Мод тарья, суулгая, хүн бүр нэг мод тарьж, цэвэр агаартай болъё. Энэ бол Бүх нийтээрээ мод тарих өдөр ойртохтой зэрэгцэн монголчуудын амаа чилтэл хэлдэг үг. Энэ жилийн мод тарих өдөр аравдугаар сарын 12-нд тохиож буй. 2019 оны хаврын мод тарих өдрүүдийг угтан тарьц, суулгац худалдан авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулан нийслэлийн Байгаль орчны газраас мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын тарьц, суулгацын нөөцөд судалгаа хийжээ. 32 аж ахуйн нэгжийн 7 636 228 тарьц, суулгац байгаа аж.
Мөн өнгөрсөн есдүгээр сарын 24-нд БОАЖЯ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, ойн ангиудын тарьсан суулгацыг борлуулсан. Эл өдөр хөдөө орон нутгаас ирсэн ойн ангиудын тарьц, суулгац борлуулалт муутай байв. Шилмүүсийн төрлийн тарьцыг 7000-8000, навчит модныхыг 1200 төгрөгөөр худалдсан ч, авах хүн цөөн байжээ. Багагүй хөрөнгө зарж тарьц, суулгацаа тээвэрлэн ирсэн иргэд таньдаг, таньдаггүй олон хүнд үлдсэнийгээ үнэгүй тараасан тухайгаа сэтгэл дундуур хуучилсан юм. 2015 оноос хойш ойжуулалтын ажлыг эрчимтэй хийх болсонтой зэрэгцэн тарьц, суулгацын хомсдол бий болсон гэж БОАЖЯ-ныхан мэдээлсэн.
Тэр ч бүү хэл, бүс нутгийн хэмжээнд хомсдол бий болж байсан удаатай. Гэвч тарьц, суулгац нь бэлэн, хямдхан, хажууханд нь худалдаж байхад ойгоос нас бие гүйцсэн өндөр нарснууд олноор нь авчирч, Улаанбаатар хотыг уулын модны “үзмэр” болгодог жишиг өдгөө ч хэвээр. Энэ талаар манай сонин 2017 оноос хойш цуврал нийтлэлээрээ хөндсөөр ирсэн. Өнөө хүртэл бахь байдгаараа буй нь харамсалтай. Хаанаас, ямар суулгац авч, хэрхэн тарихаа ч мэдэхгүйн уршгаар Монголыг ногооруулах нь мөрөөдөл төдийхөн хэвээр. Хэдэн жилийн өмнө зүлгийн үр, нэг наст цэцэг, бут, сөөгийг БНХАУ-аас авчирдаг байв. Шалтгаан нь өнөөх л мод, ургамал үржүүлдэг байгууллага цөөн, бүтээгдэхүүнийх нь үнэ өндөр гэх ойлголт. Үүнийг өөрчлөхөөр өнгөрсөн жилүүдэд мод үржүүлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлж, үйл ажиллагааг нь төрөөс дэмжсэн удаатай.
Сайны хажуугаар саар гэгчээр үүнийг далимдуулж, хууль бус газрын наймаа гаарсан. Мод үржүүлэх нэрийдлээр газар авч талд нь тарьц суулгаж, үлдсэнд нь үйлчилгээ эрхлэх, түрээслэх гээд ашигтай бизнес явуулж болох учраас аймаг, нийслэлийн удирдах албан тушаалтнууд ч эл аргыг хэрэглэсэн удаатай. Ингэж тарьц, суулгац үржүүлэх ажлыг хэсэг бүлэг нөхөд хойш татсанаас болж ойн модыг огтолж дамлан наймаалах хүн олширсон.
2017 онд 1700 орчим том мод Энхтайваны өргөн чөлөөнд шилжүүлэн тарихаар хөвчийн ойн хаа нэгтээгээс нарснуудыг үндэстэй нь сугалж авчирч байсан удаатай. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн асуудал хариуцсан зөвлөх Б.Чимид “Том мод ойгоос авчирч, хотод суулгадаг туршлага дэлхийд бий. Улаанбаатар хотын төв гудамжинд байгаа моднуудыг анх уулнаас авчирч тарьсан. Ойгоос мод авлаа гээд айхтар хохирол учрах нь бага. Ойн захад ургаж байгаа модыг авчирч таривал хотын ногоон байгууламжид дасан зохицох чадвар нь арай илүү гэж үздэг” гэсэн. Түүний хэлж буйгаар ойн мод зарим талаараа ашигтай. Гэхдээ ногоон байгууламжийг бий болгохын тулд ойгоос их хэмжээний мод огтолж, зөөх нь утгагүй хэрэг.
Манай улс 1970 оноос дотооддоо мод үржүүлж, суулгацаа тарих болсон ч энэ салбар саяхнаас л хөл дээрээ босож буй. Харин төрийн бодлого, зохицуулалт муу байдгийн уршгаар ойн ангийнхан хөдөлмөрөө шулуулах болжээ. Булган аймгийн иргэн Д.Баярмаа энэ талаар “Ойн ангиудыг мод үржүүлгийн газартай болохыг төрөөс шахаж шаарддаг. Уг нь сайн хэрэг ч тарьсан суулгацыг борлуулах, ашиг олж, хөдөлмөрөө үнэлүүлэхэд тэр бүр дэмжлэг үзүүлдэггүй. Ямар сайндаа л ургаад 3-4 жил болсон тарьцаа хурааж, борлуулах гэхээр зах зээл нь хязгаарлагдмал учир хямдхан худалддаг. Нэмж мод тарихаар газар хүрэлцдэггүй тул өмнөх тарьцаа борлуулахаас өөр аргагүй болно. Улаанбаатар болон бусад аймаг руу зөөх гэхээр өртөг өндөр. Мөн манайд ургасан тарьц өөр бүс нутагт ургах нь муу. Тиймээс орон нутагтаа борлуулах нь хамгийн зөв шийдвэр. Бид 3-4 жил тарьсан суулгацаа 500-700 төгрөгөөр худалддаг.
Аймгийн удирдлагууд импортын, эсвэл өөр газраас үнэтэй мод авчихдаг. Хажууханд нь хямдхан мод байсаар атал өндөр үнээр авах нь ашиг сонирхлын зөрчилтэй хэрэг. Бидний хийсэн ажил үнэгүйдэж, дараагийн суулгацаа тарихын тулд өмнөхөө модны наймаачдад хямдхан зарахад хүрдэг. Гурван жилийн хөдөлмөрийг минь 1000 төгрөгөөр худалдаж авчихаад гуравхан минутын дотор 2500 төгрөгөөр зарчихдаг хүмүүс бол дамын наймаачид. Тээвэрлэхэд нь дэмжлэг үзүүлдэггүй юм гэхэд орон нутагтаа худалдах боломж бүрдүүлж өгвөл бид салбараа хөгжүүлж чадна шүү дээ” гэлээ. Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэн “Ойн нөхөн сэргээлтэд ашиглах тарьц, суулгацын төсвийг жил бүр улсаас баталдаг. Түүнийг нь нөхөн сэргээлт хийх газар нутгийн хэмжээнд хуваахаар нэг тарьц, суулгацыг 200-400 төгрөгөөр авах болдог. Ойн тарьцын жижиг суулгацад энэ үнэ хангалттай.
Арай үнэтэй хайлаас, улиас зэрэг навчит ургамлыг модны худалдаачид иргэдээс хямдхан авчихаад төрд үнэтэй зарах тохиолдол бий. Түүгээр ч зогсохгүй хууль бусаар ойгоос тайрч, огтлоод авсан тохиолдол ч бий. Иргэдийг тарьц, суулгацаа хэрхэн борлуулахад нь манайхаас ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй. Яагаад гэвэл өөрсдийн хийсэн ажлаа хэдэн төгрөгөөр зарахыг төр дур мэдэн шийдэх ёсгүй. Мөн худалдах, тээвэрлэх асуудлаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй хүмүүс өөрсдөө шийдвэрлэх хэрэгтэй байх” гэлээ. Мэдээж хэрэг бүтээгдэхүүнээ борлуулах нь тэдний асуудал.
Манай улс 1980 оноос хойш 202.7 мянга буюу жилд дунджаар 5190 га талбайг ойжуулсан гэсэн статистик бий. Төрд нөхөн сэргээлтэд хэрэглэх тарьц, суулгац хэрэгтэй. Нөхөрлөл, хувиараа мод үржүүлдэг иргэдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх газар хэрэгтэй. Иймээс харилцан тохиролцож мод үржүүлэх газруудаа дэмжих цаг болсон. Бэлэн тарьц, суулгацаа авахгүй шарилж болгож, ойд ургасан моддоо хөрөөдөж, суга татсаар байвал Монголыг ногооруулах мөрөөдөл биелэхгүй.
Ж.Отгонтуул