Симфони найрал хөгжмийн удирдаачдыг үзэгчид нь, мэргэжлийнхэн ч “Гоё гартай” хэмээх нь бий. Түүнтэй адил боксчдыг тэгж ялгаж болохоор юм шиг. Боксчинтой төдийлөн ойр байж үзээгүй болоод ч тэр юм уу, Сахъяа дасгалжуулагч яриан дундаа хэн нэгэнтэй тулалдах гэж буй мэт өрж, орох, гарах хөдөлгөөн хийх зэрэг нь уран гоё харагдаж байлаа. Монголын нэртэй дасгалжуулагч Монгол дахь үнэн алдартны шашны төв Троицкийн сүмд бокс сонирхогчдод хямд үнээр хичээл заасан шигээ цаг нөхцөөдөг юм байна гэсэн мэдээллийн мөрөөр түүнийг зорьж очсон юм.
Дэлхийн аваргын мөнгөн медальтан төрүүлж, дуулианы эзэн болж байснаа төд удалгүй сураг нь алдарсан багш дүрээрээ байх юм. Танилцаж, учир зорилгоо хэлэх зуур утас нь хэдэнтээ дуугарахад тэрбээр оросоор яриад байлаа. Эрэлт ихтэй бололтой. Сурвалжлагч хүлээлгэсэндээ санаа нь зовсон уу, тайлбарлав. Тэрбээр сүүлийн жилүүдэд боксын секц хичээллүүлж буй юм байна. Нийслэлийн зүүн дүүрэгт байх алтан ганжирт хэмээдэг, оросуудын сүм дэх биеийн тамирын танхимд монголчууддаа, харин дипломатуудын байрны фитнесийн төвд оросуудад боксоор хэрхэн тулалдахыг заадаг аж. Нас, насны шавьтай. Ярьж эхэлмэгцээ “Бокс тоглох гэж ярих нь буруу. Боксоор тулалдах, зодолдох гэнэ. Нүдэлдэх гэсэн ч болно. Мэргэжлийн бокс бол хар үгээр хэлэхэд бараг л алалцаан юм шүү дээ. Оросуудтай ярихдаа “Я играю в бокс” гэвэл шоолно. Хятадаар ч гэсэн тулалдах, зодолдох гэж хэлдэг” гэхэд нь мэргэжилтний, тэр тусмаа мэргэшсэн хүний үг мөн дөө хэмээн бодож байлаа.
Зарим нь Бумсахъяа хэмээн эндүү дууддаг, үнэн хэрэгтээ Н.Бумансахъяа гэдэг нэртэй, нэгэн цагт Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан тэрбээр сүүлийн жилүүдэд хаана байв. Зурагт, сонинд гарахгүй яагаа вэ гэж бодохоор таг чиг байсан. Аргагүй юм байна. Тэрбээр урд хөршид арваад жил ажиллажээ. Эхлээд Шанхай орчмын Анхуи, дараа нь Шанси мужид дасгалжуулагчаар залагдаж. Амьдрал хайж гэх үү, ашиг орлогын илүүг хараад очиж дээ гэж бодож байсан ч сэтгэлийнх нь гүнд гоморхлын манан байгааг олж харсан юм. Асууж, ярилцлаа.
Түүнд цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулан байж олж авсан мэдлэгээсээ тамирчдын хүртээл болгох боломж олдохгүй байжээ. Нугас нуурандаа жаргалтай лугаа адил боксын мэргэжлийн дасгалжуулагч тамирчдад хичээл зааж, тив, дэлхийн рингэд амжилт гаргуулахын төлөө оюун ухаанаа дайчилж байж сая хүн шиг амьдрах нь дамжиггүй юм. 1998 онд УАШТ-ий таван мөнгө, дөрвөн хүрэл, дараа жил нь таван алт, дөрвөн мөнгөн медальтан төрүүлсэн ч мэргэжлийн ид хавыг мэдрэх талбаргүй болсон багш өнөөх лааз өшиглөх гэдэг шиг гараа халаасандаа хийгээд явж байх үед нь буюу 1999 онд БНХАУ-ын Анхуи мужаас дасгалжуулагчаар ажиллана уу хэмээн урьжээ. Тус улсад боксын спорт шинэ тутам агаад дэлхийн түвшинд хөгжүүлэх бодлого эрчимжүүлсэн учраас гадаадын шилдэг мэргэжилтнүүдийг татсан аж. Ийнхүү түүнд Киевийн Биеийн тамирын дээд сургуулийг боксын дасгалжуулагч, багш мэргэжлээр төгсөж, дараа нь эрдмийн ажлын мөр хөөж, ОХУ-ын олон хотоор явж, улсдаа нэртэй дасгалжуулагчдын ажлын арга барил, ЗХУ, Кубын боксын сургалтын техникийг судалсны дүнд энэ спортоор тамирчныг амжилтад хүргэх өөрийн гэсэн технологи боловсруулснаа хэрэгжүүлэх боломж олджээ. Монголд яагаад өмнөх шигээ үргэлжлүүлэн ажиллаж чадаагүй талаар хожуухан дурдахаар азнаад Н.Бумансахъяагийн тамирчин, дасгалжуулагчийн замналын талаар сонирхуулъя.
Багш, шавь хоёр Кубад болсон тус улсын алдарт хувьсгалч Курдава Кардины нэрэмжит олон улсын тэмцээний алт, мөн кубчуудын бахархал, нэрт тамирчин Балладогийн хэмээх үндэсний аварга шалгаруулах, Унгарт болсон ДАШТ-д оролцож явснаа дурссан сайхан үдэш
Сахъяа дунд сургуулийн сурагч байхдаа боксын секцэд явдаг байж. “Алтан үе”-ийн дасгалжуулагчдын нэг Алтанхуягийн удирдлагаар хичээллэсээр УАШТ-ээс хэд хэдэн медаль хүртжээ. Арван жилийн сургуулиа дүүргээд их, дээд сургуульд элсэх шалгалт өгсөн ч бүдэрсэн тул сонирхлоороо II цахилгаан станц болон Толгойт дахь “Бараа бааз”-ын гал командад гал сөнөөгч ажилтай болжээ. Ажлаа хийж, боксоор тулалдаад сэтгэл өндөр байсан ч зөвхөн тамирчин байх нь хангалтгүй санагдсан, бас эрүүл мэндийн шалтгаанаар шалгалт өгч тэнцээд дээд сургуульд сурахаар хойд хөршийг зорьсон юм билээ.
1989 онд сургуулиа онц төгсөөд ирэхэд нь “Дараа жил Багшийн дээд сургуульд боксын анги нээнэ. Та хөтөлбөр боловсруул. Дээд сургуульд багшлах болсон тул нэг жил орон нутагт томилолтоор ажиллана. Дархан руу дасгалжуулагчаар оч” гэжээ. Хугацаатай томилолттой, тодорхой зорилготой залуу боловсон хүчин Биеийн тамирын дээд сургуульд мэдлэг, чадвартай орос багш нараар заалгаж байсных яг л тэндхийн туршлагаар боксын спортын дасгалжуулагч, багш бэлтгэх программ боловсруулаад нийслэлд иржээ. Багшийн дээд сургуульд гурван жил багшлав. Хэзээний мэдэх, танихын хүсэл ихтэй залуу багш аспирантурт сурахаар буцаад Киев хотыг зорьжээ. Эхэндээ тус хотод, дараа нь тухайн үеийн Челябинск, Свердловск, мөн Улаан-Үд хотод хэсэгтээ амьдарч, бэлтгэлийн ачааллыг тохируулах зэрэг янз бүрийн сэдвээр судалгаа хийсэн ч эрж хайснаа олохгүй л байв. Түүнд Куба улсын боксчдын амжилтын нууц юунд байдгийг мэдэх нь хамгаас чухал байжээ. Ер нь боксын сургалтын үр дүн олон жилийн нөр их хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын технологид байдаг аж.
Кубын тамирчдын амжилтын нууц нь боксын спортын америк дэг сургууль, ЗХУ-ын олимпын хөтөлбөрийн төлөвлөгөөний хосолмол арга барилд байсныг тэрбээр тус улсад тамирчнаа сарын хугацаанд бэлтгэх үедээ олж харжээ. Хүн бүрт тохирсон сургалтын арга барил хайж олох хэцүү. Тиймээс тухайн хүнийг, хүүхдийг бие, сэтгэл, байгалийн өгөгдөл талаас нь сайтар судалж, сурсан, мэдсэнээ ашиглан тусгайлсан арга, технологи боловсруулдаг юм байна. Гар утсыг нэг технологиор хэдэн мянга, саяар нь хийж болдог бол тамирчныг энэ маягаар бэлтгэхгүй. Жишээ нь, Э.Бадар-Ууганыг олимпын алтан медальт хүртэл бэлдсэн аргаар өөр хүнийг гаргаж ирэх гэвээс тохирохгүй байж мэднэ.
Н.Бумансахъяа Куба улсын боксчдын амжилтын нууцыг мэдэхэд 10 жил зарцуулсан байна. Тус улс Америкийн колони байсан тул тэнд бокст америк дэг сургуулийн нөлөө хүчтэй байж. Америк нь боксоор дэлхийд “ноён” бөгөөд олимпын боксыг юм гэж үзэхгүй, мэргэжлийн тал руу нь хөгжүүлж, улмаар бизнес болгосон өлгий нутаг. Кубад социализм ялахад 1970-аад оноос орос мэргэжилтнүүд очжээ. Орос олимпын боксын судалгаа, шинжилгээ, түүнд суурилсан сургалтаар тэргүүлэгч гүрэн. Хот бүр шахам боксын спортоор эрдмийн зэрэг хамгаалсан мэргэжилтэнтэй. Тэгэхээр Кубын бокс гэдэг нь америк дэг сургууль, сургалтын орос хөтөлбөр, төлөвлөгөөг хослуулан нутагшуулсан аргачлал аж. Тийм ч болохоор супер тамирчидтай. Нэг дасгалжуулагч нь л гэхэд олимп, дэлхийн 100 шахам медальтан төрүүлсэн байх жишээтэй. Бокст хамгийн гол эзэмших чадвар бол зогсолт, хөдөлгөөн, цохилтын хувилбар юм байна. Америкчууд “тусгай” зогсолттой. Түүнийг “нам зогсолт” гэнэ. Цохилт нь ч олон янз. Манай тамирчид шулуун доороос, хажуугийн гэсэн хэдхэн цохилтыг өөрийн болгосоор ирсэн бол кубууд америк маягаар, монголчилбол цавчиж цохих, ташуурдаж гэж хэлэхээр элдэв төрлийн цохилттойгоор ялгардаг гэнэ.
1990-ээд оноос хойш манай улсад спортын бүхий л салбар хүнд байдалд орж зүг чигээ алдаад байв. Тухайн үед Монголын бокст торойж байсан Т.Үйтүмэн 1996 оны Атлантын олимпод хүрлийн төлөө тулалдаад Америкийн тамирчинд 3:2-оор ялагдсан юм. Энэ тулааныг дасгалжуулагч зурагтаар харжээ. Мэргэжлийн хүний “зовлон” гэх үү, жаргал гэх үү, алдааг нь л ажаад байж. Засаж залруулах юм юу байна, алийг нь өнгөлж тордвол болох юм гэхчлэн судалж байж. Тэр үед тамирчдын амьдрал амаргүй байв. Т.Үйтүмэн зодог тайлах талаар яриад эхлэнгүүт улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон байсан Н.Бумансахъяа түүнд хамтарч ажиллах санал тавихад тамирчин дахин нэг удаа дайраад үзье гэж бодсон уу, зөвшөөрсөн юм билээ. Ингээд багш, шавь хоёр жил гаруй идэвхийлэн ажилласнаар Н.Үйтүмэн дараа жил нь л гэхэд Кубад зохион байгуулсан тус улсын алдарт хувьсгалч Курдава Кардины нэрэмжит олон улсын тэмцээний алт, мөн кубачуудын бахархал болсон нэрт тамирчин Балладогийн нэрэмжит үндэсний аварга шалгаруулах тэмцээнийх нь мөнгөн медалийг хүртжээ. Мөн Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль авав. Ийнхүү багш, шавь хоёрын урам сэргэсээр байжээ. Монголын спортод бүхэлдээ гялайж, гялтайх нь ховор хэвээр байсан тэр жилийн арваннэгдүгээр сард дасгалжуулагч, тамирчин хоёр Унгарын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-ийг зорин очсоноор тамирчин мөнгөн медалийн эзэн болсон түүхтэй. Тэр амжилт Монголын бокст төдийгүй спортын ертөнцөд дуулиан болж, тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, хорхойтнуудын ч сэтгэлийг сэргээсэн үйл явдал болсныг өдгөө тод санаж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Т.Үйтүмэн од болж байхад дасгалжуулагч нь харагдахгүй байв. Унгарт байх үеэс ходоодны шархнаас болж дотуур цус алдсан нь хүндэрсэн тул эх орондоо хөл тавимагцаа тэрбээр эмнэлэгт яаралтай хэвтсэн юм билээ. Одоо бодоход тэр үед амжилт гаргасан тамирчны дасгалжуулагчийг яагаад хэн ч эрж хайгаагүй юм бол.
Хятад дасгалжуулагч Ван Хуитай хамт. 2001 он
Шинэ он гармагц Засгийн газраас спортыг Барууны орнууд шиг клубийн зарчмаар хөгжүүлнэ хэмээн тогтоол гаргаснаар улсын шигшээ баг тарав. Клубийн үйл ажиллагаанд шилжсэнээр дасгалжуулагчид тамирчдаа хувааж авахад Н.Бумансахъяа залуучуудтай ажиллаж эхэлжээ. Насаар арай илүү нь ахмад багш нарын шавь болж. Сахъяа багш залуучуудаа санаснаараа дасгалжуулж, судалгааны ажлаар олж авсан бүхий л мэдлэг, чадвараа зориулснаар 1998 оны УАШТ-ээр таван мөнгө, гурван хүрэл медальтай сууж байв. Алтан медаль үгүй ч нийлбэр дүнгээр багаараа түрүүлжээ. Тэгэхэд “Нэг ч алтан медальгүй баг яахаараа түрүүлдэг юм” гэсэн яриа гарч, улмаар “хэл, ам” болох тийшээ хандаад иржээ. Гэсэн ч багш тоосонгүй, ажлаа хийж байв. Жилийн дараа 1999 оны УАШТ-ээр таван алтан медальтан төрөв. Түрүү жил хүрэл медаль авч байсан шавь нар нь бүгд “мөнгө”-тэй болов. Нийт өсвөрийн таван тамирчин нь мөнгөн медальтан болж, нэг нь хүрлийг хүртэж, амжилт нь эрс ахижээ. Үүнийг спортын зарим зүтгэлтэн Монголын боксын спорт дахь эрс шинэчлэл хэмээж байв. Үндсэндээ тэсрэлт болж. Ер нь спортын аль ч төрөлд УАШТ-ий аварга болсон нь амжилтаа алдахгүй хэдэн жилдээ аваргалах зүй тогтол нийтлэг аж. Гэтэл тэр жил бокст ийм эрс өөрчлөлт гаргахад мэргэжил нэгт нөхөд нь баяр хүргэсэн ч төдийлөн оошоохгүй мэт байхад дасгалжуулагч гайхахын зэрэгцээ сэтгэлээр багагүй унасан юм билээ. Гэхдээ өөртөө бол “Энэ шүү дээ. Кубууд олон улсын тэмцээн болгонд алтыг нь түүгээд байдаг юм билээ. Амжилтын нууц нь өөрийн гэсэн дэг сургууль, сургалтын төлөвлөгөөнд байдаг юм байна. Би баталлаа” гэж хэлжээ. Ийнхүү Н.Бумансахъяа багш дээд сургуульд онолоор олж авсан мэдлэг, эрдмийн ажлын сэдвийн хүрээнд судалгаагаар хайж олсноо практикт нэвтрүүлж, хэрэгжүүлэн, үр дүн гаргаж чаджээ.
Гэсэн ч дээр дурдсанчлан хийсэн ажилтай, хэлэх үгтэй дасгалжуулагчид Монголын боксын холбоондоо ажиллах боломж олдохгүй болохоор нь өмнөд хөршөөс урилга ирүүлэхэд явсан юм билээ. Өөр улсын тамирчдыг амжилтад хүргэх нь ч багш, дасгалжуулагчийн мэргэжлийн эрх ашиг. Ийм л бодол, сэтгэлээр хятад боксчдыг дасгалжуулахад амжилтын чансаа жилээс жилд чангарсаар байжээ. Тухайлбал, боксчин Жан Тао Ази тивийн хоёр удаагийн аварга, БНХАУ-ын спартакиадын хоёр алт, нэг мөнгөн медальтан болоход Монгол Улсын дасгалжуулагч Н.Бумансахъяагийн цээж баяраар бялхаж, магадгүй хацар юугаа нулимсан дуслаар мялаасан ч юм бил үү. Багшаас “Та Хятадын хэдэн тамирчныг амжилтад хүргэж насных нь хоол, хангамжтай залгуулсан бэ” гэж асуухад “Дөрөв” хэмээн маш хурдан хариулсан юм. Мөн тэрбээр “Хятадад тамирчид, багш, дасгалжуулагчдыг хүндлэх гэж жигтэйхэн, санаа зовмоор. Хангамж сайн. Амжилт ахиулах тусам амьдардаг байрны өрөөний тоог нэмдэг. Анх хоёр өрөө байранд байсан бол сүүлдээ таван өрөөтэй болсон” гээд хөхөрч байлаа. Багш өнөөдөр нэгэн үйл явдалд сэтгэл тун хангалуун байгаа нь илт. Түүний гарын шавь, мэргэжлийн боксчин Г.Баяртогтох саяхан тулалдахдаа багшийнхаа удирдлагад бэлтгэлээ базааж, асуухаа асууж, мэдэхээ мэдэж авсанд сүүлийн жилүүдэд мартагнах шахсан мэргэжлийн кайфыг мэдэрсэн гэсэн.
Багшийн яриа тун амттай. Нэгэн цагт орчуулж олны хүртээл болгосон ч өдгөө өөрт нь нэг ширхэг ч үгүй, алдарт боксчин Тайсоны тухай номын тухай ярихад нүд нь гэрэлтээд, юу юугүй өрөөд эхлэх мэт эрэмгий. Сахъяа багшийн сураг алдарчээ хэмээн санатал үгүй аж. Тэрбээр гялалзуур хэвээрээ, дасгалжуулсаар, бэлтгэсээр буй аж.
Багш тэртээ 2000-аад онд залуу тамирчдынхаа ур чадварыг жилийн хугацаанд эрс дээшлүүлсэн арга, технологийнхоо тухай өдгөө ч бодож явдаг юм байна. Тухайн үеийн тэмцээнүүдийг олимп, ДАШТ-ий жижигрүүлсэн хувилбар юм гэж үзвэл тамирчдыг тэр л барилаар эрчимтэй бэлтгэх аваас бүгд амжилт гаргаж чадна гэж үздэг ажгуу.