Хэтэрхий баналь буюу энгийн бөгөөд “инээдтэй”, уриа лоозон шиг гарчиг байна гэж битгий чичлээрэй. Бид хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь хөдөлмөрлөхгүй байгаатай холбоотой гэдгийг олон таван үггүйгээр илтгэх үүднээс “идэвхгүй, инээдтэй” гарчиг сонгосон юм. Сэтгэл хангалуун, сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөж, баялаг бүтээх ёстойг хэн хүнгүй ярьдаг, мэддэг. Тэгсэн хэрнээ монголчууд бид өдөрт гуравхан цагийг идэвхтэй ажиллаж, хөдөлмөрлөхөд зарцуулдаг гэсэн албан бус статистик байна. Хөдөлмөрийн хуулиар тогтоосон ажлын найман цагийг төрийн байгууллагынхан хэрхэн өнгөрүүлдгийг эл тоон үзүүлэлт илтгэнэ. Түүнчлэн энэ нь зөвхөн албан хаагчдад бус, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид гээд нийгмийн бүх салбарынханд хамаатай. Ажлын цагийн хуваарийн дагуу өглөөгүүр зах, худалдааны төвүүдээр ороход л монголчууд хөдөлмөрийн цагийг хэрхэн баримталдгийг харж болно.
...Нар дээр хөөрчихөөд байхад л онгойдог жишиг манай нийтийн хоол, үйлчилгээний байгууллагуудын нийтлэг дүр зураг. Ямар сайндаа л өнгөрсөн жил нэг франц жуулчин “Монголд аялах сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өглөөгүүр үйлчилгээний байгууллагууд нь хаалттай байдаг учраас цай, хоолны тухай санах ч хэрэггүй. Бэлэн гоймон зэргээ базаагаад ирээрэй” гэж найз нартаа захих билээ...
2020 оны хувьд монголчууд нийтээр тэмдэглэх 15 баяраар 1-5 хоног амрах хуваарьтай. Үүнээс 12 нь ажлын өдрөөр тохиосон учраас хөдөлмөрлөх цагаа амралтад “булаалгах” нь ойлгомжтой. Амарч, баярлах сайхан л даа. Гэхдээ хязгаар хэрэгтэй. Амарсаар байгаад эдийн засгаа туйлдуулах нь. Хамгийн харамсалтай нь, иргэдийн олонх нийтийн амралтыг дэмжих хандлагатай нь бид ямар залхуу болсныг илтгэнэ.
Залхуу хүн ядуу байх нь ойлгомжтой. Гэтэл төр, засгаас залхуу, ядууг дэмжиж байгаа мэт бүх нийтийн амрах өдрийг нэмсээр ирэв. 2012 оноос хойш ийм өдөр зургаагаар олширчээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил гэхэд л “бурхан багшийн” хэмээх тодотголтой нэг өдөр амрах “дансанд” нэмэгдсэн. Амрах өдөр нэмэгдэхийг албаныхан хэвийн зүйл мэтээр “Монголчуудын нийтээр амрах өдрийг бусад улсынхтай харьцуулахад хэвийн” гэж тайлбарладаг. Тооны хувьд тийм байж болох ч чанарын ялгаа их гэдгийг ойлгох учиртай. Бид хөгжлөөр буурай гэдгээ ойлгох ёстой. Жилд нийтээр амрах өдрийн тоогоороо бид дундаж буюу 27 юм гэнэ.
Монгол Улсын хүн амын гуравны хоёр нь буюу 2.2 сая гаруй нь 15-аас дээш насных. Үүний талаас илүү хувь нь залуучууд. Тэд аливаа “баяр”-ыг хамгийн өргөн, бийлэгжүү тэмдэглэдэг гэсэн судалгаа байна. Энэ бол эдийн засгийн үргүй зардал тэр хэрээр өснө гэсэн үг. Ажиллаж, хөдөлмөрлөхгүй хэрнээ мөнгийг “цацаж”, хөнгөн маягаар амьдрах муу дуурайлыг бид хойч үеийнхэндээ хэдий болтол үзүүлэх юм бэ. Өвөг дээс маань “Уруудахад унтах, идэх” гэж зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай.
Ингэж нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээс гадна бид албан ёсны буюу бямба, ням гарагт амардаг. Ингээд тооцохоор нэг жилд монголчууд хэдэн өдрийг амралттай гэсэн “пайзтай” өнгөрүүлж байна вэ.
Дэлхийн жишгийг харахад, хөгжингүй орнуудад нийтээр амрах баярын өдөр цөөн байдаг аж. Жишээ нь, урд, хойд хөршийнхөн маань 12-14 өдөр бол өндөр хөгжилтэй Шведэд 11 байх юм. Францад ч адил. Францчууд үүрийн таван цагийг бага үд гэдэг нь учиртай. Япончууд жилд 15 өдрийг нийтээр тэмдэглэх баярт зориулдаг аж. Түрүүн хэлсэнчлэн, эдгээр улсад баярын ач холбогдол, үр дүнг тооцоолон, заасан хугацаанд л тэмдэглэдэг бол бид наадам, Цагаан сараар бол заасан хугацааг хэтрүүлэн хэдэн өдөр, сараар сунжруулдаг “сайхан уламжлалтай”.
Бид хөгжлийн тухай ярихдаа гадаад улсуудад харсан, мэдэрснээ жишээ болгох дуртай. Японы метроны буудлуудад үүрийн таван жингээр халуун гоймонгоор үйлчилдэг, БНСУ-ын том худалдааны төвүүд 24 цаг ажилладаг гэхчлэн амаа олохгүй магтдаг. Үнэндээ тэд “Хувийн бизнес юм чинь” гээд монголчууд бидэн шиг үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрээд, албадлагын байдлаар ажилладаггүйд л гол учир нь бий. Ялгаа ердөө л энэ. Өөрөөр хэлбэл, тэд ажиллах, мөнгө олох боломж, цагийг өрсөн “шүүрч”, хөгжлийг хормоор хэмжин, унтах, амрахаа “умартан” хөдөлмөрлөдөг. Гэтэл Монголд 09.00 цагт үйлчилгээгээ эхлүүлдэг дэлгүүр, ресторан, кофе шоп, худалдааны төв, банк хэд байгаа вэ. Нар дээр хөөрчихөөд байхад л онгойдог жишиг манай нийтийн хоол, үйлчилгээний байгууллагуудын нийтлэг дүр зураг. Ямар сайндаа л өнгөрсөн жил нэг франц жуулчин “Монголд аялах сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өглөөгүүр үйлчилгээний байгууллагууд нь хаалттай байдаг учраас цай, хоолны тухай санах ч хэрэггүй. Бэлэн гоймон зэргээ базаагаад ирээрэй” гэж найз нартаа захих билээ. Ийм дүр зураг Монголд ирсэн гадаадын жуулчдыг үнэхээр цочирдуулдаг талаар өчнөөн л сонссон. Жил бүр ийм л байсаар ирсэн. Гэтэл бусад улсын иргэд, бизнес эрхлэгчид нартай уралдан ажлаа эхэлж, орлого, үйлчлүүлэгчдээ “барьж авдаг”. Энэ бол хөдөлмөрийн зах зээл дэх хамгийн наад захын энгийн жор гэдгийг япон, хятад, солонгосчууд хэлдэг.
Бид ядуу амьдарч байгаагаа гайхаж, шүүмжлэх дуртай. Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу л гэнэ. Олон улсын шинжээчдийн тодорхойлсноор, ядууралд хуулийн тэгш бус үйлчилгээ, ажилгүйдэл, засаглалын бүтээлч бус байдал, нөөцийн буруу ашиглалт, дэд бүтцийн тааруу хөгжил, авлига зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Монголын хувьд энэ бүх шалтгаан бий ч залхуу нь ядуурлын нэг том шалтгаан, хөгжлийн чөдөр гэж болно. Ажилгүйдэл гэдгийг хэтэрхий том хүрээгээр бодож, нийгэм рүү хамаг буруугаа чихдэг хүн манайд олширчээ. Монголд ажилгүйдэл их байна л гэнэ. Гэтэл үнэндээ иргэд ажил хийх дургүй байна. Зүгээр сууж байгаад орлоготой болох хүсэлтэй нь олширчээ. “Өдрийн хоолтой, 50 мянган төгрөгийн цалинтай ажилд уриад ч ирэх хүн алга” гэсэн ажил олгогчидтой олонтоо таарч байлаа. Иргэд хоногийн хоолны мөнгөгүй байна гэдэг ч ямар нэгэн тэмдэглэлт өдөр, баяраар алгасахгүй найрладгийг харахад лав ядуу биш гэж дүгнэж болохоор.
Бид ажлын цаг бага гэж гомдолдоггүй хэрнээ ядуу байгаагаа хэдий болтол шүүмжлэх вэ гэдэг нь хамгийн том асуудал болжээ. Ийм байж ядуурлын түвшин тогтоох гэхчлэн сүржин, “даржин” судалгаа хийж, статистик гаргах хэрэг байна уу.
Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ