АНУ-ын Өрнөд Виржини мужийн Фействилл хотод 1945 оны арванхоёрдугаар сарын 24-25-ны шөнө түймэр гарах үеэр гэртээ байсан нэг айлын таван хүүхэд сураггүй болсон аж.
Соддерынх гэдэг айл хоёр давхар модон байшинд суудаг байв. Хүүхдүүд 1946 онтой залгах шинэ жилийн баярыг хүлээж байлаа. Эгч Мэрионыхоо авчирч өгсөн тоглоомоор тоглохыг ээж нь таван хүүдээ зөвшөөрөхдөө унтахаасаа өмнө үхэртээ өвс өгч, тахианы байрыг хаахыг Луис, Морис хоёрт сануулжээ. Ах нь болох Жон, Жорж хоёр унтахаар гэрийнхээ дээвэр лүү гарчээ. Тэд энэ өдөр нүүрс зөөх жижиг аж ахуй эрхэлдэг аавдаа тусалсан аж. Эднийх 10 хүүхэдтэй бөгөөд ууган Жо нь 21 настай, Дэлхийн II дайны жилүүдэд армид алба хаагаад халагдаж ирээгүй байлаа.
Энэ шөнө эзэгтэй Женни Соддер утаа үнэртэж, гурав дахь удаагаа сэрэв. Гэр нь галд автжээ. Тиймээс тэрбээр харилцуур утсандаа хүрч чадсангүй. Женни өрөөндөө гүйн орж, нөхрөө сэргээн, доод давхарт буйдан дээр унтсан Мэроныг дуудаж, дараа нь шат руу дөхөж очоод хөвгүүд рүүгээ хашхирав. Жорж, Жон хоёр сэрээд шатаар доошиллоо. Жон дүү нарынхаа унтаж буй өрөө рүү хашхирч, түймэр гарсныг дуулгаад түүнийг унтраах гэж байгаа аавдаа Жоржтой хамт туслав. Женни, Мэрион, Сильвия гурав яаж ч чадахгүй, гэр нь галд хэрхэн автаж буйг гаднаас нь харж зогсоно. Соддер дээвэр дээр байгаа хүүхдүүдээ аврахаар байшин руугаа орохын тулд гараа зүсэн байж цонхоо хагалсан ч гал, утаа нэвт цоргиж, юу ч үл харагдана. Хоёр настай Сильвия, 17 настай Мэрион, 23 настай Жон, 16 настай бага Жорж гээд дөрвөн хүүхэд нь галын аюулаас хол, 14 настай Морис, 12 настай Марта, есөн настай Луис, найман настай Женни, тавтай Бэтти нар нь гэрийнхээ хоёрдугаар давхарт, одоо гал нөмөрчхөөд байгаа хоёр өрөөнд үлдсэнийг мэдэж байв. Хоёрдугаар давхрын цонхоор орох санаатай байнга гадаа нь байдаг шатаа хайтал яагаад ч юм бэ, алга болчихож. Тэгэхлээр ачааны хоёр машиныхаа нэгэн дээр гарч дээд давхрын цонх руу дөхье гэтэл машинууд нь асаж өгсөнгүй. Мэрион гал сөнөөгчдөд хандахаар хөрш рүүгээ очсон ч утсаар ярьж чадсангүй. Өөр нэг хөрш нь түймэр гарсныг хараад ойр байх зоогийн газрын утсаар ярьсан ч нөгөө алба нь хариу өгсөнгүй.
Түймэр унтраах хэсэг уг нь Соддерын гэрээс хоёр хагас милийн зайтай байдаг юм санж. Тэгсэн хэрнээ тэндхийн хүмүүс 08.00 цагт л арай гэж хүрч ирэв гэнэ. Гал сөнөөгчдийг ирэхэд хоёр давхар байшин ердөө овоолоостой үнс болсон байх нь тэр. Албаны дарга нь машин барьж чадахгүй тул жолоочоо хүлээж цаг алджээ. Шинэ жилийн баяр болж, залуучууд нь дайнд явснаас Түймэртэй тэмцэх алба хүн хүч муутай, байгаа хэд нь ажил мэргэжилдээ тааруу, сайн дурынхан байсан аж.
Жорж Соддер 1895 онд Италийн Сардинид төрж, 1908 онд 13 настайдаа Америкт цагаачилж ирсэн хүн юм. Тэгээд Пенсильванид төмөр замд ажилд орж, ажилчдад хүнсний зүйл өгдөг байж. Хэдэн жил болоод Баруун Виржинид шилжиж, эхлээд жолооч хийж байснаа ачаа зөөдөг компанитай болж, сүүлдээ нүүрс зөөх болжээ. Улмаар эцэг, эхтэйгээ Италиас ирсэн Женни Чиприани гэдэг охинтой танилцан, гэрлэж, 1923-1943 оны хооронд 10 хүүхэдтэй болсон гэнэ. Жорж Соддер бизнесээс авхуулаад тухайн цагийн улс төрийн үйл явдлын талаар бусадтай санаа бодлоо ил тод солилцдог хэрнээ залуу насныхаа тухайд амнаасаа үг унагахдаа хойрго нэгэн байв. Энэ түймэр гарахаас хоёр сарын өмнө Соддерынхныг хүүхдүүдээ даатгуулахыг тэндхийн нэг ажилтан санал болгоход зөвшөөрсөнгүй. Уг нь гэрээ даатгуулжээ. Нөгөө ажилтан “Гэр чинь шатаж, хүүхдүүд чинь амиа алдана шүү” хэмээн анхааруулсан гэнэ. Энэ үгээ Соддерынхон дарангуйлагч Муссолинигийн талаар хэлсэн муу үгтэй холбож тайлбарлажээ. Жорж үнэндээ дарангуйлагчид таагүй ханддагаа нуудаггүй, улс төрийн байр суурийнх нь талаар хүмүүстэй ярилцахдаа гашуун үг хэлчихдэг болохоор энэ хүний заналхийлэлд бодолтой хандсан байна. Ажил эрсэн нэг хүн тэдний гэрийг тойрч харснаа цахилгаан холболтын хоёр хамгаалагч нь түймэр гаргаж болзошгүйг анхааруулсан тул тэр бүхнийг засуулжээ. Мэргэжилтнүүд үзээд одоо гал гарах аюулгүй гэж хэлж. Шинэ жилийн өмнө хичээлээ тараад харьж яваа дүү нарыг нь нэг хүн ихэд анхааралтай хараад байсныг Соддерын том хүү санасан байна. Түймэр гарах үеэр эрээд олоогүй шат нь байдаг газраасаа нэлээд холдсоныг сүүлд нь мэджээ.
Түймэр дээврээс нь эхэлсэн гэдэгт гэрийн эзэн, эзэгтэй хоёр эргэлзэхгүй байлаа. Тухайн үед энэ айлын хажуугаар өнгөрч явсан шөнийн ээлжийн автобусны жолооч дээвэр лүү “галтай бөмбөлөг” шидэх хүмүүсийг харснаа хэлсэн аж.
Түймрийн дараа гүймэгхэн нэгжлэг хийхэд араг яс олдох болов уу гэсэн чинь хэдэн яс, дотор эрхтний хэсэг төдийхнөөс хэтэрсэнгүй. Юу олсноо ч гэрийнхэнд нь хэлсэнгүй, харин түймрээс үлдсэн юманд гар хүрэхгүй байхыг хүсэв. Таван хүүхдийг шатаж амиа алдсан гэж үзэж байлаа. Түймрийн үед хөршүүд ойр байсан бөгөөд гал дунд дээд давхрын цонхны нэгэнд хүүхдийн царай харагдсан гэж тэдний нэг хэлсэн ч бага насны хүүхдүүд халж, утаа үнэртэхээрээ нуугдчихдаг гэж шинжээч мэдэмхийрсэн гэнэ.
Хүүхдүүдийнх нь цогцос олдохгүй байгаад Жорж, Женни хоёр гайхна. Тэднээс нь ер юу ч үлдээгүйг тэд ойлгохгүй байв. Гал хэрхэн нөлөөлдгийг харах гэж Женни тахиа, үхэр, гахайн яс, булууг шатааж, туршилт хийж үзжээ. Тэгээд яс шатаад алга болчихдоггүйг мэдэв. 2000 градусын температурт шарилыг хоёр цаг шатаахад ч яс үлддэгийг мэргэжилтэн түүнд хэлсэн аж.
Алга болсон хүүхдүүдийг түймрээс хойш харсан хүмүүс гарч ирлээ. Нэгэн зочид буудлын дарга түймрийн маргааш нь тэднийг харсан гэнэ. “Би тэдэнд өглөөний цай өгсөн. Зогсоол дээр Флоридагийн дугаартай машин байсан” гэж тэрбээр цагдаа нарт хэлжээ. Хүүхдүүдийн зураг сонинд нийтлэгдсэн байхыг үзсэн эмэгтэй түймэр гарснаас долоо орчим хоногийн дараа таван хүүхдийн дөрвийг нь харсан аж. Тэдэнтэй хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүн хамт явсан, бүгд итали хүмүүс” гэж тэр ярьсан байна. “Тэд манай зочид буудалд шөнө дунд ирж, олон ортой том өрөөнд орсон. Би хүүхдүүдтэй үг солих гэж оролдсон ч томчууд нь зөвшөөрөөгүй. Эрчүүдийн нэг нь над руу муухай харснаа цааш эргэж даруй италиар ярьж эхлэв. Би ч эвгүйрхэж, дахиад юу ч хэлээгүй. Маргааш нь тэд өглөө эрт явсан” гэж зочид буудлын дарга хэлсэн аж.
Жорж, Женни хоёр таван хүүхэд нь алга болсон талаар 1947 онд Холбооны мөрдөх товчоонд захидал бичиж, Эдгар Гуверээс хариу авчээ. Түүнд “Та бүхэнд тус хүргэхийг хүсэвч уг асуудал нь орон нутгийн шинж чанартай учраас манай товчоо шийдэх боломжгүй” гэжээ. Гувер тухайн орон нутгийн эрх баригчид зөвшөөрвөл ХМТ-ны ажилтнууд тусалъя гэсэн ч Фействиллийн цагдаа, Гал түймэртэй тэмцэх алба халгаагаагүй аж. Гэлээ ч ХМТ энэ хэргийг мөрдөн шалгах ажилд 1950 онд орсон бөгөөд 1952 онд зогсоосон байна.
Соддерынхон цөхөрсөнгүй, хувийн мөрдөгч С.С.Тинслид хандав. Түймэр унтраах албаны дарга Ф.Ж.Моррис үнс нурмаас юу ч олдоогүй гэж баталсан ч “зүрх” олоод, саванд хийж булсан тухай мөрдөгч сонссон байв. Тэгээд Ф.Ж.Моррисоор тэр газрыг заалгаж, хоёул тэр савыг ухаж аваад шинжээчид үзүүлтэл дотор нь байгаа юм галд өртөлгүй үлдсэн үхрийн элэг гэж хэлжээ. Үүнтэй холбоотойгоор ямар нэг сэг зэмийн зүйл үзээд Соддерын гэр бүлийнхний сэтгэл эрх биш тайвширч, мөрдөн шалгах ажиллагаа ч зогсоно гэх горьдлогоор Ф.Ж.Моррис зориуд ийм юм хийсэн гэх яриа гарсан байна.
Жорж Соддер нэг удаа Нью-Йоркийн сурагчдын зураг сонинд гарсан байхыг үзээд тэдний дунд охин Бэтти нь байна гэдэгт эргэлзсэнгүй. Тэгээд Манхэттенд очсон ч охины эцэг, эх нь түүнтэй ярилцахаас татгалзжээ. Соддерынхон 1948 оны наймдугаар сард түймэр болсон газарт шинээр эрэл хийхээр шийдэж Вашингтоноос судлаач Оскар Хантерыг урьсан аж. Тэгээд нурууны хэдэн яс шинжлүүлсэнд тайлбар ирүүлсэн гэнэ. “Энэ хүн амиа алдахдаа 16-17 настай байж. Дээд тал нь 22-оос илүү гарахгүй. Ямар ч байсан 14 настай хүний (алга болсон хүүхдүүдийн ахмад) яснаас илүү хөгжсөн” гэжээ. Тэр хэдэн яс галд өртсөн гэх шинж тэмдэг байсангүй. “Маш нарийн чанд эрсэн ч энэ хэдээс өөр ямар ч яс олдоогүй нь тун хачирхалтай” гэж дүгнэлтэд бас өгүүлжээ.
Энд бичсэнээр дөрөвхөн нуруу биш, таван хүүхдийн бүгдийнх нь хэлхээ яс байх ёстой аж. Түүгээр ч барахгүй Жорж хүүхдүүдээ зориулж хөшөө босгохдоо байшингийнхаа доод хонгилыг шороогоор дүүргэхэд түүнтэй хамт ачигдаж ирсэн байх магадлалтай гэж дүгнэлтэд бичсэн байж. Гэхдээ үнэнийг тогтоох оролдлого “найдваргүй” тул хэргийг хаалаа хэмээн зарлав. Жорж, Женни хоёрын санаа яахан амрах вэ, тэд хүүхдүүдээ олоход тус болохуйц мэдээллийг 5000 ам.доллароор авахаар шийдвэрлэснээ олны сонорт хүргэв. Удалгүй шагналаа 10 мянган ам.доллар болгож нэмжээ.
Сент-Луист амьдардаг нэгэн эмэгтэйгээс захидал ирснийг үзвэл “Том охин Марта чинь сүмд бий” гэсэн байв. Өөр нэг мэдээлэл Техасаас ирсэн бөгөөд алга болсон хүүхдүүд Женнигийн холын садныд байгаа гэжээ. Жорж ирсэн мэдээлэл бүрийг шалгаж улс орноороо хөндлөн гулд явсан ч хоосон буцаж ирнэ.
1967 онд Техас мужийн Хьюстоноос нэг эмэгтэйгээс ирсэн захидалд согтуу залуу өөрийгөө Луй Соддер гэгч гэж хэлсэн хэмээжээ. Жорж Соддер хүргэнээ дагуулан Техасыг зорилоо. Тэгтэл захидал бичсэн эмэгтэй тэд нартай уулзахыг зөвшөөрсөнгүй.
Түймэр гарснаас 20 гаруй жилийн дараа 1968 онд Женнид буцах хаяггүй захидал ирэв. 25 орчим насны хүний зураг дотор нь байлаа. Ар тал дээр нь “Луйс Соддер. Би ах Фрэнкдээ хайртай. Илим Бойз” гэж бичсэн аж. Тэр зураг түймрийн жил есөн настай байсан хүү Луйсынх биш гэж Женна, Жорж хоёр хэлж чадахгүй байлаа. Буржгар хар үс, хар хүрэн нүд, шулуухан хамар, зүүн хөмсөг нь ташуу. Жорж, Женни хоёр бас л хувийн мөрдөгч хөлслөөд Кентукки рүү явлаа. Бас л үр дүн гарсангүй.
Жорж 1968 онд өөд болов. Женни түймрээс хойш 1989 онд амьсгал хураатлаа хар өнгийн хувцаснаас салсангүй. Хүүхдүүд, ач, зээ нар нь мөрдлөгөө үргэлжлүүлсээр байв. Тэд бас янз бүрийн таамаглал дэвшүүлнэ. Гэмт хэргийн хүчирхэг бүлгээс хүүхдүүдийг хамгаалахын үүднээс эцэг, эхтэй нь тэднийг холбохгүй байв. Хүүхдүүдийг Итали руу авч явсан. Айлган сүрдүүлэгчид ааваас нь мөнгө нэхэхэд өгөөгүйгээс сэтгэцийн өвчтэй залуугаар хүүхдүүдийг алуулж, худаг руу хаясан. Хүүхдүүдийг танихгүй хүн түймрээр далимдуулан тусалж буй нэрээр хулгайлсан. Женнигийн ах Фрэнк Чиприани хүүхдүүдийг авч явсан...
Бэлтгэсэн: Р.Жаргалант