Бие махбодынх нь аль нэг хэсэг “наалдаж” холбоотой төрсөн ихрийг сиамын хэмээн тодотгодог. Энэ нь нэг өндгөн эсийн үр хөврөл юм. Анагаах ухааны тайлбарласнаар бол өндгөн эс зургаа дахь өдрөөсөө хуваагддаг. Үүнээс хожуу буюу 14-15 хоногийн дараа хуваагдвал сиамын ихэр бүрэлддэг аж. Ийм төрөлт 200 000-д нэг тохиолдолддог байна. Гэхдээ үүний тал гаруй хувь нь амьгүй төрдөг аж. Түүнчлэн нярай сиамын ихүүдийн эсэн мэнд амьдрах магадлал 5-25 хувь гэж үздэг юм байна. Судалгаанд дурдсанаар, ихэнх тохиолдолд (70-75 хувь) сиамын ихэр эмэгтэй байдаг гэнэ.
Аль хэсгээрээ холбоотойгоос нь хамаараад сиамын ихрийг хэд хэд ангилдаг. Торакопаг буюу цээжний хэсэг нь нэг. Энэ тохиолдолд нэг зүрхтэй байна. Ксифопаг нь цээж, өвчүүний мөгөөрсөн эдээрээ нэгдмэл төрснийг нь хэлнэ. Омфалопаг буюу цээжний доод хэсгээрээ нийлсэн ихрүүдийн зүрх тусдаа ч ихэвчлэн элэг, хоол боловсруулах зэрэг эрхтэн нь нэг байна. Илиопаг ихэр нуруу өгзгөөрөө холбоотой бөгөөд тэдний шулуун гэдэс нэг байдаг. Краниопаг ангилалд багтах ихэр гавлын ясаараа нийлсэн бол цефалопаг нь тулгуур яс, толгойгоороо холбоотой аж.
Ийм төрсөн хүмүүст салгах мэс засал хийх боломж тэр бүр байдаггүй, хийсэн ч амьдрах чадваргүй болно. Ийм их эрсдэлийг даван туулж, хагалгааны дараа эсэн мэнд, хэвийн амьдарч байгаа цөөхөн “хос” бий аж.
Сиамын ихрийг салгах мэс заслыг анх 1987 оны есдүгээр сарын 6-нд буюу 33 жилийн өмнө Америкийн Мэриленд мужийн Балтимор хотын эмч нар хийжээ. Толгойгоороо нийлсэн Патрик, Бенжамин Биндер нарын мэдрэлийн эдүүдэд асуудал тулгарсан ч амжилттай салгажээ. Ийм төрлийн хагалгаа хийх боломжтойг баталснаараа энэ үйл явдал түүхэн ач холбогдолтой юм. Патрик, Бенжамин хоёр 1987 оны хоёрдугаар сард мэндэлжээ. Хэвлийд нь сиамын ихэр бүрэлдэж байгааг дуулсан тэдний ээж эхэндээ амиа хорлохыг хүссэн гэдэг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Нэг том толгойтой хоёр бие байхыг хараад би үнэхээр цочирдсон. Яаж амьдарна даа гэж бодсон. Тэгээд тэднийг ч, өөрийгөө ч үгүй хийхийг хүсэж байлаа” хэмээн дурджээ.
Хүүхдүүдийг салгах мэс засал хийхгүй бол хэзээ ч сууж, явж чадахгүй зовно гэдгийг эмч нар эцэг, эхэд нь хэлээд, ийм хагалгааны анхных учраас эрсдэл гарахыг ч сануулжээ. Хөвгүүдэд мэдрэлийн мэс заслын эмч Бенжамин Карсоны удирдсан багийнхан хагалгаа хийжээ. Мэс засалд унтуулгын буюу мэдээгүйжүүлэлтийн найм, мэдрэлийн тав, зүрх, судасны хоёр, гоо заслын таван эмч оролцсон аж. Нярай ихрийн биеийн температурыг 20 градус хүртэл буулгасан бөгөөд энэ нь эмнэлгийн практикт мөн л анхны тохиолдол байлаа. Тус эмнэлгийн хүлээлгийн танхимд хэдэн арван сэтгүүлч, сурвалжлагч хонож, өнжин ихрийн биеийн байдлын талаар мэдээлж байв. Сиамын ихрийг салгах хагалгаа амжилттай болж, долоон сарын дараа эцэг, эх нь хүүхдүүдээ аваад төрөлх Герман руугаа явснаас хойш Б.Карсон эмч холбоо тогтоож чадахгүй нэлээд уджээ. Захидал илгээгээд ч хариу авч чадахгүй байсаар хожим хөвгүүд бие дааж амьдрах чадваргүй, тэнгэнцэртэй байгааг нь мэджээ. Бенжамин хүү хааяахан дуугардаг ч чухам юу гэж байгаа нь үл ойлгогдох бол Патрик огт ярьж чаддаггүй байв. 1993 онд Балтимор эмч хөвгүүд хоолоо өөрсдөө идэж чаддагүй болохыг нь хүнээс сонссон байна. Иймэрхүү байдалтай 30 жил амьдарсан Патрик 2015 онд 27 насандаа хорвоог орхижээ. Бенжамины хувьд дасан зохицох чадвар нь харьцангуй сайн ч ярьж чаддаггүй хэвээр гэнэ. Хөвгүүдийн аав сэтгэлээр унаж, архинд донтсоор нас барсан бол эх нь дахин гэрлэж эрүүл охин төрүүлжээ.
Б.Карсон эмч эл хагалгаанаас хойш дөрвөн удаа сиамын ихрийг салгасан бөгөөд 1997 онд Замбид хийсэн мэс заслаар хоёр тусдаа амьдрах болсон ихэр эгч, дүү өдгөө ч эрүүл, саруул байгаа аж.
НЭГ САЯД ГАНЦ ТОХИОХ АЗ
өгжлийг нь зогсоох боломжтой. Энэ нь хамгийн хүмүүнлэг, энэрэнгүйд тооцогддог. Гэхдээ зарим эцэг, эх хүүхдүүдээ төрүүлэхийг хүсдэг. Ийм шийдвэрт хүрсэн нэгэн гэр бүлийнхэн өдгөө аз жаргалтай амьдарч байна. Лондонд амьдардаг залуу хос Лютер, Нипу Рахман нарт эмч нар хэвлий, цээж хэсгээрээ нийлсэн сиамын ихэр ургийнх нь талаар дуулгажээ. Тэд ямар ч эргэлзээгүйгээр охидоо төрүүлэхийг хүсэж байгааг хэлсэн байна. Охидыг хорвоод мэндлэхэд эмч нар салгах хагалгааны талаар эцэг эхэд нь санал болгов. Гэхдээ амьд үлдэх, эрүүл, саруул амьдрах магадлал нэг саяд ганц тохиохыг ч сануулжээ.
Зургаан долоо хоногтой нярай ихрийг салгах хагалгаа Лондонд болж, эмч, сувилагч, мэргэжилтэн нийлээд 20 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан таван цагийн турш ажиллажээ. Тэр багийхныг Жаннат, Зайнаб охидын хоёр дахь эцэг, эх гэдэг аж. Тус тусдаа амьдралтай охид өдгөө 18 настай. Хэн нь ч харсан сиамын ихэр байсан гэж хэлэх ямар нэгэн ул мөр, сорвигүй гэнэ. Хүүхдийн их эмч болох мөрөөдөлтэй Зейнаб Кэмбрижийн их сургуульд элссэн бол Жаннат Оксфордын их сургуулийг сонгожээ. Тэрбээр хуульч болохоор сурч байна.
ТАНЯ, АНЯ ХОЁР
Хорвоод нэгнээсээ хамааралтай “хэлхээтэй” ирээд, эмч нарын ачаар хоёр тусдаа амьдралтай болсон Таня, Аня хэмээх охид 1990 онд хойд хөршид төржээ. Зургаан сартай ураг нь ихэр, биеийнхээ тодорхой хэсгээр нийлсэн байгааг эмч нар эцэг, эхэд нь хэлээд, үр хөндөхөд нэгэнт оройтсоныг ч сануулжээ. Хэвлийгээрээ “наалдсан” охид мэндэллээ. Тэд нэг элэгтэй байв. Ээж нь эхний хоёр өдөр хүүхдүүдээ харахыг хүссэнгүй. Нөхөр нь эмнэлэгт эхнэрээ эргэн цэцгийн баглаатай ирж, аргадав. Тэрбээр бодит байдлыг төсөөлөхгүй байсан учраас “Охид минь эрүүл. Эмч нар л алдаж, оношилсон байх” гэж сэтгэлээ аргадан байсан гэдэг. Охидоо харсан аав, цэцгийн баглаагаа тэвэрсэн чигтээ эмнэлгээс гүйхээрээ гарчээ. Тэрбээр хэдэн өдөр архи ууж, гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгсөн гэнэ.
Лев Новокрещеновоор ахлуулсан эмч нар Таня, Анч хоёрын хувь заяаг шийдэх мэс засал хийхээр боллоо. Москвагийн том эмнэлгүүдэд сиамын ихрийг салгах хагалгаа хийхээс татгалзсан учир Челябинскийг сонгов. Нэг сарын хугацаанд бэлтгэлээ базаасны эцэс Л.Новокрещенов эмч мэс заслыг эхлүүлэв. Хагалгаа амжилттай болж, хоёр охин эрүүл, саруул бойжиж эхлэхэд эцэг нь эргэн ирсэн ч энэ айлын амьдрал эргэн эвлээгүй аж. Өдгөө Таня, Аня Коркинагийн хэвлий дэх сорви л сиамын ихэр байсныг нь илтгэнэ.
Охидыг сиамын ихэр гэдгийг 10 нас хүртэл нь хүмүүс мэдээгүй байна. Ингэж өссөөр нас, бие гүйцэх үед Таня илүү эршүүд болж, эрэгтэй хүн шиг хувцаслаж, үсээ богино засуулдаг болов. Сонирхол нь ч эрчүүдийнхтэй адил. Харин Аня даашинз, өндөр өсгийтэд дуртай. Тэд хараахан гэрлээгүй бөгөөд сайхан амьдарч байгаа гэнэ.
Бэлтгэсэн: Э.Хана