аргагүй өлсөж цангасан хүмүүст бид үлдэгдэл хоолоо халаагаад аваачдаг. Заримдаа эм өгнө. Энэ мэтчилэн анхаарал тавихад хүмүүсийн сэтгэл зөөлөрдөг юм шиг. Өмнө нь бидэнд муухай аашилж байсан хүмүүс эрс өөр болдог. Орцонд хоноглохгүй, хаалганы түгжээ эвдэхгүй, аль болох өөр газарт очиж унтаад ирдэг” гэж байлаа.
Ийм нэгэн үг яриа эвлэг, бодох, санах нь гэгээлэг хос орчин тойрондоо эерэг уур амьсгал түгээж, ядарсныг энэрэн, задарсанд хариуг зохих ёсоор барьж, амьдралаа тэгшитгэн аж төрж байна. Задарсанд хариу хэрхэн барьсан талаар нь асуулаа. Хашаа, байшингаа барьцаанд тавьчихаад, ажил хайхад эхнэрт нь энд үйлчлэгчийн ажил олдож л дээ. Эхний ээлжид нэгнийхээ цалингаар амьдаръя хэмээн нүүгээд ирж. Тэр үед Төмөр замын “атаманууд” айхавтар хүлээж авч гэнэ. Гадуурхаад л, өдөөд л, янзыг нь үзээд л. Хэзээнээс даруулгатай нөхрийн тэвчээр барагдах үе бишгүй байв. Хамгийн гол нь архи уулгаж чадахгүй болохоороо эгдүү нь хүрдэг байсан бололтой юм. “Ийм сайхан эр архи уухгүй гэж байх уу” гээд л шахдаг байж гэнэ. Угаас согтууруулах ундаа амсав уу, үгүй юү бие нь эвгүйрхдэг болохоор энэ яваа насандаа сархад гээчийг уруулдаа цөөн хүргэж үзсэн Батжа ийм хүмүүстэй хэл яриагаар учраа олохгүй юм байна гэж үзээд, нэг, хоёртой нь нударга зөрүүлэн байж эвлэрсэн түүхтэй гэнэ. “Тэгж байгаад хамраа мурийлгасан юм уу” гэхэд “Үгүй, ээ тэгтлээ зодолдох гэж юу байх вэ. Аль 1980-аад онд ажил хийж байхдаа мод унагачихсан юм” гэлээ.
Б.Алтанзул наймдугаар анги төгсөөд удалгүй Баянхошууны үсчний газарт туслах ажилчин болсон аж. Тухайн үед энэ төрлийн үйлчилгээ элбэг байгаагүй болохоор ойр орчмын бүх л хүн тэднийхээр үйлчлүүлдэг. Харааны бэрхшээлтэй хөгшин байнга үсээ засуулдаг байж. Хэн нэгнээр хөтлүүлж ирээд, үсээ сэмбийтэл засуулаад явах бүртээ Зулаад “Чи сайхан охин юм. Хүүтэйгээ танилцуулна аа” л гэх. Бүсгүй дотроо юу л бол, тэр хүү нь үгийг нь аваа ч уу, үгүй ч үү гэж боддог байж. Тэгтэл нэг удаа хөгшин “Хүүхээ, намайг гэрт хүргээд өгөөч” гэхэд Зулаа хэлснээр нь дагуулаад явжээ. Овсгоотой буурал талархсанаа илэрхийлснээ “Хоёулаа бууз хийж идье” хэмээж. Ингээд хөгшин, залуу хоёр хоол унд, цай цүү болж байхад хүү нь ирж дээ. Халуу дүүгсэн гэрт нь нүд дүүрэн залуу бүсгүй ороод ирчихсэн, ээжтэй нь яриа хөөрөө дэлгэн байх нь залууд гэнэтийн бөгөөд сэтгэл хөдөлгөм мөч байж. Ийнхүү харуул хамгаалалтын албатай, эхнэр гэж ярих дургүй залуугийн ээж бэрээ өөрөө олж, гэртээ залсан түүхтэй ажгуу.
Ч.Батжаргал Холбооны ТМС-ийг холбоочин мэргэжлээр төгсөөд, аавынхаа ажлыг уламжлуулан одоогийн “Монголын цахилгаан холбоо” компанид монтёроор ажилд орсон юм билээ. Тэнд найман жил гаруй болоод орчин үед ихээхэн эрэлттэй болсон харуул хамгаалалтын албанд зүтгэж эхэлсэн гэсэн. Гэтэл тэр газар нь түр хугацаанд хаалгаа барихад ажилгүй болж, улмаар гэргийгээ бараадан Төмөр замд ирсэн байна. Ааш зан сайтай, архи уудаггүй, ар гэртээ халамжтай, архидан согтуурсан хүмүүсийн ч ая эвийг олдог түүнийг “Ган цуваа” СӨХ-ныхон “шүүрч” аваад ажилчнаа болгожээ.
Хаана ч хамтдаа явдаг, гэрийн ч, улсын ч ажлыг хоёулаа гар дүрэн, нугалж санаа амардаг эгэл хосын сэтгэл дүүрэн амьдралын тухай өгүүлэхэд ийм байна. Тэд удахгүй хашаа, байшиндаа нүүж очно. Хүүхдүүдэд нь сайн ч өөрсдийнх нь ажил холдоод тиймхэн болох гэнэ. Гэхдээ “Сураагүй юм биш, эрт босож, наашлаад байхад болно доо” гээд инээлдэцгээлээ.
Гэргий нь нөхрөө магтав. Тэрбээр “Манай хүн даруухан юм шиг мөртлөө энэ хавьдаа их л хэрэгтэй хүн. Зөвлөгч” гэсэн юм. Үнэхээр Ч.Батжаргал хүмүүсийн асуусан болгонд хариулж, зүг чиг хэлж өгдөг. Өвдчихлөө, ямар эм уух вэ, тийшээ явах гэсэн юм, хаанахын унаанд суух вэ, машин болохоо байлаа, үзээд өгөөч гэх зэргээр түүнд хандахгүй хүнгүй шахам. Хамгийн гол нь тэрбээр хэнд ч цааргалалгүй хариулдаг, тусалдаг. Хүүхдүүддээ ч хүнд тус болж яваарай, олонтойгоо амьдрах юм шүү гэж хэлдэг. Зулаа, Батжа хоёроос “Том охин нь ажил хийдэг юм байна. Цалингаасаа аав, ээждээ өгдөг үү” гэхэд “Охин 600 мянган төгрөг авдаг. Бид хэдийг нь авна гэх вэ. Өөртөө зориул гэдэг. Насанд хүрсэн хүн юм болгоно уу, үрэн таран хийнэ үү, өөрийнх нь мэдэх хэрэг. Бид хоёр дүүг нь дээд сургууль төгсгөж өгнө. Одоогоор амьдралын зорилго ийм л байна даа” гэлээ.