Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй, 0-17 насны 11 606 хүүхэд байдаг аж. Тэдний 7000 орчим нь сургуулийн өмнөх болон дараах боловсролын байгууллагад хамрагддаг байна. Тэр дундаа 1751 нь тусгай боловсролын сургуульд суралцдаг гэнэ. Улаанбаатар хотод тусгай зургаан сургууль, хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээр нь есдүгээр сарын 1-нд ерөнхий боловсролын бусад сургуулийн адил үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд хичээлийг танхимаар болон зайн сургалтаар явуулах юм байна. Тусгай боловсролын сургуулийн нэг ангид дээд тал нь 15 орчим хүүхэд сурдаг тул ээлжээр хичээллэх асуудал гарахгүй гэнэ. БШУЯ-наас санал тавьж, ЖАЙКА олон улсын байгууллагын тусламжаар харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг 116 дугаар тусгай сургуулийн сурагч, багш нарт сонсдог ном олгохоор болжээ. Багш нар нь бүх хичээлийг нь уншиж, сурагчдад сонсгох боломжтойгоор түгээх юм байна. 116 дугаар тусгай сургууль 120 гаруй сурагч, 70 орчим багш, ажилтантай аж. Өнгөрсөн хичээлийн жилд зөвхөн бага ангийнхан л брайл үсгээр хэвлэсэн номтой байсан бол энэ удаад бүх сурах бичгийг брайл бичигт буулгаж, дунд, ахлах ангийнхыг сонсдог хэлбэрт хөрвүүлжээ.