Хатуухан хэлье. Хариуцаж, хамгаалж чадахгүй бол төрүүлэхээ байчих. Ингэлээ гээд хүний эрх гэж яаран бүү дүгнээрэй. Эрх гэж дуугарахаасаа өмнө хариуцлага бийг сана. Эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй, хайнга байдлын улмаас олон хүүхэд цаг бусаар хорвоог орхисоор байна. Аав, ээжийн энэрэл, хайр, халамж мэдрэхээр ирсэн бяцхан зүрхнүүдийг гомдол, гунигтайгаар буцааж буй нь дэндүү харамсалтай. Нүхэн жорлонд унаж, усанд осолдож, зам, тээврийн осолд өртөж, галд түлэгдэн, өндрөөс унаж, тэр ч бүү хэл, хамгийн аюулгүй байх ёстой гэрийнхээ орчимд хүүхдүүд автомашинд дайруулж амиа алдах болов.
Ачаа, тээшээ хариуцлагатайгаар “манадаг” хэрнээ үр хүүхдээ хээр орхиод явчихсан тохиолдол гурав хоногийн өмнө гарлаа. Хөвсгөл аймгаас Улаанбаатар луу буцаж явсан хүмүүс 10 орчим настай хүү, охин хоёроо хээр мартчихаж. Азаар тэдэнтэй сайн хүн таарч, автомашиндаа суулгаад явжээ. Тэд хэсэг яваад зам зуурт буусан хүмүүстэй таартал хоёр хүүхдийн аав, ээж, ах, дүү байх нь тэр.
Хамгийн хачирхалтай нь, хүүхдүүдээ хээр орхисноо мэдээгүй гэх тэд “Гэр бүл, хамаатан саднаараа зугаалж явсан учир хүүхдүүдээ аль нэг машинд суусан гэж бодсон” хэмээн биеэ өмгөөлсөн байх юм. Хэрэв хүүхдүүд чонын хоол болж, муу хүмүүсийн гарт орсон бол тэдэнд хэлэх үг олдох байсан болов уу.
Томчуудаас байнга хамааралтай учир хүүхдүүдийг насанд хүрээгүй гэж тодотгодгийг хэлэхэд илүүдэхгүй биз. Өөрөөр хэлбэл, насанд хүртэл нь анхаарч халамжлан, аюулгүй байдлыг хангах нь эцэг, эхчүүдийн үүрэг. Хэдийгээр аав, ээжүүд энэ үүргээ мэддэг ч биелүүлдэг нь цөөн. Манай улсад тийм боломж, бололцоо ч хомс. Залуу хосууд амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд цаг наргүй ажиллаад балчир үрсээ өндөр настай эмээ, өвөө, эсвэл өөр шиг нь хүүхдэд даатган орхих тохиолдол элбэг. Хараа хяналт сул үед хүүхдүүд цонхоор унах, халуун хоол, цайнд түлэгдэх, цахилгаанд цохиулах зэрэг осолд өртдөгийг цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хэлж байна. Тухайлбал, өнгөрсөн сард гэхэд хоёр хүүхэд өндрөөс унаж, нас барсан юм. Эцэг, эхчүүд ахуй орчноо хүүхдэд ээлтэй, аюулгүй болгоогүйн улмаас балчир үрс гэмтэж, амиа алдах нь цөөнгүй. Цахилгааны утасны аюулгүй байдлыг хангаагүй, тэсэрч, дэлбэрэх болон химийн хорт бодис ил задгай орхисноос хүүхдүүд нь хордож, гал түймэрт өртөж эндсээр. Он гарснаас хойш эхний зургаан сард галд 15, усанд 16 хүүхэд амиа алджээ. Мөн халуун хоол, цайнд түлэгдсэн хүүхэд ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт хэдэн зуугаараа өвчиндөө шаналж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 4949 хүн түлэгдэж, эмнэлэгт хандсаны 66 хувь буюу 3247 нь 0-14 насных. Өнгөрсөн онд 6412 хүүхэд түлэгдэж, гэмтсэн гэх мэдээллийг Эрүүл мэнд хөгжлийн төвөөс өгсөн юм. Өөрөөр хэлбэл, нэг хоногт дунджаар 17 хүүхэд “шалзарч” байна гэсэн үг. Түлэгдсэн хүмүүсийн олонх нь хүүхэд, тэр дундаа 0-6 насныхан байгаа нь аав, ээж, асран хамгаалагчийн хараа хяналт сул байгаатай шууд холбоотой. Өвчин, зовлон хэлж ирдэггүй, харин осол гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Урин дулааны цагт гэр бүлээрээ амарч зугаалахдаа сонор сэрэмжээ алдан, үр хүүхдээ гэмтээж, цаашлаад амиа алдахад хүргэсээр байна. Баяр наадмын өдрүүдэд зам, тээврийн ослоор 23 хүн нас барсны гурав нь хүүхэд. Жилд 500 гаруй хүн эл төрлийн ослоор энддэгийн 60 хувь нь аялал, зугаалгатай холбоотой гэх. Амарч, зугаалах гэсэн биш, уй гашууд автаж байгаа нь харамсалтай ч, үүнд монголчуудын хэнэггүй зан, хайхрамжгүй байдал нөлөөлдөг. Үр хүүхдээ дагуулж яваа хэрнээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо муудалцан, зодолдох нь энүүхэнд. Хүүхдүүдийн аян замын хүнс нь хийжүүлсэн ундаа, чипс, хиам зэрэг бэлэн бүтээгдэхүүн голдуу байдаг нь хоол бус. хор болох талтай. Томчуудын дуртай өөх, халуун ногоо ихтэй хоолноос багачууд хордлого авах, гэдэс нь хямрах тохиолдол бишгүй гардаг. Аялж зугаалахдаа өөрийн ая тухыг чухалчилдаг шигээ алаг үрсийнхээ амар тайван, аюулгүй байдалд анхаарах нь нэн чухал.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд зам, тээврийн осолд 819 хүүхэд өртөж, 49 нь амиа алджээ. Энэ оны эхний зургаан сард эл ослын улмаас 34 хүүхэд нас барсан байна. Тэдний 14 нь эцэг, эх, асран хамгаалагчийнхаа хайхрамжгүй үйлдлийн улмаас гэрийнхээ хашаанд байхдаа машинд мөргүүлж, дайруулж хорвоогоос явжээ. Тэд найман сартайгаас найм хүртэлх настай байжээ. Ийм золгүй ослыг Дорнод аймгийнхан удаа дараа гаргасан учир ТЦА-наас орон нутагт нь сургалт зохион байгуулж, эцэг, эхчүүдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэсэн юм. Зам, тээврийн ослоор хүүхдүүд эндэж буй шалтгааныг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Н.Шинэбаатараас тодруулахад “Зам, тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан ба хурд хэтрүүлж онхолдох үед хамгаалах бүс болон зориулалтын суудал хэрэглүүлээгүйн улмаас цонхоор шидэгдсэн байна. 20 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед дайруулсан бол 10 орчим хувь нь явган зорчигч байсан” гэлээ.
Цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага гээд харьяа газрын мэргэжилтнүүд хэвлэл мэдээллээр анхааруулга, сэрэмжлүүлэг байнга өгдөг ч иргэд чихнийхээ хажуугаар өнгөрөөж, үл тоосноос болж золгүй явдал гардаг гэхэд хилсдэхгүй. “Хурд бүү хэтрүүл” гэсээр атал орон нутгийн замд “ниссээр” байна. Гол, усны эрэг орчим бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг анхааруулсаар атал осол эндэгдэл гарсаар байгааг юу гэх вэ. Найз нөхдөөрөө амарч явсан хүмүүс эрэг дээр хөзөр тоглож суутал нэг ойтой хүүхэд нь ус руу мөлхөж ороод эндсэн тохиолдол хэдэн жилийн өмнө гарсан. Яг ийм явдал өдгөө ч давтагдсаар. Голын эрэг дээр тоглож байсан багачууд усанд эндсэн дуудлага цөөнгүй ирж буйг онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн. Гурван сарын өмнө Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байсан дөрвөн настай хүү усанд эндэв. Энэ сарын 14-нд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нууранд 5-8 насны дөрвөн хүүхэд усанд осолдох гэж байсныг цагдаагийн байгууллагын хоёр ажилтан аварсан билээ. Хүүхдүүд нуурын эрэг дээр хийлдэг гудсаар тоглож байжээ. Эцэг, эхийн хараа хяналт сул байсан тул тэднийг хийлдэг гудастайгаа нуурын гүн рүү орсныг анзаараагүй гэнэ. Уг гудсан дээр нь ус тогтчихсон хөмрөх гэж байж. Дөрвөн хүүхдийн амь аварсан цагдаа нар ажлынхаа байранд дөнгөж иртэл тэрхүү нуурт дахин гурван хүүхэд хийлдэг ширдэгтэй хөвчихлөө гэсэн дуудлага ирсэн аж. Амарч зугаалж явахдаа иргэд архидан согтуурч, үр хүүхдээ ийнхүү “гээчихдэг” байна. Мөн хэд хоногийн өмнө Хэнтий аймгийн Биндэр сумд хоёр хүүхэд цахилгаанд цохиулж нэг нь амиа алдсан. Өндөр хүчдэлийн шонгоос унжсан утсанд зэс холбож, гар утсаа цэнэглэх гэж байгаад 15 настай хүү цахилгаанд цохиулжээ. Тэр үед бороо орсон байсан гэнэ. Энэ явдал аав, ээжүүд аюулгүй ажиллагааны талаар хүүхдэдээ багаас нь хэлж, ойлгуулах хэрэгтэйг сануулж байна.
Гэр бүлийнхээ хамт аялж явсан зургаан настай охин энэ сарын эхээр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын угтах хаалганы хөшөө баримлаас унаж, хүнд гэмтсэн. Охины нарийн гэдэс тасарч, их хэмжээний цус алдсан тул сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар мэс засал хийсэн бөгөөд түүнийг ГССҮТ-д онгоцоор авчирсан билээ. Үүнд мөн л эцэг, эх, эргэн тойрных нь хүмүүсийн хариуцлага хөндөгдөнө.
Зуны дэлгэр цагт Тэрэлж дэх амралтын газруудад хөл хөдөлгөөн тасардаггүй. Нялх үрсээ тэвэрсэн, арай томыг нь хөтөлсөн ээж, аавууд хаа сайгүй. Тэндхийн амралтын газруудын ойролцоо асгасан элсэн дээр багачууд өдрийг өнгөрөөнө. Эцэг, эхчүүд хүүхдээ чийрэгжүүлэх гэж элсэн дээр тоглуулах нь элбэг. Ингэхдээ хүүхдийнхээ дэргэд биш, холоос “хянадаг” юм байна. Харахын зуурт л багачууд гол, ус руу орчихдог учир тэнд асгасан элсийг холдуулж, “тоглоомын газар”-ыг буулгах хэрэгтэйг онцгой байдлын аврагчид хэлсэн.
Бидний олонх нь хүүхдээ уйлуулахаас айж, буруу эрхлүүлдэг нь эрсдэл рүү хөтөлж буйг үгүйсгэх аргагүй. Чанар, аюулгүй байдалд нь анхаарахгүйгээр хүссэн бүхнийг нь авч өгдөг талтай. Ялангуяа чанарын баталгаагүй хийлдэг завь, гудас, ширдгээр тоглож буй хүүхдүүд усанд живж эндэх явдал гарсаар байна. Таны хүүхэд цоожтой хаалганы цаана үлдсэн үү, гол, нуурын эрэгт хараа, хяналтгүй тоглож байна уу, асран хамгаалагчгүйгээр зам хөндлөн гардаг уу, гэр оронд тань балчир үрсэд эрсдэлтэй зүйлс бий юү гэдгийг бодож нэг үзээрэй. Хайхрамжгүйн төлөөс нь хүүхэд болох учиргүй.