Хуурамч цагдааг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд өчигдөр саатуулан шалгаж эхэллээ. Тус дүүргийн XIV хорооны нутаг, Шувуун фабрикийн ойролцоо Өлзийт тосгонд амьдардаг, Дундговь аймгийн харьяат Б гэдэг 26 настай залуу цагдаагийн ёслол албаны хувцас өмсөн, замын цагдаагийн ажилтнуудын хэрэглэдэг цагаан оройтой малгай, гэрэл ойлгогчтой хантааз, дохиур, шүгэл зэргийг “агссан” байжээ.
Жирийн иргэд харахад замын цагдаа гэж андуурахаар байсан гэнэ. Харин цагдаагийн ажилтнуудын хэлснээр тэрбээр ахлах офицеруудын хэрэглэдэг мөрдэс дээр дэд ахлагчийн ганц зураас хадсан байжээ. Шалгалтын явцад тэр хоёр ч хийн гар буу биедээ авч явсан бөгөөд нэгийг нь хүүхдийн тоглоом гэж ярьж буй юм.
Б цагдаагийнханд өгсөн тайлбартаа “Би ямар нэгэн байдлаар энэ хувцсыг ашиглаж хүн торгож байгаагүй, шалгаад ч сүүлийн хэд хоногт надад торгуулсан хүн гарч ирэхгүй. Нэг хийн гар буу, дохиурыг “Нарантуул” худалдааны төвөөс 200 гаруй мянган төгрөгөөр худалдаж авсан.
Энэ хувцсыг гэрэл зургийн студид ашиглахаар зургаан сарын өмнө хийлгэсэн” гэжээ. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллээр түүний хадам аав нь Дотоодын цэргийн албанд ажилладаг гэнэ. Тэрбээр хадам ааваараа дамжуулж уг хувцсыг авсан байж болзошгүй аж.
Үүнийг шалгасны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой гэж цагдаагийн ажилтан өгүүлсэн юм. Тэрбээр цагдаагийн энгэрийн тэмдэггүй, цагдаагийн ажилтны үнэмлэхгүй атлаа ийм хувцас хэрэглэл ашиглаж байгаа нь түүнийг буруутгах үндэслэл болж буй гэнэ.
Түүнийг орон нутгийн замд жолооч нарыг торгож, мөнгийг нь завшсан байж болзошгүй гэж цагдаагийнхан таамаглаж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй юм. Цагдаагийн ёслол албаны дүрэмт хувцсыг таван жилд нэг удаа олгодог.
Гэвч чанар байдлаасаа болоод хугацаанаасаа өмнө эдэлгээнээс хасагддаг аж. Тиймээс цагдаагийн офицерууд өөрсдийнхөө цалингаар шинэ хувцас захиалж хийлгэдэг бөгөөд энэ үедээ заавал энгэрийн тэмдэг, ажлын үнэмлэх, хувийн дугаараа шалгуулж байх журамтай юм байна.
Гэвч энэ хяналтын ажиллагаа алдагдсанаас хэн дуртай нь ийм хувцас хийлгэж авч байна гэж хууль хяналтын байгууллагын ажилтнууд өгүүлсэн юм.
Г.Орчлон