Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал маргааш болох гэж байна. Түүний оролцоотойгоор Франц, Бельги, Германы хил дамнуулан хулгайлж Монголд авчирсан гэгддэг Д.Энхбат агсны өмгөөлөгч Л.Санжаасүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Одоогоос долоон жилийн өмнө гурван улсын хил дамнуулан онц ноцтой гэмт хэрэгтэн авчирлаа, С.Зоригийн хэрэг илрэх нь гэсэн мэдээлэл гарч байснаа хүний эрх чөлөө зөрчсөн болоод, сүүлдээ улсын нууц задруулсан хэрэгт таныг буруутгасан. Энэ хэрэг Д.Энхбатыг талийгаач болсноос хойш нам жим болсон. Харин Б.Хурц Англид саатуулагдсанаар асуудал дахин сөхөгдлөө. Болсон үйл явдлын талаар сайн мэдэх хүний хувьд юу болсон талаар ярилцах уу?
-Тэгье. Би Д.Энхбатын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Д.Энхбат Францад амьдардаг эхнэр дээрээ очоод цагаачлах хүсэлтэй байсан юм билээ. Гэтэл тагнуулынхан хулгайлан авчирч, эрүүдэн шүүсэн байдаг. Түүнийг өндөр сандалд удаан хугацаагаар суулган, хурц гэр лээр шаран тамлаж байсан гэдэг.
Мөн нүдийг нь боож, эзгүй хээр аваачин хий буудаж айлган сүрдүүлэх, С.Зоригийн хэргийг тулган хүлээлгэхийг хичээх, эс бөгөөс хэн нэгнийг үйлдсэн хэмээн хүчээр гарын үсэг зуруулахыг оролдох мэтээр ёс бус авирласныг амьд байхдаа хэлж байсан.
Энэ тухай мэдээлэл ганц надад биш, олон хүнд байдаг. Түүгээр ч зогсохгүй энэ ажилд оролцсон хүмүүс нь авсан шагнал, урамшууллаасаа болж хоорондоо зөрчилдсөн гэдэг. Тэгээд л монгол зангаар “Хүнд битгий хэлээрэй, бид ингэсэн тэгсэн” гээд хамаг юмаа хөндлөнгийн хүмүүст дэлгэчихсэн юм биш үү?
-Энхбатын аав Дамиран гуай саяхан өгсөн ярилцлагадаа “Санжаасүрэн гуай хүүгийн минь талаар үнэн үгээ хэлээч гэж хүсэж байна” гэжээ. Гэтэл та одоо болтол нэг ч үг дуугарахгүй байх юм?
-Тэр ярилцлагыг уншсан. Үр хүүхдээ хөнөөлгөж, зовлон үзсэн Дамиран гуайн хүсэлтийг хүндэтгэж байна. Хэрэг болбол ганц нэг үг унагахаас би цааргалахгүй. Талийгаач хилс хэрэгт гүтгэгдэж их зовсон доо, хөөрхий. Харин Англид баригдсан гэх Б.Хурцын талаар муу үг хэлэх эрх надад алга. Тэр ч монгол хүн, бас л төрөл төрөгсөд, хань ижилтэй байх. Тэдний зовлонг сэдрээх хүсэл надад байхгүй. Гагцхүү монголоо монголоор нь бариулсан, хөнөөлгөсөн тогтолцооны талаар л бодлоо хэлье.
-Зарим хэвлэлд Д.Энхбат агсны талаар таагүй мэдээлэл их гаргаж байна. Бага наснаасаа эхлээд гэмт хэрэг үйлдсэн, ер нь болдоггүй хүн байсан гэлцэх юм. Тэр хүний талаар та өөрийн бодлоо хэлэхгүй юү?
-Хувь хүний талаар үг унагах сонирхол надад байдаггүй л дээ. Харин талийгаачийн тухай үг хэлэх нь ёс зүйд нийцэх болов уу. Д.Энхбат бол жирийн нэг монгол залуу. Сул дорой нэгнийг өмөөрч, дээрэлхүү нэгнийг сөрж байгаад л алдаж эндсэн юм билээ. Бас өөрийн сайн чанараа бусдад мэдрүүлж амжаагүй, харин сөрөг талаа бусдаас нууж далдалж сураагүй нэгэн байсан болов уу.
-Та түүнийг эртнээс таньдаг байсан уу. Яагаад таныг өмгөөлөгчөөрөө сонгосон юм бол?
-Бид хоёр 2003 оны зургадугаар сард анх удаа л уулзсан. Өвчтөн үзэхээс татгалзах ёс суртахуун эмчид байхгүй. Өмгөөлөгч яг тийм л байх ёстой. Өмгөөллийн хөлсөнд авах мөнгөөр биш, хүнлэг чанараар бусдад үйлчлэх ёстой. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг би баримталдаг. Хүний хөрөнгө чинээ, гарал үүсэл харгалзсан өмгөөллийн үйл ажил хийхээс би зайлсхийдэг байсан.
-Хэргийн тухай баримт, материалыг үзэхэд тагнуулынхан хүний эрхийг дэндүү аймшигтай зөрчсөн байдаг. Хэрэг хүчээр хүлээлгэх гэж оролдсон, “Энэ хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж хэл” хэмээн эрүүдсэн байдаг. Та тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүний хувьд энэ ажиллагааг юу гэж дүгнэдэг вэ?
-Өндөр дээд албан тушаалтны шийдвэрээр нэгийг гүтгэж, нөгөөг хулгайлж, хөнөөж, хувийн ашиг хонжоо хайсныг хууль бус гэж л би үзсэн.. Өөрөөр дүгнэх хүсэл алга. Уг нь хүн тарчлаах эрүү шүүлт одоо цагт Монголын музейд л баймаарсан. Гэтэл энэ “үзмэр” 2003 онд Монголын шүүх практикт амилсан нь харамсмаар. Тэр аймшигт үйл явдлыг дахин сөхнө гэхээс сэтгэл өвдөх юм. Үүнийг дэлгэхээ азная. Тухайн үеийн тагнуул, эрүүгийн цагдаагийн удирдлага ямар бусармаг үйл хийсэн нь одоо улам ил болж байна. Гэмт хэргийн “захиалагч” нь тодрох байх.
Тэд хууль бус ажлаа нууж хаасан ч Европт дэлгэгдэж эхэллээ. Талийгч Д.Энхбат тагнуул, цаг даагийн ойлголтоор бол “муу” гэдэг тодорхойлолтын цаана байсан ч, тэр чинь хүн, эр хүн шүү дээ. Аав ээжийн хайртай хүү, алаг үрийнхээ хайртай аав, авааль эхнэрийнхээ халамжит хань. Тэдний гэр бүл, удам угсааг доромжилж, мөнхийн уй гашууд автуулах үйлдлийг тагнуулынхан хийсэн. ТЕГ, ЭЦГ-ын удирдлага, ажилтан нь Д.Энхбатыг хэлмэгд үүлсэн.
Би үүнийг хаана ч хэлнэ. Монгол Улсын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг тагнуул, цагдаагийн хамт олныг би гүнээ хүндэтгэдэг. Тэдний өөдөөс ус цацахгүй, цацаж ч байгаагүй. Харин зарим нэг албан тушаалтны бусармаг үйлдлийг олон нийтэд дэлгэсэн нь үнэн. Монгол Улсын нүд, чих болсон байгууллагын нэр нүүрийг бузарласан тэдгээр ажилтны хийж гүйцэтгэсэн хууль бус ажлыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
-Түүнийг эрүүдэн, хэрэг хүлээлгэхийг оролдсон мөрдөн байцаагчийн талаарх мэдээлэл одоо болтол алга. Илт хууль зөрчсөн хүнд ямар арга хэмжээ авсан юм бол. Улсын нууц нэрээр хаацайлж боломгүй санагдах юм. Танд энэ талаар мэдэх зүйл байна уу?
-Д.Энхбатыг эрүүдсэн, тарчлаасан мөрдөн байцаагч, ажилтны нэр тодорхой байж таарна. Тэд хийсэн нүглээ наминчилж, олны өмнө буруугаа хүлээж, энэ хэрэгт өдөөн турхирсан, зохион байгуулсан толгойлогчоо илчлэх ёстой. Д.Энхбатын эсрэг Франц, Бельги, Германд хийсэн үйлдэл гэхэд л аравт дөхнө. Үйлдэл болгондоо эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Энэ бүхэн гэмт хэрэгт тооцогдоно.
-Ямар үйлдлүүд байдаг юм бол?
-Франц, Герман улсын нутаг дэвсгэрт эрүү гийн ажиллагаа явуулсан. Гудамжинд нь Д.Энхбатыг цохиж унагасан. Машинд чихэж оруулсан. Хулгайлсан. Машины дугаар сольсон. Хулгайн ажилдаа дипломат ноймер хэрэглэсэн гээд зөндөө. Эдгээр үйлдэл нь Монгол Улс нэгдэн орсон, бас хүлээн зөвшөөрсөн олон улсын хууль, конвенцийг зөрчсөн. Тэр ч бүү хэл Монголд ирээд НҮБ-ын 20 шахам зүйл заалтыг зөрсөн. Энэ үйлдлийг Монголдоо шалгаж, гэм буруутныг тогтоох учиртай.
-Эрүүдэн, зодож тарчлааж байсан талаар Д.Энхбатын амьд сэрүүндээ хуурцганд ярьсан бичлэг танд бий гэж байсан. Энэ баримт одоо байгаа юу. Төрийн нэрээр монголчууд нэгнээ ингэж үгүй хийж болохгүй шүү дээ. Хууль зөрчсөн хүнд хариуцлага тооцоход тэр баримт гарцаагүй хэрэг болно доо?
-Тийм ээ, юу болсон талаар нэгд нэгэнгүй надад ярьж байсан юм. Тэр хуурцгийг би Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч н.Төрбатад өгсөн. Бас Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад илгээсэн. Тийм баримт устгагддаггүй юм. Хэрвээ алга болсон бол анхаарал улам татна.
-Та Д.Энхбатын өмгөөлөгчийн хувьд шүүхэд өргөдөл гаргахгүй юм уу. Харсаар байтал эрүүл мэнд нь илт муудаж байгаа хүнийг бууны бөгсөөр цохин амь насаа алдахад хүргэсэн гэдэг юм билээ?
-Өргөдөл гаргана. Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газар энэ асуудалд яаж хандахыг харж сууна. 2003, 2004 оны үед өгсөн өргөдөл тэнд байгаа. Хүчинтэй хэвээрээ. Яагаад гэвэл ТЕГ ба ЭЦГ олон улс дамжиж хүн хулгайлсан тэр гэмт үйлдлийг шалгуулах гэсэн утгатай өргөдөл шүү дээ. Англи хөдөллөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Шүүх, Прокурор одоо хөдлөх байлгүй дээ. Европын нутаг дэвсгэрт Монголын нэр төрийг гутаасан гэмт хэргийг ард түмнээсээ нуун далдалж байсан 2004 оны үеийн тэр хандлага, ёс суртахууныг өнөөдөр буцааж хэрэглэж болохгүй нөхцөлд Монгол Улс орсон. Өмнөх алдаагаа лавшруулах, хаацайлах эрх төрийн байгууллагад байхгүй.
-Та хүн өмгөөлснийхөө төлөө бас шоронд суусан. Хууль хяналт гажуудаж, цөөн хүний эрх мэдэлд орсны илрэл байсан байх. Та өнөөдөр өмгөөлөл хийх эрхтэй юү?
-Энэ гаж тогтолцооны балгаар олон хүн хохирсон байх аа. Тэдний нэг нь би. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2004 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 83 тоот тушаал гаргаж, миний өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн. Одоо болтол сэргээж өгөөгүй л байна. Өмгөөлөл хийх эрхгүй ч сохор зоос ч авалгүй, олон зуун хүнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөөр л байгаа. Энэ бол хуульч хүний хийх ёстой ажил биз дээ.
-Та 2004 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд хийсэн мэдэгдэлдээ Прокурорыг тагнуулынхан мэхэлж байна гэж хэлж байсан. Чухам ямар үйлдлээр, хэрхэн мэхэлж байсан юм бэ. Таны мэдэгдлийг хэрэгсээгүй байх аа?
-Тиймээ, миний мэдэгдлийг Шүүх, Прокурор огт хэрэгсээгүй. Анхан шатны шүүх хурал 2004 оны арваннэгдүгээр сарын 5, 8-нд болсон. Тэр өдөр өөрийгөө өмгөөлж миний хэлсэн үг мөн сарын 9-ний “Өдрийн сонинд” нийтлэгдсэн тул энд нуршаад яахав. Тодруулбал эрүүгийн цагдаагийнхан 2003 оны гуравдугаар сарын 25-нд Д.Энхбатыг гадаадаас баривчилж Монголд авчирсан гэдэг юм. Гэтэл ТЕГ болохоор 24-нд Д.Энхбатыг Монголд байцаасан гэдэг.
Монголд ирээгүй Энхбатыг ТЕГ яаж байцаадаг байна аа. Хил хамгаалах ерөнхий газрынхан хилээр Д.Энхбат гэгч хүн орж ирээгүй гэдэг. Хил хамгаалах ерөнхий газрын бүртгэлд байхгүй хүнийг эрүүгийнхэн Монголын хилийн хаагуур оруулсан байх вэ. МИАТ-ын онгоцны үйлчлэгч О гэгч эмэгтэй 2003 оны гуравдугаар сарын 18-нд БерлинУлаанбаатарын онгоцоор хүлээстэй хүн ирсэн гэж ярьдаг. Гэтэл тэр өдрийн зорчигчдын бүртгэлд Д.Энхбат гэсэн нэр байхгүй гэж хилийнхэн мэдэгдсэн. Энэ бүхэн сонин байгаа биз.
-Тийм байна. Тэгээд яг хэзээ ирсэн юм бол. Түүнээс гадна Б.Хурц Д.Энхбатыг саатуулах ажилд оролцсон гэдгийг хэн гаднынханд хэлсэн юм бол. Та хуульч, бас тагнуулын газарт ажиллаж байсан хүний хувьд энэ тухай ямар бодолтой байна вэ. Миний бодлоор тушаал өгсөн дарга нар л энэ хэрэгт буруутай мэт санагдах юм?
-Б.Хурцыг хэн илчилснийг би мэдэхгүй. Харин ажиллагаанд оролцсон хүмүүс өөр хоорондоо түнжин хагарсан гэж би сонссон. Д.Энхбатыг хулгайлах ажилд оролцсон хүмүүсийн нэр тодорхой байх аа. Тэдний дунд тагнуул, цагдаа, дипломат албаны ажилтны нэр байгаа гэж би сонссон. Бас МИАТ-ын ажилтан ч байгаа гэдэг.
-Д.Энхбатыг хулгайлан авчирсан тагнуулын гурван ажилтны нэр (Б.Хурцаас гадна) бидэнд олдсон. Энэ хүмүүсийг тагнуулынхан илчилсэн байхыг үгүйсгэхгүй. Монголын төрд үнэн, бас тэгээд нууц гэж байна уу?
-Тэр нэр гурваар тогтохгүй байх аа. Албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэг төрийн нууцад ордоггүй. Европын холбоо, тухайлбал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Франц, байнгын бус гишүүн Германы нутаг дэвсгэр дээр эрүүгийн мөрдөлт явуулсан Монголын ажиллагаа нь өөрөө гэмт хэрэг.
Олон улсын хүрээнд хориглосон гэмт хэрэг болох хүн хулгайлах үйлдэл сэдсэн, турхирсан, зохион байгуулсан, гүйцэтгэсэн нь төрийн нууц гэсэн ойлголтод огт хамаарахгүй. Энэ бол олон улс дамнасан гэмт хэрэг. Дээрх хууль бус үйлдлийн улмаас эрдэнэт хүн амь насаа алдлаа. Монголд ийм эмгэнэл дахин бүү давтагдаасай. Ийм үйлдлийг ардчилсан улсын тагнуул, цагдаа, дипломат алба хийдэггүй. Хүн хулгайлсан гэмт хэрэг дарангуйлагч улс оронд гардаг. Бүр мафийн сүлжээ байдаг талаар хэвлэлд гарч байдаг шүү дээ.
-Та ч бас их хохирсон юм байна. Одоо ямар ажил хийж байна вэ?
-Монголын Ногоон намын (МНН) даргын хуулийн зөвлөх. Монголд хийх шүүх эрх мэдлийн шинэтгэлийн төсөл дээр МНН-ын даргын удирдлага дор ажиллаж байна. Шүүх засаглалыг шинэчлэх талаарх олон түмний хүлээлт, хүсэлтийг төсөлд бүрэн хамруулахыг хичээж явна.
Дугаар шилжих мөчид Л.Санжаасүрэн хүний эрхийн асуудлаар Ерөнхий прокурор болон УИХ-ын дэргэдэх Хүний эрхийн дэд хороонд өргөдөл гаргаснаа дуулгалаа.
Х.Оюунсүрэн