Дорноговь аймагт өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний хоёр ч ангийн алба хаагчид оролцож байгаа. Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780, 7782 дугаар ангийн эрх бүхий албан тушаал хашдаг офицерууд хэд хоногийн өмнө архидсанаас нэгнийхээ нүдийг тэс цохиж, хараагүй болгожээ. Хэдийгээр үүнийг ЗХЖШ болон холбогдох байгууллагынхан нууцалж буй ч орон нутгийн эх сурвалжууд “7782 дугаар ангийн ар талын офицер Э-ы нүдний цэцгий нь хагарч гоожсон. Тэр даруйд нь Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн ч эмчлэх боломжгүй гэсэн юм билээ. Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөгч ирж шалгаад явсан. Цохисон байж болзошгүй Ц гэх офицерыг аймаг руу аваачсан” гэсэн мэдээлэл өгөв. Цагдаагийнхнаас нь тодруулахад “Тийм асуудал болсон нь үнэн. Шалгаж байгаа. Ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
БХЯ, ЗХЖШ-ынхан ч “Цагдаагийн байгууллага шалгаж буй хэрэг тул бид мэдээлэл өгөхгүй” хэмээсэн. Зэвсэгт хүчний ангид цэргийн алба хаагч гэмтсэн өөр нэг хэрэг өнгөрсөн сард бас гарчээ. Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангийнхан нэг ангийнхаа байрлалд засвар үйлчилгээ хийж байсан аж. Гэтэл нэг алба хаагч нь ковшийн шанаганд сууж яваад нуруугаа нь гэмтээжээ. Тухайн цэргийн алба хаагчийн ар гэрийнхэн өдгөө Батлан хамгаалахын сайдад гомдол гаргаад буй гэсэн.
Бэлтгэсэн: Д.Дайчин