...УИХ-аас зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг гаргах бололтой. Ажлын хэсгийнхэн эдийн засгийн олон хүчин зүйлийг авч хэлэлцэж байж зөв бодлого боловсруулж таарна. Зээлийн хүүг бууруулах гол гарц бол манай улс руу орох валютын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгаа тогтворжуулан, зээлжих зэрэглэлээ сайжруулах билээ...
УИХ-ын дарга Г.Занданшатар банкуудын удирдлагыг цуглуулж, зээлийн хүүг бууруулах стратегийг тодорхойлсон тогтоол батлуулахаар зэхэж буйгаа дуулгалаа. Эл тогтоолыг энэ сарын 17-ноос эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн, батлуулах гэнэ. Манай улсын арилжааны банкуудын зээлийн хүүгийн дундаж 16-17 хувь байгаа. Энэ бол хөгжингүй орнуудынхтай харьцуулахад хэд дахин өндөр хүү. Бидний эш татах дуртай АНУ, Японд зээлийн хүү жилийн 2-3 хувь байдаг. Зээлийн хүү өндөр байгаа нь үнэн. Гэхдээ хуулиар далайлгаж юм уу, хүчээр бууруулж болохгүй. Хэрэв хууль баталж, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоовол зах зээлээ гажуудуулна. Барьцаа хөрөнгө сайтай томоохон зээлдэгчдэд л банкууд санхүүжилт олгоно. Харин өндөр эрсдэлтэй жижиг зээлдэгчдэд санхүүжилт олдохоо болих юм. Энэ нь мөнгө хүүлэлтийг таслан зогсоох биш, далд байдлаар улам цэцэглэн хөгжих боломж олгох аюултай. Тиймээс зээлийн хүүг бууруулах арга хэмжээг ул суурьтай судалж, зах зээлийн зарчимд нийцүүлэн авах нь зүйтэй.
Манай улсад үйлдвэрлэл эрхлэхэд эхний жилүүдэд тав хүртэлх хувийн ашигтай ажилладгийг судалгаагаар тогтоожээ. Ийм хэмжээний ашигтай ажилладаг үйлдвэрийг жилийн 20 хувийн хүүтэй бизнесийн зээлээр санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Тиймээс үйлдвэрлэл хөгжүүлье, хувийн хэвшлээ хямд санхүүжилтээр дэмжье гэвэл зээлийн хүүг бууруулах шийдлийг олохоос өөр гарцгүй. Зээлийн хүү өндөр байгаа тухай дээр, дооргүй ярьж, хэлэлцүүлэг өрнүүлж буй нь сайн хэрэг. Ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрч байж хүүг доошлуулах гарц шийдлийг олох нь дамжиггүй.
Зээлийн хүү бол тухайн улсын эдийн засгийн эрсдэлийг илэрхийлдэг үзүүлэлт. Тиймээс зээлийн хүүг багасгахын тулд эдийн засгийн эрсдэлээ бууруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тогтвортой өсөлттэй, макро үзүүлэлтүүд нь савлаад байдаггүй эдийн засгийн орчин бүрдүүлбэл зээлийн хүү аяндаа доошлоод ирнэ. Зээлийн хүү өндөр байгаад маш олон хүчин зүйл нөлөөлдөг. “Голомт” банкны ахлах эдийн засагч Г.Ганзориг “Зээлийн эх үүсвэрийг ам.доллароор авч үзье. АНУ-ын Засгийн газар 1.75 хувийн хүүтэй эх үүсвэр татчихдаг. Тухайн улсын зээлжих зэрэглэл AAA. Монгол Улсын зээлжих зэрэглэл В. Ийм зэрэглэлтэй улсын Засгийн газар 7.5 хувийн хүүтэй мөнгө зээлж чадна. Ам.долларын эх үүсвэр татсан ч бид дотооддоо төгрөгөөр зээл олгоно. Ам.долларын эх үүсвэрт 7.5 хувийн хадгаламжийн хүү санал болгож буй бол төгрөгт ийм хэмжээнийхийг санал болгож болохгүй. Хэрэв ингэвэл монголчууд бүгд ам.долларын хадгаламж нээлгэнэ. Сүүлийн 14 жилийн хугацаанд жилд дунджаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг зургаан хувиар суларсан байдаг. Ам.долларын хадгаламжийн хүү дээр төгрөгийн суларсан хувийг нэмэх шаардлага гарна. 7.5 дээр зургаан хувийг нэмэхээр 13.5 болно. Энэ бол төгрөгийн хадгаламжийн дундаж хүү. Үүн дээр санхүүгийн фирмийн үйл ажиллагааны зардал нэмэгдэх учиртай. Манай санхүүгийн салбарт 15 мянган хүн ажиллаж байна. Тэдгээрт цалин олгохын тулд зээлийн хүүг нэг хувиар нэмэх ёстой болдог. Ингэхээр зээлийн хүү 14.5 хувь болно. Хадгаламж татаад Төвбанканд заавал байлгах нөөц байршуулдаг. Татсан мөнгөний 12 хувийг заавал байлгах нөөцөд хадгалуулдаг юм. Ингэснээр зээлийн хүүг ойролцоогоор нэг хувиар нэмдэг. Дээрээс нь зээлийн эрсдэлийн хувийг нэмэх учиртай. Энэ нь бараг гурван хувь байдаг. Бүгдийг нь нийлүүлэхээр зээлийн хүү 17-18 хувьд хүрээд байна” гэж хамгийн гол үзүүлэлтийг маш ойлгомжтой тайлбарласан. Зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд эдийн засгийн үзүүлэлтүүдээ тогтвортжуулах шаардлагатай.
“Голомт” банкнаас зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах стратеги боловсруулсан. Тус банкныхан зээлийн хүүг доошлуулахын тулд валютын орох урсгалыг нэмэгдүүлэх үе шаттай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн “онош” тавьсан юм. УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах стратегийг “Монгол экспорт” хөтөлбөртэй уялдуулна гэж ярьжээ. Өөрөөр хэлбэл, экспортын орлогыг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулна гэсэн үг. УИХ-ын дарга болон “Голомт” банкныхны “онош” таарч байна. Экспортын орлого нэмэгдвэл төлбөрийн тэнцэл ашигтай гарна. Дагаад ам.долларын ханш тогтворжино. Ханш тогтворжихоор импортын барааны үнийн өсөлт саарч, инфляц дээшлэхгүй. Энэ бүгд нь зээлийн хүү буурах зөөлөн дэвсгэр болох юм.
Монголбанкнаас 2018 онд зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулсан. Үүнд заавал авах 11 зорилтыг тусгасан билээ.
Зорилт 1. Инфляцыг тогтвортой, нам түвшинд байлгах-инфляцын зорилтот түвшнийг хангах
Зорилт 2. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах
Зорилт 3. Төсвийн сахилга батыг хангах, макро бодлогын уялдааг сайжруулах
Зорилт 4. Эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх
Зорилт 5. Бодлогын хүүгийн коридорыг ашиглан, хүрэх нөлөөг сайжруулах
Зорилт 6. Санхүүгийн долларжилтыг бууруулах
Зорилт 7. Хүчтэй санхүүгийн системтэй болох, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх
Зорилт 8. Зээлийн мэдээллийн сан, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх
Зорилт 9. Зээлийн эрсдэлийг бууруулах, энэ чиглэлд эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох
Зорилт 10. Банкуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх
Зорилт 11. Төрийн болон санхүүгийн байгууллагуудын засаглалыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах
Төвбанк эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр зээлийн хүү буурна гэж дүгнэсэн. Тэгэхээр хүүг бууруулахын тулд хоорондоо хамаарал бүхий олон арга хэмжээ авч, бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа биз. Зөвхөн Төвбанк, арилжааны банкуудын ч хийх ажил биш. УИХ-аас оновчтой бодлого боловсруулж, Төвбанк, Засгийн газарт хэрэгжүүлэх үүрэг өгөх нь чухал. УИХ-аас зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг гаргах бололтой. Ажлын хэсгийнхэн эдийн засгийн олон хүчин зүйлийг авч хэлэлцэж байж зөв бодлого боловсруулж таарна. Зээлийн хүүг бууруулах гол гарц бол манай улс руу орох валютын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгаа тогтворжуулан, зээлжих зэрэглэлээ сайжруулах билээ. Аргыг нь олохгүй бол албадлагаар зээлийн хүүг бууруулж болохгүй. Олон жил дамжин хэрэгжүүлэх, эдийн засгийн үр ашигтай, оновчтой бодлогын дүн л зээлийн хүү буурна.