АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭДЭЭ ХАЙРТАЙ УЛС
“Архи, тамхи л борлуулахгүй бол хүнсний дэлгүүр ажиллуулах дэмий, ямар ч ашиггүй”. Хүнсний дэлгүүртэй хэн бүхний баримталдаг ийм нэгэн “зарчим, мөрдлөг” бий. Монголд энэ төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн ашгийн багагүй хувийг архи, тамхи л “олж” өгдөг гэдгийг тэд ам “бардам” хэлдэг. Ялангуяа архины борлуулалт ямар ч үед буурдаггүй, харин ч өсдөг нь түүнийг “хайрлаж, шүтэх” гол шалтгаан болдог талаар найман нэрийн дэлгүүртэй нэг найз минь хошигнож билээ. Борлуулалтын хэмжээ нь эрэлт, хэрэгцээний илэрхийлэл. Тэгэхээр архины хэрэглээ манай нийгэмд хэр байгаа нь ойлгомжтой.
Үндэсний статистикийн хорооны судалгаанд дурдсанаар, өнөөдөр Монголд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагын тоо тоймгүй. Согтууруулах ундаа үйлдвэрлэл нь эдийн засгийн үйл ажиллагааны ангиллын дагуу “ундаа үйлдвэрлэл” гэсэн “цэвэрхэн” нэрийн доор явагддаг. Тус салбарын үйлдвэрлэл 2017 онд 671 тэрбум төгрөгт хүрсэн нь 2008 оныхоос дөрөв дахин их үзүүлэлт аж. Борлуулалтын хувьд мөн хугацаанд тав дахин нэмэгдэж, 740.9 тэрбум төгрөг болжээ. Монголчууд архи үйлдвэрлэгчдээ ийнхүү тасралтгүй дэмжсээр ирсэн байна. Үүнээс гадна энэ төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортолдог бөгөөд энэ оны эхний найман сарын байдлаар виски, ром, коньяк, цагаан архи, шар айраг зэрэг согтууруулах ундааг 1.2 сая гаруй литрийг хилээр нэвтрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт аж. Улсын нийслэлд согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоо 2008 оноос хойш тасралтгүй өссөөр өдгөө 5000 орчим болсон нь есөн жилийн хугацаанд 1.4 дахин нэмэгдсэн дүн. Монголын нийгмийн дүр зургийг идээний дээд “эрхэм архи гуай тодорхойлдог” болоод удсаныг илтгэх энэ мэт тоон үзүүлэлт, статистик цөөнгүй.
Нийгэм архинд живж, айдас дунд бүдчиж байгааг төр, засгийнхан “мэдэхгүй”, харалган хандаж буйг монголчуудыг зориуд зэрлэгшүүлж, ухаан самуун болгох бодлого баримтлаад байна уу гэж хардахад хүргэх юм. Эсвэл өөрсдөө ч “боловсон” архичин учраас бодит байдлыг ухаарахгүй байгаа юм болов уу. Юутай ч, сүргийн дархлаа тогтооно гэдэг шиг улс даяар, нийгмийн давхарга бүрт архидалт газар авчихаад байхад ямар ч арга хэмжээ авахгүй зөнд нь хаях сонирхол юунд байна вэ.
Хээрийн судалгаагаар хэд хэдэн аймагт ажиллаад ирсэн нэгэн эрдэмтэн “Хөдөөгүүр явлаа. Хаа сайгүй согтуу залуучууд. Аймаг, сумуудын дэлгүүрүүд нь зээлээр архиа борлуулчихаад оронд нь мал, мах авдаг жишиг тогтжээ. “Ажил олдохгүй учраас архи ууж байна” гэж хөлчүүрхэх хүн олширсон байна. Тэгсэн хэрнээ аймгийн төвд барилгын ажилд хүч хүрэлцэхгүйн зовлон тоочсон, аргаа барсан удирдлага, ажил олгогчтой олон таарлаа. Мал хариулах хүн ч олдохгүй болсон гэнэ. Архи уудаг учраас итгэл даахгүй гээд малаа даатгах дургүй байдаг талаараа малчид ярьсан. Улаанбаатарт ч ялгаагүй энд тэндгүй архичин. Гэхдээ харьцангуй том газар болохоор арай л аймаг, сумуудынх нь шиг хавтгайрч харагдахгүй байх шиг” гэж яриад 1990-ээд онд монголчууд нэг хэсэг архинаас өөр юм бодохгүй болсон хэцүү үеийн талаар ч ярианы далимд өгүүлэв.
Үнэхээр тэр үед шинэ нийгмийн босгон дээр учир, ухаанаа олохгүй цочирдож, басхүү бардамнаж, онгирсон гээд олон шалтгаанаар монголчууд архитай “найзалж”, нэлээд нь замаа алдсан гашуун сургамж бий. “Бөбөөчин”, “Өвгөнтийн хөндий”, “мангасын ам” гэхчлэн нийгмийнхээ төрхийг илэрхийлсэн үг, хэллэг чухамхүү тэр л үед гарсан. 2000-аад оны эхэн үед ийм дүр зураг арай багассан ч архидалт үзэгдлийн хэмжээнд хэвээр байлаа. Өнөөдөр нийслэл хотын аль ч гудамж, талбайгаас согтуу, хөлчүү хүн олох шиг амархан зүйлгүй. Зүгээр нэг согтуу биш, бүр архаг архичдыг Баянхошуунаас ч, Барилгачдын талбайгаас ч олж харна, ганц, хоёроор бус, “сүргээр” нь. 1990-ээд оны “Өвгөнтийн хөндий” дэх зураглал өнөөгийн Улаанбаатарын өнцөг булан бүрт бий. Архины халуунд дөвчигнөх хүн-араатнуудын дунд хөхүүл эх, хүүхдээ хөтөлсөн залуухан бүсгүй ч харагддаг юм. Тэдний авир, үг хэл нь үнэхээр гутамшигтай. “Ганц шил “Хараа”-гаар намайг “янзалж” чадахгүй бол хохь чинь” гэж агсамнах хөөрхий бүсгүйд юу тохиолдсоноос болж ийм зам руу хальтарсныг таашгүй. “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо нэг хэсэг “бөбөөчин” бий. Тэр хавиар өдөр бүр явдаг хүмүүс тэднийг андахгүй. Уржнан жил тогоон чинээ гэдэстэй залуухан эмэгтэй тэр “арми”-д нэгдсэн байв. Өнгөрсөн жил бараа нь харагдаагүй. Харин хэд хоногийн өмнө хүүхдээ хөтөлчихсөн, гуйвах нэгэн эмэгтэй тэр мөн шиг байна лээ. Эвий гэхэд хэцүү, хохь нь гэж ч болохгүй хүн сүргийг хайхарч, халамжлах бодлого нэн чухал болжээ.
АРХИНЫ “БУРУУ”
Хүн, амьтны мөхлийн хамгийн том шалтгаан нь цус ойртолт байдгийг олон улсын эрдэмтэд сануулсаар ирсэн. Цус ойртолтын уршиг нь шууд үхэл биш ч оюуны хомсдолд хүргэж, бие махбодын хөгжлийн доройтолд орж, нөхөн үржих чадваргүй болдог аюултай. Энэ бол удмын сангийн доройтол буюу зугуухан “зэрлэгшиж” мөхөх зам юм. Тэгвэл өнөөдөр манай нийгэмд архидалтын гамшиг цус ойртолтынхоос дутахгүй хэмжээнд хүрээд байна. Архидан согтуурах нь нийгмийн жирийн үзэгдэл болчихоод байхад төрийн удирдлага харанга дэлдэх нь битгий хэл “харахгүй” байгаа нь юутай гаслантай. Гэр бүлийн хүрээнд гарсан хүчирхийллийн 45 хувь нь согтуугийн балаг гэсэн статистикийг албаны хүн өгөв. Зам тээврийн ослын багагүй хувийг эл шалтгаан эзэлж байгааг ч мэргэжлийн байгууллагуудын тайлангаас харж болно.
Согтуу хүн удирдлагаа алддаг нь төв мэдрэлийн системд архи нөлөөлснийх. Спирт нь хүнийг донтуулах, сэтгэцэд нөлөөлөх бодис. Тиймээс ухаанаа алдаж, хяналтгүй үйлдэл хийдгийг шинжлэх ухаанаар хэдийн нотолчихсон. Согтуудаа гэр бүлээс гадуур харилцаанд орсон, хүүхэдтэй болсон, арьс өнгөний өвчин авсан гээд хяналтгүй үйлдлийнхээ талаар “тайлагнаж” аврал эрдэг залуу үеийнхний төлөө санаа зовж буйгаа салбарын эмч нар ярьж байна. ХӨСҮТ-ийн эмч нарын хэлснээр, халдварт өвчний нийт тохиолдлын 50 гаруй хувийг бэлгийн замынх эзэлсэн, халдааж, халдварласан нь 15-53 насныхан, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэхчлэн олон баримт, статистик юуг илтгэнэ вэ. Архидалтын улмаас нийгэм хяналтаа нэгэнт алдчихжээ.
ГАШУУН УНДАА ҮНДЭСНИЙ ХАРУУСЛЫН ШАЛТГААН БОЛОХ УУ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас жил бүр дунджаар гурван сая хүн амиа алддаг. Тэгвэл мөн хугацаанд Монголд олон хүн идээ, ундааны дээд “эрхэм” архинд хордож цөөнгүй нь хорвоогоос явдаг гэсэн хар “данс” байна. Тэдний дунд өсвөр насныхны эзлэх хувь багагүй аж. Жишээ нь, 2018 онд архины улмаас 15 хүүхэд нас баржээ.
Улс үндэстнүүд архидалтаас үүдэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт гарах сөрөг нөлөөг багасгахаар согтууруулах ундааны маркетинг, сурталчилгаа, худалдах боломжийг хязгаарлах, зохицуулах, үнэ, татвараар эрэлтийг бууруулах, иргэдэд хор хөнөөлийг таниулах ухуулгыг сайжруулах гэхчлэн олон талт бодлого боловсруулан, хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд 2000 онд Архидан согтуурахтай тэмцэх хууль баталж, 2003-2012 онд Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн гэдэг ч өнөөгийн дүр төрхөөс харвал үр дүн гарсан, эсэх нь эргэлзээтэй.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд өсвөр үеийнхний дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь архи ууж “тасарч” байсан гэж хариулсан байх юм. Энэ бол үндэсний хэмжээний гамшиг гэдгийг эрх мэдэлтнүүдийн сонорт дахин хүргэе.
2018 онд улсын хэмжээнд согтуугаар хэрэг, зөрчил үйлдсэн, эрүүлжүүлэх байранд саатуулагдсан 87 000 иргэний 1100 нь 21-ээс доош насныхан байсан. Согтуу хүүхдүүд 550 гэмт хэрэгт холбогдсон гэх мэт итгэхэд бэрх статистик хөвөрнө. Манай нийгмийн өөр нэг эмзэг сэдэв нь эмэгтэйчүүдийн архидалт, биеэ үнэлэлт, үүнээс үүдэлтэй хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт. Архины улмаас монголчуудын удмын сан аль хэдийн гэмтчихээд байгааг үүнээс харж болно. Одооноос анхаарахгүй бол амаа бариад ч нэмэргүй нөхцөл байдал үүсжээ.
Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 12 500 аж ахуйн нэгж, байгууллага бий гэсэн. Үүнийгээ цөөлж, хяналттай байхгүй бол горьгүй нь. Бүгд архины “буруу” учраас гашуун ундааны үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээнд хязгаар тогтооход учиртай, ухаантай хандахгүй бол монголчууд “бууж өгөхгүй” нь бололтой. Үйлдвэрлэдэг, борлуулдаг, уудаг, уулгадгийг бүгдийг нь хатуу татвар, торгуулиар “занчвал” ямар вэ. Хорих тусам хорхойсно гэж эсэргүүцэх хүн олон гарах байх. Гэхдээ бусад улсын жишээнээс харахад татвар, торгуулиар энэ асуудлыг шийдсэн нь цөөнгүй юм билээ. Архидалттай холбоотой бүхэнд тохирсон арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодлого, хөтөлбөр өнөөдөр юу юунаас илүүтэй үгүйлэгдэж байна. 2019 онд ДЭМБ-ын судалгаагаар бид архи, согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдсэн талаар нэг хэсэг шуугьсан. Дэлхийн газрын зурагт улаанаар буюу архидалт гамшгийн түвшинд хүрснийг илтгэж өнгөөр “гялалзсан” монголчуудын 20 хувь нь гашуун ундаанд донтох өвчинтэй, 750 мянга нь архины хамааралтай гэсэн судалгаа ч байна.
Эцэст нь дурдахад, өнгөрсөн жил Германы мэргэжилтнүүд 189 орныг хамруулан хийсэн согтууруулах ундааны хэрэглээний судалгааныхаа талаар танилцуулахад “Монголд сүүлийн 11 жилийн хугацаанд согтууруулах ундааны үнэ тодорхой хэмжээнд нэмэгдсэн ч хэрэглээ нь буураагүй. Согтуугаар үйлдэх гэмт хэргийн тоо өссөн. Ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн нь гэр бүлийн хүчирхийлэл өсөх суурь шалтгаан болсон” гэж дүгнэсэн юм. Энэ бол архинд донтсон ард түмнийхээ төлөө төр нь юу ч хийдэггүй гэснээс огт ялгаагүй хэмээж буйг эрх биш ойлгох биз ээ.
Дахин сануулахад, архи бол төв мэдрэлийн системийг хордуулдаг химийн бодис. Түүнийг уугаад удирдлага, жолоодлогогүй болсны улмаас хүн элдэв муу бүхнийг хийх нигууртай. Энэ бол нүдэнд харагдах бие махбодын өөрчлөлт, үйлдэл. Архины далд хөнөөл нь оюуны доройтолд хүргэх удмын сангийн бохирдол гэдгийг мартаж болохгүй.