Төрийн ордны хөл хорио тэр чигээрээ үлдэх нь. Цар тахал намжиж, цаг үе сайхан болоход “Хэвлэлийнхэн цаашаа” гэдэг үгэнд нь хэдийн дассан байх вий.
Монгол байтугай, дэлхийн дэг журмыг өөрчилсөн өвчин, тахлын үед хаана хаанаа хичээснийг үгүйсгэх гэсэнгүй. 2020 он гарав уу, үгүй юү дэгдсэн коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад найман сарын нүүр үзэж байна.
Төрийн ордноор орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлах энүүхэнд, эх орон нь иргэдээ хилийн гадна үлдээж, үүдээ барьсан өдөр, хоногууд үргэлжилсээр. Хэн хүнгүй, хаа сайгүй хашигдсан, хоригдсон. “Ковид-19”-ийн үед баримтлах олон олон, урт нэртэй журам, бүр хууль баталж, төр, засгаа ч энэ л үед сонгож, байгуулаад байна. Хэдийгээр 2021 оны сүүлч гэхэд л хүн төрөлхтөн хамгийн найдвартай вакцин хэрэглэж эхэлнэ хэмээн тооцож буй ч дэлхийн олон улсад хөл хорио, хязгаарлалтыг аажмаар сулруулж байгаа. Манайд ч сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж, олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ мэр сэр болж буй. Харин Төрийн ордон хэвлэлийнхний хувьд аанай л хөл хориотой хэвээр. Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдэд тавьсан хориг, хязгаарлалт хойшид сулрах бус, бүр ч чангарах янзтай.
Хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал хэмээн тодорхойлдог нь тохиолдлын хэрэг биш. Харилцан бие биеэ хянаж байх учиртай хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын аль аль руу, бүхэлд нь хараа бэлчээж, ард түмний нүд, чих болдог хүмүүс нь сэтгүүлч учраас ийн онцолдог. Төрийн ордон бол хууль тогтоогч 76 гишүүн, гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд, нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн албан “контор”. Төр, засгийн ажил ямар яваа, тэд албаа хэрхэн залгуулж, юу хийгээд байгааг нь тэнд л сэтгүүлчид асууж, тодруулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж ирсэн. Харамсалтай нь, өнөөдөр хэвлэлийнхэн тэнд хэдхэн алхаад л “хоригддог” болчихлоо. Төрийн ордноо сэтгүүлчдэд зориулан зассан цэгт хүрэлцэн ирж, зорилтот мэдээллээ хүргэж, түгээлгэх гэсэн гишүүн, эсвэл сайдын үгийг дамжуулах нь л хэвлэлийнхний хийдэг ажил болчихоод байна. Шийдвэр гаргах хамгийн дээд шатанд явж буй аливаа асуудлын зөв, бурууг ухах, хэлэлцүүлгийн ард чухам ямар үйл явц өрнөж байгааг эх сурвалж болохуйц хүмүүсээс тал талын байр суурийг тусган хүргэх гэсэн сэтгүүлчийг Төрийн ордны хамгаалалтын ажилтан харгалзаж, хянадаг болоод удлаа. Хамгаалагч харгалзан байж нэвтрүүлэхдээ тулбал заавал албан бичиг шаарддаг. Жишээ нь, сэтгүүлч УИХ-ын тэр гишүүнтэй уулзаж, тийм сэдвээр ярилцлага, мэдээлэл авах нь үнэн болно гэх маягтай албан бичиг цохуулсны эцэст Төрийн ордонд нэвтэрч байна. Ярилцлага, мэдээлэл өгөхийг хүссэн гишүүн нь хөөцөлдөөд ч сэтгүүлчийг нэвтрүүлж чадаагүй гэх.
Ийм л нөхцөлд сэтгүүлчид өнгөрсөн найман сарын хугацаанд Төрийн ордноос мэдээ мэдээлэл бэлтгэж ажиллалаа. Энэ хугацаанд 2016 оны ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ сүүлчийн чуулганаа хийж, шинээр байгуулагдсан парламент ээлжит бус нэгэн чуулганы ард гараад байна. Хөнөөлт халдвараас сэргийлэхийн тулд тогтоосон хөл хорио, хязгаарлалтын горим, дэглэмийг мөрдөхийн чухлыг иргэд, олон нийтэд анхнаас нь ухуулж, сурталчилж, хүлээн зөвшөөрч ажилласан хэвлэлийнхний хувьд эсэргүү зан гаргах шалтаг өчүүхэн төдий ч үгүй ээ. Харин эрх баригчдын баталсан дүрэм, журам Төрийн ордны гадна ч, дотор ч өөрсдөөс нь бусдад, ялгавартайгаар үйлчлээд байна. Төрийн ордонд байгуулсан “Хэвлэлийн цэг” гээчээс сэтгүүлчдийг алхам ч гишгүүлэхгүй атлаа түшээд цаад талд нь тэврэлдэж, гар барьж, амны хаалт ч хэрэглэхээ хэдийн больчихоод байна шүү дээ.
“Ам нээвэл, уушги нээ” гэдэг. Цар тахлаар далимдуулан хэвлэлийнхний хөлийг хорьж, иргэдийн мэдэх эрхийг боомилох санаархал хэдийн анзаарагдсаныг хэлчихье. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн өмнөх хийгээд өнөөгийн Засгийн газрын мэдээ мэдээлэл өдөр ирэх бүр хумигдаж байгаа. Ганцхан жишээ татъя. Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гараг бүрт Төрийн ордонд болдог. Ерөнхий сайд, бүх сайдын хамт хуралддаг учраас эх сурвалж “барьж авах” том боломж гэж хэлж болно. Сайд нараас гадна дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гээд өөр бусад албан тушаалтантай ч уулзах боломжтой. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг өмнөх өдөр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим хуудсанд байршуулж, мэдээлдэг “уламжлал” У.Хүрэлсүхийн тэргүүлсэн хоёр дахь танхимын үед тасрав. Сүүлийн гурван сарын турш, энэ Засгийн газар байгуулагдсанаас хойш ямар асуудал хэлэлцсэн, хэрхэн шийдвэрлэсэн талаар цэг ч хатгасангүй. Ямар шийдвэр гаргаснаа ч мэдээлэхээ больж, “албан мэдээ” гэж хэдэн өгүүлбэр хэвлэлийнхэн рүү шиддэг болоод уджээ. Тэр тусмаа аль нэг албан тушаалтныг томилж, чөлөөлсөн тухай мэдээллийг таг дарчихдаг. Тухайн өдрийн хуралдаанаас гаргасан аль нэг шийдвэрийг онцолж, холбогдох сайд нь мэдээлэл хийдэг байсан нь ч балрав. Нэгэнт танхимаа төлөөлөн мэдээлэл өгч буй тул тухайн сайдаас өөр бусад шийдвэрийн талаар ч тодруулчихдаг байлаа. Гэтэл цар тахал дэгдсэнээс хойш сайд нар ингэж мэдээлэл өгөх нь нүдний гэм болсон. Уг нь хөл хориотой, сэтгүүлчдийг Төрийн ордонд оруулахгүй байгаа үед мэдээллийнхээ хүртээмжийг харин ч нэмэгдүүлэх ёстой бус уу.
Хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан Ардын намынхан хэвлэлд ээлгүй, улам бүр хаалттай болж буйг Н.Алтанхуягийн Засгийн газартай харьцуулбал илүү тодорхой харагдана. 2012 онд УИХ-ын сонгуулиар АН олонх болж, Засгийн газраа байгуулсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхнийг шаардлагатай мэдээллээр хангаж чаддаг байсныг санахад сайхан байна. Тэрбээр лав л Засгийн газрыг тэргүүлж байх хугацаандаа пүрэв гараг бүр “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтыг тасралтгүй хийж байсан юм. Хагас цагийн хугацаанд сэтгүүлчдийн сонирхсон бүхий л асуултад хариулахыг хичээдэг байлаа. Шаардлагатай бол аль нэг сайдыгаа дагуулаад ирэх жишээтэй. Үүнээс гадна “Сайдын цаг” уулзалтад сайд нар нь ээлжлэн оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг жишиг нэгэнт тогтсон байв. Эл уулзалт, мэдээллийн цаг дараагийн Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед ч буухиалсан юм. Хэн, хэзээ мэдээлэл өгөх нь тодорхой учраас хэвлэлийнхэн ч хэрэндээ бэлддэг байсан юм шүү.
Ер нь ийм жишиг олон улсад ч бий. Жишээ нь, Германы Засгийн газрын жишиг олон улсад үлгэр болдог. Ерөнхий сайд нь бүх сайд нартайгаа тогтсон хугацаанд тогтмол мэдээлэл өгдөг юм билээ. Аль нэг сайд нь сэтгүүлчидтэй хийх эл уулзалтад хүрэлцэн ирэхгүй байх хүндэтгэх шалтгаантай бол өөрийг нь төлөөлөх нэгнийг урьдчилан мэдэгддэг. Удаа дараа уг уулзалтад оролцоогүй тохиолдолд энэ нь тухайн сайдыг огцруулах хүртэл арга хэмжээ авах үндэслэл болдог аж. Сайдыг огцруулж ч мэдэх эл уулзалтад оролцох сэтгүүлчдийн хариуцлага ч өндөр байдаг гэнэ лээ. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой хамгийн оновчтой асуулт бэлдэж, хариултаа тултал авахын тулд эл уулзалт сэтгүүлчдийн хувьд сорилт болдог аж.
УИХ-ын гишүүдийн зүгээс сэтгүүлчдийн талаарх элдэв гомдол Хэвлэлийн албанд нь нэлээд ирүүлдэг гэсэн. Тиймээс ч парламентын үйл ажиллагааг сурвалжлах журмаа шинэчлэхдээ одоогийн хөл хорионоос дутахааргүй хориг, хязгаарлалт тавих гэж буй талаар нэг бус эх сурвалж өгүүлэв. Тухайлбал, тусгайлан тоноглож, тохижуулсан өрөөнөөс л байнгын хорооны болон нэгдсэн хуралдааныг сурвалжилж, сэтгүүлчдийг танхимд биечлэн оруулахгүй болгох талаар ярилцаж буй сурагтай. Гэтэл телевизийнхэн ийм маягаар мэдээллээ бэлтгэдэг болоод нэлээд удаж буй. Сайтар анзаарвал телевизийнхний мэдээндээ ашиглаж буй бүх дүрс адилхан байгаа. Учир нь тэд УИХ-ын Тамгын газраас “нийлүүлдэг” бичлэгийг л ашигладаг болсон. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг сурвалжилж буй бүх сэтгүүлч ямар ч алдаа гаргадаггүй гэж өмөөрөхгүй ч иргэдийн мэдэх эрхийг хангаж, дөрөв дэх засаглалынхан ажлаа хийж, хяналтаа тавихад нь элдэв дүрэм, журмаар хориг, саад битгий тавиач, Ардын намынхаан.