Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-ийн дарга Д.Одбаяр БНСУ руу онгоцоор зорчих үедээ үйлчлэгч бүсгүйн биед нь хүрсний улмаас тус улсад 14 хоног саатуулагдахаар болж байх шиг байна. Бусдад ажлын байрны бэлгийн дарамт (АББД) учруулсан учраас тэр. Тэр ч бүү хэл тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд “Монгол Улсын өндөр дээд албан тушаалтан АББД үзүүлсэн” хэмээх мэдээлэл бэлтгэж дэлхий даяар цацаж буй. Цаашлаад энэ мэдээллийг нь олон улсын мэдээллийн агентлагууд мэдээллэж эхлэв. Энэ нь тус улсад ажиллаж амьдарч буй манай улсын 30 мянга гаруй иргэнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй Монголын нэр хүндийг дэлхий нийтэд сэвтүүлсэн хэрэг болов. Үүнтэй зэрэгцээд АББД-тай тэмцэх иргэний нийгмийн эвслээс УИХ-ын 76 гишүүнд хандаж, мэдэгдэл хүргүүлсэн талаараа мэдээллээ. Мэдэгдэлд “Монгол Улсад АББД газар авсан. Улмаар энэ хэрэгт холбоотой сайд, дарга нар хариуцлага хүлээдэггүй. Тиймээс Эрүүгийн хуулийн 12.4 дэх заалтыг сэргээж өгнө үү” хэмээжээ.
Монголд АББД хэрээс хэтэрсэн нь өнөөгийн үнэн төрх. Өөрөөр хэлбэл, Монголын мянга мянган эмэгтэй өдөр тутамдаа АББД-д өртдөг. Гэхдээ шүүхийн журмаар зөрчигдсөн эрхээ сэргээх, учирсан бодит хохирлоо төлүүлэх эрх зүйн орчин хангалтгүйгээс энэ тухай хэн ч ам нээж зүрхэлдэггүй. Дуугарсан нэгнийг нь нийгмээрээ яллаж “Биеэ үнэлэгч”, “Явдалтай хүүхэн” гэх зэргээр нэр хоч өгч, гоочилдог. Тиймээс АББД хүчирхийлэл, гэмт хэрэг болтлоо даамжирчээ. АББД нь хүчирхийлэл, гэмт хэрэг болтлоо газар авсан хоёр жишээг эргэн сануулъя. Нэг нь 2000-аад оны эхээр гарсан хэрэг. Энд нэр нь дурдагдах Б гэх эмэгтэй гэмт хэргийн золиос болсон. Сэлэнгийн Гаалийн газарт ажилд орсон залуухан Б-г удирдлага нь өдөж хоргоосон гэдэг. Улмаар саналыг нь зөвшөөрөхгүй болохоор гадаад, дотоодоос ирсэн дарга, зочдод үйлчлэхийг тушааж элдвээр дарамталсан гэх. Тэр болгонд “Үгүй” хэмээн татгалзсан Б-гийн талаар ДОХ-той гэх мэдээлэл байгууллагад нь тархжээ. Улмаар энэ тухай нэргүй захидал олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ирсэн байна. Мэдээллийг нягтлалгүйгээр нийтэлсэн нь хуурай өвсөнд гал тавих адил тархаж, Б ажлаасаа халагдаж, түүнд үйлчлэх зоогийн газар ч олдохоо байж. Мэдээлэл гарснаас хойш төд удалгүй Б нөхрийнхөө гарт амь үрэгдэн, бяцхан үрс нь өнчирч хоцорсон гэдэг.
Үүнээс гадна дөрвөн жилийн өмнө дээрхтэй адил хэрэг Төв аймгийн Баянчандмань сумд гарсан. Тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар сумынхаа малын эмч эмэгтэйд АББД байнга үзүүлж байсан гэх. Тэрбээр сумынхаа малчныд очиж, архидан согтуурсан үедээ “Малын гоц халдварт өвчин гарлаа, хурдан ир” хэмээн худал хэлж бүсгүйг дууджээ. Улмаар бүсгүйг машиндаа суулган сум орох замдаа зэрлэгээр зодон, хүчирхийлж, эрэмдэг зэрэмдэг болгосон. Энэ хэрэгтээ тэрбээр есөн жилийн ял авсан. Хохирогч хэд хэдэн удаа хагалгаанд орж эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, эдийн засгаараа хохирсон. Монголд хохирогч энэ мэтээр АББД-д өртөн, хүчирхийлэл, аллагын золиос болсон үед нь гэмтэнд арга хэмжээ авч байна. Тиймээс сүүлийн 20 жилд томоохон байгууллага, тэр дундаа төрийн байгууллагад АББД ужгирч, даамжирсан. Монгол Улсын ХЭҮК-оос өнгөрсөн зун энэ талаар судалгаа хийж, хүний, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөж буйг УИХ-д илтгэсэн. Үүнээс гадна АББД-тай тэмцэх иргэний нийгмийн эвслээс дээрх хэрэг газар авсныг илтгэх таван судалгаа хийжээ.
Хохирогчид “Тэр намайг оролдсон, өдсөн” гэж ярихаас бус нотлох баримтаа хэрхэн бүрдүүлэх, хаана хэнд хандахаа мэддэггүй. Зарим эмэгтэй бүр АББД-д өртөж буйгаа анзаардаггүй гэх. Манайхан АББД-ыг байдаг л зүйл гэж үздэг. Харин олон улсад үүнийг ноцтой гэмт хэрэгт тооцдог. НҮБ-аас Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай болон Хөдөлмөр эрхлэлтэд ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх тухай конвенц баталсан. Энэ конвенцод Монгол Улс элсэн орсон. Гэхдээ АББД-тай тэмцэх эл үүргээ биелүүлдэггүй. Биелүүлэхийг НҮБ болон олон улсын хүний эрхийн байгууллагаас манай Засгийн газарт сануулсаар буй гэх. Үүнээс гадна Франц, Израил, Филиппин, Коста Рика, Япон зэрэг 130 орон АББД-тай тэмцэх тухай тусгайлсан хууль баталж, энэ асуудлыг төр, засгаас нь онцгойлон анхаардаг. Тухайлбал, Японы хүүхнүүд ажил эхлэх болон тарах үед тусгай метрогоор зорчдог байна. Тэгвэл Монголд эрх зүйн орчин ямар байна вэ. 2015 онд АББД-ыг Эрүүгийн хуулийн 12.4-т тусгайлан оруулсан боловч 2017 оны тавдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг заалтыг хассан. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнууд холбогддог учраас энэ хэрэгт хариуцлага тооцох механизмийг хассан гэж иргэний нийгмийн байгууллагынхан үздэг. Өдгөө АББД-тай холбоотой асуудлыг Төрийн албан хаагчийн тухай хууль болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар зохицуулж буй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд энэ тухай тусгасан. Тийм хэдий боловч дээрх хуулиудын алинд нь ч АББД-ыг нарийвчлан тусгаагүй, бүдгэрүүлж, ойлгомжгүй байдлаар оруулсан. Улмаар аль ч хуульд хариуцлагын талаар тодорхой оруулаагүй билээ.
Харин гадаадад нөхцөл байдал өөр гэдгийг дээр дурдсан. Дотооддоо дураараа дургиад сурчихсан зарим нэгэн нь гадаадад гарахаараа хэрэг төвөгт орооцолддог. Гадаад эмэгтэйн биед хүрсэн анхны монгол хүн нь Д.Одбаяр биш. Үүнээс өмнө БНСУ, Япон, Германд энэ төрлийн хэрэгт монгол эрчүүд холбогдсон. Энэ удаагийнх шиг хэвлэлээр дуулиан тариагүй л болохоос гадаадад шившгээ хутгасан тухай ам дамжсан яриа цөөнгүй гарч байсан. Мөн манайд аялахаар ирсэн гадаад эмэгтэйчүүд монгол залуусын бэлгийн дарамт үзүүлсэн үйлдэлд цочирдон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан дургүйцлээ илэрхийлж байсныг бид мэднэ.
АББД-д өртөгсөдийн 97.5 хувь нь эмэгтэйчүүд бол дарамтлагсдын 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь дарга даамал эрхмүүд. Ер нь бэлгийн чиг хандлагын талаар онигоо ярих, эсрэг хүйстэн рүүгээ 15 секундээс дээш хугацаагаар харах нь АББД-ын нэг хэлбэр. Тиймээс ажил олгогч нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах хуульд зааснаар Хөдөлмөрийн дотоод журамдаа АББД-ын талаар тусгах нь энэ төрлийн хэргийг бууруулахад чухал нөлөөтэй юм байна. АББД хаана ч үйлдэгдэж болдог. Иргэд өдрийн ихэнх цагаа ажлын байр, сургууль, сургалтын орчинд өнгөрөөдөг. Энэ үедээ АББД-д өртдөг. Гэхдээ заавал албан тасалгаанд бус цайны цагаар, амралт зугаалга, албан томилолтоор явах үед, айлын гэрт, тэр бүү хэл гэртээ АББД-д өртөж болно. Удирдлага эсвэл багш чинь ажил, хичээл тарсан хойно араас чинь дуудаж элдэв садар самуун зураг цахим хаягаар чинь илгээж байгаа бол үүнийг АББД гэж үзнэ. Үүнээс болж эмэгтэйчүүдэд сэтгэл гутралд орох, хоол, нойрондоо сайнгүй болох, ажлын бүтээмж буурах, сурлага муудах зэрэг сөрөг нөлөө илэрдэг. Дарамтад орж, бэлгийн харьцаанд ороод жирэмсэн болсон, БЗХӨ авсан тохиолдол гарсан аж. Мөн олны хэл амны бай болж, ажил сургуулиа орхих зэрэг хүндхэн байдалд ордог.
Үгүй дээ л өсөж дэвших бүх боломж нь хаагдаж, шагнал урамшууллаас байнга хасагдах зэргээр гадуурхагдаж эхэлдэг байна. Энэ байдал Ерөнхий боловсролын сургуулийнханд ч халдварлажээ. Өсвөр насны хөвгүүд эсрэг хүйстнийхээ өгзөг, хөхийг базах зэргээр эрээ цээргүй аашлах болжээ. Харамсалтай нь, аль ч насны хохирогч нь нэр төрөө бодоод энэ талаар хэн нэгэнд хэлдэггүй. Хэлсэн ч энэ хэргийг шударгаар шийдэх эрх зүйн орчин манай улсад бүрдээгүйг дээр дурдсан. Тиймээс АББД-тай тэмцэх иргэний нийгмийн эвслээс Эрүүгийн хуульд байсан 12.4.1-ийн “Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 12.4.2-ын “Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалтыг сэргээхийг шаардаж буй. Энэ заалтыг эс сэргээвээс манай улс АББД учруулдгаараа олон улсыг оройлж мэдэх нь.