АН-ын нөлөө бүхий гишүүнтэй таарч, яриа өрнүүлэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, ард нийтийн санал асуулга гэх мэтийн цаг үеийн сэдвээр эхэлсэн яриа яваандаа тус намаас нэр дэвшиж, сонгогдсон Ерөнхийлөгчийн хийж буй улс төрийн талаар болж хувирлаа. Тэгэхэд ярилцагч минь “Ийм хүнийг дэмжиж, Төрийн тэргүүний суудалд аваачсаныхаа төлөө уучлал гуйж байна” гэсэн. Бүр яг ингэж хэлсэн шүү. АН-ын гишүүд ийм Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, сонгосныхоо төлөө ичиж байна. Үүнийг би АН-ын өнөөгийн байдлын тусгал гэж харсан.
НАМУУДЫГ САНДРААСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах тухай УИХ-ын тогтоолд Төрийн тэргүүн хориг тавиад буй энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үү гэдэг нь улстөрчид, намууд, судлаачдын тойрон ярилцах томоохон сэдэв болоод байна. Зүгээр нэг яриад өнгөрөх бус, түгшүүр, болгоомжлол дүүрэн байгаа нь дээрх ярианаас тодхон харагдсан.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах шийдвэрийг УИХ-аас гаргахтай зэрэгцээд Төрийн тэргүүн “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ч бас ард нийтээс асуучихъя” хэмээн дайрсан нь улстөрчид, намууд, улс төр судлаачдыг сандрааж орхиж. Өмнө нь Ерөнхийлөгчийн засаглалын тухай нэг биш хүн ярьж, ард нийтийн санал асуулгаар үүнийг шийдвэрлүүлэх санал УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан тэргүүтнээс гарч байсан ч ингэтлээ мэгдсэн нь үгүй.
...Ганц хүний гар, царай харах Ерөнхийлөгчийн засаглал, түүнээс цааш нэг буруу алхахад л хүрэх дарангуйллын дэглэм энүүхэнд буйг Х.Баттулгын сүүлийн үед хийсэн улс төрийн тоглолтууд харуулсан учраас ийн сандралдсан хэрэг биз..
Учир нь ардчилсан нийгэмд шилжих үеэсээ л парламентын засаглал сонгож, түүнийгээ боловсронгуй болгож төгөлдөржүүлэхийн төлөө зүтгэж ирсэн 30 жилд өсөж, өндийж, үзэл санаа нь төлөвшсөн залуус, манайх шиг улсад парламентын засаглал хамгийн тохиромжтой нь хэмээн итгэж үнэмшсэн дунд, ахмад үеийнхэнд ч Ерөнхийлөгчийн засаглал тэртээ холынх мэт санагддаг. Юу юугүй тэр лүү яваад орчихно гэдэгт итгэдэггүй байлаа. Гэтэл ганц хүний гар, царай харах Ерөнхийлөгчийн засаглал, түүнээс цааш нэг буруу алхахад л хүрэх дарангуйллын дэглэм энүүхэнд буйг Х.Баттулгын сүүлийн үед хийсэн улс төрийн тоглолтууд харуулсан учраас ийн сандралдсан хэрэг биз.
НАМЫНХНАА ИЧЭЭСЭН Х.БАТТУЛГЫН ШУНАЛ
Ерөнхийлөгчийн засаглалыг сурталчилж, уриалсан анхны хүн нь Х.Баттулга биш. Эрх баригч намын дотоод хэрүүл маргаан, эв түнжингүй байдал, хагарал талцлаас болоод парламент гаднаа урагшгүй, хэрэггүй байгууллага мэт харагдаж, үүнээс үүдэн Засгийн газар тогтворгүй байгаа нь олон нийтэд Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэх сэдэл төрүүлсээр багагүй хугацааг өнгөрөөж байна. Хойд, урд хөршөөсөө жишээ аван Ерөнхийлөгчийн засаглалын давуу талыг сурталчилдаг хүмүүсийн яриаг эхний үед хэн ч тоодоггүй байсан бол одоо хүн бүр анзаарч, ач холбогдол өгөн, зарим нь бүр хэрэгтэй, ашигтай тогтолцоо хэмээн харах, Ерөнхийлөгчийн засаглалыг санал болгох, тэднийг хөхиүлэн дэмжих шинжтэй болсон.
Харин Х.Баттулга үүнийг ашиглахаар улайран зүтгэж, ээлж дараатай алхмууд хийсээр. Улс төрийн тогтворгүй байдлаас залхсан иргэдийн дунд намаас хараат бус, бие даасан хүчирхэг Ерөнхийлөгчийг хүсэмжлэх хандлага газар авч буй бол хоёр их гүрнээр “бүслэгдсэн” жижигхэн улсын хувьд хамгийн аюултай, хорлонтой зүйл гэж судлаачид, улстөрчид, тэр дундаа АН-ынхан санал нэгдэж байна.
Төрийн тэргүүний эрх мэдлийг хязгаарлаж, байранд нь тавих гэж УИХ үйлээ үзэж байхад, ардчиллын замаар замнахад хамгийн тохиромжтой нь хэмээн сонгосон парламентын тогтолцоогоо бэхжүүлж, хөгжүүлэх нь хамгийн зөв сонголт гэж АН, МАН-гүй санал нэгдэж байхад үүний эсрэг зогсож, Ерөнхийлөгчийн засаглал руу, цаашлаад дарангуйллын тогтолцоо руу чирэхээр шулуудсан Х.Баттулгын цаана том гүрнүүдийн сонирхол явах вий гэсэн болгоомжлол юу юунаас илүү байгаа юм билээ.
АН, Төрийн тэргүүн хоёрын байр суурь хэзээ ч нэгдэхгүй, бүр дахин хамт алхахгүй ан цавыг Ерөнхийлөгчийн засаглалд санаархсан Х.Баттулгын шунал бий болгов.
Парламентын засаглалтай 50 улс байдгийн 11 нь Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодог. Тэдний нэг нь манайх. Парламентын засаглалтай улсуудын Ерөнхийлөгч нь бэлгэдлийн шинжтэй байдаг бөгөөд тэдний дундаас Монголын Ерөнхийлөгч хамгийн өргөн хүрээний эрх мэдэлтэй нь гэж судлаачид хэлдэг. Манай Үндсэн хуульд “Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” гэж заагаад, шагнах, цол олгох, уучлал үзүүлэх, төрийн шийдвэрийг ёсчлох зэрэг хүн баярлуулах, эв нэгдлийг илэрхийлэх чиглэлийн эрх мэдлийг Төрийн тэргүүнд өгсөн. Гэтэл цагийн урсгалд бага багаар цуглуулсаар, дийлдэшгүй эрх мэдэлтэй болж, тэр нь эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх гол үүрэгтэй нь зөрчилдөөд зогсохгүй хагалан бутаргагч, маргаан дэгдээгч болоод байгааг өнөөгийн Ерөнхийлөгч тод харуулж буй.
Нухацтай бодохгүйгээр яарч засаглалаа соливол Ерөнхийлөгчийн засаглал тогтворгүй байдлаас ч хортой нөхцөл үүсгэх аюултай, Си Зиньпин даргаар, эсвэл В.Путинээр Ерөнхийлөгчийн засаглалыг төсөөлөх нь өрөөсгөл хийгээд болчимгүй үйлдэл гэдгийг Төрийн тэргүүн маань хүнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
А.Амина