Төсвийн тодотголд 1.2 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас дотоодын зах зээлд арилжихаар тусгажээ. УИХ төсөвт тодотгол хийж, 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай батлахаар зэхэж буй. Тэгэхээр дотоодын зах зээлд гаргасан бондоор төсвийн алдагдлын 30 гаруй хувийг хаана гэсэн үг.
...Банкууд Төвбанкны үнэт цаасыг таван их наяд төгрөгөөр худалдаж аваад буй. Үүний 1.2 их наядаар нь илүү өгөөж өгөх Засгийн бондыг худалдаад авчихад банкуудад л ашигтай. Хоёрдугаарт, Засгийн газар бондын хүүгээ аль болох бага хүүтэй арилжихыг эрмэлзэнэ. Бага хүүтэй арилжих тусам Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөрийн дарамт буурах юм...
Ч.Хүрэлбаатарыг гурван жилийн өмнө Сангийн сайдаар томилоход тэрбээр дотоодын зах зээлд өндөр хүүтэй бонд гаргахаас татгалзана гэж мэдэгдэж байв. Сангийн сайд уг бодлогоо өдий хүртэл баримталсан билээ. Тэрбээр дотоодын зах зээлд өндөр хүүтэй бонд гаргаснаас гадаадын түнш байгууллага, Засгийн газруудаас бага хүүтэй зээл авч, төсвийн алдагдлыг нөхөж, дутагдаж буй санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэх бодлого баримталж ирсэн. Хямд хүүтэй валютын зээл авах нь зөв бодлого байв. Бага хүүтэй санхүүжилт татахаар Засгийн газрын өрийн дарамт нэмэгдэхгүй юм.
Тухайн үед Засгийн газар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дээд тал нь жилийн 18 хувийн хүүтэй бонд дотоодын зах зээлд худалдаж байлаа. Энэ бол маш өндөр хүү агаад арилжааны банкуудын хадгаламжийнхаас ч илүү байсан юм. Ийм өндөр хүүтэй бонд гаргах нь Засгийн газрын өрийн дарамтыг огцом нэмэх нь гарцаагүй. Хэт өндөр хүү амлаж байсан учраас Монгол Улсын Засгийн газрын бондыг гадаадын томоохон банкууд ч сонирхон худалдан авч эхэлсэн удаатай. Иргэд, аж ахуйн нэгжүүд банканд мөнгөө хадгалуулахаас илүү Засгийн газрын бонд худалдан авах сонирхолтой болсон.
Өдгөө эдийн засгийн нөхцөл гурван жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн. Дэлхий дахинд “Ковид-19” өвчин тархаж, эрүүл мэндээс шалтгаалсан эдийн засгийн хямралд нэрвэгдээд байна. Сангийн сайд төсвийн алдагдлын нэг их наяд гаруй төгрөгийг эх үүсвэртэй алдагдал гэж тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, гадаадын зээл, тусламжаар манайд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд гэсэн үг. Үүнээс гадна 1.2 их наяд төгрөгийг нь бонд гаргаж, дотоодын зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлнэ. Үлдсэн нэг их наяд гаруй төгрөгийг нь гадаадаас зээлэх бололтой. Энэ цаг үед Сангийн сайдад төсвийн алдагдлыг бүгдийг нь гадаадаас зээлж санхүүжүүлэх боломж хомс болсон биз. Тиймээс дотоодын зах зээлд бонд гаргахаар шийдсэн бололтой. Нэг талаар гадаадаас мөнгө зээлсэн, дотоодын зах зээлд бонд гаргасан хоёрын зарлага бараг тэнцүү болсон ч байж магадгүй.
Хөрөнгө оруулагчид аливаа шийдвэр гаргахдаа өгөөжийг хамгийн түрүүнд тооцдог. Энэ бол бизнесийн хууль. Засгийн газрын бондыг худалдаж авах, эсэхийг шийдвэрлэхдээ хүү нь хэдэн хувь байх бол гэж харна. Өгөөжийн тооцоо хийж үзнэ. Дараа нь шийдвэрээ гаргана. Монголбанкны бодлогын хүү есөн хувь байгаа. Үүнээс банкууд 25 хувийг нь татварт төлдөг. Ингэхээр банкууд Төвбанкны үнэт цаасыг худалдаж авснаар 6.5 хувийн бодит өгөөж хүртдэг аж. Засгийн газрын бондын хүүгээс татвар хураамж авдаггүй. Үүгээр зогсохгүй компанийн бондтой харьцуулахад зуучлагч байгууллагуудад бага шимтгэл төлдөг журамтай. Тиймээс Засгийн газрын бондын хүү Төвбанкны үнэт цаасны бодит өгөөжөөс арай өндөр байх шаардлагатай.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, “Новел инвестмент” компанийн захирал Д.Ангар “Засгийн газрын бондын хүү долоо хувь байна” гэж таамаглаж буйгаа ярилаа. Тэрбээр “Бараг 6.75 хувь байсан ч банкууд худалдаж авна” хэмээн нэмж хэлсэн юм. Хөрөнгийн зах зээлийн шинжээчид түүнийхтэй ойролцоо таамаг дэвшүүлж байна. Засгийн газрын үнэт цаасны хүү найман хувиас хэтрэхгүй болов уу. Ингэж дүгнэх хэд хэдэн шалтгаан бий.
Нэгдүгээрт, Засгийн газрын бондын хүүг долоон хувиар тогтоовол банкууд уралдаад худалдаж авна. Учир нь Төвбанкны үнэт цааснаас өндөр өгөөж өгнө. Арилжааны банк аль болох өндөр ашиг олохын төлөө ажилладаг тул илүү хүү тооцуулахыг эрмэлзэнэ. Банкууд Төвбанкны үнэт цаасыг таван их наяд төгрөгөөр худалдаж аваад буй. Үүний 1.2 их наядаар нь илүү өгөөж өгөх Засгийн бондыг худалдаад авчихад банкуудад л ашигтай. Хоёрдугаарт, Засгийн газар бондын хүүгээ аль болох бага хүүтэй арилжихыг эрмэлзэнэ. Бага хүүтэй арилжих тусам Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөрийн дарамт буурах юм. Гуравдугаарт, Засгийн газар хэзээ ч дампуурдаггүй. Тиймээс Засгийн газрын бондыг худалдаж авах нь хамгийн найдвартай, эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэгддэг. Энэ онцлог нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг байнга татаж байдаг. Өөрөөр хэлбэл, худалдаж авах сэдэл төрүүлдэг гэсэн үг.
Засгийн газар Төвбанкны үнэт цаасныхаас арай өндөр хүү тогтоож, бондоо арилжина. Бондынх нь гол худалдан авагч банкууд байна гэж таамаглая. Засгийн газрын бондын хүү 7-8 хувьд тогтвол иргэд, аж ахуйн нэгжүүд сонирхохгүй. Арилжааны банкуудын хугацаатай хадгаламжийн хүү 11-12 хувь байгаа. Илүү өгөөж хүртэх учраас тэд арилжааны банканд мөнгөө хадгалж таарна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар блокчэйн технологид суурилсан арилжааны системээр Засгийн газрын бондыг арилжина гэж мэдэгдсэн. ICT группийн залуус блокчэйн технологид суурилсан арилжааны UBEX программыг зохион бүтээгээд буй. Энэхүү программ нь гар утаснаасаа арилжаа хийх боломжийг бүрдүүлсэн, энгийн ойлгомжтой эд. Тус группийн залуус Сангийн яамныхантай хамтран 11 удаа арилжааны туршилт хийсэн. Ингэхэд ямар нэгэн алдаа дутагдал гараагүй гэж ярьсан юм. Гэвч хөрөнгийн зах зээлийн шинжээчид UBEX программаар Засгийн газрын үнэт цаасыг худалдвал үнэт цаасны хадгаламж, арилжааны төлбөр тооцооны байгууллагатай холбоход учир дутагдал гарна гэж хардаж байна. Тиймээс зарим нь Засгийн газрын бондыг Монголын хөрөнгийн биржээрээ дамжуулан худалдах хэрэгтэй гэж үзэж буй.
Уг нь Монголын хөрөнгийн биржийг Сангийн яам 100 хувь эзэмшдэг. Гэтэл өөрийн биржээр Засгийн газрын бондыг арилжихаас татгалзаж буй нь учиртай биз. Ч.Хүрэлбаатар сайд Монголын хөрөнгийн биржийн арилжааны “Миллениум АйТи” системийг үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж үзэн, солих тухай ам ангайсан гэсэн. Тэгээд л өөр сонголт хийж байгаа бололтой. Юутай ч Монголын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын бонд гэсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн эргэн ирэх нь.