“Өрөөлийн мөнгийг өөрийнх юм шиг сэтгэдгийг нь болиулах хэрэгтэй” гэж нэгэн залуу банкир ярьсан юм. Энэ бол банкны хөрөнгө оруулагчдад зориулж хэлсэн үг. Банк бол хөрөнгөтэй хүний хуримтлалыг хүүтэй хадгалаад, мөнгө хэрэгтэйд нь зээлүүлж, дундаас нь ашиг олдог бизнес. Мэдээжийн хэрэг хадгаламжийн хүүгээс зээлийнх нь өндөр байдаг. Банкны нийт хөрөнгийн 30 орчим хувь нь л хувьцаа эзэмшигчийнх. Гэтэл бүх хөрөнгө нь өөрийнх мэт сэтгэж, захиран зарцуулж болохгүй. Зарим банкны эзэд ийм хандлага гаргадгийг тус салбарынхан ярьдаг. Хөрөнгө оруулагч банкнаасаа барьцаа хөрөнгөгүй шахам маш бага хүүтэй зээл авна, түүгээрээ бизнес эхлүүлнэ. Мөнөөх бизнес нь ашиг өгөхгүй байх ч магадлалтай. Тиймээс авсан зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Ингээд банкаа алдагдалд оруулна. Монголд банк дампуурч буй нэг шалтгаан энэ. Ийм тохиолдолд хамаг хэргийг эзэд мандуулж байгаа биз.
Нөгөөх шалтгаан нь менежментийн багтай холбоотойг салбарынхан ярьдаг. Менежментийн багийнхан банкны чанаргүй буюу эргэн төлөгдөхөө больсон зээлийг бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр хугацааг нь сунгадаг гэнэ. Ингэхээр хэвийн зээл мэт харагдана. Үнэн хэрэгтээ эргэж төлөгдөхөө больсон зээл. Энэ маягаар тухайн банкны чанаргүй зээл өснө. Өөрөөр хэлбэл, алдагдал нь далд хэлбэрээр улам нэмэгдээд байна гэсэн үг. Эцэстээ ил гаргахаас өөр аргагүйд хүрнэ. Банкны бүх үзүүлэлтийг үнэн мөнөөр нь тооцож гаргахад банк аль хэдийн алдагдалд орж, дампуурлаа зарлахаас өөр сонголтгүй болсон байдаг. Дараа нь Монголбанкнаас төлөөлөгч томилж, харилцагчдынх нь хохирлыг барагдуулахаар ажиллана.
Манай улсад зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 30 гаруй банк байгуулагджээ. Тэгвэл одоо тэдгээрээс арав гаруй нь үйл ажиллагаа явуулж байна. Бусад нь дампуурсан гэсэн үг. Дээрх хоёр шалтгаан дампуурлынх нь үндэс болсоор иржээ. “Анод”, “Зоос” банк “Монгол газар” компанийн алтны “Олон овоот” төсөлд их хэмжээний зээл олгосон. Тус компани том уурхай байгуулсан ч алтаа олоогүй. Хүмүүсийн хадгаламжийн мөнгөөрөө хоосон шороо зөөгөөд үрэн таран хийсэн. Алт олоогүй учраас зээлээ эргүүлэн төлөх боломж олдоогүй. Ингээд хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжсан хоёр банк дампуурлаа зарлаж, удирдлагууд нь “аавын хаалга” татсан удаатай. Араас нь “Монгол шуудан”, “Хадгаламж” дампуурсан. Саяхан “Капитал” хаалгаа барилаа. Одоо хоёр банкны “бие” муу байгаа гэнэ. Тодруулбал, “Чингис хаан”, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны санхүүгийн үзүүлэлт хууль, журмын шаардлагад нийцэхээ больжээ.
Банк дампуурахад мөнгөө итгэж хадгалуулсан олон хүн ард нь хохирч үлддэг. “Анод”, “Зоос” банканд мөнгөө хадгалуулаад алдсан хүмүүсийн гомдол арван жил өнгөрсөн ч тасраагүй байна. Хамгийн ойрын жишээ гэхэд “Капитал” банк дампуурахад 200 тэрбум төгрөгийн хохирол гарсан. “Капитал”-д хадгалуулснаар Засгийн газрын сангуудын 240 тэрбум төгрөг салхинд хийсэв. Уг банкны бүх хөрөнгийг борлуулж, зээлийг төлүүлээд ч хохирол нь барагдахгүй юм байна. Төр, иргэн, аж ахуйн нэгж 200 тэрбум төгрөгөөр хохирч үлдэнэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын сангуудын мөнгийг салхинд хийсгэсэн хариуцлагыг Монголбанк үүрэх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэн.
Үнэхээр ч олон банк дампуурч, өч төчнөөн иргэн, аж ахуйн нэгж хуримтлалаа салхинд хийсгэсэнд Монголбанкны буруу бий. Тус банк арилжааны банкуудын зохицуулалтыг төрийн нэрийн өмнөөс хийж, хөгжлийнх нь бодлогыг тодорхойлдог. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа, эсэхийг байнга шалгадаг. Хяналт, шалгалтын газарт нь 100 гаруй санхүүч ажилладаг гэсэн. Төвбанк хянаж, шалгаад байхад банк яагаад дампуураад байна вэ. Хяналт, шалтгалтаа хуурамч хийдэг хэрэг үү. Энд ямар нэгэн “но” байна. Харин тэр нь юу вэ. Олж, илрүүлж залруулах ёстой. Тэгэхгүй бол банк дампуурч, хүн санхүүгээрээ, амьдралынхаа боломжоор хохирсоор байх нь.
Монголбанкийг зарим санхүүч “яс баригч” гэж нэрлэх болжээ. Урьд цагт шарил хөдөөлүүлдэг хүмүүсийг яс баригч гэдэг байсан. Тэд банк дампууруулагч гэсэн санааг үүгээр гаргах гэсэн бололтой. Монголбанк банкны эздийн даварсан үйлдэл, менежментийн багийн зальжин ажиллагааг өнгөрүүлээд байдаг. Өөрөөр хэлбэл, толгойг нь илдэг хэрэг. Нөгөөдүүл нь буруу үйлдэл, зальжин ажиллагаагаа улам лавшруулна. Эцэст нь банк алдагдалд орж дампууруулахаас өөр аргагүйд хүрнэ. “Бие” нь муудаж буйг мэдсээр байж дорвитой арга хэмжээ авахгүй явуулсаар дампууруулах хэмжээнд хүргэдэг нь ямар учиртай вэ. Олон улсын валютын сангийнхан “Танайд олон жижиг банк хэрэггүй. Хэдэн том банктай байхад болно” хэмээн зөвлөсөн гэсэн. Тэдний зөвлөгөөг биелүүлэхээр жижиг банкуудыг дампууруулах хорон бодлого хэрэгжүүлдэг юм болов уу. Хүмүүс хохирч байгааг анзаармаар л юм.
Төвбанк дорвитой арга хэмжээ авдаггүй нь улстөрчидтэй холбоотой гэж хардах нь бий. Банкны хувьцаа эзэмшигч, эсвэл хөрөнгө оруулсан компанийнх нь төлөөлөл УИХ-ын гишүүн, сайд, дарга болчихдог. Тэгээд улс төрийн эрх мэдлээр далайлган Монголбанкныханд нөлөөлдөг гэх. Ингэх магадлал тун өндөр. Монголбанк улс төрийн нөлөөнд автаж, нам хүчний аясыг дагаж буй нь илэрхий мэдрэгдэх болсон. Тэгэхээр харилцагчийн эрх ашгийг хамгаалахын тулд улс төрийн нөлөөлөлд автахаас сэргийлэх хэрэгтэй болжээ. Хэрэв улс төрийн нөлөөнд автаж, харилцагчдаа хохирогч болгох эс үйлдэх, буруу шийдвэр гаргасан тохиолдолд Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцдог болъё.
Гэнэт л “Үйл ажиллагаа нь болохоо больжээ. Дампуурууллаа” гэж хэлдгийг болиулах хэрэгтэй. Зохицуулалтын арга механизм нь зөөлдөөд байдаг юм бол чангаруулах шаардлагатай. Уг нь Монголбанк банкуудын хэвийн ажиллагааг хянаж, ямар нэг доголдол гаргавал цаг алдалгүй засуулж, чадахгүй, хүч хөрөнгө нь хүрэхгүй бол дэмждэг баймаар юм. Гэтэл яг яс баригч шиг ажиллаж байна.