Йэн Брейдийг Их Британийн хамгийн хэрцгий алуурчин гэж олон жилийн турш үзэж байв. Тэрбээр Майра Хиндли гэдэг найз бүсгүйтэйгээ хамжиж өнгөрсөн зууны 60-аад оны дунд үеэр Их Манчестер гүнлэгийн нутаг дэвсгэрт хүүхдүүдийг зовоон тарчилгаж, хүчиндэж байжээ. 10-17 насны таван хүүхэд тэдний гарт амиа алдсаны дөрөв нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байсан аж.
Хоёр хүүхдийн цогцсыг Пенниний ууланд намагт хаясан байснаас тэдний үйлдсэн гэмт хэргийг “Намаг дахь аллага” гэж нэрлэх болсон аж. Алуурчдын хэргийг шүүхээр таслаад 20 жил өнгөрсний дараа гурав дахь цогцсыг энэ намгаас олжээ. Дөрөв дэх золиос болох Кит Беннеттийн цогцсыг мөн энд бий гэж таамагласан ч одоо хэр нь олоогүй байгаа юм. Эдний үйлдсэн хэрэг хэчнээн муухай хэрцгий ч гэлээ цаазлах ялыг 1965 онд цуцалсан болохоор алуурчдад хугацаанаас өмнө суллах болзолгүйгээр насаар нь хорих ял оноосон байна.
Алуурчдын үйлдлийг Кардиффын их сургуулийн шүүхийн сэтгэл зүйн профессор Малкольм Маккалох зориуд судалжээ. Брейди, Хиндли нар ганзага нийлснийг хүчирхийллийн орчинд хүмүүжсэн хэрцгий залуу эмэгтэй, бэлгийн гаж донтой залуу хоёрыг учруулсан тохиолдлын чанартай нөхцөл байдал гэж профессор үзсэн байна.
Йэн Брейди шүүхийн шийдвэр гарснаас хойш 1974 онд Лондонгийн Уормвуд-Скрабст “суурьших” хүртлээ хэд хэдэн шорон дамжжээ. Хүүхдийн аминд хүрсэн этгээдэд хоригдлууд хүртэл дургүй байдаг учраас түүнийг хөнөөхөөс сэрэмжилж сайтар хамгаалсан өрөөнд ганцааранг нь хорьжээ. Гэвч ганцаараа байх нь Брейдид таагүй байснаас тэр нийтийн өрөөнд оруулж, бусадтайгаа харилцаатай байхыг шаардан 1975 оны зун өлсгөлөн зарлав.
Брейдийг айхавтар тураад байхаар нь шоронгийн эмнэлэгт шилжүүлжээ. Түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй хоригдлуудын өрөөнд эмч нарын хяналтад байлгасан гэнэ. Энэ үеэр засан хүмүүжүүлэх газруудаас мөн сэтгэцийн хувьд хэвийн биш насанд хүрээгүй хэсэг хүүхдийг энд шилжүүлж авчрав. Тэдний дотор Брейди хүчирхийлж, амь насыг нь хохироосон хүүхдүүдийн адил 15 орчим настнууд олон байлаа.
Байдал нэг л биш байгааг шоронгийн эмнэлгийн ажилтан бүр 1976 онд анзаарчээ. “Тэрбээр өрөөнд нь хамт байгаа хүүхдүүдэд ер бусын сонирхлоор хандаж байв. Сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдүүдэд Брейди ийнхүү ихээхэн анаарч байгаа нь тэдэнд сайн юм болохгүй” гэж эмнэлгийн ажилтан удирдлагадаа бичсэн илтгэх хуудсандаа дурдсан байв. Гэлээ ч түүнийг эмнэлэгт байлгаснаар, түүгээр ч барахгүй энэ хэрцгий алуурчны “шорон дахь эрх дарх” өдөр ирэх бүр нэмэгдсээр байжээ. Бусад өвчтөнүүдтэй хамт зурагт үзэх, өрөө цэвэрлэх, жорлон угаах гэх мэт аж ахуйн янз бүрийн ажил хийхийг түүнд зөвшөөрсөн байна. Гэтэл өөртэй нь бэлгийн харилцаанд орохыг Брейди шаардсан хэмээн нэгэн хоригдол эмнэлгийнхэнд хэлснээр 1981 онд түүнийг ямар нэг ажил хийхийг хориглов.
Брейди өөрийн гэсэн өвөрмөц чанартай хүн байлаа. Тэрбээр хүний толгойг амархан эргүүлж, зорьсондоо хүрч чаддаг нэгэн гэж шоронгийн харгалзагч нар ярина. Шоронд байхдаа гомдол гаргаж, сайд нарт захидал бичиг илгээж, амиа хорлоно, өлсгөлөн зарлана гэж сүрдүүлнэ. Харин ихэнх тохиолдолд тэр заналхийлэл нь үр дүнд хүрэхгүй, хүүхдүүдийн амь бүрэлгэсэн түүний үг хэнд ч юу ч үл бодогдуулна. Гэхдээ ойлгомжтой биш шалтгаанаар түүний хүсэлтийг удирдлага заримдаа харгалзан үздэг байж.
Брейди хүчирхэг хүмүүсийн дэмжлэг хүлээж байсны дотор Лейборист намаас Сайд нарын танхимд сонгогдож байсан гүн хэргэмт, эрүүгийн тогтолцоог өөрчлөхийг тууштай дэмжигч Лонгфорд Фрэнк Пакенем байв. Энэ улстөрч цуврал аллага үйлдэгчийн эрх ашгийг бодолцсон хүсэлт тавьж байсныг ДЯЯ-ны баримтууд гэрчилдэг байж. Йэн Брейди хүмүүст ямар хүчтэй нөлөө үзүүлдэг байсныг 1978, 1979 онд Майра Хандлигийн өршөөл үзүүлэхийг хүсэж бичсэн захидлууд харуулдаг. “Бурхан байхгүй гэдэгт тэр хэдхэн сарын дотор итгүүлж чадсан. Тэрбээр дэлхий хавтгай, сар ногоон өнгийн бяслагаас бүтсэн, нар баруун зүгээс гардаг гэж надад хэлдэг, үүнд нь би итгэдэг. Тэр итгүүлж, үнэмшүүлэх ийм л чадвартай хүн гэж Хиндли бичиж байжээ.
1966 оны тавдугаар сард Брейдийг шоронд ороход нь харгалзагч нар түүнийг “нүүрэндээ онцын шалтгаангүйгээр төлөв инээмсэглэл байнга харуулсан, өндөр нуруутай хүн” гэж гадаад байдлаар нь дүрсэлжээ. Ижил хүйстний тухай завхай роман, эрх баригч хүч эрх мэдлээ ямар ч аргаар болов хадгалж байх эрхтэй гэж үздэг Сэргэн мандлын үеийн Италийн сэтгэгч Макиавеллийн бүтээлүүдийг шоронгийн нэг ажилтнаар Брейди авчруулж дөнгөсөн байна. Түүнээс гадна Дарелийн их сургуулийн багш нараар герман хэлний хичээл заалгаж чадсан аж. Гэвч удалгүй алуурчинд боловсрол олгосны зардлыг төлөхөөс шоронгийн удирдлага татгалзсанаас энэ боломж үгүй болжээ.
Янз бүрийн арга заль хэрэглэлээ ч Майра Хиндлигээ шоронд эргэж очих гол зорилгодоо хүрч чадахгүй л байлаа. Тэр нь эндээс 400 километр зайд шоронд ялаа эдлээд дууссан байна. Эсэргүүцлээ илэрхийлж Брейди өрөөнөөс гарч бусад хоригдлуудтай уулзахаас татгалзаж, орчин тойрноосоо бүрэн тусгаарлагдахын тулд хар шил, чих бөглөгч авчирч өгөхийг гуйжээ. 1969-1971 онд гурван жил дараалан өлсгөлөн зарласан ч Хиндлитэйгээ нүүр учирч чадсангүй. Тэгтэл ч Хиндли нь хариу захидал ирүүлэхээ байж, мань эр арга барилаа өөрчлөхөөр шийдэв. Чухам энэ үедээ буюу 1971 онд Брейди тусламж хүсэж гүн Лонгфордод анх удаа хандсан ч тэр нь эмнэлэгт түүнийг шилжүүлж чадсангүй. Дөрвөн жилийн дараа өлсгөлөн зарлан барин байж шоронгийн эмнэлэгт орж чаджээ.
1975 оны есдүгээр сард Лонгфордод дахин захидал бичлээ. Лонгфорд арванхоёрдугаар сарын 16-нд ДЯЯ-ны сайд Рой Женкинстэй уулзаж Йэн Брейдийг эмнэлэгт нь үлдээх хүсэлтийг уламжилжээ. Женкинс “Биеийнхээ байдлаас шалтгаалаад хэдий хугацаагаар ч юм шоронгийн эмнэлэгтээ байна гэдэгт эргэлзэхгүй байж болно” гэсэн хариу өгсөн байна. Шоронгийн тэмдэглэлд үлдсэнээр бол цуврал алуурчин үүнээс хойш 10 хоноод өлсгөлөнгөө зогсоосон аж.
Энэ үед Уормвуд-Скрабс шоронгийн даргын туслахаар Питер Микингс ажиллаж байв. Баримтаас үзвэл энэ хүн гүн Лонгфордыг хэд хэдэн удаа Йэн Брейдитэй уулзуулсан аж. 1976 оны дөрөвдүгээр сарын 12-нд алуурчинтай уулзахдаа сайд “тамхи авчрахаа мартсандаа” уучлалт хүссэн гэнэ.
Микингсийн дурссанаар бол энэ явдалд Брейди сэтгэл маш дундуур байжээ. Тэрбээр францын өндөр үнэтэй, тийм ч амар олддоггүй Gauloises гэдэг тамхи татах дуртай байж.
Йэн Брейди өөрөө нөхөрсөг аятайхан харилцаатай байх гэж хичээсэн нөхцөлд ч түүнээс аль болох хол байхыг хүсдэг байснаа Питер Микингс дурссан нь бий. “Түүний гарт үрэгдсэн хүүхдүүдийн нэг нь тухайн үедээ хүүтэй минь чацуу байсан юм билээ. Түүнтэй нэг өрөөнд хамт байхад нуруу руу хүйт оргих шиг болдог байсан” гэж тэр ярьсан байна.
1976 оны есдүгээр сар болоход Брейдийн бие бүрэн засарч сайжирсан байв. Эмнэлгийн нэг ажилтны анзаарснаар бол эмнэлэгт байхдаа түүний жин нэмэгдээ. Гэлээ ч тэр эмнэлэгтээ байсаар байлаа. Гэмт хэрэгтнийг 1977 оны сүүлчээр шоронд шилжүүлэхээр шийдээд байтал мөнөөх Лонгфорд саад болжээ. Эмнэлгийн ажилтнуудтай ойртох “даруухан боломж” олгосонд нь Лонгфордод талархаж буйгаа илэрхийлж хоригдол захидал бичсэн гэнэ. Ийм байдлаар Брейди шорон дахь эрх дархаа бэхжүүлсээр байв.
Шоронгийн эмнэлэгт Брейдийн байгаа байдал, “өвчтөнүүдтэй” харилцаж буй нь сэтгэлийг нь түгшээх болсныг тэндхийн ажилтан 1978 оны гуравдугаар сард илэрхийлсэн байна. Тэрбээр “Сэтгэцийн өвчтэй залуу хүмүүстэй түүний харилцаж байгаа нь сэтгэл их зовоож байна. Хэрцгий, амиа хичээсэн, хайр өршөөлгүй байдал нь өөрчлөгдсөнгүй. Тэр бол эндхийн хорон санаатай цөөн хүний нэг гэж би үздэг” хэмээн бичжээ. Шоронгийн эмнэлгийн энэ ажилтан Брейдийг бусад хоригдлоос тусгаарлах арга байхгүй, бас түүнийг эмнэлгийн хяналт дор байлгах боломжгүй гэж дүгнэсэн байна. Олон хүний аминд хүрсэн алуурчин шоронд бусдаас илүү эрх дархтай буй нь засан хүмүүжүүлэх байгууллагын хууль сахиулах ажилтнуудын дургүйг ихэд хүргэдэг байв. Гэвч “Хэрэв түүнийг ганц хүний хорих өрөөнд шилжүүлбэл өлсгөлөн зарлаж хэдэн жилийн өмнө байсан байдалдаа бид эргэж очих болно” гэж шоронгийн эмнэлгийн ажилтан 1978 оны зургадугаар сарын 5-нд бичсэн байх юм. Түүндээ өсвөр насны өвчтөнүүдтэй хэрхэн харилцаж буйг нь эс тооцвол ямар нэг асуудал Брейдид байхгүй гэсэн байв.
Брейдийг хаана хорихоо шоронгийн удирдлага болон эмнэлгийн ажилтнууд шийдэж ядаж байх хооронд мань хоригдол өсвөр насны хоригдлуудыг хүчирхийлж, ор хөнжлийн ажлаа хийсээр л байлаа. Өвчтөнүүдийн өргөдөл, гомдол, Брейдигээс холдуулж өгөхийг хүссэн тэдний бичиг захидал үүнийг гэрчилнэ.
Эцэст нь Лонгфорд нь ч тусалж чадахаа больсноор Брейдийг 1982 оны гуравдугаар сард Паркхерст гэдэг шоронд шилжүүлж, 1985 онд сэтгэцийн өвчтэй хүмүүсийн Эшуорт хэмээх эмнэлэгт хэвтүүлж, 2017 онд тэндээ хорт хавдраар өөд болжээ.