Төрийн албанд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа халаасаа түнтийлгэдэг авлигачдыг АТГ-ынхан шалгаж шүүхээр гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор ханддаг. Гэвч тухайн авлигачийн ажиллаж байсан газрын удирдлага нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажил хийж хэрэгжүүлдэггүйгээс удаа дараа гэмт хэрэг гарсаар байгаа юм. Үүний нэг бодит жишээ нь Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) гэхэд хилсдэхгүй.
Тус газрын хэд хэдэн албан тушаалтан АТГ-ын үүдэнд “чулуу няслан сууж”, зарим нь шүүхээс ял шийтгүүлсэн ч эргээд татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж, дахиад л эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулах болсон бодит жишээ бий. Илүүг үл нуршин тус газрын буюу 2012-2016 оны хооронд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ) нэртэй байхад нь эрх бүхий албан тушаал хашиж байгаад авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулсан хүмүүсийн хэргийн талаар сөхье.
ИХШХЕГ-ЫН ДЭД ДАРГА Б.ЦОЛМОНГ САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ ШАЛГАЖ ДУУСЖЭЭ
ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байсан өнөөгийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч тэгсхийгээд хэрэг мартагдсан билээ. Тухайн үед АТГ-аас “ИХШХЕГ-ын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Тэдэнд 2015 оны зургадугаар сарын 9-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн” хэмээн мэдээлж байсан юм. Тэгэхэд ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж болон тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэг нарыг төрийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулж эд хөрөнгө завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийж байсан билээ. Түүнээс хойш энэ хэрэг хэрхсэн нь тодорхойгүй болж, улмаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хаасан гэдэг.
Тэгвэл ИХШХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Цолмонг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шалгаж, бусдад хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. Тэрбээр дээрх ордын тусгай зөвшөөрлийг булаацалдаж буй хятадуудын аль нэгний талынхантай нэлээд эртнээс нөхөрлөж, улмаар тэдний талд ашигтай шийдвэр гаргуулахын тулд ШШҮХ-гийн эрх бүхий албан тушаалтан, садан төрлийнхөө хүнд хахууль өгсөн гэх хэрэгт холбогдоод буй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уг хэргийг шалгаж дуусаад ИХШХЕГ-ын дэд дарга асан Б.Цолмон нарт холбогдох үйлдлийг нь тусгаарлан яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн юм билээ. Тус газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч шүүхээс дахин шалгуулахаар шийдвэрлэсэн ч НПГ-ын хяналтын прокурор Б.Мөнх-Од эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Тус шүүх өчигдөр уг эсэргүүцлийг хэлэлцээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүрийн захирамжийг хүчингүй болгож, шүүх хурлаар хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
2012-2016 оны УИХ, Засгийн газрын үед ИХШХЕГ, өнөөгийн ГИХГ-ыг удирдаж байсан хоёр албан тушаалтнаас гадна тус газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ж.Пунцаг хятадуудаас хахууль авсан хэрэгтээ ял шийтгүүлж байсан нэгэн билээ. Тодруулбал, 2014 оны аравдугаар сарын 2-нд тэрбээр “Си Ар Жи девелопмент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шинээс орчуулагч Жя Рун Линээр дамжуулан таван сая төгрөг авсан хэрэгтээ шүүхээс нэг жил зургаан сар хорих ял шийтгүүлж, төрийн албанд ажиллах эрхээ тодорхой хугацаагаар хасуулж байсан юм. 2014 оны зун бизнес ангиллын виз авч Монгол Улсад ирээд хөдөлмөр эрхэлж байсан, улмаар визийнхээ хугацаагаа хэтрүүлсэн өмнөд хөршийн 14 иргэнийг тэрбээр дахин орж ирэх эрхтэйгээр нутаг буцаасан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. Өдгөө тэрбээр Улаанбаатар төмөр замд эрх бүхий албан тушаал хашиж буй бөгөөд саяхан тагнуулын байгууллагынхан сүр дуулиантай баривчилсан ч хэрхсэн нь тодорхойгүй таг чиг болж, тэрбээр ажлаа хийсээр суугаа билээ.
ХЯТАДУУДЫГ АЙЛГАН ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН БАЙЦААГЧИЙН ГЭМ БУРУУГ ТОГТООВ
“Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог” гэдэг. ГИХГ-ын улсын байцаагч нарын дунд албан тушаалаа урвуулан хэтэвчээ зузаалдаг хүмүүс мэр сэр байж болзошгүйг Д.Мөрөн дарга та анзаарч буй биз ээ. Дээрх хүмүүсийг дурдсаны шалтгаан нь ГИХГ-т авлигын эрсдэл өнөөг хүртэл байж болзошгүйг сануулах гэсэн юм. Эрүүгийн тагнуулын шилдэг ажилтнуудын нэг Д.Мөрөн даргын хувьд хууль бус үйлдэл гаргаж болзошгүй хүмүүсээ хянаж, хазаарлаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ хяналт хаана ч илүүдэхгүй шүү дээ.
Өнөөгийн ГИХГ буюу хуучнаар ИХШХЕГ-ын өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Батзоригийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байна. Тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа өөрийн хууль ёсны орлогоос гадна аавынхаа нэр дээрх ХААН банкны юанийн дансанд 2012-2014 оны хооронд 47 удаагийн гүйлгээгээр 1.4 сая юань буюу 320 гаруй сая төгрөг, Голомт банкны юанийн дансаар дээрх хугацаанд 920 гаруй мянган юань, эхнэр, салсан гэргий гээд бусад хамаарал бүхий хүмүүсийнхээ дансаар нийтдээ 3.5 сая юань буюу 850 гаруй сая төгрөгийн орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдсон аж.
Тэрбээр шүүх хурлын үеэр “Миний хийсэн гэж холбогдоод байгаа гэмт хэрэг нь бизнесийн ажиллагаа байсан. Тэр онуудад хөдөлмөр эрхэлдэг визийн зөвшөөрөл заавал авах ёстой гэсэн Д.Мөрөн даргын тушаал гарсан. Тэрний дагуу хүн болгон тэр визийг авах гэж ямар ч хамаагүй компанид, Монгол Улсад мөнгийг нь тушааж байвал виз олгоё гэдэг зүйл явсан. Одоо энэ хүмүүс нь ашгаа аваад мөнгийг нь яг тушаагаад явсан. Тэр мөнгө нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар луу орсон” гэж мэдүүлжээ.
Харин гэрчүүд нь уг их хэмжээний мөнгө надад хамааралгүй гэж мэдүүлдэг бөгөөд нэг эмэгтэй мэдүүлэгтээ “Их хэмжээний буюу 10 000 юаниас дээш хэмжээтэй мөнгө нь надад хамааралгүй. Энэ мөнгийг би данснаасаа аваад Г.Батзоригийн аавд аваачиж өгдөг байсан. 10 000 юаниас дооших мөнгө нь миний өөрийн хувийн бизнесийн мөнгө” гэсэн байна.
Тэгвэл өмнөд хөршийн иргэд мэдүүлэгтээ “Манай компанийн хятад ажилчид 2013 онд хөдөлмөрийн виз авалгүйгээр ажиллаж байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.Батзориг нь тус зөрчлийн дагуу торгууль тавьдаг. Тэгээд орчуулагчийн хувьд надад хандаж дансны дугаар өгч тухайн дансанд тэдэн юанийн торгууль төл гэдэг. Түүнийх нь дагуу би торгуулийн мөнгийг аваад өгсөн дансанд нь тушаадаг. Тэгээд банкны баримтыг нь Г.Батзориг байцаагчид аваачиж өгдөг байсан” хэмээн мэдүүлсэн бол нөгөө нь “Энэ мөнгийг Г.Батзориг ямар нэг баяр болж байна мөнгө өгөөч, туслалцаа байна уу гээд авдаг байсан. Бид өөрсдөө зөрчилтэй байсан болохоор зөвшөөрөөд өгдөг байсан. Манай компанийн хятад ажилчид хөдөлмөрлөх виз авалгүйгээр Монгол Улсад орж ирсэн байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.Батзориг ажилчдыг маань хар тамга дарж албадан гаргана гэж айлгадаг байсан. Тэгээд би компанийн захирлаас 40 300 юань аваад Г.Батзориг байцаагчтай уулзсан чинь надад нэг жижиг цаасан дээр бичсэн дансны дугаар өгсний дагуу уг дансанд мөнгийг нь хийсэн” хэмээсэн байх юм.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс Г.Батзоригийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон ч өнөөгийн хуулийн практикт том тээг болж буй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай тогтоол өнгөрсөн сарын 10-нд гаргажээ. Ийн шийдвэрлэх болсон үндэслэлдээ шүүгч “шүүгдэгч Г.Батзориг нь 2012 оны тавдугаар сарын 1-нээс 2014 оны зургадугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох тул уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-1.1 дэх заалт, 1.10-2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-1.2, 34.19-1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов” гэжээ.
Мөн “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 22.10-1 дэх хэсэгт “үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хураах” хэмээн хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлсон ч бас л хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүний эрх зүйн байдлыг ямарваа нэгэн хэлбэрээр дордуулж ял, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна.
Уг нь Авлигын эсрэг хуульд нийтийн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг хориглосон байдаг. Мөн хуулийн 34.1-т “Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу шийдвэрлэнэ”, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 31.1 дэх хэсэгт “Энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого буюу тийм орлогын үнийн дүнтэй тохирох үнийн дүн бүхий эд хөрөнгийг хураах” хэмээн зохицуулсан ч шүүх түүнд энэрэнгүй хандсан байх юм. Магадгүй үүнд орон нутгийн, бие биенээ таньдаг байдал нөлөөлсөн байхыг ч үгүйсгэх аргагүй. Тиймээс авлигын гэмт хэргийг шийдвэрлэдэг дагнасан шүүхтэй болбол цагаан захтнуудын улсад учруулсан хохирлыг багасгахад нэмэртэй санагдана.
Бэлтгэсэн: Д.Дайчин