Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд нь халдсанаа УИХ хүлээн зөвшөөрөөд долоо хонож байна. УИХ-ын тухай хуулийн 38.2 буюу “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” гэх заалтад тавьсан хоригийг нь хүлээн зөвшөөрсөн тул Төрийн тэргүүний таалалд нийцүүлэн засах ёстой. Маргааш өндөрлөх УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ “засвар” багтаагүй тул ирэх намар хийх бололтой.
Жил хүрэхгүйн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусах Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах эрхэд нь халдаж байна гэж үзэж тавьсан эл хоригоос улбаалан Төрийн тэргүүний хувиар түүний санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн, буцаагдсан хийгээд батлагдсан хууль, төслүүдийнх нь талаар нэхэн саная. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Ерөнхийлөгчийн “автор”-той таван хууль, тогтоолын төсөл парламентын босгыг давжээ.
ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ “АВТОР”
“Сайн хүнд садан мундахгүй” гэдэгчлэн “хүүхдийн 20”-д “зохиогч” олон. Тэдний нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай тогтоолын төсөл санаачлан өргөн барьж хэлэлцүүлсэн. Тухайн үед өрхийн амьжиргааны түвшнээс шалтгаалан нийт хүүхдийн 60 хувьд мөнгийг нь олгож байсан юм. Ингээд 2018 оны хоёрдугаар хагас, 2019 онд нийт хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөг олгохоор болж, энэ оны эхнээс хүсэлт гаргасан л бол мөнгөө авч буй. Хэдийгээр Ерөнхийлөгчийн эл төслийг тэр чигээр нь батлаагүй ч өдгөө хүүхэд бүр сар тутам мөнгөө авч байгаа. 2020 оныг дуустал бүх хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг өгнө. Тиймээс ч Ерөнхийлөгч ойрд Эхийн алдар одон гардуулахдаа “Хүүхдийн мөнгө олгох бодлогыг 2005 оноос хойш хэрэгжүүлсэн ч “халамжийг хавтгайруулахгүй” гэх нэрийн дор 2017 оноос хүүхдүүдийг нийгмийн давхаргаар нь ялгаварлан олгохоор шийдвэрлэсэн нь нийгмийн үнэт зүйлсэд ихээхэн зөрчил бий болгосон. Хүн амаа өсгөх, эхчүүдээ дэмжих, хүүхдээр дамжуулан баялгийг хуваарилах бодлого нь тэгш, хүртээмжтэй байх учиртай. Тийм учраас миний бие хууль санаачлах эрхийнхээ хүрээнд 2018 онд төсөл өргөн барьж, урьдын жишгийн дагуу хүүхэд бүрт мөнгө олгох боломж бүрдсэн” гэх зэргээр давтан давтан ярьж явна. Ирэх жилийн сонгууль хүртэл 10 мянга гаруй ээжид одонг нь өөрийн биеэр гардуулах Ерөнхийлөгчийн амнаас энэ мэт үгс салахгүй биз.
ХОЁР УДАА ӨРГӨН БАРЬСАН Ч ХОЛ ЯВААГҮЙ ТӨСӨЛ
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд хоёр ч удаа өргөн барьсан байдаг. Анх зургадугаар сард өргөн барьж хэлэлцүүлсэн ч УИХ төслийг нь буцаасан юм. М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор аравдугаар сард дахин өргөн барив. Уг хуульд Төрийн тэргүүний нэмүүлэх гэсэн заалт нь тун товчхон. Тодруулбал, Валютын зохицуулалтын тухай хуулийн 10-т “Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэх заалт нэмэх төсөл байв. Улмаар Төвбанкны тухай хуулийн зургаад “хуульд тусгайлан заасан тохиолдолд хуулийн этгээдийн дансыг тодорхой нөхцөлөөр өөр дээрээ байршуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн нэмэлт тусгасан төслийг дагалдуулан өргөн барьсан юм.
Монголбанк гадаад валютын их хэмжээний орлого бүхий хуулийн этгээдтэй валют худалдан авахаас бусад хэлцэл хийх эрхгүй байна гэж үзэж, уг төслийг боловсруулснаа хэлэлцүүлгийн үеэр тайлбарлаж байлаа. Цаашлаад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах УИХ-ын ажлын хэсгийн тайланд “Рио тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан гэх мэт дуулиан дэгдэхэд дээрх төсөлтэй холбон нэлээд шуугисан юм даг. Гэвч Ерөнхийлөгчийн санаачилсан болон шинэчилсэн найруулгын төсөл анхны хэлэлцүүлгийн шатанд гацчихсан. Ажлын хэсэг байгуулагдаад л таг чиг. Энэ хуулийн төслийг одоогийн УИХ хэлэлцэх болов уу.
2019.01.04 Өөрийг нь чөлөөлөх хөшүүргийг тусгасан төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив
М.ЭНХБОЛДЫГ ЧӨЛӨӨЛСӨН НЬ
Ерөнхийлөгчийн санаачилсан, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Тамгын газрын дарга З.Энхболд нь 2019 он гарав уу, үгүй юү өргөн барив. Гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналаа УИХ-д албан ёсоор тавьсан бол хэлэлцэн шийдвэрлэх агуулга бүхий төслийг төд удалгүй баталсан. Улмаар М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх саналд 39 гишүүн гарын үсэг зурж, өөрт нь өргөн барьснаар түүнийг “буулгасан”. Тухайн үед УИХ-ын гишүүд Төрийн ордны дотор ч, гадна ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албаа өгөхийг шаардаж байсныг санаж буй биз ээ. Энэ үед Ерөнхийлөгч “Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээнд хүртлээ хурцдаж байгаа энэхүү хямрал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд, тэр дундаа оршин тогтнох, нийгэм, төрийн байгуулал, иргэдийн эрх, эрх чөлөө болон эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц нөхцөлд хүргэж мэдэхээр болжээ” гэх тайлбартайгаар төслөө өргөн барьж байсан юм. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хуулийн төслийг УИХ тэр чигээр нь баталсан цор ганц тохиолдол билээ.
ЭРГЭЖ БУЦАХ ЭНҮҮХЭНД
“Эцэг хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр төслийг Ерөнхийлөгч хийгээд УИХ-ын нэр бүхий 62 гишүүн санаачилж, тэдгээрийг нэгтгэн уялдуулахаар Төрийн тэргүүний ахалсан зөвшилцлийн ажлын хэсэг ажилласан. Эхэндээ гишүүдийн санаачилсан төслийн талаар баахан таагүй үг чулуудаж байсан Төрийн тэргүүн өөрөө Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлан өргөн барихад нь гайхах хүн олон байсан. Гишүүдийн санаачилсан төсөлд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах чиглэлээр тусгасан зохицуулалтуудыг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч төслөөрөө шулуухан илэрхийлсэн. Ерөнхийдөө гишүүдийн санаачилсан төслөөс шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой бүх заалтыг хасах санал гаргасан юм. Харин тэрбээр гэнэт төслөө татан авсан юм даг. Гэсэн ч шүүх засаглалтай холбоотой заалтууд нь гишүүдийн санаачилсан төсөлд анх туссанаараа батлагдаагүй.
2020.04.23 Шүүхийн багц хуулийн төслийг өргөн барилаа
ШҮҮХИЙГ АТГАХ УУ
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл явц дахь Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлах замаар бие даасан байдлыг нь хангах зорилготой зохицуулалтуудыг өнөөгийн Төрийн тэргүүн тууштай эсэргүүцсэн гэхэд болно. Ер нь шүүх засаглалд манай үе үеийн Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөлөл өдөр ирэх тусам нэмэгдэж, түүнийгээ өөр бусад хуулиар баталгаажуулсаар ирсэн нь хараат бус байдлыг нь алдагдуулж, хяналт, хариуцлагыг үгүй хийсэн талаар судлаачид, улстөрчид төдийгүй олон улсын ажиглагчид хэлж ирсэн. Хамгийн сүүлд буюу энэ оны дөрөвдүгээр сард Шүүхийн багц хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн нь ч дээрх хардлагыг лавшруулсан нь нууц биш. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас мөн ийм хуулийн төсөл өргөн бариад байв. Аль аль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг бүхэлд нь шинэчлэх зорилготой. Эдгээр төслийг ирэх чуулганаар хэлэлцэх үед шүүх засаглалыг хэн атгах вэ гэсэн ширүүхэн тулаан өрнөх биз ээ.