Дорнын говиос төрсөн хуульчдын нэг Доогийн Тэрбиш гуай Гандантэгчэнлин хийдийн баруун дэнжийн, хүмүүсийн нэрлэж заншсанаар “Модны-2” хэмээх сууцуудын нэгт аж төрж байна. Өдгөө 86 насны сүүдэр зооглож буй ахмад прокурортой уулзаж, амар мэндийг нь мэдэж, ажиллаж байсан үеийнх нь үйл явдал, залууст хүргэх сургаалыг нь сонсохоор зорин очлоо. Монголын прокурорын байгууллагын амьд түүх болсон ахмад прокурорууд эдүгээ цөөхөн үлдсэний нэг нь Д.Тэрбиш аж. Тэрбээр их үерийн жил буюу 1966 онд Улаанбаатар хотод Хууль цаазын дунд сургуулийг онц дүнтэй төгсмөгцөө шууд Улсын прокурорын газрын Шүүхийн хяналтын хэлтэст прокуророор ажиллах болжээ. Түүнийг ажилд ороод удаагүй байхад нь нийслэл тэр чигтээ шахам үерт автсан байна.
Улсын прокурорын газрын Шүүхийн хяналтын хэлтсийн прокурор Улсын дээд шүүхийн Эрүүгийн болон Иргэний коллегийн хуралдаанд төрийг төлөөлөн оролцож, дүгнэлт гаргадаг томоохон эрх эдэлж, үүрэг хүлээдгийг хэн хүнгүй мэднэ. Ийнхүү ажиллаж байхдаа Д.Тэрбиш гуай Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай гэсэн баруун аймгийг давхар хариуцаж, тэдгээрийн Прокурорын газарт хяналт тавьж байснаа хуучилсан юм. “Яагаад таныг Улсын прокурорын газарт шууд ажиллуулсан юм бэ” гэсэн асуултад минь тэрбээр “Хуулийн сургууль дүүргэх үед хоёр ангийн 60 гаруй хүүхэд хамт төгссөн. Би онц сурдаггүй, сайн, онц дүнг тэнцүүхэн авдаг, хичээлд нэг их суудаггүй, тариа, ногоо хураах, барилга, байшин барих, төл бойжуулах зэрэг ажилд их дайчлагдаж, 10-20 хоногоор хөдөө явдаг сан. Манай сургуулийн захирал Мижиддорж гэж хүн байлаа. Дараа нь Лувсандандар гэж хүн болсон юм. Мижиддорж нь Майдар сайдын дүү, Лувсандандар нь Орос дахь манай Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга хийж байсан хүн гэсэн. Намайг сургууль төгсөхөд шууд л ганцааранг минь Улсын прокурорын газарт хуваарилсан. Миний хувьд тэр үед Улаанбаатарт таньж мэдэх хүнгүй, арын хаалга гэж мэдэхгүй л ажилд орж билээ” хэмээн хариулсан юм.
...Биднийг Аж үйлдвэрийн комбинатад аваачлаа. Тэндхийн айлууд үерт автаж, гэрийн бүрээс, туурга, авдар савтай эд зүйлс урсаж байв. Айлуудын ихэнх нь эзэнгүй, хаяа нь онгорхой, шуусан байсан юм. Бид эзэнтэй айлуудаас эхлэн ачиж, тухайн үед айлгүй шахам байсан Яармаг руу нүүлгэсэн. Түүнээс хойш Яармагийн дэнж айлтай болсон доо...
Тэрбээр хуулийн сургуульд суралцахаасаа өмнө Дорноговь аймгийн Ихжаргалан буюу одоогийн Айраг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Аймгийн Намын хорооноос түүнийг дуудаж, Намын хорооны товчооны хурлаар оруулан, нэг л өдөр гэртэй нь ачаад, аймгийн Прокурорын газарт авчирч, чухал хэргийн мөрдөн байцаагч болгосон нь 1960 оны үйл явдал аж. “Мөрдөн байцаагчаар гурван жил гаруй ажиллуулаад сургуульд явууллаа. Дорноговь аймагт мөрдөн байцаагчаар ажиллах үед онц ноцтой гэмт хэрэг их гардаг, малын хулгай, зодооны хэргүүд зонхилдог байв. Тэр үед манай аймгийн Прокурорын газарт гурван мөрдөн байцаагч ажилладаг. Би сүүлдээ хэсгийн прокуророор ажиллаж байгаад Хуулийн сургуульд элссэн юм. Бодвол гайгүй ажилласан юм болов уу даа. Сургуульд сурна гэдэг санаснаар болдоггүй, шууд л томилоод явуулдаг үе байлаа шүү дээ. Аймгийн Прокурорын мөрдөн байцаагч, хэсгийн прокуророор цөөнгүй жил ажиллаад сургуульд явсан минь хуулийн мэргэжил эзэмшихэд ихээхэн дадлага, туршлага болсон. Сургуулиа амжилттай дүүргэж, төрийн дээд байгууллагад шууд ажиллахад хүргэсэнд ах нь төрийн минь сүлд харж, өршөөсөн гэж бурхандаа залбирч явдаг даа. Хуулийн сургууль дөнгөж төгсмөгц Улсын прокурорын газарт шууд ажиллуулсан нь төрөөс надад хүлээлгэсэн өндөр итгэл, найдвар байсан. Үүнийг нь алдахгүйн төлөө миний бие хичээж явсан даа.
Миний ингэж ажилласныг дээд удирдлагууд үнэлж, ажил үйлсээрээ шалгарч, Улсын прокурорын газрын зардлаар 1968 оны зун тэр үеийн ЗХУ-ын Хар далайн (Сочид) эрэгт 14 хоног амрах эрхийн бичгээр шагнасан нь амьдралд минь тохиолдсон хамгийн том шагнал байв. Сургуулиа төгсөөд Улсын прокурорын газарт 1966 оны долдугаар сарын 3-нд томилогдон очлоо. Шүүхийн хяналтын хэлтэст Даваажав гэдэг даргын удирдлагад ажилласан. Тэр хүн Ховд аймгийн харьяат, сайхан ааш зантай дарга байлаа. Намайг Даваажав дарга “Прокурор Хорлоо гэдэг хүн рүү оч” гэв. Тэр нь их хөмсөгтэй, цагаан толгойтой хүн. Тухайн үед Улсын прокурорын газар нь 50 дугаар дэлгүүрийн урд талд байлаа. Ширээ, сандлаа нярваас нь аваад ажлаа эхэлж билээ. Манай хэлтэст Янжмаа, Бүжинлхам, Хорлоо гэсэн гурван прокурор байсан. Бид Эрүү, Иргэний коллегийн шүүх хуралдаанд ээлжлэн оролцдог, хариуцлагатай ажил хийдэг, Улсын дээд шүүхийн шүүгч Лувжир, Дамдин, Лувсаншарав нартай хамт хуралддаг байж билээ. Тэр үед улсын прокурор Д.Ёндондүйчэр гуай, нэгдүгээр орлогч нь Бууралын Жадамбаа, орлогч нь Цэвэгийн Загд нар байв. Мөн Мөрдөн байцаах хэлтсийн дарга Тогоогийн Гомбодорж, түүний өмнө “хар” хэмээх хочтой Р.Сүхбаатар, Тусгай хяналтын хэлтсийн дарга нь Хишигдэлгэр, Ерөнхий хяналтын хэлтсийн дарга нь Батсүх, 1966 оноос Даржаагийн Зундуй, нягтлан бодогч нь Дарьсүрэн зэрэг хүмүүс ажиллаж байлаа” хэмээн Д.Тэрбиш гуай хуучилсан юм.
Нийслэл даяар гамшиг дагуулсан их үерийн үеэр ажиллаж байсан талаараа тэрбээр “1966 оны долдугаар сарын 11-нд Дорноговь аймгийн наадмыг үзчихээд, 12-ны өглөө Улаанбаатарт ирж, наадам үзэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнд очтол нэг ч хүн байсангүй. Наадам ч болсон шинжгүй байв. Маршалын гүүрний доогуур ус урсаад орж ирж харагдлаа. Хойшоо Энхтайваны гүүрэн дээр гартал, хоёр талд нь машин, автобусууд эгнээд зогсчихсон хүмүүсийг ачиж байв. Би ч автобусанд орж, Зүүн Ард Аюушийн гудамжинд байсан, суудаг айлдаа ирлээ. Маргааш нь даваа гараг тул ажилдаа явахаар бэлдэж байтал цагаан хоолойгоор үерийн гамшиг нүүрлэсэн тул хүмүүсийг ажилдаа хурдан оч хэмээн зарласан. Ингээд маргааш нь ажилдаа иртэл 50 дугаар дэлгүүрийн урд цэргийн том ногоон “ЗиС” машинууд эгнээд зогсчихсон, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Цагаанзамын Дүгэрсүрэн сайд ирчихсэн байлаа. Тэрбээр манай газрын бүх хүнийг цуглуулаад “Үер усны аюул тохиолдсон, гамшиг болоод байна, Улаанбаатарынхан дайчлагдах боллоо. Олон айл өрх усанд автаж, тэднийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэж яриад, хувцсаа солих ч завдал өгөлгүй ачаад явсан юм. Биднийг Аж үйлдвэрийн комбинатад аваачлаа. Тэндхийн айлууд үерт автаж, гэрийн бүрээс, туурга, авдар савтай эд зүйлс урсаж байв. Айлуудын ихэнх нь эзэнгүй, хаяа нь онгорхой, шуусан байсан юм. Бид эзэнтэй айлуудаас эхлэн ачиж, тухайн үед айлгүй шахам байсан Яармаг руу нүүлгэсэн. Түүнээс хойш Яармагийн дэнж айлтай болсон доо. Аж үйлдвэрийн комбинат орчмын айлуудыг бас Гурван буудал орчим руу ч нүүлгэсэн. Тэр чиглэлд айлууд сийрэг байж. Улсын прокурорын газрын бүх хүн дайчлагдаж, 3-5 хоногийн турш өдөр, шөнөгүй айл ачиж, буулгав. Үерийн улмаас Улаанбаатар хот даяар цахилгаан тасарч, харанхуй болсон.
Шавар шавхайтай, хот даяар ус урссан маш хүнд нөхцөлд ажиллаж байв. Үерийн улмаас хүнсний хомсдол үүсэж, нэг хүнд нэг кг боорцог, нэг талх өгдөг болов. Сайд, дарга нарын үйлчлүүлдэг 10 дугаар дэлгүүрт тэдэнд 500 гр цөцгийн тос өгдөг байлаа. Улсын ерөнхий прокурор байсан Д.Ёндондүйчир гуай эрхийнхээ дагуу сайд нарын дэлгүүрээс авсан 500 гр цөцгийн тосоо бидэнд авчирч өгч байв. Бидэнд хоол, унд дөхүүлж өгдөг хүн нь Улсын прокурорын нэгдүгээр орлогч асан Бууралын Жадамбаа байлаа. Гэртээ ч харих завгүй, майханд байрлан, өглөөний нарнаас орой харанхуй болтол олон хоног ажилласан даа. Ингээд бодохоор тэр үерийн гамшиг ямар хэцүү байсан нь ойлгомжтой. Майхан барьчихсан, бие засах газар байхгүй. Энд тэндгүй мод босгоод шуудайгаар ороон, бие засах газар хийсэн. Хүний шунал гэж хэцүү. Авдар савтай зүйл үерт урсаж явахад дагаж гүйн, түүнээсээ болж усанд осолдон амиа алдсан тохиолдол ч гарсан гэдэг. Айлын эд зүйл алга болсон тохиолдол зөндөө. Прокурорын ажилтнуудаас надтай цуг ажиллаж байсан Нанзадын Сосорбурам, прокурор Бүжинлхам нар үүнийг сайн мэдэх учиртай. Бүрээсээ шуугаад орхисон айлын хүн бороо намдсан хойно гэрээ эргэхээр ирж, ус туулсан өмдөө гадаа тавиад, наранд хатаахаар орхиход өнөөх нь алга болсон тохиолдол ч бий. Тэр үед хүний эд зүйл хулгайлах, залилах хэрэг олон гарч, хожим нь хүмүүс шийтгүүлж, бид тэр бүхэнд хяналт тавьж шүүх хуралд оролцсон. 1966 оны үерийн улмаас гамшгийг арилгах үед Намын дээд сургуулийн орчимд байшин дээр гарчихсан хүмүүс “Амь авраарай” гэж хашхирч байсан, Налайхаас хотын төв рүү явж байсан автобустай хүмүүс үерт өртсөн. Олон хүн амиа алдсан, яггүй юм болсон. Тэр гамшгийг би биеэрээ мэдэрсэн. 1966 оны их үерийг мэддэг хүн одоо ховор үлджээ” хэмээв.
Улсын прокурорын газарт тэрбээр удаан ажиллаагүй. Гол шалтгаан нь Санхүүгийн техникумд сурч байсан гэргийнх нь эрүүл мэндэд хотын агаар таарахгүй, хэвтэрт ортлоо бие нь муудсан учир арга буюу хүсэлтээ өгч, төрсөн нутаг Дорноговь аймгийн Прокурорын газарт шилжин ажиллажээ. Ингэхдээ нөгөө л Улсын прокурорын газарт байснаараа шүүх хяналтын прокурорын ажлаа үргэлжлүүлсэн байна. Ар гэрийн гачигдлаар ийнхүү шилжин яваад орон нутагт 16 жил уг ажлаа хийсний дараа эрүүл мэнд нь муудаж, нүдний даралтын улмаас хөнгөн ажил хийхээр болжээ. “Би прокурорын байгууллагад нийт 21 жил ажиллахдаа зөвхөн шүүхийн хяналтын прокурорын үүрэг гүйцэтгэсэн. Үүний дараа хөнгөн ажилд шилжин, аймгийн банканд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Дорноговь аймагтаа ажиллах үед хэрэг, зөрчил олон гарсан ч олны анхаарал татсан нь цөөн байв. Гэхдээ тухайн үед худалдааны ажилтан байсан Цэрэнлхам гэдэг хүн 234 000 төгрөг шамшигдуулсан хэрэг гарч дуулиан болсон. Тэр хүн 15 жил хорих ял шийтгүүлэн, ял эдэлж байгаад гарч ирсэн. Их л өндөр настай өвгөн байсан. Улсын прокурорын газарт баруун таван аймаг хариуцан ажиллаж байхад Баян-Өлгий аймагт малын хулгайн хэрэг, бусад аймагт зодоон, цохион л гол төлөв гардаг байв” гэж Д.Тэрбиш гуай ярилаа.
Прокурорын байгууллагад ажиллаж байхдаа тэрбээр 13 жил шүүх, прокурорын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга гэдэг сонгуульт ажлыг хийжээ. Улсын прокурорын газарт ажилд орсон жилдээ л Хүндэт жуух бичгээр шагнуулсан аж. Мөн нэг жилийн дараа Ерөөгийн сангийн аж ахуйд хаврын тариалалтад ажиллахад үед нь “Та хариуцлагатай хүн, бидний ажил хугацаандаа амжихгүй байна. Долоо хоног сунгаад үр суулгаж өгөөч” гэж сангийн аж ахуйн дарга Намсрай хүсэлт тавьжээ. Ингээд хоол, цайгүй шахам ажиллаад сангийн аж ахуйн жуух бичиг, 1500 төгрөгөөр шагнуулж байжээ.
Д.Тэрбиш гуай өдгөө хүргэн, охиныхоо хамт амьдарч буй бөгөөд хүүхдүүд нь эмч, эдийн засагч зэрэг мэргэжил эзэмшин, бүгд тус тусын ажлаа эрхэлж байгаа аж. Хэдийгээр нүдний даралт гэх өвчтэй ч төрсөн нутаг Айраг сумынхаа 90 жилийн ойд зориулж “Миний мэдэх Айраг сум” нэртэй ном бичиж, хэвлүүлсэн байна. Тэрбээр “Монголын прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тухайн үед надтай хамт ажиллаж байсан бүх хүмүүс, тэдний үр хойч, өдгөө энэ байгууллагад ажиллаж буй залуу үеийнхэндээ баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе” хэмээн манай сониноор дамжуулан уламжиллаа.