- Хэрэгт холбогдогчдыг нэмж цагдан хорьжээ –
Тагнуулын ерөнхий газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн Мөнгө угаахтай тэмцэх болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасан билээ. Хятадууд “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн өнгөрсөн ес болон аравдугаар сараас хойш сууж байсан юм.
Түүнчлэн “Юнител”-ийн 600 шахам, “Скайтел”-ын 2000 гаруй, “Жимобайл”-ын 8000 гаруй дугаар худалдан авахаар гэрээ байгуулсан байжээ. “Скайтел”-аас “Мөнхдэвжих буян”, “Канкри консалтинг”, “Мультидимэншионал интернэйшнл” гэх компанийн нэрээр гэрээ байгуулж дугаар авах болсон бөгөөд үүрэн холбооны дээрх оператор үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд үнэгүй олгосон юм бай
Манай хууль сахиулах байгууллагынхны явуулсан энэ арга хэмжээ нь ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажиллагаа гэдгийг тагнуулын байгууллагаас онцолж буй. Тодруулбал, Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит хурлаар Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг үнэлж, хяналтад байх орнуудын жагсаалтад оруулах шийдвэр гаргасан юм. Уг жагсаалтад орсноор манай улсын хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай болсон. ФАТФ-аас тус тогтолцоог боловсронгуй болгоход шаардлагатай хэд хэдэн зөвлөмжийг Монгол Улсад хүргүүлсний дунд “Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийг олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагааг нэмэгдүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байх” гэх шаардлага тавьсан. Уг шаардлагын хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд тодорхой ажлууд хийж гүйцэтгэж байна. Үүний нэг нь 2019 оны аравдугаар сарын 29-ний шөнө хэрэгжүүлсэн ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан тусгай ажиллагаа юм.
Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураасан эд зүйлээс харахад, БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валют хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж, тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэж олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдож байна хэмээн мэдээлсэн.
Дээрх 783 хүнийг албадан гаргах болж, улсын хилээр гарган өмнөд хөршийн хууль сахиулах байгууллагынханд албан ёсоор хүлээлгэн өгсний дараахан олон нийтийн сүлжээнд “Хилээр гаргасангүй. Хэн нэг эрх мэдэлтэн Замын-Үүдэд авч үлдсэн” гэх иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл цацсан. Гэвч хуурамч мэдээлэл цацсан тухайн иргэнд өнөөдөр хэн ч хариуцлага тооцсонгүй.
Дээрх хүмүүсийг энэ сарын 4-нд манай хууль сахиулагчдаас БНХАУ-ын Жянсү мужийн болон ӨМӨЗО-ы хууль сахиулах байгууллагынхан хүлээн авч, 7-нд нь Нанжин хотод хүргэн, саатуулан шалгаж байгааг өмнөд хөршийн хэвлэлд мэдээлээд буй. Тэднийг цахим луйврын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна.
Тагнуул, цагдаагийнхны явуулсан дээрх ажиллагааны дараа бид “Зүүн өмнөд Азийн орнуудаас “хөөгдсөн” хятадууд Хөх хот, Эрээний консулаас виз авч иржээ” гэсэн сурвалжилгаар анх мэдээлэл хүргэсэн билээ. Тэр үед ГИХГ-ын дэд дарга Д.Түвшинтөр “Олонх нь Хөх хот дахь Ерөнхий консулын газраас жуулчин ангиллын виз авсан. Зарим нь Эрээн хотын Ерөнхий консулын газраас жуулчин, бизнес ангиллын виз авсан байна. Тэд 30 хоногийн визтэй ирсэн учир манай байгууллагаас урьдчилж зөвшөөрөл авч, ямар нэгэн бүртгэл хийлгэдэггүй” гэж байв. Тэгвэл баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр дээрх 783 иргэнийг 51 аж ахуйн нэгж, 783 хүн урьсан байгаа юм. Тэднээс 636 нь жуулчин, 147 нь бизнес ангиллын виз авч орж иржээ. Үүнээс 614 нь Хөх хотын, 41 нь Бээжингийн, 124 нь Эрээний, дөрөв нь Хонконг дахь Ерөнхий консулын газраас визээ гаргуулсан аж. Ингээд олонх нь Буянт-Ухаагийн шалган нэвтрүүлэх боомтоор манай улсад нэвтэрчээ. Ингэхдээ 700 гаруй нь аравдугаар сараас хойш орж ирсэн сурагтай.
Тийм олон хятад иргэн богинохон хугацаанд орж ирээд юу хийсэн бэ гэдгийг иргэд сонирхож буй. Бид “Зүүн өмнөд Азийн орнуудад ажиллаж байгаад хөөгдөж гарсан санхүүгийн луйвар хийдэг бүлэглэлийнхний нэг хэсэг манай улсад орж ирсэн бололтой” гэх мэдээллийг баттай эх сурвалжуудаасаа авч уншигчдадаа хүргэж байсан. Энэ нь ч шалгалтын явцад тодорхой болоод буй аж. Тагнуул, цагдаагийнхны саатуулсан 819 иргэнээс 13 хүнийг цагдан хорьж, 36 хүнийг бусдын батлан даалтад өгч шалгаж буй юм. Тэднийг шалгах явцад дээр дурдсан зочид буудлуудад байрлан хүчин чадал сайтай компьютер, гар утсуудаа ашиглаж, БНХАУ-ын нутаг дэвсгэрт өргөн ашигладаг сүлжээ болох “Алибаба”, “Табао”, “Вичат”, “Кюү кюү”-гээр дамжуулан цахим худалдааны сайтуудад байгаа бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үйл ажиллагаа явуулах нэрээр халхавчлан ажиллаж байжээ. Тэд дээрх сүлжээнүүдээр БНХАУ-ын чинээлэг иргэдийнг залилан их хэмжээний хохирол учруулж, мөнгө угааж байсан нь тогтоогдсон гэнэ.
“СКАЙТЕЛ”-ЫНХАН ДУГААРАА ҮНЭГҮЙ ОЛГОЖЭЭ
Хятадууд манай улсын гурван үүрэн холбооны операторын 10 000 гаруй дугаартай сим карт, өндөр хүчин чадалтай 900-гаад компьютер ашиглаж, мөнгө угаах, санхүүгийн луйврын гэмт хэрэг өдүүлсэн нь шалгалтын явцад батлагдаж буй. Өмнөд хөршийн 800 гаруй иргэнийг саатуулаад манай хууль сахиулагчид 700 гаруй сая төгрөг, 220 гаруй мянган ам.доллар, 500 илүү мянган хонконг доллар, 92 мянган юань хураан авсан гэдэг. Бас 12 мянга гаруй гар утас, өндөр хүчин чадалтай 900 шахам компьютерыг эд мөрийн баримтаар хураагаад байгаа.
Түүнчлэн “Юнител”-ийн 600 шахам, “Скайтел”-ын 2000 гаруй, “Жимобайл”-ын 8000 гаруй дугаар худалдан авахаар гэрээ байгуулсан байжээ. “Скайтел”-аас “Мөнхдэвжих буян”, “Канкри консалтинг”, “Мультидимэншионал интернэйшнл” гэх компанийн нэрээр гэрээ байгуулж дугаар авах болсон бөгөөд үүрэн холбооны дээрх оператор үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд үнэгүй олгосон юм байх. Уг гэрээг байгуулсан эхний компанийн хувьд үүсгэн байгуулагч, удирдлага нь нэг хүн байдаг аж.
Харин “Жимобайл”-аас 8000 гаруй дугаар авахдаа 30 гаруй сая төгрөг “Мөнхдэвжих буян”, “Мультидимэншионал интернэйшнл”-ийнхэн төлсөн гэх. Хятадууд үүрэн холбооны анхдагч “Мобиком”-ынхныг яагаад үл ойшоов гэх асуулт зарим хүний дунд байсан. Тэгвэл хятадуудын толгойлогч нар өнгөрсөн наймдугаар сард Монголд ирээд манай үүрэн холбооны дөрвөн операторын үнэ ханш, интернэтийн хурд гээд олон зүйлийг судалсан гэнэ. Улмаар “Мобиком”-ынх бусдаасаа үнэ өндөртэй гэж үзсэнээс сонгоогүй гэсэн тайлбар өгсөн гэх мэдээллийг эх сурвалжууд дурдав. ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл ч Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “ТЕГ болон ЦЕГ-ын ажилтнууд өнгөрсөн наймдугаар сараас мэдээлэл авч, хятад иргэдийн хийж буй үйлдэл, үйл ажиллагааг хянаж ирсэн. Хятадын хэсэг иргэн манай улсад орж ирээд цахим орчинд ажиллах нөхцөл, боломжийг судалж байв. Тиймээс цаашид энэ асуудал хэрхэн өрнөхийг ТЕГ-аас тасралтгүй ажигласан. Тэднийг зохион байгуулж, зочид буудлуудад байршуулж байгаа хүн нь ч тодорхой болсон” хэмээн ярьсан билээ.
Хятадуудыг зохион байгуулж, Монгол Улсад нэвтрэх виз авахад нь тусалсан 51 компанийн дийлэнх нь өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай байгаа нь шалгалтын явцад тодорхой болсон аж. Түүнчлэн 86-66 УА..., 57-89 УА..., дугаартай “Лексус-570”, 99-66 УА... дугаартай “Ланд круйзер-200” автомашиныг хэрэгт холбогдогчдыг зохион байгуулан, удирдсан хүмүүсийнх байж болзошгүй хэмээн саатуулсан бөгөөд бүгд дээр дурдсан нэгэн компанийн эзэмшилд бүртгэлтэй байж. Харин “Тоёота Алпард” загварын хоёр машин нь иргэн М-ын нэр дээр бүртгэлтэй, бас л дээрх хятадуудын толгойлогч нарт үйлчилж байсан гэнэ.
Түүнчлэн ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав “Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүрэн холбооны оператор компани болон хятадуудын байрлаж байсан таван зочид буудлыг шалгана” хэмээн мэдээлж байсан. Тэгвэл хятадуудын байрлаж байсан зочид буудлуудын нэг нь үйл ажиллагаагаа явуулаад эхэлснийг зарим мэдээллийн хэрэгсэл онцолж байгаа.
Хууль сахиулагчид өмнөд хөршийн 13 хүнийг цагдан хорьж, 36 хүнийг батлан даалтад байлган, байцаасан бол хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, цагдан хорьсон хүний тоо нэмэгдэж 20-д хүрсэн юм байна. Тэднээс хоёр нь манай улсын иргэн байгаа билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа