Төрийн чухал албанд томилогдоод түүнийгээ урвуулан ашиглаж, ашиг олох явдал хэрээс хэтэрсэн. Улмаар АТГ, тагнуул, цагдаагийнханд шалгуулаад эхлэхээрээ төрийн нэрийн өмнөөс ажлаа хийж буй хууль сахиулагчдыг харлуулахыг оролддог, өөрсдөө энхийн цагаан тагтаа болж харагдах гэдэг нь манайхны гэм биш зан билээ. Албан тушаалаа урвуулсан гэх хэрэгт холбогдон шалгуулсан ч тухайн үедээ дуулиан тарьж байснаа хэсэг хугацаа өнгөрөхөд мартагдуулдаг. Олны анхаарал татсан зарим дуулиант хэргийг хэрхэн шийдвэрлэж буй талаар баттай эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулсан юм.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт одоогийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй А.Гансүх, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг, “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат тэргүүтэй хүмүүсийг 2015 оноос сүр дуулиантай шалгаж эхэлсэн.
Уг хэргийн гол холбогдогчдын нэг П.Бат-Эрдэнэ нь хил давж зугтсан учраас Интерполоор эрэн сурвалжилж, хэргийг нь тусгаарлан түдгэлзүүлчихээд өдий хүрч буй. “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатыг Интерполоор эрэн сурвалжилж байхад нь ОХУ-ын тал Санкт-Петербургт саатуулсан гэх мэдээлэл гарч, Монгол Улсын прокурорын байгууллагад шилжүүлэхээр Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу хандсан ч манай талаас тавьж явуул гэсэн утгатай бичиг илгээсэн тухай цацагдаж байв.
Олон жил сүр дуулиантай шалгасан энэ хэрэгт холбогдуулан БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” буюу Эс Си Ти И Си Эм компанийн захирал Ли Жон Ёл, “Соён интернэйшнл” компанийн захирал Гу Ду Хеон нарын гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэн, Ли Жон Ёлыг 40 сая төгрөгөөр торгох ял Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэсэн.
Түүнээс хойш бусад хүнд холбогдох үйлдлийг хэрхэж буй нь тодорхойгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Эх сурвалжуудын мэдээлснээр “Монголын төмөр зам” ХК-ийн хөрөнгөөс завшсан гэх, А.Гансүх, Б.Батзаяа нарт холбогдох үйлдлийг нь түдгэлзүүлээд байсан ч ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн хүсэлтээр сэргээн шалгахаар УЕПГ-аас тогтоол баталж, АТГ-т шилжүүлжээ.
Түүнийг ТӨХ-ны дарга Д.Цогтбаатартай хамтран 91 дугаартай, “Ухаахудагаас Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч Эс Си Ти И Си Эм ХХК-ийн гүйцэтгэх захирал Ли Жон Ёлтой “Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллуулах” гэсэн хамтарсан тушаал гаргаж, 2013 оны тавдугаар сарын 6-нд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнээр төмөр зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ байгуулуулан 55.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан. Мөн Б.Батзаяа, П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нартай холбоотой өөр хэрэгт шалгаж байгаа ч хоёр гол холбогдогч нь хил даван зугтсан учраас тухайн хэргийг нь түдгэлзүүлчихээд байгаа. Прокурорын байгууллагаас авсан мэдээллээр 55.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг дахин шалгах болсон аж.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг ийнхүү сэргээн шалгаж эхэлсэн ч, шинэ Эрүүгийн хуульд орсон хөөн хэлэлцэх хугацаа гэх олон хүнийг хариуцлагаас мулталж буй заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож болзошгүй байгаа гэнэ.
АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮН ЗОДСОН ХЭРГИЙГ УДАХГҮЙ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛНЭ
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай холбоотой нэг бус эрүүгийн хэргийг хууль сахиулах байгууллагад шалгаж байгаа. Тухайлбал, ИТХ-ын дарга Б.Өсөхбаярын хамт хуурамч тушаал гаргасан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ. Тэднийг 2018 оны дөрөвдүгээр сард ИТХ хуралдаагүй байхад хуралдсан мэтээр баримт бүрдүүлэн А/369 дугаартай тогтоол гаргаж, Цэнхэр сумын Шоронгийн ам гэдэг газраас таван га талбайг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэгт татах үндэслэл болсон. Улмаар энэ хэргийг нь прокурор хэрэгсэхгүй болгож, дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооц гэсэн албан бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн Азийн хөгжлийн банкны “ТА9100-MON Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжууд” төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын V багийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу айл өрхөд эко жорлон суурилуулснаас завшсан асуудлыг ч тус аймгийн удирдлагатай холбон АТГ-т шалгаж буй билээ.
Хамгийн сүүлд Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Т.Батсүхийг зодож гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрынхан уг хэргийг шалгаад тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4-т заасан бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй юм билээ. Удахгүй хэргийг нь шүүхээр хэлэлцүүлнэ гэдгийг эх сурвалжууд хэлэв.
Ц.Мөнхнасанд зодуулсан гэх Т.Батсүхийн хувьд албаны автомашиныг хүүхэддээ унуулж, зугаацуулсан гэх бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсантай холбоотойгоор сахилгын арга хэмжээ авсан бөгөөд түүнээс өмнө эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт АТГ-т шалгуулж байсан, өдгөө эл хэрэг хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрч байгаа.
ХОЙД ХӨРШИД СУУЖ БАЙСАН ДИПЛОМАТ АЖИЛТАН ГЕРМАНД ЯЛ ШИЙТГҮҮЛЛЭЭ
Манай улсаас дипломат эрх өвөртлөн харь улсад очсон албан тушаалтнууд янжуур болон хар тамхи, мансууруулах бодис хил давуулан худалдсан хэрэгт холбогдсон дуулиан өнгөрсөн зургадугаар сард дэгдсэн билээ. Тухайн үед манай сонин “Улсынхаа нэрийг өндөрт өргүүлэхийн тулд дипломат эрх ямба олгодог байлтай” гэсэн нийтлэлдээ Монгол Улсын хоёр бус, дипломат паспорттой 3-4 хүн ХБНГУ-д саатуулагдсан талаар бичиж байв. ОХУ-д дээд сургууль төгсөж, инженер мэргэжил эзэмшээд хойд хөршийнхөнтэй хамтран бизнес эрхэлж байгаад сүүлд дипломат албанд орсон Т.Мөнхбатыг мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн өвөл баривчилсан.
Түүнтэй хамт Э.Оргил хэмээх жолоочийг нь саатуулсан бөгөөд тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал болж гурван жил есөн сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн талаар ХБНГУ-ын saechsische.de цахим хуудсанд энэ сарын 13-нд нийтэлжээ. Түүнтэй хамт баривчлагдсан жолооч Э.Оргилыг суллахаар шүүх шийдвэрлэсэн байна.
Учир нь шүүхийн шийдвэр гарах хүртэл есөн сар хоригдсон тул зохих ялаа эдэлж дууссан гэж үзжээ.
2018 оны арванхоёрдугаар сард А17 дугаартай хурдны замаар явж байсан, ОХУ-ын дипломат дугаартай машиныг ХБНГУ-ын цагдаа нар зогсооход Т.Мөнхбат, Э.Оргил нар тайвшруулах үйлчилгээтэй 40 000 еврогийн үнэд хүрэх “Lorazepam” гэх бэлдмэл 150 000 ширхгийг тээвэрлэж явсан нь илэрсэн аж. Шүүх хурлын үеэр Т.Мөнхбат “Монгол Улсад үйлдвэрлэх гэж байгаа хүч тамир сэргээх ундааны савны үйлдвэрийг судлахаар Германд ирсэн. Ашиг, орлогоо Монгол Улсад устахад хүрээд байгаа мазаалай баавгайг аврахад зарцуулахаар төлөвлөж байсан” хэмээн мэдүүлсэн гэнэ.
Г.Равжаа