“Тусгаарлах зарим байрны нөхцөл тааруу, өвчнөөс хамгаалах бус, харин ч элдэв халдвар тараах эрсдэлтэй” гэсэн гомдол, шүүмжлэл тасрахгүй байгаа Тухайлбал, Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 22-нд ирсэн зарим хүн “Вэнжоу” зочид буудалд тусгаарлагдахгүй хэмээн эсэргүүцэж, зарим нь автобуснаас буухгүй бараг таван цаг болжээ. Гэвч хоол, хүнсгүй, бие засах газаргүй тул аргагүй эрхэд буусан гэнэ. Урьд нь тус зочид буудалд байсан иргэд хоол, бохир орчныг нь шүүмжилж, холбогдох албаныханд гомдол гарган, бас олон нийтэд мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор гадаадаас ирсэн хүмүүс эсэргүүцсэн бололтой. Уг нь иргэдийн гомдлын дагуу Улсын онцгой комисс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан өмнө нь “Вэнжоу”-г шалгаж, шаардлага хүргүүлсэн ч бахь байдгаараа байгааг иргэд онцолсон. Тухайлбал, тэнд тусгаарлагдсан хүмүүсийн хоолноос нь хог, үс, ялаа гарсныг зургаас харна уу.
Түүнчлэн цэргийн амралтын газар хэмээдэг “Багабаян”-д тусгаарлагдсан хүмүүс ч нэлээд бухимдаж байна. Учир нь тус газар халаалт, халуун усгүй, өрөөнүүд нь цэв хүйтэн тул өндөр настай, хүүхэдтэй хүмүүс нэлээд зутарч байгаа гэнэ. Юутай ч иргэд нэлээд асуудал үүсгэсний дагуу тус амралтын газрынхан нүүрс авчирч, гал түлээд, халуун ус, халаалтаа түгээнэ гэж тусгаарлагдсан хүмүүст өчигдөр хэлсэн аж.
Ташрамд дурдахад, манай улс энэ сар гарснаас хойш 13 удаа тусгай нислэг үйлдсэн. Үүнээс гадна ойрын хугацаанд буюу маргааш Франкфурт, нөгөөдөр Сидней, энэ сарын 30-нд Нур-Султан, 31-нд Сиэтлээс иргэдээ татан авах юм. Энэхүү дөрвөн хотоос ирэх зорчигчдыг хаана тусгаарлахыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр мэдээлэв. Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоцны зорчигчдыг “Мичид”, “Намуун”, “Тайж”, “Монголика” зочид буудалд тусгаарлана. Австралиас ирэх хүмүүс “Зүчи”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт байрлах нь. Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирэгсдийг “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудал, “Багабаян” амралтын газарт байрлуулна. АНУ-аас ирэх хүмүүсийг “Кентавр”, “Корпорейт” зочид буудал, “Энхсаран” сувилалд тусгаарлах хуваарь гаргасан байна. УОК-ын Шуурхай штабаас “Бид боломждоо тулгуурлан, суларсан байрнуудад л иргэдийг хүлээн авдаг учир “Энэ зочид буудалд тусгаарлахгүй, өөр газар байрлана” гэх боломжгүй” хэмээн анхаарууллаа.
Бэлтгэсэн: М.Оч