“Зам, тээврийн осол гаргасан жолооч эрх бүхий байгууллагын албан тушаалтны шийдвэр гарсан тохиолдолд зуун нэгжээр буюу 100 000 төгрөгөөр торгуулдаг. Мөн 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан захирамжийн дагуу таван оноогоо хасуулдаг болсон. Осол гаргасан жолооч нар хоорондоо тохиролцвол дээрх оноог хасуулахгүй, даатгалаа дуудан, хохирлоо барагдуулах боломжтой. Гэвч даатгалын компаниуд цагдаагийн тодорхойлолт шаарддаг. Өнөөх тодорхойлолтыг авахын тулд дээрх торгуулийг төлж, таван оноогоо хасуулна. Хохирлоо барагдуулахын тулд торгуулна, оноо хасуулна гэхээр даатгал жолоочид ашиггүй болж таарч байна” гэж цахим ертөнцөд иргэд үзэл бодлоо илэрхийлжээ. Хэдхэн хоногийн өмнө танил замын цагдаа маань үүнийг батлан “Даатгалын компаниуд иргэдийг хохироодог гэж би боддог. Элбэг тохиолддог нэг жишээ дурдъя. Осол гаргасан жолооч нар хоорондоо тохиролцож, хохирлоо барагдуулахаар даатгалын компанид ханддаг. Хэрэв хохирол нь 300 000 төгрөгөөс бага бол даатгалын компаниуд барагдуулдаг. Харин түүнээс их байвал цагдаагийн тодорхойлолт шаарддаг. Эл тодорхойлолтыг торгуулаад, таван оноо хасуулж байж авна. Мөргөсөн машин нь 400 000 төгрөгийн хохиролтой, мөн осол гаргасан жолооч таван оноотой байлаа гэж бодъё. Жолооч даатгалаас мөнгө гаргуулахын тулд 100 000 төгрөгөөр торгуулж, байгаа таван оноогоо хасуулахын оронд хохирлыг нь хувиасаа төлөх нь дээр гэж үздэг. Энэ мэтчилэн өдөрт хэдэн арван жолооч хохирч буй. Уг нь жолооч эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэнэтийн осол гарвал нөхөн төлбөр авахын тулд жил бүр мөнгө төлж байгаа. Гэвч хэрэгтэй үедээ эл мөнгөө даатгалаас гаргуулж чадахгүй байна” гэсэн юм.
Автомашин, жолоочийн хариуцлагын талаарх зарим дүрмээс дурдъя. Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д “Зам, тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно” гэж заасан байдаг. Эл дүрэмд заасны дагуу осол гаргасан жолооч нар хоорондоо тохиролцож, ослыг баталгаажуулан зураг, бичлэг үйлдсэн тохиолдолд даатгалд хандаж, хохирлоо барагдуулах боломжтой. Тэгвэл даатгалын компаниуд гэрээндээ ч тусгаагүй байж яагаад 300 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хохирлыг барагдуулахдаа цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авчрахыг шаардаад байна вэ. Зарим даатгалын компаниас энэ талаар тодрууллаа. 25 жил үйл ажиллагаа явуулж буй “Бодь даатгал” компанийнхан жолоочийн эрсдэлийн даатгалд нөхөн төлбөр олгохдоо цагдаагийн байгууллагын тодорхойлолт шаарддаггүй гэнэ. Энэ талаар тус компанийн ажилтан “Хэрэв манай үйлчлүүлэгч осол гаргаж, бусдад хохирол учруулсан бол манайх хохирлыг ямар нэгэн тодорхойлолт шаардахгүйгээр барагдуулдаг. Энэ нь бидний үүрэг. Гэхдээ осол гаргасан нь жолоочийн буруу гэдгийг батлах зураг, бичлэг зэрэг нотлох баримт хангалттай байх ёстой” гэв.
Автомашин, жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлдэг “Мандал”, “Практикал” зэрэг компани харин үүнээс өөр байв. Тодруулбал, дээрх байгууллагууд “Ослын хохирол хэдэн төгрөг болох нь хамаагүй. Осол гаргасан, нөхөн төлбөр авах гэж байгаа бол цагдаагийн тодорхойлолт заавал шаардлагатай” гэлээ. Уг нь жолоочоос ямар нэгэн тодорхойлолт шаардах эрх дээрх компаниудад байхгүй аж. Өөрөөр хэлбэл, хохирол их, бага ч бай даатгалын компаниуд тодорхойлолт шаардах эрхтэй гэж хуульд тусгаагүй гэсэн үг. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Даатгалын компаниуд заавал цагдаагийн тодорхойлолт нэхэх албагүй. Хэрэв жолооч ямар нэг зөрчилд холбогдоод, хоорондоо маргалдаагүй, тохиролцсон бол даатгалын компани нөхөн төлбөрийг тодорхойлолт шаардахгүйгээр олгох ёстой. Энэ нь тэдний хуулийн өмнө хүлээсэн үүрэг. Харин цагдаагийн байгууллага осол гаргаж, хариуцлага алдсан жолоочид арга хэмжээ авна. Гэхдээ заавал торгож, оноо хасан, тодорхойлолт үйлдэнэ гэсэн үг биш” хэмээн ярилаа. Даатгалын компаниуд хууль зөрчиж, иргэдийн “Оноогоо хасуулахгүй юм сан” гэх айдсыг ашиглан, хохирлын хэмжээ тогтоож, тэднийг чирэгдүүлж буй нь харамсалтай.
Тэгвэл даатгалын компаниудын заавал шаарддаг, торгуулж, оноогоо хасуулах нөхцөл бүхий тодорхойлолтыг иргэд ямар тохиолдолд авах ёстой вэ. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Б.Зоригоо “Хүний эрүүл мэнд хохирсон, бэртэж гэмтсэн тохиолдол, эсвэл жолооч нар хоорондоо маргаж, хэн нь буруутай вэ гэдгээ мэдэхгүй байвал хуулийн дагуу замын цагдаа дуудах ёстой. Хоёр машин хоорондоо шүргэлцэж, буруутай этгээд нь осол гаргаснаа хүлээн зөвшөөрвөл цагдаа дуудах шаардлагагүй, мөн тодорхойлолт авах хэрэггүй” гэв. Зарим даатгалын компани хуулийн дагуу үүргээ биелүүлдэг бол нэг хэсэг нь иргэдийг хохироож, мөнгө олох хэрэгсэл болгодог нь дээрх баримтаас харагдаж байна.
Хууль бус үйлдэл гаргаж буй даатгалын компаниудад ямар хариуцлага тооцдог талаар Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын зохицуулалтын газрын ажилтнаас тодруулахад “Даатгалын компаниудын харилцагчтайгаа хийж буй гэрээ ялгаатай. Зарим нь 300 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хохирол нөхөн төлүүлэхээр бол цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авчрах хэрэгтэй гэж гэрээндээ тусгасан байдаг. Эл төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд иргэнээс осол гаргасан гэх тодорхойлолт шаардах эрхгүй ч гэрээндээ тусгах тохиолдол бий. Хэрэв тийм байвал бид ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй. Тиймээс иргэд гэрээ байгуулахдаа хууль зөрчсөн заалт байгаа, эсэхийг анхаарах хэрэгтэй. Харин гэрээнд ийм заалт тусгаагүй байхад тодорхойлолт шаардаж байвал манай байгууллагад гомдол гаргах хэрэгтэй. Бид гэрээний нөхцөлийг шалгаж үзэн, даатгалын компанид сануулга буюу үүрэг өгдөг. Харин дараа нь өгсөн үүргийг биелүүлж байгаа, эсэхэд хяналт тавьдаг. Даатгалын компаниуд цагдаагийн тодорхойлолт шаардах эрхгүй гэдгийг иргэд мэдэхгүйгээс болоод хохирох нь элбэг. Тиймээс жолоочийн болон авто замын тухай эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай” хэмээн тэмдэглэв.
Ямартай ч иргэд даатгалын компанитай гэрээ байгуулах, нөхөн төлбөр тооцуулахдаа хууль бус зүйл байгаа, эсэхийг сайтар нягтлах шаардлагатай бололтой. Иргэдийн эрх зүйн дутмаг мэдлэгийг далимдуулж хохирол учруулж буй даатгалын компаниудад хариуцлага тооцохын тулд жолоочийн санал, гомдол чухал үүрэгтэйг Санхүүгийн зохицуулах хорооныхон санууллаа.