АН болон ШИНЭН-ын Хан-Уул дүүргийн хороод орон нутгийн сонгуульд эвсэж оролцохоо өчигдөр мэдэгдэв. Дүүргийн ИТХ-ын 35 мандатын 25-д АН, 10-т нь ШИНЭН-аас нэр дэвшүүлэх сурагтай. Цаашлаад нийслэлийн ИТХ-ын 45 суудлаас Хан-Уулын “квоттой” зургаагийн дөрвийг нь АН, хоёрыг нь ШИНЭН мэдэж нэр дэвшүүлэхээр тохиролцсон аж.
“Угшил” нэгтэй намууд нийлж өрсөлдөх нь. ШИНЭН-ыг “Л.Болд, Ж.Батзандан хоёрын нам” гэж тодотговол илүү олон хүн мэднэ. Парламентыг сөрөг хүчингүй, АН-ыг бүлэггүй болгон байж ШИНЭН-ыг байгуулсан тэдний түүх мартагдаагүй байна.
Тэгээд ч өнгөрсөн сонгуулиар АН-аас бус, ШИНЭН-аас нэр дэвшиж, өвдөг шороодсоныг эс тооцвол Л.Болд Хан-Уул дүүрэгт “босоо” явсан нэгэн. Тэрбээр 2008, 2012, 2016 оны сонгуулиар УИХ-д эл дүүргийнхний элч, төлөөлөгч болон сонгогдсон. Энэ хэрээр дүүргийн АН-ынхан, доод шатныхандаа нөлөөтэй. Тиймээс ч Л.Болд намаасаа гарч, ШИНЭН-ыг байгуулахад АН-ын Хан-Уул дүүргийн хороо хоёр хуваагдсан гэдэг. Тэд эргэн “нэгдэж” байгаа нь энэ. Хувь улстөрчийг дагаж хуваагдсан Хан-Уулын АН-ынхан хэсэг хугацааны дараа нийлж буй хэрэг. Хэзээ салж, “хонь, чоно” болохыг нь хэлэх аргагүй, хэврэг нэгдэл энэ буюу.
СОНГУУЛИЙН ӨМНӨ
Монголын улс төрийн нөлөө бүхий хоёр хүчний нэг АН-ыг хаясан, хөөгдсөн хүмүүс намдаа эргэн ирж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн өмнө АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, бие даан нэр дэвшсэн П.Галиндэв, Д.Сүндий болон Э.Мөнхсайхан, Н.Соёмбо, Б.Хайдавмөнх нарыг нам нь саяхан шинээр бүртгэв. Тэднийг АН-аас 4-8 жилээр хассан шийтгэл нь тус намын гишүүний хувьд хамгийн хүнд “ял”. 2020 оны УИХ-ын сонгуульд П.Галиндэв, Э.Мөнхсайхан, Н.Соёмбо, Б.Хайдавмөнх нар бие дааж, Д.Сүндий “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшсэн учраас намын дарга С.Эрдэнийн тушаалаар ийн хариуцлага тооцсон байдаг. Өдгөө хүчин төгөлдөр байгаа тус намын дүрмийн 3.9.1.19 буюу “Төрийн сонгуульд АН-аас болон сонгуульд хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчтэй бие даан өрсөлдсөн” бол намын гишүүнээс 4-8 жилийн хугацаатай хасах зохицуулалт бий, уг нь. Сонгуулийн ялагдалд хариуцлага хүлээж, албаа өгсөн С.Эрдэнэ эзгүй ч, Үндсэн дүрэм нь хэвээр атал шийтгүүлсэн хүмүүсийг эргэж намдаа авчирч буй нь энэ.
Мэдээж энэ нь орон нутгийн сонгуультай холбоотой. Өөр хоорондоо өрсөлдөж, саналаа хуваалцаж, хүчээ тарамдсан АН-ынхан айсуй сонгуулиар алдаагаа давтахгүйн тулд тэдэнд хошуу дэвсэж буй хэрэг. Үнэхээр ч АН өнгөрөгч сонгуулиар саналаа өгсөн нийт сонгогчийн 44 хувийн дэмжлэгийг авчихаад парламентад ердөө 11 гишүүн буюу 15 хувь ч хүрэхгүй суудалд эзэн суусны шалтгааныг мажоритар тогтолцоотой холбон тайлбарладаг ч өнөөгийн сөрөг хүчин эв нэгдэлтэй байж чадаагүй нь үнэн. Жишээ нь, П.Галиндэв Баянгол дүүрэгт өрсөлдөж, 25.8 мянган хүний санал авсан нь түүний өрсөлдөгч, намынх нь дарга С.Эрдэнийн цуглуулснаас даруй хоёр дахин олон байв. Гэвч тэдний хэн нь ч УИХ-д сонгогдоогүй. Тиймээс ч тарамдсан хүчээ хавсарч, гишүүд төдийгүй ардчиллын төлөөх намуудыг нэгтгэх их үйл хэргийг эхлүүлэхээ АН-ын өнөөгийн удирдлага удаа дараа илэрхийлэх болов.
Гэхдээ энэ бол шинэчлэл биш. Орон нутгийн сонгуулиар дахин ялагдахгүй байх, яаж ахиу суудал авах вэ гэсэн “гал унтраах” маягийн арга хэмжээ. Шинэчлэлийн суурь төдий байж мэдэх ч “АН-ын дотоод ардчилал, үзэл баримтлал, итгэл үнэмшил сэргэж эхэллээ. Залуучуудаа дэмжиж, залгамж халаагаа бэлтгэж байна” гэх нь дэндүү эртэдсэн бөгөөд гоёдсон дүгнэлт. С.Эрдэнэ л эзгүй байгаагаас бус энэ нам урьдынхаараа. Удирдаж байсан хэн нэгэн үгүй боллоо гээд үйл ажиллагаа нь төрөл арилжина гэж найдаж байгаа бол харин ч АН-д гүнзгий өөрчлөлт, шинэчлэл үгүйлэгдэж буй гэсэн үг. Бодлого, шийдвэр нь хэн нэгэн улстөрч, хэсэг бүлгийн оршихуйтай шууд холбоотой байгаа бол АН өнгөрсөн 30 жилийн хугацаанд төлөвшиж, тогтворжоогүйн баталгаа.
Ганцхан жишээ хэлье. УИХ-ын сонгуулиар АН-ыг балбаж, унагах гол шалтаг нь нэр дэвшихээр горилогчдоос цуглуулсан 100 сая төгрөгийн дэнчин байсан. Нэр дэвшсэн хүмүүс нь үүнээс хэд дахин илүүг төлсөн гэдэг. Тэгвэл АН орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр зорьж буй хүмүүсээс 15-20 сая төгрөгийн дэнчин хурааж буй аж. Нэр дэвшихээр болбол кампанит ажлынхаа зардлын 50 хувийг дахин өөрөөсөө гаргах бөгөөд үндсэндээ 30-40 сая төгрөг намдаа хураалгах нь. Дэнчингээ өгсөн атал УИХ-ын сонгуулиар тойроггүй хоцорсондоо гомдож, шаралхагчид энд, тэнд олон зүйл ярьж, МАН-ын “60 тэрбум”-ын гэх тогтолцоог нэвтрүүлж байна хэмээн шүүмжилсэн. Харин одоо мөнгөн дүн нь л багассанаас бус, дэнчин нэрээр мөнгө хураах, бэлтэйд нь үйлчлэх гарааны тэгш бус нөхцөл АН-д оршсон хэвээр. Үүнийг шинэчлэл гэх үү. УИХ-ын сонгуулийн үеэр “АН-ын 100 сая” хэмээн тасралтгүй шүүмжилсэн П.Галиндэв орон нутгийн сонгуулиар эргэж ирсэн намдаа дэнчин тушаах болов уу.
СОНГУУЛИЙН ДАРАА
АН их хурлаа ирэх арваннэгдүгээр сарын 16-нд хийхээр товлосон. Орон нутгийн сонгууль эхэлчихээд байхад намын шинэчлэлийн талаар нухацтай ярих нь түвэгтэй байж мэднэ. Аравдугаар сард болох сонгуулийн дараа алдаа, оноогоо ярилцаж, намын дүрмийн хийгээд удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай эхлүүлнэ гэж байгаа нь нэг талаар зөв биз. Гэвч дотроос ч, гаднаас ч хамгийн их шүүмжлэл дагуулдаг, зарчмын хувьд байж боломгүй дэнчин мэт зүйлсээс татгалзах нь бүү хэл аанай л авч, өгсөөр буй нь энэ намын шинэчлэл их хол байгааг илтгэх мэт.
Нөгөө талаас дараалсан ялагдлын шалтгааныг чигч шударгаар тогтоож, тохирсон шийдэл, шинэчлэлийн эхлэлийг тавьж чадах уу гэдэгт эргэлэзх нэгээхэн шалтгаан нь 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж байна. Ард түмнээс сонгогдож, АН-ын гишүүнчлэлгүй болсон ч Ерөнхийлөгч Х.Баттулга дахин өрсөлдөхийн тулд энэ намаас дэмжлэг авах учиртай. Иймийн тулд намын бүх шатныхныг өөрийнхөө төлөө гар өргүүлэх ёстой. Үүнд нь орон нутгийн сонгууль онцгой үүрэгтэй. Энэ нь АН ирэх дөрвөн жилд хүчтэй сөрөг хүчин байж, үнэмлэхүй олонход хяналт тавьж, цаашлаад дараагийн ээлжит сонгуульд амжилттай оролцох шинэчлэлийн бодлоготой хэр уялдах бол. Магадгүй энэ нь АН-ын шинэчлэлийн өмнө тулгарч буй хамгийн том сорилт байж ч мэднэ. Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн “кампанит ажил” хэдийн эхэлсэн бөгөөд өнөөгийн эрх баригчдын эсрэг АН төдийгүй бусад намыг нэгтгэж эхэлсэн нь нэгэнт ажиглагдах болсон билээ.